| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0108/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/892 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/892
2025 04 01 2025/ШЦТ/892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч С.Батгэрэл,
иргэдийн төлөөлөгч Ш.Гомбосүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Ц.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ************* ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ************* тоотод оршин суух, урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, ************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 24 цагийн үед ***************** тоотын гадна амь хохирогч Б.************ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие рүү бензин асгаж шатаан биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт, баруун 3, 4-р хавирганы хугарал бүхий гэмтлүүдийг үүсгэж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ:
“...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан мал бордох руу явсан. Бид нарыг мал бордох дээр очиход ************ өөрийнхөө зам дээр шарилжаа хадаад зогсож байсан. Тухай өдөр ажлаасаа 19 цаг өнгөрч байхад буугаад аавынх руугаа алхаж явахад ************ над руу яриад миний машины дугуй хагарчихлаа чи солиод өгөөч гэж дуудсан. Би цэнхэр дэлгүүрийн дугуй засвар дээр очиж машины дугуйг нь сольж өгсөн. Тэгээд би явлаа гэсэн чинь би хүргээд өгье гээд хүргэж өгсөн. Намайг буулгачхаад машинаа сүртэй хаазлаад явсан. Удалгүй над руу дахиж залгаад машиныхаа түлхүүрийг авъя гээд залгасан. Би түлхүүрийг нь өгөөд замаараа дэлгүүр ороод тамхи болон 2 лааз пиво аваад аавындаа орсон. ************ над руу байна байна залгаад чи хүрээд ир уулзах хэрэг байна гээд дуудаад байсан. Би такси очсон. ************ машинтайгаа над дээр ирээд чи оройтож ирлээ гээд уурласан. Тэр хавиар машинтайгаа хаазалж давхиад байсан, би зогсооч гэж хэлээд зогсохгүй болохоор нь чулуу аваад шидсэн. Тэгээд машинтайгаа гэрийнхээ тэнд очоод зогсож байсан. Би за чи гэртээ ирсэн юм чинь одоо ороод амар би явлаа гэж хэлсэн чинь би чамайг явбал амиа хорлоно шүү гээд савтай зүйлийг өөр лүүгээ цацаад байсан. Би савтай зүйлийг нь булааж аваад шидчихээд эргээд харахад гал ассан байсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, би ийм зүйл хийгээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ мэдүүлэхдээ:
“...Би маш их гомдолтой байна. Талийгаачийн 1-9 насны 4 хүүхэд өнчин үлдсэн. Хүүхдүүд нь өдөр бүр ээжийгээ надаас нэхэж байна. Манай хүргэн энэ хүнээс айгаад 4 хүүхдээ аваад Эрдэнэт орж аавыгаа бараадаад явсан. Одоо би хүргэн болон 4 хүүхдийн хамт амьдарч байна. Би охиныгоо нас барснаас хойш үргэлж зүрх өвддөг, өдөрт маш олон удаа зүрхний эм ууж байна. Одоо оршуулгын зардалд 19.123.530 төгрөг болон 4 хүүхдийн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-29 дэх тал/,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-39 дэх тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Хохирогчийн ууль ёсны төлөөлөгч ************ийн:
“...Манай охин ************ ************* тоотод манай талийгаач ээжийн монгол гэрийг барьж амьдарч байгаа. Манай охин Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар ажилтай. Харин миний бие Орхон аймагт ажил хийж байгаа. 2024 оны 08 дугаар сарын 28-ны 03 цагийн орчимд манай төрсөн охин Оюунсувд нар руу залгаад “Манай дүүг ************ыг хүн бензин цацаад шатаасан байна, яан аа одоо гэмтэлд байна” гээд орилоод байсан. Тэгээд би том охин Оюунчимэгийн хамтаар Улаанбаатар хот руу гарч яваад 11 цаг 20 минутад ГССҮТ-д манай охин ************ нас барсан байсан. Тухайн үед миний төрсөн эгч Ө.Алтантуяа болон миний бага хүү Эрдэнэцогт нар сахиж байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад дүү Эрдэнэцогтдоо “Би өөрийгөө шатаагаагүй, би биш” гэж хэлсэн байсан. Харин манай эгчид мөн намайг хүн шатаасан гэж хэлсэн байсан. Би ************ гэх залууг танина. Манай охинтой найз, хамт ажилдаг гээд байсан ба манай охинтой 3 удаа хамт явж байхыг нь харсан. Би бол найзаас өөр ямар харилцаатай талаар мэдэхгүй бөгөөд манай охин бие даасан хүн учир би амьдралд нь оролцоод байдаггүй. Би өнөөдөр ************ын нөхөр ************аас салаад 1 cap болсон тухай мэдлээ. ************ ************ нар нь дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд ************ гэдэг залуу ************ыг салгаж аваад хамт байсан байна. Харин манай хүргэн үг дуу цөөтэй, даруухан хүн учир хүн амьтанд хэлэлгүй 4 хүүхдээ аваад нийтийн байранд амьдарч байсан байна. Мөн ************аар ************ нь 32 сая төгрөгийн зээл авхуулсан талаар өнөөдөр мэдлээ. Миний охин бол амьдралын идэвхтэй, давхар ажил хийдэг тусч хүн байгаа юм. Архи дарс, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд яагаад энэ залуутай хамт байсныг ойлгохгүй байна. Өмнө амиа хорлох үйлдэл огт хийж байгаагүй. Тийм зүйл хийх ч хүн биш. 9763 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар сайн мэдэхгүй. Зээл аваад энэ машиныг авсан байж магадгүй. Би маш их гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ар гэрийн зүгээс гаднын нөлөөтэй бусдад алуулсан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Гэрч ************:
“...үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 29 минутад юнителийн 88917436 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүрэг 33-р хороо Тахилт Баян-Уул 13 дугаар гудамж 15 тоотод эхнэр, нөхөр хоёр руу савтай бензин цацаад гал тавьсан гэх утгатай дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт ирсэн. Уг дуудлагын дагуу Дуулгат-119 чиглэл жолооч цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Баттөр бид хоёр 10 орчим минутын дараа дуудлага өгсөн хаягийн гадна очиход хашааны гадна бүрэн түлэгдсэн хувцасгүй 30 орчим насны махлагдуу намхан биетэй эмэгтэй хүн туслаарай гээд орилоод зогсож байсан. Дуудлага өгсөн эрэгтэй хүнээс юу болсон талаар тодруулахад “манай хашааны гадна эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн мөн 103 түргэн тусламж дуудсан” хэлсэн. Үүний дараа түлэгдсэн эмэгтэйгээс болсон асуудлын талаар тодруулахад “манай ажлын газрын ************ гэх залуу манай эхнэр намайг чамтай хардаад байна, би гэрийг чинь шатаана гэж ярихад би араас нь гэртээ иртэл над руу бензин асгаад гал тавьж шатаасан” гэж хэлсэн. “************ өөрөө надтай хамт шатаад зугтаасан” гэж хэлээд “өвдөж байна” гээд өөр зүйл хэлээгүй. Би жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Баттөрийг ойр орчим газруудаар гэмт этгээдийг эрэн хайх үүрэг өгч явуулсан. Тун удалгүй 103 эмч ирээд шууд эмнэлэг рүү тухайн шатсан эмэгтэйг авч явсан. Хэргийн газар бензин үнэртсэн ундааны сав, шатсан хувцасны үлдэгдэл, шил нь хагарсан автомашин, ногоон болон шар өнгийн 2 ширхэг асаагуур байсан. Энгэрийн камерын бичлэг би хэргийн газарт очоод бичлэг хийсэн. Намайг очиход гал гарч дууссан шатсан байдалтай нэг эмэгтэй хүн мөн дуудлага өгсөн иргэн хамт байсан, хэргийн газарт өөр хүн байгаагүй. Хамт ажилладаг ************ гэх хүн над руу бензин цацаад шатаачихлаа, маш их өвдөж байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэр эмэгтэй хэргийн газраас зүүн урагш зүгт 50 орчим метр зайд ганцаараа байсан. 103 ирэх үед шатсан гэх эмэгтэй амьд байсан 103-н эмч өвчин намдаах тариа хийж авч явсан.Тухайн гэр гаднаасаа цоожтой байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Гэрч ************:
“...Уг дуудлагын дагуу Дуулгад-119 чиглэл эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Цэрэндаваа бид хоёр 10 орчим минутын дараа дуудлага өгсөн хаягийн гадна очиход хашааны гадна бүрэн түлэгдсэн хувцасгүй 30 орчим насны махлагдуу намхан биетэй эмэгтэй хүн туслаарай гээд орилоод зогсож байсан. Тухайн эмэгтэй хамт ажилдаг ************ гэх эрэгтэй над руу бензин цацаад шатаасан гэж хэлсэн. Үүний дагуу эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Цэрэндаваа тухайн эмэгтэйн хамт 103 түргэн тусламж дуудаж үлдсэн. Би холбогдогч ************г олж тогтоохоор хойд уул руу машинтайгаа явсан. Хэсэг хугацааны турш эрэн хайгаад олоогүй тул буцаж хэргийн газарт ирэхэд шатсан эмэгтэйг 103 аваад явах гэж байсан. Тэр эмэгтэй хэргийн газраас зүүн урагш зүгт 50 орчим метр зайд ганцаараа байсан. Тухайн гэр гаднаасаа цоожтой байсан өөр хүн байгаагүй...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Гэрч ************:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Баян-Уулын 13-15 тоотод ээж аавын хамт амьдардаг юм. Өчигдөр орой би 00 цаг өнгөрөөгөөд хашаан дотроо жорлонд бие засахаар сууж байсан чинь гадаа манай хашааны хаалга нэлээн хүчтэй цохихоор нь би жорлонгоос гараад доод хаалган дээрээ очсон чинь хүн байхгүй байсан ба би эргээд дээд талын хашааны хаалга дээр очоод онгойлгосон чинь харанхуйд нэг эмэгтэй хүн айж сандарсан байдалтай зогсож байхаар нь би харанхуй байсан учир айгаад гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь 30 гаруй насны, 155 см орчим өндөртэй, толгойн зулай хэсгийн үс нь хуйхлагдсан бололтой бензин үнэртсэн эмэгтэй зогсож байсан бөгөөд “миний амийг авраад яаралтай түргэн дуудаад өгөөч, над руу хүн бензин цацаад шатаачихлаа” гэхээр нь би сандраад шууд тэр хүний хэлснээр 102 дугаарт, дараа нь 103 дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Тэгээд би уг эмэгтэйгээс яг юу болсон талаар дэлгэрэнгүй асуух гэхээр уг эмэгтэй маш их айсан бололтой байхаар нь би ойртож очоогүй бөгөөд надаас “даараад байна нөмрөх юм өгөөч” гэхээр нь би цагаан даавуу гаргаж өгөхөд уг эмэгтэй даавууг нөмрөөд манай хойд хашааны орчимд газар суугаад байж байсан удалгүй хоёр цагдаа 10 орчим минутын дараа ирэхэд нөгөө эмэгтэй тэр хоёр цагдаатай уулзсан ба тэр үед уг эмэгтэй “над руу бензин цацаад шатаачихлаа” намайг ажлын газрын залуутай уулзаж байсан чинь эхнэр нь нөхөртэйгөө хардаад бензин цацаад шатаачихлаа гэж ярьсан. Тэгээд тэр эмэгтэйн хамт цагдаагийн хамт үлдээд жолооч цагдаа нь манай хашаанаас баруун хойд зүгт явахад нь би хамт дагаад явсан чинь хашаанаас 30 орчим метрийн зайд хоёр хаалга нь онгорхой саарал өнгийн жижиг суудлын тэрэг байсан ба машины урд талд гадаа газар хувцас бололтой зүйл шатаж байсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа түргэний машин ирж нөгөө эмэгтэйг үзээд тусламж үзүүлж байгаад аваад явсан юм. Би гар утасны гэрэлд харахад тэр эмэгтэй чармай шалдан байсан ба бие нь ихэнх хэсэг нь шатаж түлэгдээд улаан ягаан өнгөтэй болчихсон, толгойтой үс хуйхлагдаж арзайсан биеэс нь их хэмжээний бензин үнэртсэн ер нь л бүх бие нь улаан ягаан өнгийн түлэгдсэн, хөл нүцгэн байсан. Тэр үед надаас тусламж эрсэн тэр нүцгэн эмэгтэй бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд шатаасан гэсэн эмэгтэй нь нөхөртэйгөө хамт зугтаагаад явсан гэж ярьсан ба яг юугаар явсан талаар нарийн юм бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Гэрч ************:
“ ...Би тухайн эмэгтэйгээс “чиний нэр хэн бэ” гэхэд “************” гэж хэлсэн. Би “ар гэрийн чинь утас байна уу” гэхэд ************ “би нялх хүүхэдтэй хэрэггүй, манай ээж өндөр даралттай байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би “юу болсон бэ” гэж асуухад тухайн эмэгтэй “цуг явж байсан залуугийн минь эхнэр нь намайг ийм болгочихлоо” ... Хамт явж байсан залуугийн эхнэр бид хоёрыг шатаачихлаа гэж хэлсэн...Тухайн үед манай эмнэлэгт 2 хүн шатсан дуудлага ирсэн бөгөөд нэг нь ************ юм байна, нөгөөдөх нь ************ гэдэг хүн юм байх гэж бодоод түүний эхнэр Мөнгөнчимэгээс “та өчигдөр ************ байсан хүн мөн үү” гэж асуухад тухайн Мөнгөнчимэг гэх эмэгтэй “мөн байна, би ************ эхнэр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “************ ************ 2 яагаад шатаж бензинд түлэгдэх болсон юм бэ” гэхэд Мөнгөнчимэг гэх эмэгтэй “энэ хоёр амьдралаасаа уйдсан юм байлгүй ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Гэрч ************:
“...Гэмтлийн түлэнхий төв рүү очиход манай төрсөн дүүгийн хүүхэд ************ эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ба манай дүүгийн биеийн байдал хүнд биеийн ихэнх нь түлэгдсэн байдалтай байсан. Тэгээд дүү ************ дээр очиход манай дүү Оюунсувд болон бусад дүү нар сууж байсан. Түүний дараа би ************ руу очиж уулзаж юу болсон талаар асуухад “Би өөрөө ингээгүй” гэж хэлсэн. Тэгээд би цаашаа юм асуугаагүй ба ************ад ярихад хэцүү байсан тул юм яриагүй юм. Түүнээс хойш ойр ойрхон эмчилгээ хийж байгаад 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг 33 минутад манай дүү ************ нас барсан. Би ************ биечилж уулзсан. Уулзахад надад “Би өөрийгөө ингээгүй” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй... “ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Гэрч Б.************:
“...Би ************ эгчийн хажууд очоод орыг нь засаад ойр зүйл хийж байхад эгч маань ухаантай байсан. Хэсэг хугацааны дараа манай аавын талын ах дүү нар, ээжийн том эгч, том ах Тамир нар өрөөнд нь орж ирж уулзахад ************ эгч “та нар яах гээд цугларчихсан юм бэ, би зүгээр байна, наад хүмүүсээ тараа, та нарын даралт ихэслээ” гэж хэлж яриад орж ирсэн хүмүүсийг бүгдийг нь таньж байсан. Тэр хүмүүсийг гаргасны дараа ус ууя гээд байсхийгээд л ус уугаад байсан бөгөөд ерөөсөө унтаж чадахгүй байна гэж хэлээд байсан. Би уулгачхаад “та яагаад ийм болчихвоо” гэж асуугаад эмч нь надад "өөрийгөө шатаасан" гэж хэлж ойлгуулсан болохоор “яагаад өөрийгөө шатааж байгаа юм” гэж хэлтэл ************ эгч ямар нэгэн зүйл хэлэхгүй дуугаа хурааж байгаад унтчихсан. 10 орчим минут унтчихаад сэрэхээр нь би дахиж асуугаад “энд нэг залуу түлэгдээд ирчихсэн байна” гэж хэлтэл ************ эгч тэр залууг хэр түлэгдсэнийг асуухаар нь би “таныг бодвол арай гайгүй өвдөгнөөс дээш 70-80% түлэгдсэн байх” гэж хэлтэл ************ эгч "би өөрийгөө шатаагаагүй, тэр залуу намайг шатаасан" гэж хэлээд “хажууд нь хэн байна” гэхээр нь би “нэг эмэгтэй байна” гэж хэлтэл "би тэр эмэгтэйтэй нь уулзмаар байна" гэж хэлээд байсан. Гэхдээ тэр эмэгтэйтэй уулзаж чадаагүй бөгөөд нөгөө хүмүүс дээшээ гараад явчихсан байсан. Тэгээд эгч маань шээж чадахгүй байна гэж хэлсэн бөгөөд үүрээр 5-6 цагийн үед эмч орж ирээд тайвшруулах тариа хийгээд унтуулсан. Эгч маань 1 цаг гаран унтаж байгаад сэрэхдээ ухаан нь самуурсан байдалтай “би хаана байгаа юм, хүүхдүүд дээрээ очмоор байна, миний хүүхдүүд” гэх зэрэг зүйл яриад “ус уумаар байна, миний бие өвдөөд байна” гэх зүйл яриад байсан. Тэр үед эмч нар ирээд тусламж үзүүлж байгаад амьсгалах аппарат хийгээд явсан чинь 30 орчим минутын дараа зүрх нь зогссон гээд яаралтай тусламж үзүүлэхэд эгч маань тусламж авч чадахгүй 10 цагийн орчим нас барсан. Эгч маань намайг асуухад эхэндээ нуугаад хэлэхгүй байж байгаад сүүлдээ би өөрийгөө шатаагаагүй тэр эрэгтэй намайг ингэсэн гэж хэлээд тухайн хүнийг хэр түлэгдсэн талаар асуугаад байсан. Тухайн хүн нь манай эгчийг эмнэлэгт ирснээс хойш цагийн дараа өөр түргэнээр ирсэн бөгөөд хамт явж байсан эмэгтэй нь манай эгчид хэлэхдээ нэг газар цуг ажилладаг ажлын газрын хүмүүс хоорондоо хамааралтай гэж хэлсэн. Тэгээд би эгчдээ хамт ажилладаг хүн чинь бас түлэгдээд ирсэн байна гэж хэлтэл талийгаач эгч маань тухайн хүний биеийн байдлыг асуугаад байсан. Сүүлд хэрэг болохоос өмнө 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк чатаар видео калл хийж ярихад 2 машин худалдаж авсан гээд зургийг нь над руу явуулж байсан. Мөн гурилын үйлдвэрт ажиллаж байгаа гээд ажиллаж байгаа газраа харуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Гэрч ************:
“ ...2024 оны 08 сарын 27-ны өдөр дэлгүүрээ ажиллуулж байгаад 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаасан бөгөөд хуурай дүү Мөнхбаатарын хамт дэлгүүрийнхээ хаалгыг хааж байхад цагаан өнгийн футболктой цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй согтуу хүн хүрч ирээд Мөнхбаатараас тамхи асуусан. Мөнхбаатар 1 ширхэг тамхи өгсөн бөгөөд тэр хүн газраас чулуу аваад хажуугаар өнгөрсөн саарал машины цонх руу чулуу шидсэн. Тухайн машины жолооч эмэгтэй болон нөгөө согтуу эрэгтэй 2 энэ үйл явдал болохоос өмнө манай дэлгүүрийн баруун хойд талд хэрэлдээд байсан бөгөөд эрэгтэй нь тухайн эмэгтэйг “гичий, янхан” гэх мэтээр хараагаад “зогсож бай” гэж орилоод байсан бол эмэгтэй нь хашааны /дэлгүүрийн/ зүүн урд талын буланд очиж зогсоод “суу явъя” гээд орилоод байсан. Би тухайн эрэгтэй хүнийг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй харин эмэгтэйг нь таниагүй ч дараа нь хүмүүсээс манайхтай ойролцоо амьдардаг Сувдаа гэх эмэгтэй болохыг мэдсэн. Тухайн эмэгтэй нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ойрд нөхөр нь харагдаагүй. Хэрэлдэж маргалдаад орилолдоод байсан бөгөөд харин зодолдож бие биеийнхээ биед халдсан эсэх талаар нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
Гэрч ************:
“...2024 оны 08 сарын 28-ны шөнө 00:30 минутын орчимд хашааныхаа гадаа гараашныхаа ажлыг хийж байтал архи уучихсан согтуу, ямар нэгэн хувцасгүй дээгүүрээ адъяал, хөнжил шиг зүйл ороосон, тухайн хөнжил нил зүйл нь цус болсон байдалтай хүн намайг “утсаараа яриулчхаач, манай эхнэр рүү залгаад өгөөч” гэж гуйхаар нь би утсаа өгтөл миний утаснаас 89643015, 59643015, 80619821 гэсэн дугаар руу залгаад цаад хүн нь утсаа авахгүй, 1 удаа авчхаад эмэгтэй хүн “байна уу байна уу” гэж хэлчхээд өөр зүйл яриагүй. Би тэр хүнээс юу болсон талаар асуухад “би энэ дээр 2-3 найзтайгаа архи ууж байтал тоглож байгаад миний дээрээс бензин асгаад ална гээд намайг хорлочихлоо, тэгэхээр нь би зугтаачихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “цагдаа дуудаад өгье, түргэн дуудаад өгье” гэж хэлтэл тэр хүн “би өөрөө дуудчихна” гэж хэлээд гүйгээд явчихсан. Тухайн хүний 2 гар, цээж, 2 хөл нь түлэгдсэн байсан. Надад 2-3 найз маань тоглож байгаад намайг хорлох гээд бензин асгаж намайг алах гэсэн гэж хэлснээс өөрөөр тодорхой нэр, өөрөөр ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
Гэрч Ц.************ын:
“...Би ************ 2012 онд танилцаж албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй 9 сараас, 9 насны дөрвөн эрэгтэй хүүхэдтэй. Бид гэр бүлийн хамтаар *************** тоотод амьдраад 8 гаруй жил болж байгаа юм. Би 2017 оны 6 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газарт ажиллаж эхэлсэн бөгөөд харин ************ 2023 оны 10 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Бид хоёртой хамт ************ гэх залуу эхнэр Мөнгөнчимэгийн хамтаар ажилладаг байсан бөгөөд бид дөрөв гэр бүлийн найзууд болж нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. 2023 оны 12 дугаар сараас ************, ************ нар байнга л утсаар ойр дотно байгаад байсан бөгөөд би энэ асуудлаас болж ************ыг хардаж маргалдаж байсан. Мөн 2024 оны 03 дугаар сард би ажлаа тараад оройтож ирэхэд ************ манай гэрт ************ бэлгийн харилцаанд орж байгаад надад баригдаж байсан. Тэгээд би ************ ярилцаж байгаад би хүүхдүүдээ аваад салахаар болж 2024 оны 07 дугаар сарын сүүлээр хүүхдүүдээ аваад нийтийн байр түрээсэлж амьдрах болсон. Хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 27-ны орой над руу залгаад хүүхдүүдээ асуугаад “би ажилтай байна, хоёулаа эвлэрье, цаашдаа ингэж тусдаа амьдрахаа болъё, би энэ хүнээс салмаар байна, маргааш хүүхдүүдийн цэцэрлэг дээр уулзъя” гэж ярьсан юм. Тэрнээс хойш над руу дахиж холбогдоогүй бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнө цагдаа над руу залгаад ************ыг түлэгдсэн талаар хэлсэн бөгөөд би түлэнхийн эмнэлэг дээр очиж ************ уулзахад надаас хүүхдүүдээ асуугаад өөр ямар нэгэн зүйл асуугаагүй. ************, ************ нар нь 2023 оны сүүлээс гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж дотно харилцаатай байдаг болсон. Энэ хоёр архи согтууруулах ундааны зүйл нэлээдгүй их хэмжээгээр хэрэглээд байдаг юм шиг анзаарагдсан. Харин ************ манай гэрт байж, манай эхнэртэй явалдаж байж намайг зодно гээд их дээрэлхээд байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дахь тал/,
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2982 дугаартай:
“...Амь хохирогч Б.************ын цогцсын шинжилгээгээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт, баруун 3, 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо болон халууны, химийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Амь хохирогч нь тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Учирсан гэмтэл нь амьд даа үүссэн байна. Биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт нь Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.21-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь халууны ба химийн үйлчлэлээр биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан түлэгдэлтийн улмаас түлэнхийн шок олон эрхтний дутагдлаар нас баржээ. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цус, ходоодонд спиртийн агууламж илрээгүй болно. Амь хохирогчийн шүүх биологийн шинжилгээгээр үтрээний наалдцад эр бэлгийн эс илэрсэн болно. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Амь хохирогч нь ВIII-р бүлгийн цустай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 107-111 дэх тал/,
Шинжээч эмч Т.Амартүвшиний:
“...Амь хохирогч Б.************ын биед учирсан гэмтлээс баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр цохих цохигдох, хатуу зүйл дээр унах үед үүсэх боломжтой гэмтэл юм. Биеийн гадаргуугийн түлэгдэлтээр уг гэмтэл үүсэх боломжгүй гэмтэл юм. Тухайн 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дэх тал/,
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2840 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дотоожинд үүссэн гэмтлүүд нь дулааны үйлчлэлээр үүссэн түлэгдэлт, ногоон өнгийн өмдөнд үүссэн 400мм, 460мм, 115мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдталт байна. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэн болох, хэрэг гарсан 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11512 дугаартай шүүх эмнэлгийн:
“...************ы биед биеийн нийт гадаргуун 25-30%-г хамарсан 2-ЗАБ зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.21-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ГССҮТ-н өвчний түүхэнд цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 155-157 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1072 дугаартай:
“...Сэтгэцийн онош: эрүүл ************ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ************ нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай байна. ************ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. ************ нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. ************ нь хэрэг хариуцах чадвартай байна. ************ нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ************д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 162-164 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 19.123.530 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, 4 хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Хэрэгт авагдсан баримтаар ************ нь амь хохирогч Б.************ыг онц харгис хэрцгий аргаар галдан шатааж амь насыг нь хохироосон болох тогтоогдож байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 19.123.530 төгрөг болон сэтгэл санааны хохиролд 112.800.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэзээ, хэнээс ямар тос тосолгооны бодис авсан, хэрхэн хэрэглэсэн талаар бодитой тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн ************ыг бензин цацаад шатаасан мэтээр ярьж, нэг талыг хэтэрхий барьж байна. Амь хохирогч ************ гэмтлийн эмнэлэгт очоод ухаан санаа нь эрүүл байж байхдаа дүүдээ ярьсан зүйл нь “************ эхнэр нь намайг шатаасан”, “************ бие ямар байна, дэргэд нь эмэгтэй хүн байна уу, тэр хүнтэй уулзмаар байна” гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад тухайн савтай бензин хаанаас, хэнээс гарсан бэ гэдгийг нарийвчилж тогтоох ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг шатааж алсан гэх баримт хангалттай тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй зүйл гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд ************д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгч ************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2024 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 24 цагийн үед *********** тоотын гадна амь хохирогч Б.************ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие рүү бензин асгаж шатаан биеийн нийт гадаргуугийн 90-95%-г хамарсан, IIIAB-IV зэргийн түлэгдэлт, баруун 3, 4-р хавирганы хугарал бүхий гэмтлүүдийг үүсгэж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан болох нь:
************* болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ************ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас Хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, ар гэрийн амьдрал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
-Бусад асуудлаар:
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************ыг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 19.123.530 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************т олгож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас Хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ