| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2020/00301/И |
| Дугаар | 156/ШШ2020/00321 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 156/ШШ2020/00321
156/ШШ2020/00321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00301/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, .. дугаар багт оршин суух, Ш овогт Б Д /РД:/-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Б.Д,
прокурор М.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Л Б нь 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгох нь зүйлтэй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36/6261/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Л Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Л.Б нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Б.Д нь Л.Б төрсөн хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/6308 тоот лавлагаа,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,
- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03-7/5431, 03-7/5432, 03-7/5433 тоот лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... Б.Д эцэг нь Л Б, эх нь Л Ц ... гэх 1 дүгээр маягтын лавлагаа-А,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 310 тоот албан бичиг.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Л.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Б.Д 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Ш овогт Б Д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ