| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/189 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч ********** нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********т холбогдох эрүүгийн 2525000000134 дугаартай 312/2025/0154/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ********** нь ********** тоотод 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эхнэр **********ыг “гар утсаа авсангүй” гэх шалтгааны улмаас бусадтай хардан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “дух, хоёр мөр, бугалга, баруун тохой, зүүн сарвуу, хүзүүний урд хэсэг, зүүн ташаа, өгзөг, хоёр гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ********** нь ********** тоотод 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эхнэр **********ыг бусадтай хардан “гар утсаа авсангүй” гэх шалтгааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хоолойг нь боож, дух, хацар хэсэгт гараараа, хоёр гуяыг нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, эхнэр бусадтай харьцаа үүсгээд 2 жил болж байгаа, энэ асуудлаас болж маргаантай байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Хохирогч **********ын өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутын үед найзтайгаа уулзах гээд гэрээсээ гарсан чинь манай нөхөр ********** 20 минутын дараа над руу залгасан байсан. Тэгээд 2 дахиа залгахаар нь би утсаа аваад ярьсан чинь хаана байгаа юм гэхээр нь одоо очлоо гээд утсаа салгасан. Тэгээд тэндээс гарахын хооронд манай нөхөр олон удаа залгаад байхаар нь би утсаа авалгүй гэртээ орох гээд орцны үүдэнд явж байсан чинь манай нөхөр гарч ирээд намайг угзарч татаад гэрт оруулаад хоёр гуя руу өшиглөсөн. Баруун гарын тохой руу хатуу юм шидсэн юуг нь мэдэхгүй байна. Тэгээд куртикнээс барьж аваад шал мөргүүлээд гараа зангидаж байгаад миний дух руу 7-8 удаа цохисон, хоёр хацар руу 4 удаа алгадсан, хоолой боож духаар хана мөргүүлээд өрөөний хооронд үсдэж чирээд ор руу шидээд, тааз болон хоёр гарын булчин хэсэг рүү нэлээн олон цохиод гэрээс хөөгөөд байхаар нь гарах гэсэн чинь дахиж үсдээд нүүр ам руу цохиод байсан. Тэгээд тайвшраад зодохоо больсон. Хоёр хацар руу 4 удаа алгадсан. Намайг гар утсаа авсангүй гэж уурлаад намайг зодсон. Манай нөхөр 2 лааз пиво уусан байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/
- Гэрч **********гийн өгсөн: “...Би найз **********тай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уулзахад дух нь хөхөрчихсөн, хоёр гар нь булчин хэсгээрээ хөхөрчихсөн, хүзүү нь улайчихсан байхаар нь яасан юм бэ гээд асуусан чинь манай нөхөр ********** 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрүүлдээ намайг зодчихлоо гэж байсан. Өмнө нь 2-3 жилийн өмнө зодож байсан хүзүү ам нь улайчихсан байсан. 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цуг ажилладаг найзтайгаа уулзсан чинь тэр найз нь найз залуутайгаа сууж байсан гэсэн. Тэгээд тэр хооронд нөхөр нь ойр ойрхон залгаад байхаар нь гэртээ харьсан чинь нөхөр нь орцонд зогсож байгаад гэртээ чирч оруулаад хүнтэй хардаад зодсон гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/
- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №311 дугаартай ...Б. **********ын биед дух, хоёр мөр, бугалга, баруун тохой, зүүн сарвуу, хүзүүний урд хэсэг, зүүн ташаа, өгзөг, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч **********, гэрч ********** нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч **********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч ********** нь **********тоотод 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эхнэр **********ыг бусадтай хардан “гар утсаа авсангүй” гэх шалтгааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “дух, хоёр мөр, бугалга, баруун тохой, зүүн сарвуу, хүзүүний урд хэсэг, зүүн ташаа, өгзөг, хоёр гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч **********ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 311 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд...” гэж, 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаар **********, ********** нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч **********, хохирогч ********** нар нь 2014 оноос хамтран амьдарч, 4-10 насны хоёр хүүхэдтэй болох нь тэдний мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч ********** нь эхнэр **********ыг бусадтай хардан “гар утсаа авсангүй” гэх шалтгааны улмаас хоёр гуя руу нь өшиглөж, баруун гарын тохой руу хатуу юм шидэж, шал мөргүүлж, гараа зангидаж дух руу нь 7-8 удаа цохиж, хацар луу нь алгадаж, хоолойг нь боож, үсдэж, нүүр ам руу нь цохиж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.
Шүүгдэгч **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч **********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч **********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 19-30 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цагдаагийн газрын хайлтын лавлагаа, ам бүлийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ********** нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ********** тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч **********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч **********ыг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил эрхлэлт, цалин хөлс олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэргийг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногт төлөх боломжтой гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ