Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2021/00153

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 дугаар сарын 15 156/ШШ2021/00153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2020/00483/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Боржигон овогт А.Б. /РД:./,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Боржигон овогт Ч.М./РД:./,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Боржигон овогт Ч.Д/РД:../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Боржигон овогт Ц. Ч. /РД:.../-т холбогдох 

гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, охин Ч.Мөөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч А.Б., түүний өмгөөлөгч Б.Ж.,

хариуцагч Ц.Ч., түүний өмгөөлөгч Л.Н.

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Ц.Ч.той үерхэж, цэргийн алба хааж ирснийх нь дараанаас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 1999 оны 09 дүгээр сарын 21-нд том хүү М., 2001 оны 08 дугаар сарын 15-нд охин Д., 2006 оны 12 дугаар сарын 26-нд охин М., 2014 оны 11 дүгээр сарын 01-нд хүү М. нар төрсөн. Бид 2006 оны 09 дүгээр сарын 21-нд албан ёсоор гэр бүлээ батлуулсан юм. Нөхөр Ц.Ч. нь гэр бүл болоод жил гаруй хугацааны дараа бидэнд их ширүүн ханддаг, надад болон хүүхдүүдэд маань гар хүрч зоддог байсан. Ц.Ч. нь 2001 оноос эхлэн том хүү М.ийг үе үе ширүүнээр зоддог болсон бөгөөд 4-р ангид байхад зодож эгэмний ясыг нь хугалж байсан. Үүнээс болж хүү маань амралтын өдрүүдээр гэртээ очихоос айдаг болсон, 12-р ангиа төгсөхдөө хүссэн сургуульдаа ч сурч чадаагүй. Мөн сургуульд сурч чадаагүй мал дээр гарч ажилд нухлагдсан хүүгээ ядаж жолооны курст сургая гэхэд төлбөр 300.000 төгрөгийг нь Ч. харамлаад өгөөгүй. Мөн охин Д.даа ч их ширүүн ханддаг, ялихгүй зүйлээс болж охин хүүхдийг зоддог. Бага байхад нь бургасаар гарыг нь гуядаад хурууг нь хүртэл хугалж байсан. Охин Д. маань 2019 оны 09 дүгээр сараас Улаанбаатар хотод оюутан болж очоод Ч.ийн эгч махны ченж Б.гийнд амьдрах болсон. Тэгэхэд охиныг маань эгч нь их дарамталж загнадаг байсан юм билээ. 2020 оны 02 сарын эхээр цар тахлын улмаас сургууль хичээллэхгүй болж гэртээ ирээд байх үед нөхөр Ч. нь охин Д.ыг эгчийн маань үгэнд орсонгүй гэж үсдэж аваад зодож, биед гэмтэл учруулсан. Оюутан охиндоо хэрэглээний мөнгө өгөхгүй хязгаарлаж биднийг байнгын санхүүгийн дарамтанд байлгадаг. Хүүхдүүдээ зодох үед би өмгөөлж хамгаалахаар над руу уурлаж, намайг зодож байсан тохиолдлууд олон байгаа. Намайг зодож, заримдаа хоолойг маань амьсгалж чадахгүй нүд эрээлжтэл боож зоддог.

Би өөрөө хааяа мал зарж борлуулаад ч юм уу эсвэл гэртээ байгаа мөнгөөрөө гэрийнхээ хэрэгцээг авах, гэртээ хэрэгтэй эд хогшил авах, өөрийн хэрэгцээтэй зүйлээ авах, хүүхдүүддээ юм авах зэрэг эрх мэдэл байддаггүй бөгөөд үргэлж нөхөр Ч.ийн заавраар явж ирсэн, хэрвээ хааяа нэг цөөн тооны мал авч ирж борлуулахдаа нөхрийн дансруу мөнгийг нь хийж, худалдаж авсан зүйлээ байнга тайлан тавьж хянуулдаг юм. Нөхөр Ч.ийн эгч нар байнга бидний амьдралд оролцож, цаанаас нь элдвээр хатгаж намайг болон хүүхдүүдийг маань буруутгадаг. Би Ч.ийн олон удаагийн зодож дарамталсан үйлдлүүдийг хуулийн байгууллагад хэлэхгүй, мөн салъя гэж боддог байсан ч хүүхдүүдээ бодоод л тэвчсээр ирсэн.

Саяхан 2020 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Ч. гэртээ архидан согтуурч ялихгүй зүйлээр шалтаглан миний толгой руу аяга чулуудаж, чамархайнаас цус гоожиж, толгой гэмтсэн. Би одоо Ч.ийг цаашид үнэхээр тэвчих аргагүй болсон тул түүнийг цагдаагийн байгууллагад өгч, шүүхээс түүнийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны 209 тоот шийтгэвэрээр 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан.

Ингэж зөрчлийн хэрэгт шалгагдаж байхдаа намайг шүүхийн гадаа сууж байх үед эгч Болормаа нь ...муусайн хүүхнүүд шимэгч байхгүй юу... хүүхдүүдтэйгээ нийлж 20-иод жил тэжээлгэчихээд... гэх мэтээр элдвээр хэлж загнасан. Иймэрхүү маягаар эгч нар нь байнга амьдралд оролцож, хүүхдүүд бид нарыг байнга буруутгадаг, үүнээс болж Ч. хүүхдүүд биднийг байнга загнаж, дарамжталж, зодож байнга хэрүүлтэй байдаг.

Одоо би хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн төвд амьдарч байгаа. Цаашид Ч.той хамт амьдрахаас айдаг болсон. Хүүхдүүд маань ч хөдөө гэртээ очих дургүй, зугтаж айдаг болсон. Том хүү М. маань 2018 оны хавар энэ дарамтаас айж 9 сарын хугацаанд гэрээсээ явж байсан. Энэ хооронд Ч. М.ийг олж ир гэж намайг дарамталж зоддог байсан. Мөн би том хүүдээ цэрэг татлагын үеэр 100.000 төгрөгөнд нэг пүүз подволк аваад өгсөн Ч. загнаж, хэрүүл болсон. Ч.ийн надад болон хүүхдүүддээ хэрхэн ханддаг, биднийг байнгын дарамт, хүчирхийлэлтэй байлгадаг байсан үйлдлүүдийг би ойрын хугацааныхийг л энэ өргөдөлдөө бичиж байгаа бөгөөд анх амьдарч эхэлсэн 20 гаруй жилийн хугацаанд биднийг байнгын бие сэтгэл, эд хөрөнгийн дарамттай байлгадаг байсан юм. Бид хамтын амьдралын хугацаанд 1000-д толгой мал, хашаа, байшин, газар, машин, гэр зэрэг хөрөнгөтэй болсон. Энэхүү хөрөнгө бий болоход би болон хүүхдүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэл нөлөөлсөн.

Иймд цаашид миний бие Ц.Ч.той хамтран амьдрах боломжгүй болсон тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм.

Гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Ч.М., хүү Ч.М. нарыг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд адил тэнцүү хуваарилуулах. Хүү М., охин Д. нар гэр бүлийн гишүүдийн дундын өмчөөс өөрт оногдох хэсгээ хувиарлуулна гэж надад итгэмжлэл олгон шаардаж байгаа тул дараах өмчүүдийг хувиарлаж өгнө үү.

-193.920.000 төгрөгийн үнэ бүхий 892 толгой малаас өөрт оногдох болон 4 хүүхэддээ ногдох 740 толгой малыг доорх хүснэгтээр тооцож гаргуулахаар нэхэмжилж байна.

Малын төрөл, нийт тоо

Нас, хүйс

Нэгж үнэ

Тоо хэмжээ

Нийт үнэ

Адуу 60

Азарга

1.250.000

2

2.500.000

Гүү

1.100.000

20

22.000.000

Морь

1.150.000

5

5.750.000

Хязаалан

700.000

8

5.600.000

Шүдлэн

600.000

10

6.000.000

Даага

500.000

15

7.500.000

Үхэр 40

Үнээ

1.150.000

10

11.500.000

Хязаалан эр үхэр

1.100.000

5

5.500.000

Шүдлэн

850.000

10

8.500.000

Бяруу

500.000

15

7.500.000

Хонь 630

Эр хонь

180.000

35

6.300.000

Эм хонь

120.000

360

43.200.000

Төлөг

100.000

235

23.500.000

Ямаа 10

Эр ямаа

110.000

2

220.000

Эм ямаа

90.000

5

450.000

Борлон

40.000

3

120.000

Нийт дүн

 

 

740

156.140.000

 

- Их гарын мөнгөн чимэгтэй эмээл. Зах зээлийн үнэлгээгээр 4.000.000 төгрөгийг үнэлгээ гарсан бөгөөд энэхүү эмээлээс өөрт болон 4 хүүхэддээ оногдох хэсэг буюу нэг хүн тус бүрийн 666.670 төгрөг.

- 4 ханатай гэр. Зах зээлийн үнэлгээгээр 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий гарсан бөгөөд энэхүү хөрөнгийг хуваарилуулах хүсэлтэй байгаа бөгөөд үүний нэг хүнд оногдох хэсэг 100.000 төгрөг.

Ингээд нийт Ч.оос нийт 159.973.350 төгрөг нэхэмжилж байгаагаас том хүү М. 31.994.670 төгрөг, охин Д. 31.994.670 төгрөг, охин М. 31.994.670 төгрөг, хүү М. 31.994.670 төгрөг, миний бие 31.994.670 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа болно. Мөн . ХЭА Бонго пронтер маркийн машин, . ХЭҮ LEXUS LX 470 маркийн машин, Хэнтий аймгийн 2-р баг, Өлзийтийн 14-07 тоотод байх газар, байшин, дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл зэрэг гэр бүлийн гишүүдийн дундын өмч байгаа бөгөөд эдгээрийн гэрчилгээ баримт, зураг нь надад байхгүй тул үнэлгээний газраас үнэлэх боломжгүй гэсэн тул Ч.оор үнэлгээ хийлгүүлэн шүүхэд өгүүлэх хүсэлтэй байгаа бөгөө энэ ажиллагааны дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжлэх хүсэлтэй байгаа болно.

Хариуцагч Ц.Ч. бид хоёр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 4 ханатай гэр, 100 хургатай хонь, 100 толгой төлөг, 12 тооны үхэр /үүнд 3 тугалтай үнээ, 2 тооны сувай үнээ, 2 тооны шүдлэн үхэр, 5 тооны бяруу орно/, 10 толгой адуу /үүнд унагатай гүү 3, 2 тооны морь, 3 тооны даага, 2 тооны шүдлэн орно/, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, Бонго-3 машиныг Ч.Д., Ч.М., А.Б. нарын эзэмшилд шилжүүлж, дунд охин Ч.Мэцэг Ц.Ч.ийн асрамжид, хүү Ч.М.ийг эх А.Б.ийн асрамжид үлдээж, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Ц.Ч. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үр хүүхэддээ ширүүн хандаж байсан нь үнэн. Хүүхдүүдээ зөв, сайн яваасай гээд загнадаг. Эцэг хүний хувьд хааяа гар хүрдэг. Би архи дарс уудаггүй, олсон хэдэн төгрөгөө л эд нарт өгдөг. Би үр хүүхдээ бодоод салахыг хүсэхгүй байна. Би гэр бүлээсээ эд хөрөнгө харамлаж яваагүй. Би эвтэй сайхан амьдрах гэж эхнэрийгээ олон удаа гуйсан. Үр хүүхдээ бодох сэтгэл эх хүнд байхгүй бол надад өөр хэлэх үг алга. Би үр хүүхдүүдээ хүн шиг явуулахыг л хүссэн юм. Намайг эд хөрөнгөө харамлаж байна гэдэг. Үр хүүхэд маань өсөж томроход энэ байгаа хэдэн мал нь хэрэгтэй байх л гэж боддог юм. Манай эхнэр нэн ядуу гэж худлаа хэлээд улсаас хүнсний талон авч хэрэглэдэг байсан. Намайг юм өгөхгүй байна гээд л байна. Би үр хүүхдүүдээсээ харамласан юм огт байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагч Ц.Ч. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 1997 онд цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хааж ирээд А.Б.тай хамтран амьдарсан бөгөөд 1999 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ч.М., 2001 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин Ч.Д., 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Ч.М., 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ч.М. нар төрсөн. Бид 2006 оны 9 сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Миний бие хань А.Б.тай 21 жил хамт амьдарч 4 сайхан хүүхдийн эцэг эх болсон. Энэ хугацаанд манай амьдрал аз жаргалаар халгиж цалгиж явсан үе бий. Маргаж муудах зүйл ч байсан. Үр хүүхэд ханьдаа өөрийн сэтгэл зүрхээ бүрэн зориулж өмсөж, зүүх, уух идэхээр нь хангалуун өсгөсөн гэж бодож явдаг. Шүүх 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу бид нарт эвлэрэх 2 сарын хугацаа өгч, хэргийг түдгэлзүүлсэн. Энэ 2 сарын хугацаанд эхнэр А.Б.тай эвлэрч амьдралаа элэг бүтэн авч үлдэж үр хүүхдээ хайр халамжаар дутаахгүй сайхан амьдрахын төлөө ихэд хичээсэн. Миний бие А.Б.ийн нэхэмжлэлд бичсэн шиг үр хүүхдээ болон ханийгаа байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж, эдийн засгийн хараат бус байдалд байлгаагүй. Том хүү Ч.М., охин Ч.Д. нарыг нас биед хүртэл миний бие эцгийн хайраар хайрлаж эцэг, үрийн үүргээ биелүүлж явсан. Бага хүү Ч.М. нь одоо 6 настай бага насны хүүхэд учраас эх А.Б.ийн асаргаанд үлдээж, дунд охин Ч.Мөөрийн асаргаанд авч үлдэх саналтай байна. Миний бие нас 40 гарсан, дахин шинэ амьдрал зохиож, үр хүүхэдтэй болох боломжгүй учраас охин Ч.Мөөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээнд тусгагдсан байдлаар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь үнэн болно, мөн хүүхдийн тэтгэлэг төлөхөд ямар нэгэн татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б. нь хариуцагч Ц.Ч.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ч. нь нэхэмжлэгч А.Б.ид холбогдуулан охин Ч.Мөөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын иргэн Боржигон овогт А.Б. /РД:./, Боржигон овогт Ц. Ч. /РД:.../ нар нь 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар, тэдний дундаас 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.М., 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Ч.Д., 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Ч.М., 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ч.М. нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тус тус нотлогдож байх тул Боржигон овогт А.Б., Боржигон овогт Ц. Ч. нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.

Тус шүүхээс уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 156/ШЗ2020/01687 дугаартай Гэрлэгчдийг эврэлүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар талуудад эвлэрэх 2 сарын хугацаа олгож, улмаар Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг даалгасан байна. Гэвч гэрлэгчид А.Б., Ц.Ч. нар 2 сарын хугацаанд эвлэрэх боломжгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 156/ЭТ2020/00250 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр дуусгавар болгосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос харилцан тохиролцсон талаарх эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд, гэр бүл цуцлуулахыг хоёр тал харилцан тохиролцож, насанд хүрээгүй хүү Ч.М.ийг эх А.Б.ийн асрамжид, охин Ч.Мэцэг Ц.Ч.ийн асрамжид /жич: охин М.ыг хичээл сургууль орох үед болон ихэвчлэн эн Банзрагчтай нь хамт амьдруулахаар харилцан тохиролцов./ тус тус үлдээх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 4 ханатай гэр, 100 хургатай хонь, 100 толгой төлөг, 12 тооны үхэр /үүнд 3 тугалтай үнээ, 2 тооны сувай үнээ, 2 тооны шүдлэн үхэр, 5 тооны бяруу орно/, 10 толгой адуу /үүнд унагатай гүү 3, 2 тооны морь, 3 тооны даага, 2 тооны шүдлэн орно/, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, Бонго-3 машиныг тус тус нэхэмжлэгч А.Б., Ч.М., Ч.Д. нарын өмчлөлд шилжүүлэх талаар харилцан тохиролцжээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, нөхөр Ц.Ч. нь эхнэр А.Б.ийг зодож биед нь гэмтгэл учруулж байсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан зэрэг, мөн шүүхээс тогтоосон эвлэрүүлэх хугацаанд гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ...Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно... гэж заасан.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Иймд, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж талуудад тэнцүү байгаа тул нэхэмжлэгч А.Б., хариуцагч Ц.Ч. нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцсныг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй хүүхэд болох Ч.М.ийг эх А.Б.ийн асрамжид, охин Ч.Мэцэг Ц.Ч.ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Харин Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.Ч.оос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хариуцагч Ц.Ч. нь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааны тухайд,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 4 ханатай гэр, 100 хургатай хонь, 100 толгой төлөг, 12 тооны үхэр /үүнд 3 тугалтай үнээ, 2 тооны сувай үнээ, 2 тооны шүдлэн үхэр, 5 тооны бяруу орно/, 10 толгой адуу /үүнд унагатай гүү 3, 2 тооны морь, 3 тооны даага, 2 тооны шүдлэн орно/, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, Бонго-3 машиныг тус тус нэхэмжлэгч А.Б., Ч.М., Ч.Д. нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 925 төгрөг, хариуцагч Ц.Ч.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592 000 төгрөг, мөн түүний сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч.оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Ц. Ч. /РД:.../, Боржигон овогт А.Б. /РД:./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ч.Мэцэг Ц.Ч.ийн асрамжид, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.М.ийг эх А.Б.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.М.ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ч.оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Б.ид даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 4 ханатай эсгий гэр, 100 хургатай хонь, 100 толгой төлөг, 12 тооны үхэр /үүнд 3 тугалтай үнээ, 2 тооны сувай үнээ, 2 тооны шүдлэн үхэр, 5 тооны бяруу/, 10 толгой адуу /үүнд унагатай гүү 3, 2 тооны морь, 3 тооны даага, 2 тооны шүдлэн/, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, Бонго-3 машиныг тус тус нэхэмжлэгч А.Б., Ч.М., Ч.Д. нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоныг баталсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 925 төгрөг, хариуцагч Ц.Ч.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592 000 төгрөг, мөн түүний сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч.оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 34 833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Х.ТАСХЫН