Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

 

 

 

      

 

 

 

   2021         02            03                                           2021/ДШМ/03

 

 

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.,

Шүүгдэгч: А.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Б-д холбогдох, эрүүгийн 2019000000148 дугаартай, 1 хавтас, 164 хуудас бүхий хэргийг шүүгдэгч А.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар прокурор Г.А-ээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч А.Б 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян булгийн 1-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дагавар охин болох бага насны 9 нас 9 сар 14 хоногтой Н.М-ын цээжин тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б-ыг 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 6/зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нэргүй давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс А.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. А.Б манай ам бүлийг тэжээдэг дахин ийм асуудал гаргахгүй гэсэн тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.  

 

Шүүгдэгч А.Б давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Миний хувьд уг хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагийн чацуу цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй, архидан согтуурахгүй байж чадна, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг маань тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б-ны өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар заавал хорихгүйгээр уг ялыг тэнсэж хянан харгалзах ялыг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. А.Б-ны хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн уг хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй. Гэр бүлийн хүн болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н-н зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, шүүгдэгчийг хорихгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Учир нь ар гэрт нь эдийн засгийн хохиролтой байна гэсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах ялаар сольж өгнө үү” гэв.  

 

Прокурор Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б болон Ө.Н-н гомдолтой танилцсан. Үүнээс үзээд Ө.Н нь нэг талаасаа А.Б-ны дарамтад орсон юм биш биз дээ? Яагаад гэвэл Ө.Н нь анхан шатны шүүх хуралдаанд “санхүүгийн шууд хамааралтай, энэ хүнээс ямар нэгэн байдлаас салах боломжгүй. Хэдий энэ хүн хорих ял авсан ч гэсэн эргээд би хадам ээжийнхээ хаяанд очно, эсхүл энэ хүнийг гарч ирэхийг хүлээнэ” гэдэг. Тиймээс энэ талаасаа энэхүү гомдлыг гаргасан байх гэж бодож байна. Тиймээс анхан шатны шүүхийн гаргасан шийдвэртэй санал нэг байна. Учир нь тухайн зүйл заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан учир анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч А.Б 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг, Зүүнбаян булгийн 1-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дагавар охин болох бага насны буюу 9 нас 9 сар 14 хоногтой Н.М-ын цээжин тус газарт өшиглөснөөс эрүүл мэндэд нь “..өвчүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Дорноговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан өргөдөл /хх-ийн 2/, насанд хүрээгүй хохирогчийн аюулгүйн зэргийн үнэлгээний болон үйл явцын тэмдэглэл /хх-ийн 3-6/, насанд хүрээгүй хохирогч Н.М-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 18-19/, урьдчилан сануулга хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46/, насанд хүрээгүй хохирогч Н.М-ын мэдүүлэг/хх-ийн 23-24, 63-64, 148/, насанд хүрээгүй гэрч Н.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 25-26/, хууль ёсны төлөөлөгч Ө.Н-н мэдүүлэг/хх-ийн 47-49/, гэрч Б.Г-ийн /хх-ийн 30-31/, С.Х /хх-ийн 33/, Ж.Э /хх-ийн 35/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/0309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар шийтгэвэр, 2020 оны 125 дугаар шийтгэвэр /хх-ийн 105-109/, 2020-10-18-ны өдөр А.Б эрүүлжүүлэгдсэн карт /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ба эдгээр баримтыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, тэдгээрээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Хэргийн оролцогчдод хавтаст хэргийн материал, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх ба оролцогч нараас шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. 

 

Мөн Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-ны гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд мөн хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан  хэрэглэжээ.

 

Энэ хуульд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байх ба үүний дагуу Анхан шатны шүүхээс шүүгдэгч        А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх хохирол төлбөргүй, гэр бүлийн гишүүн болох бага насны хүүхдийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээ болох зургаан /6/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-ны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өөрийн дагавар охин болох бага насны Н.М-ын цээжин тус газарт өшиглөж “....өвчүү ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд оногдуулсан зургаан сар хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон,  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Б удаа дараа архидан согтуурсан үедээ, удаа дараа хамтран амьдрагч Ө.Н-г хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, зодож, цохиж  танхайрсан зөрчлийг гаргаж байсан нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар шийтгэвэр, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийтгэвэр, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрүүлжүүлэгдсэн карт зэрэг баримтаар нотлогдон, тогтоогдсон байх ба мөн адил архидан согтуурсан байхдаа бага насны хүүхдийг өшиглөж, гэмтэл учруулсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлаас дүгнэхэд түүнд оногдуулсан зургаан сар хорих ялыг хөнгөрүүлж, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...оногдуулсан зургаан сар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н, шүүгдэгч А.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б-ны цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                            Н.БОЛОРМАА