Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2019/00104

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2019/00104

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00018/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух, Н.Д (РД: ...........)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....................тоотод оршин суух, Ч.Г (РД: ..............)-т холбогдох,

"гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Днь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...би 1999 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Гтай гэр бүл болж 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Х, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Г.Х төрсөн юм.

Би Ч.Гтай 1999 оноос 2012 он хүртэл нэг гэрт амьдарч байсан. Гэр бүл болсноос хойш хийсэн ажилгүй, үзэл бодол нийлэхгүй, айл авч явах чадваргүй байгаа нь хамт амьдрахад хүндрэлтэй байсан юм.

2012 оноос хойш одоог хүртэл хоёр хүүхдийн хамт нөхрөөсөө тусдаа амьдарч байна. Одоо тус тусын амьдралаар амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хоёр хүүхэд маань цаашид ээжтэйгээ амьдрах хүсэлтэй байгаа.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдэдээ тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаангүй болно... (хх-ийн 1, 23 тал)

 

Хариуцагч Ч.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа:...би Н.Дтэй 1999 оноос 2012 он хүртэл хамтран амьдарч хоёр хүүхдийн ээж, аав болсон нь үнэн юм.

Нэхэмжлэлийг хүлээн авч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... (хх-ийн 22 тал)

 

Хариуцагч Ч.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...би хөдөө ажил хийж байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.

Холбоо барих нөхцөл байдалгүй болохоор намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... (хх-ийн 35 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Н.Днь хариуцагч Ч.Гаас гэрлэлтээ цуцлуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 1999 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 37 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 5 тал) 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Х, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Г.Х нарыг төрүүлсэн болох нь төрсний № ..., № Г-.... дугаартай гэрчилгээнүүдийн хуулбараар, (хх-ийн 6 тал)  нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 7 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлахад  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 14 тал)

 

Гэрлэгчид нь 2012 оноос тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1, 22, 23 тал)

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ч.Г нь хүү Г.Х, Г.Х нарыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна.

Хүү Г.Х нь 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 17 нас, 08 сартай, Г.Х нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 10 нас, 10 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 6 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 04 дүгээр багийн засаг дарга Ж.Алтанцэцэгийн тодорхойлолтоор, (хх-ийн 7 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Г.Х, Г.Х нарыг эх Дасрамжинд үлдээхээр тогтов.

 

Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ч.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 32 тал)

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч  Н.Д, хариуцагч Ч.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Х, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин Г.Х нарыг эх Н.Дгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Г.Х, охин Г.Х нарыг эцэг Ч.Гтай уулзуулж байхыг эх Н.Дд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Днь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ