| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0179/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/168 |
| Огноо | 2017-06-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр
Шүүгдэгч Г.Ө- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө-д холбогдох эрүүгийн 201722000264 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, Г.Ө-,
Шүүгдэгч Г.Ө- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Д.М-гийн сууцны байшингийн цонхоор нэвтрэн 32 инчийн телевизор хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.Ө- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Д.М-гийн сууцны байшингийн цонхоор нэвтрэн 32 инчийн телевизор хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ө- гэртээ байж байгаад 13 цаг 40 минутын үед намайг 13 дугаар баг руу айл руу очихоор болоод гэрээс гарахад надтай хамт манай гэрээс гараад урд хаалгаар гараад явсан. Харин би хойд хаалгаараа гараад явсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны урд талын хаалга онгорхой байшингийн маань урд талын цонх онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ ороод харахад хананд өлгөчихсөн байсан цагаан өнгөтэй 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт маань алга болчихсон байсан. Зурагтаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ө- гэх залуу манай гэрт орж ирж машиндаа сэлбэг авах хэрэгтэй байна. Зурагтаа 60.000 төгрөгөнд барьцаанд тавьчихмаар байна гэж хэлж байсан. Эхэндээ би үгүй гэж хэлэхэд Г.Ө- надаас та надад ганц удаа тусалчих л даа хөдөө машин тэргээ эвдчихээд хэцүү байна гэсэн. Тэгснээ би очоод зурагтаа аваад ирье гээд гарч явсан. Удалгүй гарчихаад буцаж орж ирэхдээ цагаан өнгийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт барьсаар орж ирсэн. Тэгээд би түүний авчирсан зурагтыг 60.000 төгрөгөөр барьцаанд авсан. Уг өдрийн маргааш нь Г.Ө- манай гэрт орж ирж надад 60.000 төгрөгийг маань буцаагаад өгсөн. Тийм учраас одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
Шүүгдэгч Г.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: гэх мэдүүлэг
Хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10, 14-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12, 15-р тал/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 29-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай мөр шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр Г.Ө-гаас хураан авсан гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ө- нь хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Ө-д ял шийтгэл оногдуулахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн засаг даргын, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Г.Ө-гаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Ө-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Ө-гаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Ө-д оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Ө-д оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Г.Ө-гийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ