Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Ц.*******, өмгөөлөгч Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох ....... дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .............,

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймаг ******* сумын 6 дугаар баг *******-У..........тоотод буюу гэртээ 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.*******гийн бие эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэхэд эхнэр ирсэн байсан. Хоол унд хийсэнгүй гэх шалтгаанаас болж  маргасан. Тэгэхээр нь эхнэр *******д хүч хэрэглэж галын дэгээгээр 4 удаа цохисон. Тэгээд би гэрээсээ гараад явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ц.******* бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй, нөхөртэйгөө хамтран амьдраад 10 жил болж байна. 4 хүүхэдтэй, том хүү 8 настай А.*******, дунд охин 9 настай А.*******, хүү 6 настай А., бага хүү 4 настай А.. ...Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гэрт очсон. Нөхөр гэрт байхгүй байсан. Хүүхдүүд аав тоглох гээд айл руу явсан гэж хэлсэн. Би нөхрийнхөө утас руу залгаад чи хоолой идчихээд явахгүй яасан юм, тоглоом гээд үхчих гээд байх юм гэж ярьсан. Нөхөр согтуу 20 цагийн үед гартаа 0.75 литрийн архи барьчихсан гэрт орж ирээд галаа түлсэн юм уу гэж асуусан. Намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад зангидсан гараараа миний зүүн талын дух хэсэгт 1 удаа цохиж авчаад архиа бариад гэрээс гараад явсан. Төд удалгүй их согтуу гэрт орж ирсэн. Намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нөхөр галын дэгээ төмөр шууд аваад миний зүүн талын гуя хэсэгт 3 удаа, баруун талын хөлийн өвдөг хэсэгт 1 удаа тус тус цохиж авсан. Нөхөр хашаанд байсан 88-85 ӨМЭ улсын дугаартай “Toyota Crow” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хашаанаас гаргах гэхээр би машинтай явуулахгүй гэсэн чинь машинаасаа гарч ирээд хоёр гараараа миний өмсөж явсан цамцны захаар хоолой боож авсан. ...Би нөхөр *******тай уг хэрэг болсон дараа ярилцаж бид  хоёр учраа олсон. ******* надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, нөхөртэйгөө эвлэрсэн одоо хамт амьдарч байгаа гэжээ. /хавтаст хэргийн 12-14, 17 дахь тал/

Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Эхнэр *******тай 2016 оноос хойш хамтран амьдарч байна. ******* бид хоёрын дундаас 2017 онд , 2022 онд нар төрсөн. Одоо манай эхнэр ******* дэлгүүрт туслах ажилтай, би “” ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажилдаг юм. ...Тухайн өдөр би айлд тоглож байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь эхнэр ******* ажлаасаа гэртээ ирчихсэн байж байсан. Тэгээд ******* намайг загнаад айл хэсэж явлаа гэр орондоо байсангүй хүүхдээ харсангүй гээд үглээд байсан тэгэхээр нь би уурлаад *******г алгадаад тэгээд би хэвтэх гэсэн чинь ******* намайг хэвтүүлэхгүй бос гээд үглээд хойш урагшаа алхаад байсан тэгэхээр нь би босоод галын дэгээ аваад *******гийн хөл хэсэгт нь цохьсон. Тэгээ би гэрээс гараад машин асааж унаад явах гэсэн чинь ******* явуулахгүй байхаар нь би тоолгүй яваад өгсөн...” гэжээ. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ........дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.*******гийн биед зүүн гуя, баруун өвдөгөнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Н.*******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 63-64 дэх тал/-аар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Ц.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймаг ******* сумын 6 дугаар баг *******-......... тоотод буюу гэртээ 2025 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.*******гийн бие эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 17 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Ц.*******, хохирогч Н.******* нар нь 2016 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.   

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Ц.******* нь хохирогч Н.*******гийн биед зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

 Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/-аар хөнгөн хохирол болох нь  тогтоогдсон.   

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Ц.******* би эхнэр *******гийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж байна. Цаашид эхнэрээ дахиж зодохгүй, архи согтууруулах ундааны зүйл дахиж хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. ******* би нөхөр *******тай эвлэрэн хамт амьдарч байна. Гомдолгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Бид хоёр эвлэрч тохиролцсон тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх хохирогч Н.*******, шүүгдэгч Ц.******* нарын гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/-ээр шүүгдэгч Ц.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн  гэж үзлээ.  

Шүүгдэгч Ц.******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар  санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Ц.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн, галын төмөр дэгээгээр халдаж зодсон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би нөхөр *******тай уг хэрэг болсон дараа ярилцаж бид  хоёр учир зүйгээ олсон. ******* надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, нөхөртэйгөө эвлэрсэн одоо хамт амьдарч байгаа...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* хувийн байдлын хувьд ...................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Иймд шүүгдэгч Ц.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүгдэгч Ц.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдлаас шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөнгөн төрөл болох торгох ял шийтгэлийг биелүүлэх боломжийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх ялын саналыг батлуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч болох Н.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 сантиметр урттай галын дэгээ төмөр нэг ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.******* нь төлбөрийн чадваргүй амьжиргааны түвшин доогуур болох нь халамжийн судалгаанд хамрагдаж тогтоогдсон. Шүүгдэгч Ц.******* нь хамтран амьдрагч буюу эхнэр Н.*******гийн биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ ямар нэгэн байдлаар маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас улсын яллагчаас оруулж ирсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлтэй маргахгүй. Мөн гэм буруугийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч өөрийн буруугаа бүрэн ойлгож ухамсарласан.  Өмгөөлөгчийн зүгээс тухайн Ц.******* болон Н.******* нартай хамтран уулзалтыг хийсэн. Уулзалтаас эхнэр, нөхөр нь дундаасаа хоёр хүүхэдтэй, нийтдээ дөрвөн хүүхэдтэй хамтран амьдарна, цаашдаа үргэлжлүүлээд гэр бүл хэвээрээ амьдарна гэсэн саналыг гаргаж эвлэрсэн учраас тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг энэ хоёр хүнээс гаргуулж хүсэлтийг тавьсан. Улсын яллагчаас 600,000 төгрөгийг 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэх тохиролцоонд хүрсэн учраас энэ талаар ямар нэгэн маргаад байх зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.******* анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос ямар нэгэн байдлаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд ямар нэгэн харшилсан зүйл, заалт тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Тийм учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч Ц.*******ын  гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  60 сантиметр урттай  галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл  байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Ц.******* нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.*******аас хохирогч Н.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 сантиметр урттай галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ