Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2021/00382

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2021/00382

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Э.У-н нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Т овогт Б.Ү-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагч Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2000 онд Б.Ү-тай танилцаж дотносож, 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсон. 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Гэтэл хоорондын тааламжгүй харилцаа үүссэний улмаас тусдаа амьдраад 7, 8 жил болж байна. Энэ хугацаанд өөрсдийн тус тусын амьдралтай болсон учир хамтран амьдрах боломжгүй болсон. Бид дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдээ тус тусдаа өсгөхөөр тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрэх боломжгүй. Иймээс гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний биеийн байдал одоо муу байгаа олон дахин эмнэлэгээс гарч чадахгүй байна. Иймээс миний хүсэлтийг харгалзан үзэж 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэргийг шийдэж өгнө үү. Миний бие одоо дотрын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У, Б.Ү нар нь 2003 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад 8 жил болж байна. Б.Ү нэг хүүхдээ, Э.У хоёр хүүхдээ авч өсгөсөн. Б.Ү, Э.У нар тусдаа гэр бүлтэй болсон учир эвлэрэх боломжгүй. Э.У бөөрний дутагдалтай байнгын эмчийн хяналтанд, эмнэлэгт хэвтэж байгаа. Иймд Э.У, Б.Ү нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Э.У, Б.Ү нарын дунд эд хөрөнгийн талаар болон хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ү нь 2000 онд Э.У-той танилцан дотносож 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэг гэрт орж, 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид нийт 10 жил хамт амьдрах хугацаанд хоорондын таагүй харилцаанаас болж 2009 оноос тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш 8 жил болж байна. Хэн, хэн нь тусдаа гэр бүлтэй болсон. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Том охин насанд хүрсэн. Хоёр бага хүүхэдээ нэг, нэгээр нь авсан. Хүүхдийн асрамжийн тал дээр маргаан байхгүй. Мөн эд хөрөнгийн маргаангүй. Иймд харилцан тохирон шүүхээр гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн. Би Улаанбаатар хотод ажил эрхэлж байгаа. Ажилаасаа 2 хоногийн чөлөө аваад ирсэн. Мөн нэхэмжлэгч Э.У-н биеийн байдал тун хүнд байгаа зэрэг шалтгаануудыг харгалзан үзэж шүүх хуралдааныг учир яаралтай хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.У хариуцагч Б.Ү нар нь 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас охин Ү.Н 2003 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, хүү Ү.Э 2006 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, хүү Ү.М 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, Гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Ү.Н-н иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, Ү.Э-н 340 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Ү.М-н №0000828314 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.У нь нэхэмжлэлдээ зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдраад 7-8 жил болж байгаа, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, мөн биеийн байдал маш хүнд байгаа зэргийг харгалзан үзэж гэрлэлтийг яаралтай цуцалж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад өгдөг бөгөөд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас авсан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон, гэрлэгчид нь тусдаа амьдраад 8 жил болж байгаа, өөр хүмүүстэй хамтран амьдарч байгаа зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах талаар шаардлага гаргаагүй ба зохигч дээрх асуудлаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Э.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Э.У/, Т овогт Б.Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.У-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-с улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-д олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА