| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00397/И |
| Дугаар | 129/ШШ2021/00379 |
| Огноо | 2021-08-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 129/ШШ2021/00379
|
129/ШШ2021/00379 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Г.Л-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: БСУГ-т холбогдох
БСУГД-ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Л, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БСУГ-т жолоочоор ажилд орж байсан. Г.Л миний бие нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс БСУГ-т 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тасралтгүй ямар нэгэн сахилгын шийтгэл, алдаа дутагдалгүй ажиллаж байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа ирэхэд дуудаж бүтэц өөрчлөгдөж байгаа тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаа өг гэсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ер нь бол улс төр, нам солигдсоноос болж намайг ажлаас халсан байх гэж бодож байна. Надад бүтэц зохион байгуулалт өөрлөгдсөн талаар 2021 оны 05 дугаар сарын 14-ний мэдэгдсэн. Ер нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгохоор 05 сарын 14-ний өдөр тушаалаа гардаж авсан байх. БСУГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Л-г 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр б/10 тушаалаар ажлаас чөлөөлсөн А аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн а/150 дугаар захирамжаар БСУГ-т бүтцийн өөрчлөлт орж жолоочийн орон тоог няравын албан тушаалд хавсарган оруулж ирсэн. Иймд жолоочийн орон тоо хасагдсан бөгөөд Г.Л-г ажлаас чөлөөлсөн. Жолоочийн үндсэн ажлын орон тоо байхгүй болсон учраас Г.Л-г өөрийг нь дуудаж, ажлаас нь чөлөөлөх тухай 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Ажлаас халагдахтай нь холбоотойгоор хуулийн дагуу тэтгэмж олгохыг бодож байгаа гэхэд тэгвэл сайн л байна гэх байдлаар Г.Л хэлж байсан. Аймгийн Засаг даргын захирамжаар бүтэц өөрчлөгдөж ирсэн учраас буцааж ажлын байраар хангах үндэс байхгүй. Нярвын ажлын орон тоон дээр жолоочийн ажил хавсаргагдаж орж ирсэн учраас байгууллагын даргын хувьд ийм шийдвэр гаргасан байгаа. Жолоочийн үндсэн орон тоо шинээр баталсан бүтэц орон тоон дээр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь намайг ажиллаж байхад нярав, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан мөн жолоочийн үндсэн орон тоо нь хасагдсан байгаа учраас жолоочийн ажлын орон тоон дээр авах ямар ч боломж байхгүй. 2012 оноос 2016 онд би БСУГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгэхэд нярав, жолооч гэсэн орон тоогоор явдаг байсан. Энэ хавраас Боловсролын газрын даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. А аймгийн Засаг даргын байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн захирамжийг харахад буцаагаад нярвын ажлын орон тоон дээр жолоочийн орон тоо хавсарсан байсан. Жолоочийн үндсэн орон тоо байхгүй байсан учраас Г.Л-д ажлаас халах тухай өмнө нь мэдэгдээд дараа нь ажлаас халах тушаалыг өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Л нь БСУГ-т холбогдуулан БСУГ-ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагчийн зүгээс жолоочийн орон тоог няравын орон тоотой хавсран гүйцэтгүүлэхээр байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан БСУГД-ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Г.Л-г жолоочийн ажлаас чөлөөлөх тухай б/10 дугаартай тушаал, Г.Л-н жолоочоор ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг гэрчлэх Ниймгийн даатгалын хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, талуудын тайлбар зэргээс үзэхэд Г.Л нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд БСУГ-т жолоочоор ажиллаж байжээ.
Нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шижлүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэсэн шүүхэд нэхэмжлэл хүлээн авах урьдач нөхцлийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч өөрөө БСУГД-ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 дугаартай тушаалын үр дагаврыг мэдсэн бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид үүсээгүй, мөн нотлох баримтаар нотолж чадаагүй.
Тодруулбал БСУГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, дээрх хугацааг сэргээх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд БСУГ-т холбогдуулан гаргасан Архангай аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Л-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан БСУГ-т холбогдуулан гаргасан А аймгийн БСУГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Л-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА