| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03816/И |
| Дугаар | 181/ШШ2018/00786 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2018/00786
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2018/00786 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "О" УТҮГ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.С-д холбогдох
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ нь Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 598,020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.
2016 оноос тус газарт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдарч Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшлийн газарт оршин суусаар байна.
Улмаар 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05 сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй.
Иймд Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т Нийслэлийн Засаг даргын А/95 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн З.Сайнжаргалын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн би шударга бус шүүхээр иргэн, байгууллагын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлүүлэх хүсэлгүй байна.
Эх орон газар шороогоо Солонгосын компанид худалдсан Ойн судалгаа, хөгжлийн төв хэмээх байгууллага болон түүний талд үйлчилж байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг зорилгоо болгож байгаа төр, шүүх хоёр хэзээ ямагт иргэний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ нь хариуцагч З.Сайнжаргалд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч З.Сайнжаргалын хариу тайлбар болгон шүүхэд гаргасан эсэргүүцэл гэх бичигт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Сүхбаатар дүүргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхгүй гэх агуулгатай зүйлийг тусгажээ.
Уг асуудлыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнөөс Хариуцагч З.Сайнжаргалын тухайн шүүхийн бүх шүүгчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхисугай гэсэн тогтоол гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл-ийн зориулалтаар Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэн 000434708 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Иймд Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ нь дээр дурдсан газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг З.Сайнжаргалаас шаардах эрхтэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болох нь ойлгогдож байна.
Хариуцагч З.Сайнжаргалын хариу тайлбарт дурьдагдсан Эх орон газар шороогоо Солонгосын компанид худалдсан үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч З.Сайнжаргал нь эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр амьдарч буй газраа эзэмшиж байгаа болох нь нотлогдохгүй байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг зорилгоо болгож байгаа төр, шүүх хоёр хэзээ ямагт иргэний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй хэмээн дурьдсан байдаг.
Зохих газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй буюу гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн газар дээр буусан иргэний үйлдлийг шүүх зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын хууль ёсоор эзэмшиж буй газрыг хариуцагч З.Сайнжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тусад нь захирамжаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг хариуцагч З.Сайнжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч З.Сайнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР