Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2020/00334

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00334

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00313/И

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .... дугаар багт оршин суух, Т овогт Ө Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .... дугаар багт оршин суух, Т овогт Ш С /РД:/-д холбогдох,

 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд:

 нэхэмжлэгч Ө.Б,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Ш.С танилцаж хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү С.И төрсөн. 2019 оны 11 дүгээр сараас Ш.С бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү С.И нь миний асрамжид байдаг. Иймд эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Ш.С холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ш.С, Ө.Б нарын дундаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү С.И төрсөн гэдэг дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаагүй, мөн хүүхдийн эцэг нь Ш.С гэдгийг хүүхдийн төрсний гэрчилгээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу баталгаажуулан, захиргааны аргаар бүртгэсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул С.И эцэг Ш.С нь хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь  нээлттэй, мөн хүү С.И нь эхийн асрамжид байгаа бөгөөд энэ талаар маргаан гараагүй болохыг тус тус дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх ёстой тул түүний төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцааж гаргуулан олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 594 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх болохоо мэдэгдсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.И 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.С нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ө.Б даалгасугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцааж гаргуулан нэхэмжлэгчид,

хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 33 594 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ