Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

 

 

 

 

      

 

 

   2021          02           09                                     2021/ДШМ/04

 

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н, Б.О,

Шүүгдэгч: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Б-д холбогдох, эрүүгийн 2019001150103 дугаартай, 2 хавтас, 354 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Э.А-оос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мандах сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Мандах сум дахь Цагдаагийн хэсгийн байранд иргэн Д.Мг мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өгзөг тус газар нь бороохойгоор зодож эрүүдэн шүүж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.М-ийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г “Эрүү шүүлт тулгах”, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 6.000.000 төгрөгөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографын зургийг буулгасан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Хохирогч Д.М хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр,

 

Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Энэ хэрэгт 02/081 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээр нүд, хацар, өгзөг гуравт гэмтэл учирсан байна гээд 3 дахь заалтдаа эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан боловч шинжээч маань шүүх хуралдаанд оролцох явцдаа нүд, хамрын гэмтэл нь хамааралгүй, харин өгзөгний гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтлийн шаардлагыг хангаж байна, хүний биеийн гадаргуугийн 1 хувь гэсэн зүйлийг ярьдаг. Тэгвэл үүнээс аваад үзэхэд хүн бүр харилцан адилгүй тул хохирогч Д.М-ийн биеийн гадаргуу хэд юм бэ? тухайн учирсан гэмтэл биеийн гадаргуугийн 1 хувьд яаж хүрч байгаа юм бэ? гэдэг асуудлыг ярихад ерөнхийдөө эрэгтэй хүний биеийн гадаргуу гэж ярьсан уу гэхээс тухайн хохирогч Д.М-ийн гэж хамаатуулж үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтийн асуудал дээр хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ миний гэмтлүүдийг дутуу гаргасан гэдэг асуудал яригддаг. Мөн энэ шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа тул үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Дараагийн нэг асуудал нь хохирогчийг нотлоод байгаа өөрийн талын 2 гэрч н.Э, н.О нар нь эхнэр болон төрсөн дүү нь байдаг. Гэрч н.Э-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 29-30-р талд, 132-р талд, 133-р талд, н.О-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 131-132-р талд, 134-р талд авагдсан хоёр, хоёр удаагийн мэдүүлгүүд байдаг. Энэ 2 хүний мэдүүлэг эхнийх нь Дорноговь аймагт мөрдөн байцаагчид өгсөн, сүүлийн мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газар өгсөн байдаг. Энэ 2 мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байсан учраас нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд байхад мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч үүнд ажиллагаа хийгдэхэд гэрч н.О-ийн хувьд уншаагүй гарын үсэг зурсан, н.Э-ийн мэдүүлгийг хараад ажиглаад үзэхээр Б.Б-д холбогдох хэрэг дээр Б.Б-г зодсон, н.Н-ыг хохироосон хохирогчийн өөрийнх нь холбогдсон хэрэг дээр хохирогч нар зодсон гээд одоо хүртэл энэ мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Мөн уншиж танилцаагүй байхад мөрдөн байцаагч гарын үсэг зуруулсан гэх асуудал яригдаад байдаг. Тиймээс энэ асуудлыг дахин шалгаж тогтоох нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дараагийн нэг асуудал нь шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн мэдүүлгүүд байдаг. Хохирогч учирсан гэмтлийн талаар, тухайн үед байсан гэрч болох хүмүүсийн талаар, үйл баримтуудын талаар янз бүрээр мэдүүлсэн байсан. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван цагдаа байсан, хэргийн газарт үзлэг хийх гээд явахдаа гавласан, шөнө унтахдаа гавласан зэрэг ярьдаг. Тиймээс энэ бүгдийг дахин шалгаж, тодруулсны үндсэн дээр шүүх үнэлэх ёстой байсан болов уу? гэж бодож байна. Мөн цагдаа н.Б-ыг тухайн үед бороохойдоход цаанаас шүүгээнээс авч өгсөн гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй гэдэг юм уу, дурдагдаагүй нөхцөл байдлуудыг ярьдаг. Тэгээд хохирогч намайг Б.Б төлөөлөгч гавлаагүй, н.Б гавласан гэдэг. Гэтэл гавласан гэх хүний асуудал орхигдоод байна уу? эсхүл Б.Б дээр тэр асуудал тэр чигээрээ яригдаад байна гэдэг асуудлыг эцэслэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж хараад байна. Тухайн “Үхэр чулуут” гэх газарт хэргийн газрын үзлэг хийхээр явахад н.Дарамрагчаа явсан байдаг. 1-р хавтаст хэргийн 76-р талд н.Д-ийн тайлбарт “хохирогч Д.М болон төлөөлөгч Б.Б нар ойлгомжтой хэрэг байна, хохирогчийн бие эрүүл байгаасай гээд залбирч байх хэрэгтэй, олон гэрч байна” гээд хоорондоо ярилцаад явж байсан гэдэг. Гэтэл хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт н.Дарамрагчааг яваагүй, гурван цагдаа байсан, намайг гавтай байдлаар хүнд нөхцөлд авч явсан гэж мөрдөн шалгах ажиллагаанд авагдаагүй нөхцөл байдлыг ярьсан байдаг. Энэ нөхцөл байдлыг нэмж тодруулах нь хэрэгтэй, үнэхээр нэг цагдаа байсан бол хэн гэдэг цагдаа байсан юм бэ? зэргийг дахин тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх буюу гав хэрэглэх талаар Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын тушаал хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ журмын 3.3-т цагдаагийн албан хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан шийдвэрлэж болно гэсэн байна. Харин 3.4-т үл хөдлөх цэгээс түр хугацаагаар холдоно гээд заагаад өгсөн хэр нь н.Б цагдаагийн гав хэрэглэсэн гэх үйл ажиллагаа нь зөв юм уу? түр хугацаа гэж ямар хугацааг ойлгоод байгаа юм, эд нарын мэдүүлгээр тодорхой хугацаанд гавлаад, болиод байсан гэж ярьдаг. Тэгэхээр хэдий хугацаанд гавлаж, хэдий хугацаанд больсон юм, тэр гав хэрэглээд байгаа ажиллагаа нь одоо энэ сайдын журамд заасан цагдаагийн үйл ажиллагааны мөрдөх дүрэм, журам, тусгай хэрэглэлд нь таарч байгаа юм уу? зэрэг нөхцөлүүдийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан өвлийн цагт суллаж хэрэглэнэ гэсэн болохоос одоо энгийн үед буюу үл хөдлөх цэгээсээ ямар хугацаанд хэрэглэх ёстой гэдэг нь хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна. Тиймээс энэ талаар тухайн мэргэжлийн хүнээс гэдэг юм уу? гав хэрэглээд байгаа үйл ажиллагаа нь хууль, дүрэм, журам, тусгай хэрэгсэл хэрэглэх заалтад нь нийцэж байгаа эсэх тал дээр тодруулах нь зөв болов уу? гэж бодож байна. Дараагийн нэг асуудал нь хутга чинь хаана байгаа юм бэ? юм аа санасан уу? гэж асуугаад байсан гэдэг. Харин Б.Б-ийн хувьд өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байж байгаа.Тэгэхээр хутга чинь хаана байна, юм аа санасан уу? гэж асуух нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн алинд нь субъектив санаа зорилгоороо хамаараад байгаа юм бэ? энэ чинь олон объектив талын шинжүүдийг заагаад өгчихсөн. Тайлбар мэдээлэл авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор гээд заасан. Үүнээс улсын яллагчаас мэдүүлэг авах, шүүхээс тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилготой гэсэн. Энд тайлбар, мэдүүлэг авах ямар санаа зорилго байгаа юм, хэрэг хүлээлгэх ямар субъектив, санаа зорилго байна вэ? юугаар тогтоогдож байна гээд ингэж зүйлчлээд байгаа юм бэ? хохирогчийн зүгээс би биш ээ, энэ хэргийг үйлдээгүй эсхүл би мэдүүлэг өгөхгүй гээд байхад нь чи өг өө гээд хүчээр авчих юм уу? ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.М-ийн хамгийн анхны мэдүүлэг дээр харагддаггүй. Мөн Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгт надад дарамталсан эсхүл мэдүүлэг авах зорилгоор айлган сүрдүүлсэн нөхцөл байдал байхгүй гэсэн байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нарийн тогтоох хэрэгтэй. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Зарим, зарим зүйл дээр маргаантай байна гэж харсан гэмтэл болоод үйл баримт, байсан хүмүүс гэдэг юм уу? тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй эцэслэн тогтоож байж хэргийг эцэслэн шийдэх нь зүйтэй болов уу? гэж бодож байна. Тиймээс хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэсэн саналтай агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч Ю.Н-ийн гаргасан гомдлыг дэмжиж, санал нэгтэй оролцож байна. Иймд давхардуулахгүйгээр тайлбараа хэлье. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/081 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.М-ийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг гаргаснаар шинжээч эмч н.А нь удаа дараа мэдүүлгийг өгсөн байдаг. Ингэж мэдүүлэг өгөхдөө “Д.М-ийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Д.М-ийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учирсан гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээчийнхээ дүгнэлтийг бататгаад шүүхийн хэлэлцүүлэгт давтан өгсөн. Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгтээ хохирогч өгзгөө дээшээ харж унасан тохиолдолд өгзөг гэмтэл үүсэх боломжтой хэдий ч хэр хүчтэй унаснаас хамаарна гэсэн мэдүүлэг өгсөн. н.А шинжээч гурван удаа шинжээчийнхээ дүгнэлтийг хамгаалсан аль аль гэмтэл ямар үйлчлэлээр үүсэх вэ? гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Тэгвэл Д.М удаа дараагийн мэдүүлэгтээ “миний баруун нүдний дээд, доод хэсэгт н.Н цохиж гэмтэл учруулсан юм” гэдэг. Мөн Д.М, н.Н нар хоорондоо зодолдож байсан юм гэдгийг гэрч н.Сүхчулуун, н.А, н.Д нар мэдүүлсэн байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр Д.М-ийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт тогтоогдож гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг шинжээч эмч өөрөө удаа дараагийн мэдүүлэгтээ дээрх гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна гэж мэдүүлээд байгаа юм. Гэтэл энэ гэмтлүүдийг хэн учруулсныг шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Д.М, н.Н, н.Д нар хоорондоо маргалдаж, зодоод байсан. Мөн Д.М-ийн миний  баруун нүдийг н.Наранбаатар цохиж, зодсон юм аа гэдэг. Харин энэ асуудлыг огт шалгаж, тогтоогоогүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Б.Б нь би ерөөсөө хохирогч Д.М-г зодож, цохиогүй, бороохойдсон асуудал байхгүй гэж удаа дараа мэдүүлсэн. Б.Б, Д.М нар байхад цагдаа н.Б байнга хамт байсан. Цагдаа н.Б-аас мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авахад “Б.Б нь Д.М-г цохисон, зодсон, бороохойдсон асуудал огт байгаагүй юм” гэдэг. Мөн гэрч н.С “Б.Б нь Д.М-г цохисон, зодсон асуудал байхгүй” гэдэг. Тиймээс Д.М-ийн биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч н.А нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн явц гээд гурван удаагийн мэдүүлэгтээ шинжээчийнхээ дүгнэлтийг тайлбарлаж, зөрүүтэй мэдүүлгийг өгдөг. Энэ зөрүүтэй мэдүүлгүүд шинжээчийнхээ дүгнэлттэй мөн зөрдөг. Энэ зөрүүг арилгах талаар дахин дүгнэлт гаргаагүй байгаа нь Б.Б-д оногдуулсан ял учир дутагдалтай болсон байна гэж үзэж байна. Шинжээч эмч н.А нь газарт өгзгөөрөө хүчтэй унасан тохиолдолд өгзөгт ийм хэмжээний гэмтэл учрах боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дурддаг. Тэгэхээр Д.М-ийн өгзөгт учруулсан гэмтлийг н.Наранбаатар учруулсан байх боломжтой нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна. Яагаад гэхээр н.Н-ын мэдүүлэгт “Д.М хашхирч, агсраад байхаар нь би газарт хавирч унагаасан, ингэж унагаахад хажуу тийшээ билүү, дээш харсан байдалтай унасан санаж байна” гэдэг. Мөн гэрч н.С мэдүүлэгтээ “би тэр өдөр Д.М-г түлхэж унагаахад зүүн хэсгээрээ унаад, унахдаа бүтэн биеэрээ унаагүй, өвдөглөөд босоод ирсэн” гэдэг. Энэ мэдүүлгүүдийг шинжээч эмч н.А-ын өгсөн мэдүүлгүүдтэй харахад Д.М-г 2 ч хүн хавирч унагахад өгзгөөрөө дээш харж унахдаа энэ гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй байна. Үүнийг бас эцэслэн шалгаж, тогтоогоогүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс энэ хэрэгт н.Дарамрагчаа, н.Наранбаатар нарыг огт шалгаагүй байна. Энэ шинжээч эмчийн дүгнэлт болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлэгт “миний баруун нүдний дээд, доод хэсэгт н.Н цохисон” гэдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл зааснаар хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, эргэлзээтэй бүрэн дүүрэн тогтоох ажиллагаанууд байсан, эргэлзээтэй гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нарийн шалгаж тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учраас энэ хэргийг дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмгөөлөгч нарын саналтай санал нэг байна. Дээрээс нь санаа давхардуулахгүй хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/081 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт өөрөө утга үзүүртэй нэг зүйл гараад ирдэг. Мөн шинжээчийн мэдүүлэг тусдаа өөр утга үзүүлэлт гараад ирдэг. Иймд хууль зүйн хувьд аль нь хүчин төгөлдөр байх юм бэ? гэдэг асуудал гарч ирж байна. Тухайн Д.М-г 03 дугаар сарын 26-ны өдөр Мандах суманд авчраад, 03 дугаар сарын 27-ны өдөр ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхээр гомдол нь 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байгаа. Тиймээс энэ хооронд Д.М хаана, юу хийж явсныг би мэдэхгүй. Мөн тухайн үед гэмтэж, бэртсэн байсан бол тэр үедээ ар гэрийнхэндээ хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд эсхүл эмнэлгийн байгууллагад хандаад анхны тусламж үзүүлээгүй юм бэ? гэдэг асуудал үүсэж байна. Үнэхээр тэгж гэмтэж, бэртээд ийм асуудал үүссэн байсан юм бол 3 хоногийн дараа мэдэгдэж байгаа юм бэ? бас н.А, н.Д нартай хамт байхдаа тэр үедээ хэлээгүй юм бэ? гэдэг асуудал бас гарч ирж байна. Тиймээс энэ дээр шалгаж тогтоох асуудлууд гарч ирж байна гэж үзэж байна. н.Д, н.А нарын мэдүүлэгт “тухайн манай цагдаагийн байрын дээд талын дээвэр маш нимгэхэн хийгдсэн тул ажлын өрөө болон амралтын өрөөнд байгаа хүмүүсийн хоорондын ярих яриа сонсогддог” гэдэг. Тиймээс тухайн нөхцөл байдалд хохирогч болон гэрчүүд хамт нэг байранд байсан. Хэрвээ ямар нэгэн асуудал үүссэн бол тэнд мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дахин тодруулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.  

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шинжээч н.А-ыг гаргасан дүгнэлттэй холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авч шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оруулж асуусан байдаг. Тэгэхэд гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцуулахдаа “Д.М-ийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт нь дангаар болон нийтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.М-ийн баруун, зүүн өгзөгний цус хуралт нь резинэн бороохойгоор цохих үед 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний биеийн гадаргууг нь 1 хувь гэсэн нь тухайн хүний гарын алганы хэмжээгээр тооцож ойлгодог” гэдэг талаар мэдүүлсэн байдаг. Мөн гэрч н.Б “тухайн үед Д.М-г Дорноговь аймгийн Мандах сумын Үхэр чулуут гэх газраас авчирсан ба Д.М нь миний өөдөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй, н.Д автомашинд зүгээр суугаад ирсэн. Д.М-ийн нүүр, ам нь шалбарсан байдалтай байсан ба өөр ямар нэгэн зовуурь байгаагүй, автомашины суудал дээр шаардлага биелүүлээд суугаад ирсэн” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэрээр намайг цагдаагийн хэсэгт гавтай байхад гавыг тайлж байгаад юм аа санасан уу? хутга чинь хаана байна гэж хэлээд миний өгзөг хэсэгт резинэн бороохойгоор нэлээн хэдэн удаа цохисон ба бороохойны иш нь хугарсны дараа паарнаас гавласан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг орчимд өмгөөлөгчтэйгөө уулзаж хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-д зодуулснаа хэлсэн, зодуулсандаа гомдолтой байна, мөрдөгчийн асуултыг буруу ойлгосон байна. Хэргээ хүлээ гээд зодсон, гавлаж зодсон нь эрүү шүүлт юм. Хэсгийн төлөөлөгч Б.Б нь намайг урд талаараа барзгар хэсэгтээ бороохойгоор зодсон. Миний баруун нүдний дээд, доод талын гэмтлийг хэсгийн төлөөлөгч Б.Б учруулаагүй, н.Н миний баруун нүдэнд гэмтэл учруулсан. Би шинжээч эмчид үзүүлэхдээ өгзөгний гэмтэл үзүүлснээс нурууны гэмтэл үзүүлээгүй” гэх зэргээр өгсөн мэдүүлгүүд нь тодорхой тууштай мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгүүд нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогддог гэж үзэж байгаа. Үүнд гэрч н.Э-ийн мэдүүлэгт “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сумын цагдаагийн хэсэг дээр очоод хаалгыг нь мэдэлгүй шууд татаад ороход манай нөхөр Д.М-г паарнаас гавласан байдалтай суулгаж байсан. Бид нар цагдаагийн хэсгийн гадаа машиндаа хоносон. Тэр шөнөдөө Д.М миний өгзөг хэсэгт бороохойгоор цохисон хөндүүртэй байгаад байна гэж хэлсэн. Дорноговь аймгийн Сайншанд суманд очоод Д.М-ийн өгзөг хэсгийг харахад нэлээд хөхөрсөн байдалтай байсан. Д.М надад хэлэхдээ хэсгийн төлөөлөгч Б.Б миний өмдийг тайлж байгаад бороохойгоор зодсон. Намайг зодож байхад бороохой нь хугарсан, хэргээ хүлээ гэж зодсон” гэж мэдүүлдэг. Гэрч н.О-ийн мэдүүлэгт “2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай ах надад хэсгийн төлөөлөгч Б.Б намайг бороохойгоор ахар сүүл, өгзөг хэсэгт цохисон. Бороохой нь намайг зодож байхад хугарсан. Цахилгаан бороохойгоор мөн цохисон гэж хэлсэн. Мөн н.Наранбаатар, н.Д нартай архи ууж байгаад н.Наранбаатарт зодуулсан. Мандах сумын цагдаагийн хэсэг дээр ирээд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-д зодуулж өгзөг хэсэгтээ гэмтэл авсан талаар ярьсан” гэдэг. Гэрч н.А-ийн мэдүүлэгт “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бид нарыг цагдаагийн хэсэг рүү ороход Д.М-г паарнаас гавласан байдалтай байсан ба Д.М нэлээн айсан байдалтай сууж байсан. Д.М-г өмгөөлөгч авсны дараа түүний өгзөг хэсэгт гэмтэл авсныг мэдсэн. Д.М нь хэсгийн төлөөлөгч Б.Б гэх залуу миний өгзөг хэсэгт бороохойгоор цохисон гэж хэлсэн” гэдэг. Эдгээр бичгийн нотлох баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан байдаг. Үүнд тухайн хэрэг болсон газар үзлэг хийхээр Үхэр чулуут гэх газар луу явсан асуудал байдаг. Тухайн үед явахдаа хохирогч Д.М-г автомашинд авч явахдаа гарыг нь байнгын гавтай авч явсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт Д.М мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Б.Б ч гавтай авч явсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байгаа. Цагдаагийн албан хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааварт өөртөө болон бусдад аюул учруулж болохуйц тодорхой нөхцөл байдлыг зааж өгсөн байдаг. Гэтэл тухайн хэрэг болсон гэх үед Д.М-ийн хэрэглэсэн архи, согтууруулах ундааны зүйл нь гарчихсан, эрүүл болчихсон, мэдүүлэг өгөх чадвартай, ямарваа нэгэн байдлаар өөртөө болон бусдад аюул учруулах үйлдэл гаргахааргүй байсан гэрч болон хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Иймд өмгөөлөгчөөс гаргасан хэргийг дутуу шалгасан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна. Учир нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны 2020/ШЦТ/126 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ээс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл шүүгдэгчид холбогдох гэмт хэргүүдийн  хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос бүрэн тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг бүгдийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Мандах суманд Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг ба 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн О.Н гэгч Д.М-д хутгалууллаа гэсэн дуудлагыг цагдаа Д.Б-аас түүнд мэдэгдсэн тул түүнийг цагдаагийн албаны байрандаа авчирч саатуулсан ба ингэхдээ шүүгдэгч Б.Б нь түүний бөгсөн тус газар нь резинэн бороохойгоор бороохойдсон,  цээж болон нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсний улмаас хохирогчид баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.

 

Прокуророос шүүгдэгчийн энэ үйлдэлд хохирогч Д.М-аас мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.М-ийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг хохирогч Д.М-ийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 02/081 дугаартай дүгнэлт,  шинжээч Э.А-ын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон, бусад гэрчүүд болох Ө.Э, Д.О, Т.А, Л.С нар нь Д.М-аас сонсож, шууд бусаар гэрчилдэг болох нь тус тус тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.М-ийн цээжинд гараараа цохих, нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөх, бөгс руу нь бороохойгоор бороохойдсон үйлдлийн улмаас түүний биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар түр сарниулсан гэмтлүүд болох нь уг журамд нийцүүлэн гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн 02/081 тоот дүгнэлт,  шинжээч Э.А-ын мэдүүлгүүд болон хохирогч Д.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулж авсан хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийг энэ үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г хохирогч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.12 дахь хэсэгт заасан “эрүүдэн шүүж” гэсэн хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүү шүүлт тулгах”  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдоогүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

                                            

Хэрэгт авагдсанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-д албаны шалгалт хийсэн ба уг шалгалтын дагуу түүний ажлын байрыг өөрчилж Дорноговь аймгийн Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгчөөр томилж, 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн /1-р хх-ийн 73-92/ боловч түүнийг Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар зэргийг зөрчсөн талаар дүгнэлт гараагүй байна.

 

Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэдгийг  Монгол Улс 1992 оны Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-ä заасан ба 2000 оны 11 дүгээр сарын 02-нд Монгол улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” Олон улсын конвенцод нэгдэн орсон байна.

 

Конвенцод зааснаар “Эрүүдэн шүүх“ гэдэг нь хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлдог.

 

Энэ дагуу Монгол Улс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.12 дахь хэсэгт “Эрүүдэн шүүж” гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг,  мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэх шинжүүдийг уг гэм буруутай үйлдэлд тооцохоор тус тус заасан.

 

Прокурорын яллах дүгнэлтэд “яллагдагч Б.Б Мандах сумын Цагдаагийн хэсгийн байранд иргэн Д.М-г мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өгзөг тус газар нь бороохойгоор зодон эрүүдэн шүүж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, мөн мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.М-ийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус зүйлчлэхээр”  гэж заасан байх боловч хэрэгт энэ тухай нотлох баримтууд авагдаагүй буюу мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нар “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх үүргээ биелүүлээгүй.

 

Энэ нь “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенц болон Эрүүгийн хуульд заасан “эрүү шүүлт тулгах “ гэмт хэргийн гол шинж болох төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байх гэсэн гол нөхцөл болох үйл баримт тогтоогдоогүй буюу хэрэгт цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Б нь хохирогч Д.М-д холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулсан, үүнд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн эсэх зэрэг болон хохирогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг хүлээлгэх зорилгоор түүний эрх чөлөөнд халдсан болох тухай нотлох баримтууд хэрэгт огт байхгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй, яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч Б.Б-г “Эрүүдэн шүүж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүдэд нийцээгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулсан, өмгөөлүүлэх эрхээр хангасан байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ээс гаргасан “хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” тухай давж заалдсан гомдол нь үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-5 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

1 дүгээр заалтад “Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.А-оос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтад “Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.” гэж,

 

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.” гэж тус тус нэмж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                            А.САЙНТӨГС