| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/0035/э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Ц.М.............
Шүүгдэгч Д.Г.............
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э...............
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г........... холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19......... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ..........-р хороо, ........... дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ........ овгийн Д..........ийн Г........ (РД: ............)
Шүүгдэгч Д.Г.......... нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” гэдэг газраас зөвшөөрөлгүйгээр, тор тавьж 79 ширхэг “Зарам” загасыг барьж байгаль, экологид 4.487.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Г........н холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г.............нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэр “Улаагчны хар нуур”-аас тор тавин нийт 79 ширхэг загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Д.Г..........г нууранд тор тавьж загас агнасан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Э............ын “... 2024 оны 12 дугаар сарын 08-ны орой Улаагчны хар нууран дээр эргүүл шалгалт хийгээд явж байтал нууран дээр ....... УАХ улсын дугаартай Акуа маркийн машинтай хүнтэй хамт 2 ширхэг тор тавьж татаж, нийт 79 ширхэг загас барьсан байсан. Тэгээд машины жолоочийн бичиг баримтыг нь шалгаж, мөн машины багажийг нь шалгахад ямар нэгэн загас байгаагүй. Ж.Х......... гэдэг хүн хэлэхдээ, би загас бариагүй, энэ хүний машин эвдрээд авч явах гэж байгаа гэсэн. Тэгээд бид хоёр нуурт тавьж загас барьсан 2 ширхэг тор, 79 ширхэг загасыг түр хурааж аваад тухайн 2 иргэнийг явуулсан. Иргэн Д.Г......... нь, Б.Д.......... бид хоёрыг очиход цооногоос тор татаж барьж байсан. Харин машины жолооч Ж.Х........ гэдэг хүн машиныхаа хажууд тамхи татаад зогсож байсан. Тэгээд тухайн асуудлыг гомдол, мэдээллээр оруулахдаа бичиг баримттай явсан жолоочийн нэрээр жижүүрт мэдэгдэж бүртгэлд оруулсан” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Д............ын “... Тухайн үед буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны орой Б.Э.............ын хамт хяналт шалгалт хийж яваад Улаагчны хар нуурын мөсөн дээр бүдэгхэн гэрэл гараад байхаар нь явж очиход .......... УАХ улсын дугаартай Акуа маркийн машинтай 2 хүн байсан бөгөөд нуураас тор татаж загас барьж байсан тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэгэн загас ачсан зүйл байгаагүй тул барьсан загасыг тоолж шуудайнд хийхэд нийт 79 ширхэг загас барьсан байсан. Мөн 2 ширхэг тор нуураас татаж гаргасан байсныг хурааж авсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй тул жолоочийн бичиг баримтыг шалгаад түүний нэрээр илтгэх хуудас бичсэн. Тухайн акуа машины жолооч загас барьж байгаа талаар мэдэхгүй гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгээр, 3.5 Гэрч Б.Д.......ын (2025.01.15) “... Тухайн үед буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны орой Б.Э........ын хамт хяналт шалгалт хийж яваад Улаагчны хар нуурын мөсөн дээр бүдэгхэн гэрэл гараад байхаар нь явж очиход ........ УАХ улсын дугаартай Акуа маркийн машинтай 2 хүн байсан бөгөөд нуураас тор татаж загас барьж байсан тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэгэн загас ачсан зүйл байгаагүй тул барьсан загасыг тоолж шуудайнд хийхэд нийт 79 ширхэг загас барьсан байсан. Мөн 2 ширхэг тор нуураас татаж гаргасан байсныг хурааж авсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй тул жолоочийн бичиг баримтыг шалгаад түүний нэрээр илтгэх хуудас бичсэн. Тухайн акуа машины жолооч загас барьж байгаа талаар мэдэхгүй гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.Х.............н“...2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотоос өвлийн хүнсээ бэлтгэх гэж Завхан аймгийн Яруу суманд ирсэн. Маргааш нь Г....... ахтай Яруу сумын төвд тааралдсан бөгөөд Г....... ах миний машин Улаагчны хар нуур дээр эвдэрчихсэн, сэлбэг авах гэхээр машин олдохгүй байна, чи хүргээд өгөөч, бензин шатахууныг нь хийж өгье гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Миний машин Акуа маркийн машин тул машины доод хэсэгт чулуунд тулчих гээд маш удаан явсаар байгаад орой харанхуй болсон байхад Улаагчны хар нуурт очсон. Тэгээд Г..........ахын машин дээр очоод асаах гэхэд хүйтэн байсан тул асаагүй ба би машин доогуур орж гал түлээд байж байтал Г........ би нуур руу явчхаад ирье гээд явсан. Би машин доогуур гал түлж байгаад Г...... ахыг ирэхгүй уйдаад байхаар нь араас нь нуурын мөсөн мөсөн дээгүүр машинтайгаа явж очиход Г..... ах загасны тор татаад байж байсан бөгөөд би та юун тор татаж байгаа юм бэ гэхэд ах нь өчигдөр хоёр тор тавьчхаад буцаад явах гэтэл машин эвдэрчихсэн юм, одоо нэгэнт ирснийх тороо татаж загасаа аваад явъя гэсэн. Тэгээд байж байтал 2 цагдаа ирээд миний машины бичиг баримт, Г........ ахын барьсан 79 ширхэг загас, 2 ширхэг торыг хурааж аваад явсан. ...Би түүнийг загас барих гэж байна гэж огт мэдээгүй, машины сэлбэг хүргээд өг, машин хээр эвдэрчихсэн гэхээр нь түүнийг авч өөрийнхөө эзэмшлийн ....... УАХ улсын дугаартай Акуа маркийн машинаараа явсан” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц............н “...Иргэн Д.Г....... нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэр Улаагчны хар нуур гэдэг газраас хууль бусаар 79 тооны загас агнасан хэргийн талаар мэдэхгүй байна. Намайг энэ хэрэгт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн оролц гэж томилсон тул би ирсэн юм. Монгол Улсын Их хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” нь бүхэлдээ хамаарч нийт 253.8 га талбайг хамруулан Байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тэгээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/138 дугаар тушаалаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулж өгсөн юм. Иргэн Д.Г......... нь зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнасан асуудалд миний хувийн зүгээс бол нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт би Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан дүгнэлтийн дагуу байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй. Энэ хэргийг үйлдэж байгаль экологид учруулсан хохирлоо төлчих юм бол надад энэ хэрэгт холбогдуулан гаргах гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийн “…Г..... нь ...... УАХ улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж, нийт 2 ширхэг тор тавин 79 тооны нэр төрөл нь тодорхойгүй загас барьж, нуурын мөсөн дээр гаргаж ирсэн байв.” Буриад нь нийт 5 ширхэг тор тавьж загас барьж нуурын загас барьж мөсөн дээр гаргаж ирсэн байв…“ гэсэн хэсгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Г........ агнасан загас нь “Пельд” буюу зарам нэртэй загас ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 4.487.200 төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчны газрын Биологийн төрөл зүйлийн мэргэжилтэн Э.М...... 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай “...Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийн зарим хэсэг болох Улаагчны хар нуур орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. 2. ШУА-Биологийн хүрээлэнгийн Гидробиологийн лабораторийн гаргасан 2023 оны судалгаа, Монгол орны загасны лавлахаар Улаагчны хар нуурт Зарам буюу Пельд (Сoregonus peled) зүйлийн загас байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 79 ширхэг загас нь нуруу бага зэрэг бараан, хажуу мөнгөлөг, гэдэс цагаан, бие өндөр, босоо. Толгойн ар хэсгээс шууд өргөссөн. Ам тэгш, хоншоор нь доод эрүүнээсээ урт, нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй байгаа шинжээрээ цагаан загасны төрлийн Зарам буюу пельд (Coregonus peled) загас байна. 4. Зарам буюу Пельд (Coregonus peled) зүйлийн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалт, Засгийн газрын ховор амьтны жагсаалт буюу 7 дугаар тогтоолд ороогүй, загасны нэг төрөл зүйл юм. 5. Амьтны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дах хэсэгт заасны дагуу Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно. Тухайн загасыг хэзээ хаанаас хэрхэн барьсныг тогтоох боломжгүй байна. 6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.10-т зааснаар (Coregonus peled) зүйлийн загас нь 28400 төгрөг байна. Зарам буюу Пельд шинжилгээнд ирүүлсэн нийт 79 ширхэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь 79x28400=2.243.600 төгрөг болж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 2.243.600x2=4.487.200 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Д.Б.......н агнасан 134 ширхэг зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.
Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.6-д “Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно” гэж заасныг шүүгдэгч зөрчиж зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г....... загас агнасан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д ” ... энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Г......... нь хуулийн дээрх заалтыг, зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газар загас агнасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “ улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...” гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Д.Г....... амьтны аймагт учруулсан хохирол 2,243,600 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж тооцоход гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 4,487,200 төгрөгөөр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс 4.487.200 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Г..........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г........ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Д.Г....... нь гэмт хэргийн улмаас учруулсан дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Г........ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 79 ширхэг Зарам загасны түргэн муудах шинжийг харгалзан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/86 дугаартай шүүгчийн захирамжаар Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байршуулахыг даалгасан боловч уг загасыг худалдан борлуулаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 79 ширхэг загасыг худалдан борлуулж, орлогыг улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загас барих зориулалт бүхий 2 ширхэг торыг дахин ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар “ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-ыг байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир гэмт хэрэг үйлдэж олсон 79 ширхэг загасыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г....... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Д.Г.........т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Д..........ийн Г............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г..........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г........т оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г......... нь оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Г.........т 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 79 ширхэг зарам загасыг худалдан борлуулсны орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Г..............с 4,487,200 /дөрвөн сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загас барих зориулалт бүхий 2 ширхэг торыг устгасугай.
9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ