Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-ны А-д холбогдох эрүүгийн :::::::::::::::::::::::::: дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овгийн Ж-ны А, 1993 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ................ сумын .................. дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................... дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн ..................... сумын ................. дүгээр багт иргэн Д.Э-ыг зодож, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ж.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн :::::::::::::::::::::::::: дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын  хохирогчоор өгсөн: “…Гаднаас манай нутгийн залуу болох А гэдэг байхаа тэр залуу орж ирээд гэрийн баганы хажууд сууж байгаад намайг хараад та нарын хүн зодно гэж юу байсан юм бэ гэж хэлээд намайг үгийн зөрүүгүй миний нүүр лүү цохиж газар унагааж байгаад миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Тэр үед манай малчин болох О  нь чи одоо боль наад хүн чинь бие муутай хүн ш дээ гэж хэлсэн чинь тоохгүй ахиад миний цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ийн гэрчээр өгсөн: “...Гаднаас манай нутгийн залуу болох А гэдэг байхаа тэр залуу орж ирсэн. Тэгээд ууж сууж байгаад гэнэт босож ирээд орон дээр унтаж байсан Э-ыг хөгшин төгцөг минь хүн зодох болоогүй шүү чи гэж хэлээд босож ирээд унагааж байгаад Э-ын  цээж хэсэг рүү өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дүгээр хуудас/

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн гэрчээр өгсөн: ”...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн ээлжийн эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 25 минутад Э гэх хүнийг эхнэр 2 хүүхэд нь манай сумын эмнэлэг дээр үзүүлэх гэж авч ирсэн бөгөөд тухайн хүний биед үзлэг хийхэд нүүрний зүүн шанаа болон нүд орчим хөхөрч хавдсан нүд цус гарсан байдалтай байсан бөгөөд үзлэгийг цаашид үргэлжлүүлж хийхэд хэвлий орчим 2 газар хөхрөлттэй байсан. Тухайн хүнээс эмчийн үзлэгийн дагуу биед илэрч байгаа зовиурыг асуухад толгой маш их өвдөж байна гэснээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Эр-ийн  гэрчээр өгсөн:

“...Манай нөхөр маш их зодуулсан, нүүр нь битүү хавдаж, ам хамарнаас маш их цус гарсан байсан тул ярьж чадахгүй байсан. Тэгээд хотод очоод эмчилгээ хийлгэж нүүрний хаван нь гайгүй болсны дараа манай нөхөр би архи уугаад О гийн гэрт очоод тэндээ унтаж байхад гэнэт намайг хүн зодоод байсан.

Тэгээд би сэрээд харахад А намайг зодож байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас /,

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай:

а.Д.Э-ын  биед хамар, хацар яс, хоншоор, ухархайн ханын хугарал, зүүн дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

б.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

В.Д.Э-ын  биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

г.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

6.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/249 дугаартай:

1.Д.Э-ын  биед зүүн хацар, хацрын нум, зүүн хоншоор ясны урд, дотор, гадна хана, зүүн нүдний ухархайн доод, гадна хана, хамар ясны нийлмэл зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймгийн ШША-ны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 497 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.Амбулаторийн картад”...шанаа ясыг эвэнд оруулж хадах мэс засал хийв...” гэсэн нь зүүн хацар ясны нумын хугарлыг хэлж буй ойлголт юм. Уг гэмтэл нь  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

7.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт /хх-38-р тал/,

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 15/,

10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

A.Шүүгдэгч Ж.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-61-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.   

Хоёр. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлтийн талаар.

Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ..................... сумын 4 дүгээр багт иргэн Д.Э-ыг зодож, түүний биед зүүн хацар, хацрын нум, зүүн хоншоор ясны урд, дотор, гадна хана, зүүн нүдний ухархайн доод, гадна хана, хамар ясны нийлмэл зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Э-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Эр-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай  дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/249 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-ын  эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.А-гийн  үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүй, ёс суртахууны мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Ж.А нь хохирогч Д.Э-ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 2,000,000 төгрөг хүлээн авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Д.Э-ын  эрүүл мэндэд хохирол учирсан холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд 3,241,334 төгрөгийн хохирол учирсан байх ба  иргэний нэхэмжлэгч нь уг хохирлыг нэхэмжилжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

       Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,241,334 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь:

       Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 50-51-р хуудас),

       Эмнэлэг: Улсын нэгдүгээр төв эмнэлэг...овог: Д, нэр: Э, нас: 56, баримт №6413216, огноо: 2024.09.17, үйлчилгээний нэр: толгойн бусад гэмтэл, байршил: 530125042,  ЭМД-аас: 2,947,760, иргэнээс: 400,000, бүртгэлийн дүн: 3,347,760, хэвлэсэн огноо: 2024.09.17, цахим бүртгэгч: Ц.Цолмон...гэх төлбөрийн баримт (хх-ийн 76-р хуудас),    

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим систем:

РД:................., овог: Д, нэр: Э, харъяалал: - сум,1.Зардлын түүх:

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Яаралтай тусламж, хаанаас: Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, дүн: 37,082, огноо: 9/13/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Яаралтай тусламж, хаанаас: Гэмтэл согог судлалын үндэсний төв, дүн: 124,762, огноо: 9/14/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Яаралтай тусламж, хаанаас: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, дүн: 31,214, огноо: 9/14/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Амбулаторийн үзлэг, хаанаас: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, дүн: 20,000, огноо: 9/16/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Амбулаторийн үзлэг, хаанаас: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, дүн: 20,000, огноо: 9/16/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Амбулаторийн үзлэг, хаанаас: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, дүн: 20,000, огноо: 9/17/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Мэс засал, хаанаас: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, дүн: 2,947,760 огноо: 9/17/2024,

Жил: 2024, сар: 9, Тусламж үйлчилгээ: Яаралтай тусламж, хаанаас: ..................... сумын эрүүл мэндийн төв, дүн: 40,516, огноо: 9/13/2024,  нийт дүн:3,241,334...гэх лавлагаа (хх-ийн 51-р хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Ж.Агаас  3,241,334 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Хуульд  хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.

Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох Эрүүл мэндийн даатгалын санд төлөх хохирол дээр маргаж байгаа нөхцөл байдал харагдаж байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт  хохирол, хор уршиг төлөгдсөн байдал хамаарна, энэ нь цогц ойлголт юм. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож байгаа саналтай маргахгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс ял шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.

Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж хэлж байгаа боловч миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, цээрлүүлэхэд оршдог. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хэрэг нь хорих ялгүй учраас 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарахаар байна.

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүх шинжлэн судалж хэлэлцлээ. Энэ нотлох баримтаас эргэлзээтэй, ойлгомжгүй, тодорхой бус нөхцөл байдал байгааг шүүх үнэлж дүгнэхдээ анхаарч үзээсэй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргаж байгаа учраас гэм буруу дээрээ маргаж байна гэж ойлгох боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхэдтэй, мал маллан гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээ болох 450,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Ж.А нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүгдэгч Ж.А-гийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй зэргээс дүгнэхэд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол арилгасан/ байдал, эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх,  гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.А-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б ургийн овогт Ж-ны А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.А-гаас 3,241,334 (гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5.Хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Д.Эт төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ