| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00319/И |
| Дугаар | 129/ШШ2021/00392 |
| Огноо | 2021-08-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 129/ШШ2021/00392
|
129/ШШ2021/00392 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт С.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х овогт Х.Ж-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэгч С.Г-д холбогдох хүү Ж.Э-г өөрийн асрамжиндаа авах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Х.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г миний бие нь хариуцагч Х.Ж-той 2009 онд анх танилцаж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон. 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Х.Э нар тус тус төрсөн. Анх гэр бүл болсноос хойш Х.Ж нь архи дарс их ууж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, агсам согтуу тавьж, эд хөрөнгөө эвдэж сүйтгэж, буу шийдэм барьж, намайг болон 2 хүүхдээ зодож дарамталдаг болсон. А аймгийн Цагдаагийн газрын Х сум дахь Цагдаагийн хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар 2 ч удаа дуудлага өгч байсан. Манай аав, ээж хоёрыг дарамталж хэл амаар доромжилдог. Би эхээс хоёулаа эмэгтэй. Х.Ж-н агсарч, дарамталж танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг болон үр хүүхдүүдээ, миний эцэг эхийг дарамталдаг учир нь төрсөн эрэгтэй ах, дүү байхгүй болохоор улам их дарамталдаг. Миний эцэг Ч.С биеийн байдал муу элэгний хүнд хагалгаанд орсон. Түүнээс хойш Х.Ж-н зан ааш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал улам ихэссэн. Миний 2 хүүхэд эцэг Х.Ж-той болон түүний аав Д.Х, ээж Н.Ж нартаа дотно биш хөндий байдаг. 2015 он болон 2016 онд Х. Ж нь агсам согтуу тавьж, намайг зодож, гэр орноо ачин, мал ахуйгаа туугаад авч явж байсан. 2020 оны 11 дүгээр сараас хойш бид тус тусдаа амьдарч байна. Хариуцагч Х.Ж намайг 2 удаа өөр хүнтэй явалдаж байсан гэж худлаа бичсэн байна. Х.Ж нь үе тэнгийн хүн л байвал ах дүү хэнтэй ч хамаагүй хардаж, хэрүүл хийдэг байсан. Мөн миний ээж н.Д-ыг болон надтай нийлж толгой дээрээс дэвсэж өшиглөсөн, аав н.С-ыг хутга барьж ална гэж дайрч байсан гэж худал бичжээ. Миний аав, ээж хоёр өөрийн гэсэн хүүгүй болохоор хоёр хүргэнээ өөрийн хүү шиг хайрлаж Х.Ж-г өөрийнх нь ааваас өмөөрч аавтай нь муудалцаж байсан. Бид хоёр цөөхөн хэдэн малтай болохоор орлого байхгүй байнга аав, ээжээс хэрэглээгээ авдаг байсан. Хадам аав, ээж Х.Ж-той хол хөндий бид дөрөв хааяа очдог хоёр хүүхэд байсан. Миний аав 2019 оноос бие нь тааруу байдаг болсон, миний аав үг цөөтэй, дүү нартаа аавын үүрэг гүйцэтгэдэг түшигтэй сайхан хүн гэдгийг нутгийнх нь хүмүүс гэрчилнэ. Намайг архи их уудаг, гэрийн ажил хийдэггүй гэж байна. Би архи уудаггүй, хааяа нөхөртэйгөө хамт найз, нөхөдтэйгөө ганц нэг пиво уудаг байсан. Гэрийн ажлаа хэнээс ч дутахаагүй хийдэг байсан. Х.Ж өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг ярьж, бичиж байна. Х.Ж архи уухаараа арслан бар шиг зантай. Намайг олон удаа зодож байсан. Гэр орон эд хогшлоо шийдэж өшиглэж, эвдэж хэмхэлнэ. Хүүхдүүддээ анхаарал муутай, тийм болохоор охин н.Н, хүү н.Э хоёрыг өөрөө асарч халамжилж өсгөн хүмүүжүүлнэ. Миний аав, ээж хоёр охиныг 4 настай, хүүг 3 настай байхаас нь цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авч, сургаж, зөв хүмүүжүүлж байгаа. Х.Ж нь надтай амьдарч байхдаа манай боол мэт амьдардаг байсан гэж ичэхгүй худлаа бичжээ. Аавын дүүгийнх нь хүү одоо 25 настай, манайд байдаг болохоор Х.Ж-р ажил хийлгэх ямар ч шаардлагагүй. Намайг хүнтэй суугаад явсан гэж худлаа ярьж байна. Би мал, гэр хоёрын хооронд ирэн, очин 2020 оны 11 дүгээр сараас хойш хоёр хүүхдийн боловсролд анхаарч эрүүл саруул өсгөж байна. Ер нь Х.Ж өөрийн гэсэн бодолгүй, хүний үгээр үг хийж явдаг нь ор үндэсгүй худлаа бичснээс нь харагдаж байна. Х.Ж хүүгээ нэг удаа аваад явсан, тэгээд манай аав, ээжтэй дасаагүй болохоор бүтэхгүй юм байна гээд авчирч өгсөн. Хоёр хүүхэд нь надаас аавыгаа нэхээд байдаг, гэтэл Х.Ж уулздаггүй. Цагаан сарын үеэр хадам ээж ирээд хүүг аваад явсан, 1 сар гаруй хугацаанд хүүхдээ авч яваад айлд ямаа самнасан байсан. Хүүхэдтэй уулзуулахгүй байхаар нь А аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэж байсан. 1 сар гаруй хугацаанд хүүгээ авж явчихаад нэг ч удаа над руу залгаж яриулаагүй. Сая хүүхдүүдтэйгээ уулзах гээд ирэхэд нь манай аав короновирус өвчин туссан тусгаарлалттай байсан. Х.Ж-г уулзана гээд байхаар нь байшингийн цонхоор гаргаад машинд нь уулзуулсан. Миний бие цаашид Х.Ж-той хамт нэг гэр бүл болон амьдрах сонирхолгүй, өөрийн болон үр хүүхдүүд, эцэг эхийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалах үүднээс гэр бүлээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.Ж-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би С.Г-тэй 2012 онд гэр бүл болж бидний дундаас хоёр хүүхэд төрсөн. Эхлээд хамт амьдрахад бид боломжийн амьдарч аав, ээжээс тасдаж өгсөн малаа өсгөн хүнээс дутахгүй амьдарч байсан. Амьдрах хугацаандаа С.Г гэр орны ажилд муу, сааль сүүгээ авахгүй, гэр орныхоо ажлыг хаяад аав, ээж рүүгээ явчихдаг. Мөн хөнгөн шингэн явдалтай хоёр ч удаа өөр хүнтэй явалдаж тэднийд унтаж байхад нь би очиж байсан. Тэрнээс болж бид хоорондоо маргалдаж намайг цагдаад дуудлага өгч байсан. Би цагдаагийн газарт учир байдлыг хэлж миний буруу биш болохоор явуулж байсан. Би Чи гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалдаж, хүүхдүүдээ өөрийн аав, ээж хоёртойгоо орхиж гэр орныхоо ажлыг хийхгүй хаашаа ч хамаагүй хэл сураггүй тэнээд яваад байх юм гэж хэлснээс болж өөрийн ээж н.Д-тай нийлж намайг толгой дээрээс дэвсэж өшиглөж байсан. Мөн аав н.С нь хутга барьчихаад намайг алчихъя гэж дайрч байсан. Би С.Г-тэй амьдарсан цагаасаа мал ахуйгаа харж, мод чулуугаар юм хийж амьдралаа авч явахын төлөө хөдөлмөрлөдөг байсан. Би түүнийг зодож, нүдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Намайг аав, ээжтэйгээ нийлж хэл амаар доромжилж юутай ирсэн гуйлгачин бэ? гэж байнга загнаж хараадаг байсан. Би харин С.Г-г зодох биш өөрөө зодуулж эдний боол мэт амьдарч байгаад арга буюу малаа аваад явсан. Харин С.Г нь өөрөө саваагүй гадуур дандаа хүнтэй явалддаг, хоёр хүүхдээ хаяад одоо өөр хүнтэй суугаад явсан. Иймд би энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. С.Г-г надтай амьдрах хугацаандаа гэр орноо яаж авч явдаг байсан, үр хүүхэддээ ямар ч анхаарал халамж тавихгүй орхиод архидаад, гадуур хоноод явчихдаг, эр нөхрөө барьж авч зоддог талаар нутгийн хүмүүс сайн мэднэ. Хадам ээж, С.Г хоёр намайг зодоод толгойг маань хагалж байсан. Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдийнхээ хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байна. Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө гэв.
Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г тус шүүхэд Х.Ж надаас гэрлэлтээ цуцлуулах хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авах мөн хуулийн дагуу эцэг надаас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл цуцлах болсон үндэслэлээ намайг архи, дарс их ууж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж агсам согтуу тавьж өөрийг нь болон хоёр хүүхдийг зоддог учир гэрлэлтээ цуцлуулна гэсэн. Би нэхэмжлэлд дурьдсанчлан тийм үйлдэл гаргаж байгаагүй. Харин С.Г нь хөнгөн шингэн явдалтай. Хүүхдүүдээ хоол ундгүй орхиод яваад байхаар би уурлаад хоорондоо маргалдахад намайг цагдаа дуудаж өгч байсан. Энэ байдлаас болж нэг удаа гар хүрсэн, тэрнээс өөр цохиж зодож байгаагүй. Одоо тэр хүнтэйгээ суугаад хүүхдүүдээ орхиод явсан. Өөрөө ч тэрийгээ мэдэж би чамаас сална, хоёр хүүхдийнхээ охиноо би авъя, чи хүүгээ ав гэж тохирсон. Өөрийнх нь авъя гэсэн малыг өгсөн. Энэ хүний зан байдлыг нутгийн захын хүмүүс мэднэ. Хүүгээ хойд эцгийн царай харуулмаагүй байна. Хүүхэдтэйгээ утсаар яръя гэхээр хадам ээж утас аваад яриулдаггүй. Хадам ээж охиныхоо ийм занг мэддэг мөртлөө байнга өмөөрч надад бүх бурууг өгдөг. Иймд хүүгээ өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь хүүхдээ өөрөө өсгөхгүй хүнтэй суугаад хүүхдээ орхиж байгаа хүн хүүхдийг цаашид зөв хүмүүжүүлж чадахгүй гэж бодож байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжинд авна, охиноо ч авсан яахав, охиндоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжинд авбал С.Г-с тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Нэхэмжлэгч С.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Жанчивдорж хүүхдүүдээ анхаардаггүй. Бид гурвыг орхиод мал гээд яваад өгдөг. Мал, мотоцикль, эмээл өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан. Хоёр хүүхдийнхээ төрсөн өдөрт нэг ч удаа ийм юм аваад өгчих гэж мөнгө өгч байгаагүй. Архи дарс байнга уудаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас хоёр хүүхэд маань гэр орондоо байдаггүй. Хоёр хүүхдээ хамт өсгөхийг хүсэж байна. Хоёр хүүхэд аав дээрээ байх хүсэлгүй байгаа. Шүүхэд тайлбар өгөхдөө ч хүүхдүүд хэлсэн байгаа. Хүүгээ аавд нь өгөөд сар гаруй хугацаа болоход эгч нь бэтгэрхээ шахсан. Тийм болохоор хоёр хүүхдээ өөр дээрээ авна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г хариуцагч Х.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай, хариуцагч Х.Ж нэхэмжлэгч С.Г-д холбогдуулан хүү Ж.Э-г өөрийн асрамжиндаа авах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах, охин Ж.Н-г эхийн асрамжинд үлдээж, түүнд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү Ж.Э-г өөрийн асрамжиндаа авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
С.Г, Х.Ж нар нь 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Ж.Э нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан С.Г, Х.Ж нарын Гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Ж.Н, Э.Э нарын №........, №...... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн хүү Ж.Э-г өөрийн асрамжиндаа авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Г нь ..зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй, цаашид хамт амьдрах боломжгүй, хариуцагч нь архи ууж, агсам согтуу тавьж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна... гэсэн байр суурийг илэрхийлсэн ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргадаг бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрлэгчид тусдаа амьдраад жил гаран болж байгаа, цаашид эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан С.Г, Х.Ж нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
2. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Х.Ж нь ...Би хүү Ж.Э-гээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь С.Г хүүхдээ өөрөө өсгөхгүй хүнтэй суугаад хүүхдээ орхиж байгаа хүн хүүхдийг цаашид зөв хүмүүжүүлж чадахгүй гэж бодож байна. Охин Ж.Н-д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжид авбал С.Г-с тэтгэлэг гаргуулахгүй. гэсэн байр суурийг илэрхийлдэг ба нэхэмжлэгч С.Г....Х.Ж хүүхдүүдээ анхаардаггүй. Архи дарс байнга уудаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас хоёр хүүхэд маань гэр орондоо байдаггүй. Хоёр хүүхдээ хамтад нь өсгөхийг хүсэж байна. Хоёр хүүхэд аав дээрээ байх хүсэлгүй байгаа. Тийм болохоор хоёр хүүхдээ өөр дээрээ авна. гэж маргадаг.
Ж.Н, Ж.Э нар нь А аймгийн Х суманд эх С.Г-н асрамжид ээж С.Г, нагац өвөө, эмээ нарын хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/79 дугаартай тодорхойлолт, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
С.Г, Х.Ж нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.
Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1999 дугаар шүүгчийн захирамжаар охин Ж.Н, хүү Ж.Э нарын нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан эцэг, эхийн хэний асрамжид үлдээх нь зүйтэй талаар дүгнэлт гаргуулахаар А аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон ба дүгнэлтэд охин Ж.Н-г ...эмээ, өвөө, эх, дүүдээ хандах харилцаа, хандлага, харилцаан дахь мэдрэмж эерэг сайн, эцэгтээ хандах харилцаа, хандлага, харилцаан дахь мэдрэмж сөрөг муу байна.. гэж, хүү Ж.Э-г ... эмээ, өвөө, эцэг, эхдээ хандах харилцаа, хандлага, харилцаан дахь мэдрэмж эерэг сайн, эгчдээ хандах харилцаа, хандлага, харилцаан дахь мэдрэмж сөрөг муу байна. гэж, мөн ...Ж.Н, Ж.Э нар нь багаасаа өвөө Ч.С, эмээ А.Д нартай өссөн учир ээнэгшил сайн, хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөл цэвэрхэн, эмх цэгцтэй, хүүхдийн эрүүл өсч бойжих, аюулгүй амьдрах эерэг таатай орчин бүрдсэн байна. Хүү Ж.Э нь эцэгтээ ээнэгшин дасал, харилцаа, хандлага эерэг, охин Ж.Н нь эцэгтээ ээнэгшин дасал, харилцаа, хандлага сөрөг байна. Харин хүүхүүдийн зүгээс эхдээ хандах хандлага эерэг байгаа ч эхээсээ илүү нагац өвөө, эмээдээ ээнэгшин дасал, харилцаа, хандлага илүү байна. гэжээ.
Дээрх дүгнэлтээс үзвэл охин Ж.Н, хүү Ж.Э нар нь багаасаа ээж, аавтайгаа хамт өссөн хэдий ч тэднээс илүү нагац өвөө, эмээдээ ээнэгшин дассан, мөн дүгнэлтэд хүү Ж.Э-ийг эцэгтээ ээнэгшин дасал, харилцаа, хандлага эерэг сайн гэсэн нь эхдээ хандах хандлага, ээнэгшин дасал сөрөг муу гэсэн агуулгыг илэрхийлээгүй.
Бага насны болон насанд хүрээгүй хүүхэд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэнтэй нь амьдрахыг тогтооход хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшин дассан байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд болон эцэг, эхийн хооронд тогтсон харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломж, эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл, хүүхдийг сургуульд явуулж боловсрол олгох нөхцөл зэргийг харгалзан үзэж эцэг, эхийн хэний асрамжид үлдээхийг шийдвэрлэх нь чухал юм.
Ж.Н, Ж.Э нар нь төрсөн цагаасаа эхлэн ээж, аав, нагац эмээ, өвөөтэйгөө хамт амьдарсан, тэдэнд ээнэгшин дасан зохицсон, харилцаа, хандлага эерэг сайн байдал, хайр халамж шаардагдах онцлог, хүүхдүүдийн амьдрах, сурч боловсрох ахуй нөхцөл, мөн хуульд зааснаар хүүхдүүдээс тайлбар авахад эхийн асрамжид үлдэх санал гаргасан, нас зэргийг харгалзан, мөн хамтдаа байсан гэр бүлээс нь гэнэт салгаж, амьдарч байгаагүй орчин, байнгын хамт байгаагүй хүмүүстэй байлгах нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх тул одоо байгаа асрамжийг үргэлжлүүлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Ж.Н, хүү Ж.Э нарыг эх С.Г-н асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Иймд хариуцагч Х.Ж-н хүү Ж.Э-г өөрийн асрамжид авах тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин Ж.Н, хүү Ж.Э нарыг сар бүр эцэг Х.Ж-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
3. Бусад:
Хариуцагч тал шүүх хуралдаанд гар утсанд үзлэг хийж, нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шүүхийн зүгээс үнэлээгүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч хүүхдийн асрамжийн асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хариуцагч шинжээчийн зардалд 452,000 төгрөг төлсөн ба үүний тал хувь болох 226,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар тайлбарлаж байх боловч уг төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Гэрлэгчид гэр бүлийн дундын бусад эд хөрөнгөтэй /газар, байшин, эд хогшил гэх мэт/ холбоотой маргааныг шийдвэрлүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргах талуудын эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж-с 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 56,000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт С.Г, Х овогт Х.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж.Э нарыг эх С.Г-н асрамжинд үлдээж, хүү Ж.Э-г өөрийн асрамжинд авах тухай гаргасан хариуцагч Х.Ж-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Х овогт Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Х овогт Ж.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ж-р сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Г-д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Х.Ж-с 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 56,000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус олгосугай.
8 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА