| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
| Хэргийн индекс | 135/2019/00159/и |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 51
Б.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2019/00159/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.М-д холбогдох
“7.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Н-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Н-аас:
Би Б.М-тай зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 5.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлүүлсэн юм. Б.М-гаас болон аав ээжээс нь гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.М-гаас үндсэн зээл 5.000.000 төгрөг түүний хүү 2.900.000 төгрөг бүгд 7.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.М-тай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэжээ.
Хариуцагч Б.М-гаас:
Би Б.Н-аас анх 2016 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүйгээр зээлж, эхний 2 сар 10 хувийн хүү, дараагийн 2 сарын 8 хувийн хүү, дараагийн 8 сард нь 7 хувийн хүү төлж нийтдээ 2.000.000 төгрөгийн зээлийн хүүнд 12 сарын 1.840.000 төгрөгийг төлсөн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин 3.000.000 төгрөг зээлж, өмнөх зээлсэн 2.000.000 төгрөгийг оруулан нийт 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш би 6 сарын гэрээнд заасан хугацаанд хүү нийт 1.800.000 төгрөг өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сард үндсэн зээл 5.000.000 төгрөгөөс 1 000.000 төгрөгийг төлсөн. Би нэхэмжлэгчид анх 2.000.000 төгрөг зээлэхдээ бичгээр зээлийн гэрээ байгуулалгүйгээр хүү нийтдээ 1.840.000 төгрөг төлсөн. Үүнийг одоо бодитой төлөх ёстой 4.000.000 төгрөгөөс хасвал 2.160.000 төгрөг болж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Б.М-гаас 3.940.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож, 3.960.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 141.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Н- давж заалдсан гомдолдоо:
Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.М-д 5 сая төгрөг 6 сарын хугацаатай, 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Б.М- надад нийт 1.850.000 төгрөг буюу 6 сарын хүү төлсөн. Үндсэн 5 сая төгрөг огт төлөгдөөгүй байхад шүүх 3.940.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 5 сая төгрөг гаргуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дараа зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.900.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 3.940.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч “...шүүх 3.940.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр 1.000.060 төгрөгөөр багасгаж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул..., ...хариуцагчаас 3.940.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж 5.0 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн
давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шүүх хуралдааны явцад зохигчид нь дараах нөхцлөөр эвлэрсэн байна.
Үүнд: “...Б- овогтой Н-, Б- овогтой М- бид 2017.11.24-ний өдөр байгуулсан 5.0 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүү 6 сарын 1.800.000 төгрөг өгч авалцсан тул үндсэн зээл 5.0 сая төгрөгийг маргаангүйгээр өгч авалцахаар тохиролцов” гэж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “эвлэрлийн гэрээ” байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.М- зээлийн үүрэгт 5.000.000 төгрөг төлөхөөр тохирсон зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, Б.Н-ын нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ