Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2021/00451

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    129/ШШ2021/00451

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: У.Л, У.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.Ч, У.О нарт холбогдох

У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48.633.333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, нийт 145.900.000 / нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Н шүүхэд материал бүрдүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-д хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583.000 /таван зуун наян гурван мянга/ төгрөг, нийт 146.483.000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Л, нэхэмжлэгч У.Н, нэхэмжлэгч У.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч У.Ч, хариуцагч У.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

  1. Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох тухайд

Бид эцэг эхээс зургуулаа бөгөөд Архангай аймгийн Хотонт суманд төрж өссөн. Бидний аав сум нэгдлийн жолооч, ээж минь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ тус тус гарсан.  Аав, ээж хоёр минь сумын төвийн ажилчин байсан болохоор хувийн мал аж, ахуй байгаагүй бөгөөд 1990 оны мал хувьчлалаар 3 том хүүхэд болох У.Л, У.Б, У.Н нар бид хувьчлалд авсан малаа аав, ээжийхээ хувьчлалд авсан малтай нийлүүлж, анх хөдөө мал маллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн аав, ээж минь хөдөө мал маллаж тухайн үед нас биед хүрсэн ах, эгч нар бидний хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй болгон өсгөж үржүүлж бий болгосон хөрөнгө юм. Аав, ээж хоёр минь бүх хүүхдийнхээ малыг нийлүүлэн харж биднийг эхнээс нь айл өрх болгон тусад нь гаргаж, амьдрал ахуйд нь хүргэж өгөн малаа өсгөж 2008 онд мянгат малчин болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн ба мөн оны өвөл аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн. Ааваас хойш малын тоо ээжийн минь нэр дээр тоологдож явсан ба 2008-2012 он хүртэл бүх зүйл хэвийн байсан хавар төлний үеэр хотон дотроо хүн тус бүрд нь ээж өөрөө эм тэмдэглэгээ хийгээд явдаг байсан тул бид энэ талаар санаа зовж байгаагүй. 2011 оноос ээж минь элэгний өвчнөөр өвдөж хүнд хүчир ажил хийж чадахгүй, мал харах боломжгүй болсон тул мөн оны сүүлээр У.Н дээр нүүж ирсэн. Ийнхүү ирэхдээ Ч-ын хоёр хүүхдийг сургуульд сургахаар хамт ээж минь дагуулж ирсэн. 2011 оноос ээж маань элэгний өвчнөөр өвдөж охин У.Н, У.Э нараар асруулж байгаад 2014 оны 07 сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед ээж минь амьсгал хураахаасаа өмнө ах дүү бид зургааг цуглуулж аавын нас барахдаа захиж хэлсэн захиас буюу “хүүхдүүд минь та нар минь хоорондоо эвтэй ахаа ахчилж, эгчээ эгчилж, аавын үгүйд орлох том ах, ээжийн үгүйд орлох том эгчийнхээ үгэнд орж ээж, аавынхаа өсгөж үржүүлсэн мал ахуйг буюу үлдээсэн хөрөнгө болох нийт малыг ах дүү бид зургааг тэнцүү хуваан аваарай” гэж захисныг бидэнд хэлсэн. /бид зургааг гэрт дуудан ээж минь захиас хэлж байсныг хүргэн бэрүүд гэрчилнэ/. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явсан ба 2008-2011 он хүртэл ээж маань хавар төлний үеэр хотон дотроо хүн тус бүрд эм тэмдэглэгээ хийдэг байсан ба ээжийг минь хот руу явсанаас хойш малын эм тэмдэглэгээ огт хийгдээгүй. Энэ тухай ээж минь амьд сэрүүн байхдаа хөдөө 2 удаа яваад ирэхдээ бидэнд хэлж байсан. Аав, ээжээ өнгөрсөний дараа Монгол уламжлал ёсоор айлын отгон хүү болох Ч-т эцгийн гал голомтыг болон бурхан тахилаа түүний гэрт үлдээж, эхний жил малаа хувааж хотоо харлуулгүй аав ээжийн буян тогтог гээд (У.Ч-т) үлдээгээд явсан. Энэ хооронд бас л аав, ээж минь байгаа шиг л хөдөөний том, том ажлуудаа бид хамт нугалсаар малаа маллаж байгаа юм чинь гээд дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү Ч- мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ногдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ах дүү бид зургаа бүгд  цугларч нийт малыхаа тоог гаргасан. Тэр үед хонь, ямаа нийлээд 1649 толгой, үхэр 58 толгой, адуу 182 толгой нийт 1889 толгой мал байгааг тоолж Ч- түүний эхнэр Орхонтамир нарт бичиж өгөн нэг хувийг нь өгөөд ээжийн минь хэлж байсан тооноос бага байна гэхдээ бид одоо хэрүүл, маргаан хийхгүй, эцэг, эхийхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болголгүйгээр тоолсон нийт малаа үлдээгээд явсан. 2017 оны 12 сарын 24-ний өдөр У.Б, У.Н, У.Б-, У.Э ах дүү дөрөв өвлүүлсэн хөрөнгөө У.Ч-аас авахаар очсон боловч түүний хүсэлтээр авалгүй үлдээсэн. Бид У.Ч-ыг хот руу дуудан ирүүлж У.Б-ын гэрт цуглаж өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах тухай тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Аав ээж 2 минь амьд сэрүүн байхдаа жил бүрийн мал тооллогын А дансанд өөрсдийн нэр эсхүл 4 хүүгийнхээ нэр дээр хуваан тоолуулдаг байсан. Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1524 тоо толгой мал тоолуулсан байдаг. Сүүлийн А тооллогоор буюу 2019 онд 1501 тоо толгой болж буурсан үзүүлэлттэй бүртгэгдсэн боловч бодит байдал түүнээс олон тооны мал байгаа болно. Эцэг эхээс өв болгон үлдээсэн уг тооны мал одоогийн байдлаар бага дүү У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний шалтгаан нь дүү У.Ч- нь Өвөрхангай аймгийн Хархорин сумруу шилжсэн бөгөөд Архангай аймгийн Хотонт суманд мал ахуйгаа үлдээсэн тус аймаг суманд бүртгэлтэй У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр эцэг эхээс минь өвлөн үлдээсэн малыг тооллогод оруулж, бүртгүүлсэн байдаг. Иймд У.О-ын нэр дээр бүртгэлтэй уг мал нь У.О-ын мал биш ах дүү бид зургаагийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Б-, У.Э, У.Ч- нарын аль нь эцэг эхээс үлдсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч байгаагүй. Бид зургаан хүний нэр дээр болон өөр хэн нэгний нэр дээр мөн адил өвлөх эрхийн гэрчилгээ нотариатын танхимаас гаргаагүй бөгөөд талийгаач нарын хууль ёсны өв залгамжлагч нь бид болохыг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүснэ. Бидний хувьд ах дүү зургаан иргэн нь эцэг, эхээс үлдээсэн гэх хөрөнгийн талаар маргаантай бөгөөд мөн хөрөнгийн хувьд бүгд адил тэгш, эрхтэйгээр өвлөх, өвлүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Б-, У.Э, У.Ч- нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.

  1. “Д.У, Д.Гуүнаацэрэн” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгчдэд ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулах тухайд

Бидний аав ээжээс өвлөгдсөн адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн адуу-160, Үхэр-46, хонь-910, ямаа-385 нийт 1501 тоо толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зорилгоор 2020 оны 04 сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-аар дээрх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар

1. Адуу-160

  • Азарга (1,200,000x2)=2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/
  • Эр даага (400,000x10)=4,000,000 /дөрвөн сая/
  • Эм даага (400,000x30)=12,000,000 /арван хоёр сая/
  • Эр шүдлэн (600,000x10)=6,000,000 /зургаан сая/
  • Эм шүдлэн (600,000x10)=6,000,000 /зургаан сая/
  • Эр хязаалан (700,000х8)=5,600,000 /таван сая зургаан зуун мянга/
  • Эм хязаалан (700,000х10)=7,000,000 /долоон сая/
  • Эр соёолон (800,000х25)=20,000,000 /хорин сая/
  • Эм соёолон (800,000х10)=8,000,000 /найман сая/
  • Нас гүйцсэн эр (900,000х5)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (900,000х40)=36,000,000 /гучин зургаан сая/

Нийт 111,500,000 /нэг зуун арван нэгэн сая таван зуун мянга/

2. Үхэр-46

  • Бух (1,200,000x1 )=1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/
  • Эр бяруу (500,000х2)=1,000,000 /нэг сая/
  • Эм бяруу (500,000x3)=1,500,000 /нэг сая таван зуун мянга/
  • Эр шүдлэн (700,000х9)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (700,000х7)=4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/
  • Эр хязаалан (900,000х10)=9,000,000 /есөн сая/
  • Эм хязаалан (900,000х5)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (1,100,000x3)=3,300,000 /гурван сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (1,000,000х6)=6,000,000 /зургаан сая/

Нийт 37,700,000 /гучин долоон сая долоон зуун мянга/

3. Хонь-910

  • Хуц (150,000x3)=450,000 /дөрвөн зуун тавин мянга/
  • Эр төлөг (100,000х60)=6,000,000 /зургаан сая/
  • Эм төлөг (80,000х80)=6,400,000 /зургаан сая дөрвөн зуун мянга/
  • Эр шүдлэн (120,000х367)=44,040,000 /дөчин дөрвөн сая дөчин мянга/
  • Эм шүдлэн (100,000х20)=2,000,000 /хоёр сая/
  • Нас гүйцсэн эр (150,000x300)=45,000,000 /дөчин таван сая/
  • Нас гүйцсэн эм (120,000х80)=9,600,000 /есөн сая зургаан зуун мянга/

Нийт 113,490,000 /нэг зуун арван гурван сая дөрвөн зуун ерин мянга/

4. Ямаа-385

  • Ухна (130,000х2)=260,000 /хоёр зуун жаран мянга/
  • Эр борлон (60,000х60)=3,600,000 /гурван сая зургаан зуун жаран мянга/
  • Эм борлон (55,000х70)=3,850,000 /гурван сая найман зуун тавин мянга/
  • Эр шүдлэн (70,000х90)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (65,000х20)=1,300,000 /нэг сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (100,000х93)=9,300,000 /есөн сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (90,000х50)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/

Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/

Нийт 291,800,000 /хоёр зуун ерин нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гэж үнэлэгдсэн. Бидний аав эжээс үлдээсэн 1501 тооны адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн эдгээр өв хөрөнийг 6 хуваан тооцвол нэг хүнд:

Тооцоолол хийсэн арга: А дансанд тоологдсон малын тоо толгой хуваах нь өв залгамжлагчийн тоо үржих нь хөрөнгийн үнэлгээ хийсэн үнийн дүн)=нэг хүнд ногдох хэсэг

1. Адуу-160

  • Азарга (2/6x1,200,000)=400,000
  • Эр даага (10/6x400,000)=666,666
  • Эм даага (30/6x400,000)=2,000,000 нэг хүнд 5
  • Эр шүдлэн (10/6x600,000)= 1,000,000
  • Эм шүдлэн (10/6x600,000)= 1,000,000
  • Эр хязаалан (8/6x700,000)=933,333
  • Эм хязаалан (10/6x700,000)=1,166,666
  • Эр соёолон (25/6x800,000)=3,333,333
  • Эм соёолон (10/6x800,000)= 1,333,333
  • Нас гүйцсэн эр (5/6x900,000)=750,000
  •  Нас гүйцсэн эм (40/6x900,000)=6,000,000

Нийт 18,583,331/арван найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг/

5. Үхэр-46

  • Бух (1/6x1,200,000)=200,000
  • Эр бяруу (2/6x500,000)=166,666
  • Эмбяруу (3/6x500,000)=250,000
  • Эр шүдлэн (9/6x700,000)=1,050,000
  • Эм шүдлэн (7/6x700,000)=816,666
  • Эр хязаалан (10/6x900,000)= 1,500,000
  • Эм хязаалан (5/6x900,000)=750,000
  • Нас гүйцсэн эр (3/6x1,100,000)=550,000
  • Нас гүйцсэн эм (6/6x1,000,000)=1,000,000 нэг хүнд 1

Нийт 6,283,332 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун гучин хоёр төгрөг/

6. Хонь-910

  • Хуц (3/6x150,000)=750,000
  • Эр төлөг (60/6x100,000)=1,000,000 нэг хүнд 10
  •  Эм төлөг (80/6x80,000)=1,066,666
  • Эр шүдлэн (367/6x120,000)=7,340,000
  • Эм шүдлэн (20/6x100,000)=333,333
  • Нас гүйцсэн эр (300/6x150,000)=7,500,000 нэг хүнд 50
  • Нас гүйцсэн эм (80/6x120,000)=1,600,000

Нийт 19,589,999 /арван есөн сая таван зуун наян есөн мянга есөн зуун ерөн есөн есөн төгрөг/

1. Ямаа-385

  • Ухна (130,000х2)=260,000 /хоёр зуун жаран мянга/
  • Эр борлон (60,000х60)=3,600,000 /гурван сая зургаан зуун жаран мянга/
  • Эм борлон (55,000х70)=3,850,000 /гурван сая найман зуун тавин мянга/
  • Эр шүдлэн (70,000х90)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (65,000х20)=1,300,000 /нэг сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (100,000х93)=9,300,000 /есөн сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (90,000х50)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/

Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/

Тухайн малын тоо өв залгамжлагчдын тоо /6/-нд хуваагдах боломжгүй, нас, хүйсээрээ үнэлгээний үнийн дүн өөр өөр учраас хөрөнгийн үнэлгээний дүнг хуваах замаар гаргахад нэг хүнд 48,633,333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг ногдож байна.  Мөн У.Ч-, У.О- нар нь эхнэр, нөхөр бөгөөд маргаан бүхий хөрөнгийг өөрсдийн эзэмших, ашиглах эрхэнд байлгаж байгаа тул тэднийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа болно. Цаашлаад маргаан бүхий хөрөнгө нь 2019 оны мал тооллогоор У.О-ын нэр дээр буюу түүний А дансанд тоологдсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан болно. Түүнчлэн хариуцагч тус бүрээс хэчнээн хэмжээний төгрөгийг шаардаж байгаа талаар тодорхойлон тусгаарлах боломжгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч У.Ч- нь мөн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгохыг хүссэн байгаа болно. Иймд ах дүү У.Л, У.Б, У.Н, У.Б-, У.Э, У.Ч- бид нарыг “Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг болох 48,633,333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, нийт 145 900 000 /нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Нийн “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583 000 /таван зуун наян гурван мянга/ төгрөг, нийт 146 483 000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Ч-, У.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй танилцав. Миний төрсөн ах , эгч нар бага дүүгийнхээ болон түүний гэр бүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний мал, эд хөрөнгө нэхэмжилж бурхан болосн аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж шунхай, сувдаг сэтгэлдээ автаж ийм үйлдэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Аав ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрт нь ялгаж өгсөн билээ. Ингээд ээж минь 2014 онд хүнд өвчний улмаас Хотонт суманд байрлах гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсоны дараа жил буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хувиарлаж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ноогдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Лийн том хүү Хангал 80 гаруй толгой мал таслан авч сумын төврүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.  Харин ах У.Б-, У.Б нар өөрт ноогдох малаа им, тамгаар нь үлдээж манайд харж байгаач гээд үлдээгээд явсан бөгөөд одоо хүртэл тэдний малыг манайх харсаар байгаа билээ. У.Н, У.Э нар нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эцэг эхийнхээ гал голомт сахиж үлдсэн бага хүү У.Ч- миний гэрт байсан аав ээжийн минь бурхан тахилыг гэр эзэнгүй байхад хулгайлан авч явсан бусармаг үйлдэл гаргаж байсан. Үүнээс гадна ах У.Л нь миний эзэмшлийн пад тракторыг хүртэл авчихаад өгөхгүй байгаа үйлдэл байсаар л байгаа. Мөн өвөг, дээдсээс минь уламжлагдан ирсэн аавын минь шүрэн толгойтой хаш хөөрөгөө миний дунд ах болох У.Б-од өвлүүлсэн боловч миний эгч У.Н нь өгөхгүй байгаа үйлдэл гарсаар л байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалууд нь хаанаас хэрхэн яаж авсан эх сурвалж нь тодорхойгүй, миний хувийн мал хөрөнгийн талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулан авсан, хуурамчаар үйлдсэн байх өндөр магадлалтай байна. У.Ч- би эхнэр У.О-тай 1999 онд гэр бүл болж эцэг эхийн үлдээсэн мал хөрөнгийг өсгөн үржүүлж маллахаас гадна жил бүр буянт малынхаа үр шимийг мал хөрөнгө арвижуулах, нэмэгдүүлэхэд ашиглаж өдий хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж хөдөлмөрлөж ирсэн билээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай малын тооллогын дүнг үндэслэж үнэлгээ хийлгэж түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар нь ээж ааваас үлдээсэн өөрт ногдох мөл, хөрөнгөө  2015 онд хувааж аваад явсан байдаг. Мал хөрөнгөө хувааж авсан талаархи үйл явдлыг ах У.Б-, У.Б бөгөөд холбогдох баримтыг хавсаргах болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар Д.У, Д.Г нарын 6 хүүхэд байгаа юм. Би энэ айлын хамгийн том охин нь байгаа. Хамгийн том ахыг маань У.Л гэдэг. Миний аав Д.У нь анх сумын нэгдлийн жолооч, ээж Д.Г нь ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарцгааж байсан. Аав ээж хоёр маань сумын төвд ажиллаж байгаад 1990 оны мал хувьчлалаар У.Л, Ц.Батнасан, У.Н миний бие нь хувьчлалаар авсан малаа аав ээжийнхээ хувьчлалаар авч байсан малтай нийлүүлж, аав ээж минь өөрсдийнхөө мал дээр түрээсийн мал нэмж аваад хөдөө гарч байсан.Бид зургааг зургууланг нь аав ээж маань хөдөө айл гэр болгож, тусад нь гаргаж байсан. 2008 онд бид бүгд малаа нийлүүлээд аавыгаа мянгат малчин болгож байсан. Тэгээд аав минь 2008 онд элэгний хорт хавдраар нас барсан. Түүнээс хойш ээж минь бидний төлөө аавыг маань байгаа юм шиг амьдарч байсан. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явж байсан. 2008-2012 он хүртэл бүх зүйл хэвийн байсан. Мөн ээж өөрөө хотондоо им тэмдэглэгээ хийгээд явдаг байсан. 2011 онд ээжийн минь бие муудаж, хөдөө гадаа хүнд хүчир ажил хийж чадахаа больж, малаа харах боломжгүй болсон тул ээж минь Улаанбаатар хотод 2 охин дээрээ ирж байж байсан. Тухайн үед У.Э нь төрөөд нялх биетэй, жаахан хүүхэдтэй байсан ч ээжийг асардаг байсан. Тэгээд 2014 онд ээж маань нас барж байсан. Аав минь нас барахдаа ээж минь үлдэж байгаа болохоор ямар нэгэн юм захиж үлдээж байгаагүй. Харин ээж нас барахынхаа өмнө захиж байсан. Миний хүүхдүүд ахаа ах гэж хүндэлж, эгчээ эгч гэж хүндэлж, аавыг нь том ах нь орлож, ээжийг нь том эгч нь орлож, ах эгч нарынхаа үгэнд орж яваарай гэж захиж байсан. Мөн манай аав ээж хоёртой манай хамгийн том ах У.Лийн том хүү Л.Хангал хамт амьдарч байсан болохоор тэрийг оруулаад малаа 7 хүнд тэнцүү хувааж аваарай гэж хэлсэн. У.Ч- бид нарын хамгийн бага дүү байгаа. Хамгийн бага дүү У.Ч-т эцэг эхийнхээ гал голомтыг болон бурхан тахилын хамт үлдээж, 5 малаа хариулаад байж байгаарай гэж хэлээд үлдээж байсан. Эцэг эхийнхээ үлдээсэн малыг У.Ч-ыг хараад байж байгаарай гэсэн болохоос У.Ч-ын эд хөрөнгө байгаагүй. Тэгээд ээжийгээ нас барсны дараа жил нь бид нар малаа очиж тоолсон. Ээж маань амьд байхдаа өөрийнхөө малыг хүүхдүүддээ хувааж имлэж өгсөн байсан. Ээжийг нас барснаас хойш бид нарын маланд им хийгдээгүй явсныг мэдээгүй байсан. Ээж маань байхдаа та нар ээжийгээ амьд байгаа дээр хэдэн малаа хуваагаад ав гэж хэлдэг байсан боловч тэр яах вэ ээж минь та биеэ л бод, тэрэнд санаа зовоод ах вэ, бид нар төрсөн ах дүү хүмүүс байна, битгий санаа зов гэж хэлж байсан. Тэгээд ээжийгээ нас барснаас хойш 1 жилийн дараа буюу 2015 онд очиж малаа тоолж байсан. Тэгээд байгаа малынхаа тоог аваад У.Ч-тай тохиролцоод ямар ч байсан байгаа хэдэн малаа өсгөж өндийлгөөд яваарай гэж хэлсэн. Тэгээд мал харсан хөлсөнд нь айл болгон жил бүр 2 хонь өгч байхаар тохирсон. Малаас гарч байгаа ашиг шимийг бид нар хэрэглэдэггүй. У.Ч-, У.О- хоёр ашиг шимийг нь хэрэглэдэг байсан. 2017 онд мал тоолж явснаас хойш бид нар 2 дүүдээ туслаад явж байсан. Мөн 3 ах маань У.Ч-т очиж тусладаг байсан. Бид нарын ч бас тус дэмээр аав ээжийн минь мал өдий болтол өсөж байгаа. Бид нар 2015 онд У.Ч-т малаа маллаж бай гэж хэлээд өгч байсан. Гэтэл манай бага дүүгийн зан хувирч, ах эгчээ гэхээ байж танигдахын аргагүй хүн болсон. У.Ч- ч архи нэлээн уудаг болсон. Хань нь ч түүнийг зөв чиглүүлэх нь битгий хэл, буруу чиглүүлж байгаа юм байна гээд 2017 онд бид нар хотоос ирээд малаа тоолъё гэсэн У.Ч- зөвшөөрөхгүй байсан. Тэгээд бид нар аргаа бараад өөрсдийн хэдэн имтэй малаа аваад явсан. Та нар гээд бид нарыг бурхан дээрээ мөргөх гэж ирсэн бид нарыг гэртээ ч оруулахгүй хоёр зэрэг хөөж туугаад бид нар аав ээжийнхээ ч гэрт орж чадалгүй, айлын бууцан дээр хоноод явж байсан. Тэрэнд бид нар маш их гомддог. Ер нь бол хамаг маргаан ээжийг нас барснаас хойш бид нарын малыг имнээгүй гэдгийг мэдээд маргаан гарч байсан. Тэгээд бид нар 2017 оны 07 дугаар сард У.Ч-ыг хотод дуудаж авчирсан.Тэгээд У.Б, У.Э бид нар У.Б-ынд цуглаж уулзаж байсан. Тэгэхэд У.Ч- ах эгч нар минь дүүгээ уучлаарай, дүү нь буруу юм хийж, хэдүүлээ энэ өвлийг давсны дараа хавар малаа хувааж авцгаая гэж хэлээд явж байсан. Тэрнээс хойш  дуудах болов уу гэж хүлээсэн ч У.Ч- холбоо барихгүй болохоор нь ерөөсөө бид нарын малыг өгөхгүй юм байна гээд очсон боловч У.Ч-, У.О- нар хоёулаа согтуу агсам тавиад бид нарыг гэртээ оруулаагүй. У.О- бүр бид нар руу согтуу бууц атгаж авч цацаад байсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад одоо л 2 дүүгийнхээ царайг харж байна. Тэгээд 2017 онд У.Ч-ыг бид нар дуудаж уулзаад хэдүүлээ учраа олохгүй бол шүүхэд хандая гэж бодож байна гэж хэлэхэд У.Ч- тийм юм байхгүй, миний буруу дүүгээ уучлаарай хавар болохоор бүгдээрээ 5 малаа хувааж авна гэж хэлж байсан. Тухайн үед гарын үсэг зуруулж байсан. Ухаан зараад ах дүү нарынхаа малыг өгөх юм байна гэж бодсон. Түүнээс хойш 2017 оноос У.Ч- холбоогүй таг болсон. Аав ээжийн минь мал одоо бараг 2000 гаруй мал болсон байгаа. Малын А дансны тоогоор нэхэмжлэлээ гаргаад явж байгаа. У.Б, У.Б- нар У.Ч- бид нарын малыг өгөхгүй байна гэж хэлэхэд би хоолтой залгаад явж байвал болоо гэж хэлсэн. Тэгээд бид 3 нэхэмжлэл гаргасан. Бүх малыг имнээгүй гэдгийг У.Б ах бид нарт хэлж байсан. Бид хоёр эмэгтэй хүн болохоор гэрийн ажилд оролцдог болохоор гэрээс гадуурх малын талаарх ажилд оролцдоггүй учраас мал эмнээгүй гэдгийг мэдээгүй. Тэгээд У.Б ахыг бид нарын малыг имнээгүй байна гэхээр нь мэдээд энэ талаар маргаан гарч шүүхэд хандаж байсан. У.Б-, У.Б нар нь надад итгэмжлэл хийж өгч байсан. Гэтэл У.Б, У.Б-, У.Ч- энэ 3 нийлээд явчихсан. Тийм болохоор гурвуулаа тэнцүү хувааж авахаар тохирсон байх гэж харддаг. Аав ээжийн минь үлдээсэн хөрөнгийг бид нар адилхан хүртэх ёстой. Малаа хариулаад байж бай гэж үлдээсэн болохоос бүх мал энэ хүмүүсийн хөрөнгө гэж үлдээгээгүй. Ээжийг бурхан болсноос хойш бид нар ухаан зарж 7 жил хүлээсэн. Зөндөө хүлээсэн. 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан чинь У.О-, У.Ч- нарын хаяг Архангай аймагт бүртгэл байхгүй, танай дүү Өвөрхангай аймгийн Хархорин сум руу шилжсэн гэсэн байсан. У.Ч- ганцаараа Хархорин сум руу шилжиж ирсэн байсан. Тэгээд Хотонт сумын захиргаан дээр очсон чинь ганцаараа албан ёсоор шилжиж, У.О-ын нэр дээр бүх мал шилжсэн гэж хэлсэн. У.О-ыг миний аав ээж өнчин өрөөсөн болохоор нь олон жил бага бэрээ болгож авч байсан. У.О- нь анх манайд бэр болж ирэхдээ хүний өөдөөс үг хэлэх нь битгий хэл юм дуугардаггүй, үг дуу цөөтэй хүүхэд байсан. Энэ хүнээс ухаан гарахгүй учраас гомдолтой байна. Үнэхээр гомдолтой байна. Миний аав ээж У.О-т үг хэлүүлдэггүй байсан. Одоо хүчрэхгүй хүн болсон байгаа. Тухайн үед эцэг эхийнхээ өв хөрөнгийг өвлөх эрхийг тогтоолгох хүсэлт гаргаагүй . Хуулийн мэдлэггүй байсан. Миний эцэг эхийн үлдээсэн өв хөрөнгө У.О-ын хөрөнгө биш учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Бид нарт ногдох хөрөнгийг гаргаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байгаа.

Гэхдээ нэхэмжлэл гаргахад миний аав ээжийн үлдээсэн мал хөрөнгө У.О-ын нэр дээр байсан учраас хариуцагчаар татсан. Энэ бүх мал бол бид зургаагийн хөрөнгө байгаа. 2015 бид нар малаа тоолоход энэ хоёрынх 800-900 гаруй толгой мал, бид нарынх 70, 80 толгой мал байсан. Түүнээс хойш бид нарын малын тоо өсөөгүй байсан. Тэгээд өөрсдийн имтэй байсан малаа аваад явж байсан. Бид нарын малыг ээжийг минь нас барснаас хойш имнээгүй байсан учраас маргаан үүссэн байгаа. Ирэх тоолонд малаа харна. Имтэй хэдэн малаа аваад явъя гээд У.Э бид хоёр малаа аваад явсан. Тэгээд том ах У.Лийнд малаа орхиод явж байсан. Тэгсэн дараа нь удалгүй У.Ч-, У.О- хоёр У.Л ах архи уугаад 5 малыг чинь оргүй болголоо У.Л ахаас та хоёрын малыг аваад явлаа гээд яриад аваад явсан. У.Л ах мал маллаж үзээгүй хүн. Тэгэхээр нь бид хоёр за яах вэ одоо л нэг ухаарч байгаа юм байна гэж ярьж байсан. Тэгээд 2017 онд буцаад малаа тоолсон чинь миний имтэй хонь 17 болсон байсан. Тэгэхээр нь би 17 хонио авч явж хадмынд аваачиж өгч байсан. Тэгээд сүүлд нь авч зараад хүүхдийнхээ сургалтын төлбөрт аваачиж өгсөн байгаа. У.Л ахаас 23 хонь, н.Ганбаатараас 17 хонь авч хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгсөн нь үнэн. Нэг эцэг эхээс төрж өсөж төрсөн хүмүүс байж бид нарын тус дэм болж байсныг ярихгүй байна. Түрүүч нь 60 нас хүрсэн. Бид нар байнга хоорондоо ярьдаг байсан. Ээж минь 3 жил өвдөж байсан. Ээжийгээ би охин дүү У.Этэй яг гар дээрээ асарч байгаад үхүүлж байсан. Бид хоёр хүнд ажилд нь оролцож байгаагүй. Аав ээжийгээ асардаг байсан. Адуу үрээ авч чадаагүй. Ээж маань намайг байгаа дээр хэдэн малаа хуваагаад ав гэж хэлдэг байсан. Ээж маань байгаа юм чинь бүгдийг нь зохицуулж байгаа гээд тоодоггүй байсан. 2015 онд ургийн баяр болоход би эгчийн хувьд энэ хоёрыг загнаж байсан. У.Ч-, У.О- хоёр ээжийг нас барснаас хойш зан нь маш их өөрчлөгдөж, хувирч байсан. Намайг эгчийг нь загнаж байсан гэж хэлж байна. У.О-ын эгч нь ч гэсэн манай бэр байгаа. Эгч дээр нь очиж би байгаа байдлыг нь хэлж байсан болохоос эгчийг нь бол загнаж байгаагүй. У.О- их архи уудаг болсон. Бид нар эднийхээс 1 сав айраг, сүү авч үзээгүй. Бид нар адуу, үхрээ тоолоогүй. Бид хэдийг ирэх сургаар малаа хол туугаад явчихдаг, явсны дараа малаа тууж авчирдаг байсан. Бид нараар мал тоолуулдаггүй байсан. Тэгээд бид нарыг та нар бурхан дээр ирж байгаа нэрээр ирлээ. Бурханаа аваад зайл гэж хэлж байсан. Тэгэхээр нь аав ээжийнхээ бурханыг үлдээж болохгүй юм байна гэж бодоод У.Бг аав ээжийн бурхан тахилыг ав гэсэн би авахгүй гэсэн, У.Б-ыг ав гэсэн өө би чадахгүй байс хийгээд эхнэртэй хөөгддөг хүн авахгүй гээд, тухайн үед У.Л ах архи нэлээн уудаг байсан. 2 жилийн өмнөөс архи уухаа больсон. Тэгээд У.Луюсандорж ах ах нь аваад юу гэх вэ гэхээр нь У.Э бид хоёр аав ээжийнхээ бурхан тахилыг ийм хүмүүс үлдээгээд яах вэ гэж бодоод аваад явсан. Тэгсэн араас У.Ч- бурхан хулгай хийгээд аваад явчихлаа гээд байхаар нь ерөөөсөө байх ёстой газраа байсан дээр юм байна гэж бодоод аав ээжийнхээ бурхан тахилыг ганданд аваачиж өргөсөн. Худлаа яриад байх юм байхгүй. Би тухайн үед 23 хонь сургалтын төлбөрт аваад явсан байсан. Үлдэгдлийг нь У.Ч- буцаагаад аваад явсан байсан. Хотод байсан болохоор бид нар малаа бага дүүдээ үлдээгээд явж байсан. Гэтэл одоо малыг нь өгсөн гэж хэллээ. Тэгээд бид хэдийн мал өсөхгүй мөртлөө яагаад энэ хоёрын л мал өсөөд байдаг юм бэ? Аав ээжийг минь нас барснаас хойш ийм юм болсон. Бид нарыг очиход У.Ч-, У.О- нар согтуу байсан. Тэгээд У.О- өтөг авч цацаад ямар байсан гэж санана. Тийм учраас У.О-ыг үг хэл авахгүй юм байна гэж хэлэхээр эгч дээр очиж уулзаж байсан. Би эгчийг нь доромжлоогүй. Нотлох баримтаар нотлогдоно биз. ... Шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Маш их гомдолтой байна. Хоёр дүүдээ л их гомдож байна. Өөр хэлээд байх юу байх вэ дээ. Ахыгаа ах, эгчийгээ эгч гэхгүй. Их малтай болчихоороо тэгдэг юм уу. Одоо л дүү нарынхаа нүүр царайг харж байна. Ярих юм аа ярьсан л гэж бодож байна гэжээ.

 

Нэхэмжлэгч У.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад одоо хэлэх юм байхгүй дээ. Ахыгаа ах, эгчийгээ эгч гэж миний 2 дүү хүндлэхгүй байна даа. Гомдолтой байна даа гэжээ.

 

            Нэхэмжлэгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд итгэмжлэл гаргуулж, нэхэмжлэл гаргуулж байсан. Өвөлдөө идэшээ аваад идчихдэг зундаа хонио аваад сууж байя гэдэг утгаар малаа 4 хуваагаад авах биш дүү У.Ч-даа малаа өсөж үржүүлээд байж байг гэж бодоод малаа үлдээгээд өөрсдөө Улаанбаатар хотод байдаг байсан. Хоолныхоо малаас салахгүй явъя гэж бодож байгаа. Миний аав ээж болон манай гурван том ах, эгч нарын нэр дээр хувьчлалаар мал авч, аав ээж минь малаа аваад хөдөө гарч байсан. Ч.Ч-, У.Б- бид гурвын нэр дээр бол мал өгч байгаагүй. Тухайн үед У.Ч- 17 настай байсан. Тэгээд аав ээж хоёр минь ариун цагаан хөдөлмөрөөрөө малаа өсгөж үржүүлж байгаад аав минь 2008 онд нас барж, ээж минь түүнээс хойш У.Ч-тай хамт малаа өсгөж байсан. 2011 онд ээж минь гэнэт өвдөж, У.Н эгчийнд ирж байсан. Ээж минь тэгээд 2014 онд нас барж байсан. Ээжийг нас барахад хамгийн бага дүү У.Ч- гал голомтоо авч үлдэж байсан. Бид нар бага дүү У.Ч-таа бүх юм аа даатгаж өгч байсан. Бид нар уг нь нааш цааш явахдаа Хархорин сумын нутаг руу орж ирээд багадаа яаж өсөж торнисон сайхан дурсамжаа эргэн санаж байна байх гэж бодож байсан боловч харин бүр эсрэгээрээ бүх юм болсон. Бид нар уг нь аав ээжийнхээ бүх юмыг бага дүүдээ өгч малаа хараад байж байгаарай гээд үлдээгээд явж байсан. Харин аав ээжийг минь нас барснаас хойш бага У.Ч-ын зан ааш өөрчлөгдөж ахаа ах гэж, эгчээ эгч гэж хүндлэхээ байсан. Одоо л царайг нь харж байна. Маш их зан нь хувирсан. Ах эгчээ гэхээ больсон. Харин хажуу дахь хань нь болж бүтэхгүй байгааг нь зааж зөвлөж хэлэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Өөрөө ах дүүгүй, ганцаараа өнчин өссөн хүнээс тийм ухаан гардаггүй юм байлгүй. Тэгээд хамт амьдарч байгаа хүнээ буруу тийшээ залаад аваад  явсан. Энэ хоёр хоёулаа боловсролгүй хүмүүс. Анх аав ээж минь болон 3 том ах эгч нарын минь нэр дээр хувьчлалаар авсан малаас одооны энэ хөрөнгө үүссэн гэж хэлмээр байна. Бид нар аав ээжийнхээ бид нарт үлдээсэн малыг нэхэмжилж байгаа. Тэрнээс У.Ч-ын малыг авна гэж хэлээгүй. Тийм учраас аав ээжийн минь үлдээсэн малыг 6 тэнцүү хувааж өгнө үү. Ээж маань нас барахынхаа өмнө малаа хувааж аваарай гэж захиж байсан.

Би 2 том болсон хүүтэй, жил болгон идэш худалдаж авч иддэг. Тэгэхэд дүү минь энд 2000 малтай. Би энэ хоёр дүүдээ маш их гомддог. Би адуутай байсан, үхэртэй байсан. Энэ хоёр тэрийг ярихгүй байна. Зулай зулайгаа гишгиж төрсөн хүмүүс байж дүү нь 2000 мал өсгөчихөөд нутгийн амьтанд баярхаад явдаг талаар их юм сонсогддог. ... Хамгийн том ах маань буурал үстэй өвгөн болсон байна. Ахыгаа ах гэж хүндлэх нь битгий хэл шал өөр эсрэгээрээ хамгийн бага эрэгтэй дүү нь эцэг тусдаа миний төрсөн ах биш гэж яриад явж байсан байна билээ. Сая орж ирж мэдүүлэг өгсөн 2 ах маань хоёулаа улаан нүүр рүү минь хараад худлаа ярьж байна. Яах вэ шинжээчийн дүгнэлтээр илрэх л байх л даа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

             

Хариуцагч У.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд төрсөн, одоо 45 нас хүрч байна. Би 1984 онд сургуульд орж байсан. 1994 онд төгсөх ёстой байсан боловч аавтайгаа хамт малаа маллаж, сургуулиасаа гарч байсан. Тухайн үед би 15 настай байсан. 7 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч байсан. Аав минь хувьчлалаар анх 20-30 тооны хонь авч байсан. Тэгээд би аав ээжтэйгээ хамт малаа маллаж байгаад 1995 онд цэрэгт явж байсан. Тухайн үед манайх 100 гаруй хонь, ямаатай айл байсан. Би 6 сар цэргийн алба хааж байсан. Ээж аав маань хөл гар муутай байсан болохоор намайг байхгүйд У.Б- ах ирж тусалж байсан. Тэгээд би цэргээс ирээд аав ээжтэйгээ хамт малаа маллаж байсан. Аав минь амьд байхдаа бид нарт бүгдэд нь мал өгч, тус бүрд нь имнэж өгч байсан. Тэгээд аавын минь бие өвдөж муу байсан болохоор бид нар аавыгаа үхэхээс өмнө мянгат малчин болгоё гэж бодоод 2007 онд аавыгаа мянгат малчин болгож байсан. Би 2000 онд У.О-тай гэр бүл болж байсан. Аав минь байхдаа ах бид нартай хамт бид зургууланд малаа хувааж, хүн тус бүрийн мал дээр өөр өөр им хийж байсан. Аав маань 2006 онд им хийж өгч байсан. Хүн бүрт 10 гаран хонь, 5 ишиг өгсөн. Аав маань 3 жил хэвтэрт байж байгаад нас барсан. Миний аав цагийн сайханд нэртэй төртэй байсан хүн. Би олон жил зүтгэж байж аавыгаа мянгат малчин болгож байсан. 2008 онд аав маань нас барсан. 2009 онд аймар зуд болж байсан. Тооно дээр сууж байсан болжмор хөлдөж үхээд дээрээс унаж байсан тийм л өвөл байсан. Би зуны халуунд, өвлийн хүйтэнд гутлаа урагдтал дээлээ ханзартал мал маллаж байсан. Эд нар ирдэггүй байсан. Аав ээж минь хөл муутай байсан. Тухайн жилийн зуднаар мал ч их үхсэн, тэр чигээрээ Архангай аймаг, Өвөрхангай аймгаар мал үхэж байсан. Би оторт яваад 10 жил болж байна. Би аав ээжийнхээ нутаглаж байсан нутагт нь нутаглаж чадахаа байсан. 2011 онд ээжийн минь бие муудаж, 2014 онд ээж маань нас барсан. 2015 онд ээжийн минь үлдээсэн 280 гаран хонь байсан. Ээжийг минь нас барсны дараа жил миний том эгч У.Н ирээд хонь малыг хувааж авсан. Би хуулийн өмнө худлаа хэлэхгүй. У.Л ахын том банди миний аав ээж дээр өсөж байсан. Тэгээд бид зургаа дээр нэмэгдээд 7 хүнд тус тус бүр өөрсдийнх нь имтэй мал дээр 40, 40 хонь тасдаж өгч байсан. Тухайн үед 100 гаруй толгой мал өгч явуулсан. Үүнийг гадаа байгаа 2 ах мэдэж байгаа. Надад одоо бол өгөөд байх юм байхгүй. Би энэ олон жилийн хугацаанд зунд нь халж, өвөлд нь даарч хэдэн малаа өсгөж үржүүлж байсан. Би нэг удаа ч халуун буузан дээр бууж үзээгүй. Эд нар надад тусалж байсан гэж худлаа хэлж байна. Эд нар манайд ирэхдээ надад нэг ширхэг улаан тамхитай ирж байгаагүй. Би эд нарт өгөх юмыг нь өгсөн. Би малаа үнэлүүлж чадаагүй байхад эд нар миний малыг үнэлүүлсэн байна. ... 2014 онд ээж минь нас барсан. Ээж минь нас барахынхаа өмнө миний хүү айлын бага хүүхэд учраас аав, ээжийнхээ гал голомт, бурхан тахилыг цаашид авч яваарай гээд, уламжилж ирсэн бурханаа аваарай гэж хэлж байсан. Тэгээд би ээжийн гэрээс өөрийнхөө гэр рүү У.Э эгчтэй хамт бурхан тахилаа өргөж оруулж байсан. Тэгээд ээж минь нас барсан. Ээжийн бие тааруу байхад У.Н эгч ээжийн данс хаана байна гэж хэлж байсан. Тэгээд У.Б ах бид хоёрыг бага гэрт байхад том гэрээс У.Н эгч, У.Э эгч хоёр машинаа гэрийн цаана тавьж байгаад аав ээжийн минь бурхан тахилыг хулгайлаад аваад явсан байсан. Би араас нь очоогүй, өөрсдөд нь алдас болох байх гэж бодоод орхисон. Тохиролцоон дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Мөн намайг гарын үсэг зурсан гэж бичсэн байна... Би зөвшөөрөхгүй, би эд нарын малыг бүгдийг нь өгсөн болохоор зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч У.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 онд У.Ч-тай гэр бүл болж, 3 хүүхэдтэй болж байсан. 2000 онд У.Б-. н.Мөнхчулуун манайх 3 айл саахалт байсан. Хадам аав байхдаа бид нарын малд им хийж өгч байсан. 2000 онд байж байгаад 2009 онд зудтай өвөл болж У.Б- ах 2010 онд хамаг үхэр малаа үхүүлж байсан. Манайх хэдэн малаа аваад Хавцалын аманд бууж байсан. 2010 онд У.Б- үхрээ аваад манайх хонио авч, хонио хариулахгүй хаяж байсан. 2011 онд ээжийн бие муудаж, У.Н эгч ирж ээжийг авч хот руу явж байсан. Тухайн жил адуу босоогоороо бээрч үхэж байсан болохоор У.Ч- бид хоёр ганцхан хонио маллаж байсан. Үхэр нь хүний өөрийнгүй үхэж байсан. Энэ хоёр хүүхэн ирж тусалдаг байсан гэж хэлж байна. Үгүй, энэ хоёр хүүхэн тусалж байгаагүй. Харин У.Б-, У.Б ах нар их тусалсан. У.Л ах тусалдаг байсан. Би үүнийг үгүйсгэхгүй. Намайг дүүг нь архинд оруулсан юм шиг ярьж байгаа. 2015 онд эд нар малаа аваад явсан. У.Н, У.Э, Л.Хангал нар малаа аваад У.Л ахынд малаа аваачиж тавьж байсан. Манайд одоо 4 айлын мал байгаа. Манайх 1500 толгой мал биш. У.Б ахын 120 гаруй толгой мал, У.Б-ын ахын 150 гауй толгой мал, н.Пүрэвжанцан ахын 70-80 гаруй хонь байгаа. Эд нарын нэг нь ч байгаагүй гэж худлаа ярьж байна. У.Н эгч бол малыг өдөр болгон тахиа шиг өндөглөж өсөж байгаа юм шиг ярьдаг. У.Н эгч бол намайг хэлэхгүйн муугаар доромжилно. Ядуу гуйлгачин, хоосон гээд, хүн ядуу байлаа гэхэд дандаа ядуу байхгүй шүү дээ. У.Н эгч миний эгч рүү хүртэл дайрч доромжлоод худлаа яриад явдаг хүн. Манай аав ээжийн малын буянд та нар ингэж яваа гээд. Манай дээр мал нь байгаа. 2019, 2020 онд миний нэр дээр яагаад мал тоолуулсан бэ гэж байна. Манай суманд шүлхий өвчин гараад манайх Хархорин сум руу малаа аваад явсан. Тэгсэн манайхыг хөөж туугаад байсан юм. Хар балгас гэх газар нь Хархорин сумын нутаг болсон юм байна. Тийм учраас шүлхийтэй голомттой газраас ирсэн гээд ногоон бүс гээд тэгээд шахаж шаардаад байсан учраас олон жил аав ээжийнхээ нутгийг аваад үлдэхийн тулд би захиргаан дээр очиж уулзаж байсан. 2018 оны 03 дугаар сараас 2020 он гарах хүртэл хорьж байсан. Тэгээд манай хүн би Хархорин руу нүүе гээд, манайхыг албадан нүүлгэх бичиг ирж байсан. Манай нутаг руу шилжээд ор гэж хэлж байсан. Тэгсэн У.Ч- би шилжээд оръя, чи 3 хүүхэдтэйгээ, малтайгаа Хотонт суманд байж бай гэж хэлээд үлдэж байсан. Би энэ хүний мал хөрөнгийг булаагаад өөрийн нэр дээр тоолуулсан юм биш. Одоо манайх эргээд шилжиж ирж байгаа. Миний ойлголтоор Хархорин сумын захиргаа нь 1000 малтай айлыг өөрийн харьяалалдаа авах сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Тэгсэн багийн багийн Засаг дарга шилжүүлэхгүй гэж байсан. Үүнийг одоо гэрчээр асуугдах гэж байгаа, тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн хэлээд өгөх байх. 2015 онд эд нар малаа 100, 100-аар нь тасдаад авч явж байсан. Аваагүй гэж хэлээд байна. Ашиг шимийг нь бид нарыг авдаг гэж хэлж байна. Бид нар ноос ноолуурыг самнаад өгөөд явуулдаг байсан. Хотонт сумын н.Ганбаатар гэдэг хүнтэй уулзахад У.Н өөрийнхөө малыг аваад дуусгасан гэж хэлсэн. Мэдэхгүй, хэцүү юм байна лээ. Өдөр болгон хургалж, ишиглэдэг юм шиг бодож явдаг юм байна лээ. У.Н эгч н.Ганбаатарынх руу 2015 онд  малаа аваад явж байсан. У.Э эгчийн мал У.Л ахынд байх ёстой. Үнэхээр У.Ч- бид хоёр мал өгөөгүй бол юу гэж ирээд байх юм бэ. Малын ноос үнэгүй хаягдаад дуусдаг. Корона гээд бүр байхгүй болсон. Энэ жилийн ноосны үнэ нь гарахгүй байна гээд аваагүй сууж байна. Ямаа самнадаг хүмүүс байдаг. 2018 онд шүлхийнээс орж ирээд У.Б- ах ноосны мөнгийг У.Н эгчийн данс руу хийж байсан. Одоо болтол өгөөгүй гэж хэлдэг юм байна лээ. У.Б ахын ноолуурын мөнгийг өөрт нь өгдөг явуулдаг. Ямаа самнадаг хүмүүс мэднэ. Самнуулаад үлдэгдэлийг нь өөрсдөд нь өгдөг. Ах дүү нараас нь асуугаарай. Намар гөлөртлөө гүүгээ сааж байгаад охин зүтгэж явдаг. Юу ч аваагүй, өгөөгүй гэж яриад байна. Гэрчээр асуугдах хүмүүс үнэн зөвийг нь хэлээд өгөх байх. Миний хань 20 хонийг онд оруулаад хийж өгч байсан. Миний хэлэх юм ийм л байна. Үнэнийг л хэлж байна. ... Би хэзээ ч аав, ээжийн үлдээсэн бурхан тахилыг зулаар тасалж, тоосоор даруулж байгаагүй. Энэ хүн яагаад бид нарын хөрөнгөд халдаж байгаа юм бэ? би гомдолтой байна. Яагаад манай малын А дансыг захиргаа руу орж авдаг юм бэ? Яагаад Хархорин сум руу хүртэл шилжсэн тухай тодорхойлолтыг авч байгаа юм бэ? Надад үнэхээр гомдолтой байна. Миний ч бас 22 жилийн хүч хөдөлмөр орсон. Би 22 жил хөл гараа гэртээ хамхиж суугаагүй. У.Ч- бид хоёр адилхан л малаа маллаж байсан. Бид хоёр өглөөний 6 цагаас шөнө болтол хөдөлмөрлөж байна. Би гомдолтой байна. Эзнийх нь зөвшөөрөлгүй дураараа орж тодорхойлолт аваад байдаг юм уу? Би гомдолтой байна... У.Ч-тай хамт амьдрах хугацаанд миний 22 жил хөдөлмөрлөснийг юман чинээ бодохгүй, чи бол юу ч үгүй байсан гэж заагаад байна. Би бас У.Ч-тай адилхан хөдөлмөрлөсөн. Энэ хэдийн юмыг өгсөн. Би нөхөртэйгөө хамт өөр 2, 3 айлын малыг нь хамт маллаад хүйтэн нойтонд явж байгаа. Тэгэхэд энэ бол юу ч үгүй, үүний юм юу ч байхгүй шүү гэж хэлээд байна. Адилхан 2 чемодантай хүн нийлээд болдог. Яагаад ганцхан энэ дээр үндэслээд байгаа юм бэ? Би гэдэг хүн чинь гурвын гурван хүүхэдтэй хүн, хөдөлмөрлөөд айлд 22 жил амьдарч байгаа шүү дээ. Гэтэл яагаад чиний мал биш, бид зургаагийн мал, энэ зургаагийн малыг өгсөөр байтал яагаад бид зургаагийн мал гэж хэлээд дайраад байгаа юм бол. Энд миний хүч хөдөлмөр орсон байх гэж би бодож байна. Би 22 жил зүгээр суугаагүй. Гэртээ гараа хумхиж, паартай байшинд суугаагүй. Адилхан би бороо, цас шуурганд малчин хүнийн зовлонг эдлээд явдаг. Тэр замаар малаа маллаж ирсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар нь У.Л, У.Б, У.Н, У.Б-, У.Э, У.Ч- нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, хариуцагч У.Ч-, У.О- нарт холбогдуулан нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч У.Ч-, У.О- нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

  1. Хууль ёсны өв залгамжлагч болохыг  тогтоолгох шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар нь нас барсан Д.Г, Д.У нарын хүүхдүүд мөн бөгөөд Д.У 2008 онд, Д.Г 2014 онд нас барсан үйл баримтыг нэхэмжлэгч, хариуцагч талууд маргахгүй болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Д.У, Д.Г нарын хүүхдүүд эцэг эхийнхээ хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй, иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарыг Д.Г, Д.У нарын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин У.Б, У.Б-, У.Ч- нар  нь  Д.Г, Д.У нарын хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэдгээрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт олгоогүй байх тул У.Б, У.Б-, У.Ч- нар  нь  Д.Г, Д.У нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эцэг Д.У, эх Д.Г нар

- өмч хувьчлалаар мал хувьчилж авч маллаж эхэлсэн.

- түүнээс үүсэлтэй малыг 2006 онд эцэг Д.У хүүхэд тус бүртээ хувааж, имнэж хувиарласан

- 2008 онд эцэг Д.Уг нас барахад түүний өвлөгдөх хөрөнгө хуваагдаагүй, өвлөх талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд аль, аль нь хүсэлт гаргаагүй

- Д.Угийн хөрөнгө эхнэр Д.Гд өвлөгдөн үлдсэн үйл баримтууд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч талын гаргаж буй 146,483,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага эх Д.Ггээс өвлөгдөх хөрөнгөд хамааралтай, эцэг Д.Угийн өвлөгдөх хөрөнгө эхнэр Д.Гд маргаангүйгээр шилжсэн байна.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.1-т зааснаар өвлүүлэгчийг нас барсан өдрөөс өв нээгдэнэ гэж 528 дугаар зүйлийн 528.2-т өв нээгдсэнээс 1 жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагч талуудын эх Д.Г 2014 оны 07 сард нас барсан бөгөөд нас барсан хугацааг зохигчид 7 дугаар сарын 4,5, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн 164/000219 дугаартай лавлагаа / хх 40х/-нд 7 дугаар сарын 17-нд, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт / хх-38х/-нд 7 дугаар сарын 24-нд нас барсан гэж бичигдсэн, нас барсан өдөр тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т хугацааг тоолохдоо жилээр тоолбол уг хугацаа дуусах сарын мөн өдөр, хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын сүүлийн өдөр дуусна гэж заасан.  Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “ Энэ хуулийн 528.1-т зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг сумын засаг даргад өв  хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ  олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг  өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан. Өвлүүлэгч Д.Г 2014 оны 07 сард нас барсан бөгөөд нас барсан өдөр тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаа Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу 2015 оны 07 сарын 31-ний өдөр дуусна.

Өвлүүлэгч Д.Ггийн өмчлөлийн 280 толгой мал 2011, 2012 онд мал тооллогоор тоологдож бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримт /  хх 55-57х/-аар нотлогдож байна. 2015 оны 07 сарын 26-ны өдөр өвлүүлэгч Д.Ггийн хүүхдүүд болох У.Л, У.Н, У.Э, У.Б, У.Б-, У.Ч- нар Д.Ггийн өмчлөлийн 280 тооны малыг нэхэмжлэгч У.Лийн хүүг оролцуулан хувааж өөрсдийн имтэй малын хамт тус тус авсан буюу  Иргэний хуулийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч эрхлэн удирдсан болох нь гэрч У.Б-, У.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т зааснаар Д.Ггийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч нар хүлээн авсан байх тул өв залгамжлалыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэлээ.

Д.У, Д.Г нарын өвлөгдөх эд хөрөнгө У.Ч-, У.О- нарт үлдсэн гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч У.Ч-, У.О- нар өвлүүлэгч Д.У, Д.Г нарын өвлөгдөх эд хөрөнгийг дангаар өмчлөл эзэмшилдээ авсан гэж тогтоогдсонгүй, өвлүүлэгч Д.Ггийн өв залгамжлалыг гүйцэтгэсэн байх тул “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48.633.333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, нийт 145.900.000 / нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа учир нэхэмжлэгч У.Нийн шүүхэд материал бүрдүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-д хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583.000 /таван зуун наян гурван мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас У.Л, У.Н, У.Э, нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48.633.333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, нийт 145.900.000 / нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Н шүүхэд материал бүрдүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-д хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583.000 /таван зуун наян гурван мянга/ төгрөг, нийт 146.483.000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох нэхэмжлэгч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 1,206,264 / нэхэмжлэгч У.Нийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 404,031 төгрөг, нэхэмжлэгч У.Эийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 401,116 төгрөг, нэхэмжлэгч У.Лийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 401,116 төгрөг/  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Д.Бат-эрдэнийн мэдүүлгээс хэрэгт авагдсан Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 107, 108, 109, 111 дугаартай тодорхойлолтууд /хх49-52х/ үнэн зөв эсэх нь эргэлзээтэй болох нь тогтоогдож байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, У.Б, У.Б-, У.Ч- нарыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.2, 73 дугаар зүйлийн 73.1, 527 дугаар зүйлийн 527.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрт ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилж буй 583,000 төгрөг гаргуулах, нийт 146,483,000 төгрөгийг хариуцагч У.Ч-, У.О- нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 1,206,264 / нэг сая хоёр зуун зургаан мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН