Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

2025      03         17                                          2025/ШЦТ/130

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********д холбогдох эрүүгийн 2408038760073 дугаартай 312/2025/0114/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ********** нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явах замд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр **********ийг зодож эрүүл мэндэд нь "...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2408038760073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явах замд эхнэр **********ийг “...миний болон найзуудын өмнөх амьдралыг ярьлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь "...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Хохирогч **********ийн өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд нөхөр ********** болон түүний найзуудтай хамт Улаанбаатар хотоос өөр аймаг орж машин авчихаар явсан. Тэгээд бид хэд замдаа явж байхдаа пиво ууцгаасан бөгөөд шөнө 23 цагийн орчимд Сэлэнгэ аймагт очоод машинаа авчхаад буцаад Улаанбаатар хот руу гарсан. Би нөхөртэйгөө машины хойд талын суудал дээр суусан. Тухайн үед манай нөхөр ********** нь намайг жолоочтойгоо хардаад ямар зэвүүн писда вэ гэж хэл амаар доромжилж байгаад гараараа миний нүүрэн хэсэг рүү олон удаа цохиод байхаар нь би хөл гараараа хамгаалтал миний баруун хөлийг гараараа цохиод байсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр ********** нь намайг зодохоо болиод чимээгүй суусаар байгаад 10 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн орчимд Улаанбаатар хотод ирээд нөхөртэйгөө хамт гэртээ ирцгээсэн. Би гэртээ ирээд нөхөртэйгөө ирээд, гадуур хамт ажил хөөцөлдөөд явж байхад намайг зодож, буруу зүйл хийсэндээ огтхон ч гэмшихгүй, өөрийгөө өмөөрөөд байхаар нь би маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө цагдаагийн байгууллагад харилцаа холбооны хэрэгслээр дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас), 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13314 дугаартай шинжээчийн “...**********ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булан, хамрын уг, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаангийн үйлчлэлээр цохих, урэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34-р хуудас),

- шүүгдэгч **********гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж, 3 дахь хэсэгт “энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, мөн эргэлзэх үндэслэлд хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж  тус тус тайлбарласан байхад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч ********** нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр **********гээс гэрчийн мэдүүлэг авч уг мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг нь дурдах нь зүйтэй.

Мөрдөгч, прокурор нь цаашид хуульд заасан үндэслэл, журмаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд анхаарвал зохино.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч ********** “...миний болон найзуудын өмнөх амьдралыг ярьлаа...гэх шалтгаанаар уурлан хохирогчийг гараараа цохиж, зодсон санаатай үйлдлийн улмаас хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” бусдын биед хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 13314 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч **********гийн хохирогч **********ийг гараар зодсон үйлдэлтэй буюу гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн шалтгаант холбоотой байна.

Хохирогч **********, шүүгдэгч ********** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бөгөөд тухайн өдөр ********** нь эхнэр **********ийг “...миний болон найзуудын өмнөх амьдралыг ярьсан...” гэх шалтгаанаар уурлаж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч тус тус оролцов.

Иймд шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч **********г бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч **********гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт **********гийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********г 1,000 (мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ