Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

 

 

 

 

      2025       04             16                                        2025/ШЦТ/62

      

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,

Нарийн бичгийн дарга                                   Б.Саранзаяа

Улсын яллагч                                                 Б.Халиунгоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Цолмон

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000068 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Багануур дүүрэг дэх “” ажилтай, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт ******* тоот хашаанд оршин суух ******* овгийн **************  (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед ******* хашаанд байх гэртээ хардалтын улмаас нөхөр *******, ******* нартай маргалдан, улмаар хохирогч *******ын зүүн гуянд нэг удаа хутгаар хатгаж, зүүн талын хөлний гуяны гадна доод хэсгээс дотогш нэвт хатгагдсан, гадна талдаа 6х0.3см шарх, зүүн өвдөгний өмнөд доод хэсэгт ташуу чиглэлтэй 4х0.2см шарх бүхий хөнгөн хохирол,  мөн нөхөр *******ын зүүн гарын бугалга хэсэгт хутгаар хатган 6х0.3см зүсэгдсэн  шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8), хохирогч *******ын мэдүүлэг (хх-ийн 16-17), хохирогч *******ын мэдүүлэг (хх-ийн 20-21), шинжээчийн 95 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-37), шинжээчийн 97 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-44), яллагдагч *******гийн (хх-ийн 72-73) мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Нотлох баримтаар тогтоогдсон дээрхи хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхи хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******д 500.000 төгрөгийг төлсөн, хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох *******ын зардалд 239.773 төгрөг,  *******ын зардалд 106.190 төгрөг нийт 345.963 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлсөн /хх-ийн 103/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн бор өнгийн иштэй, ишний урт 11 см, ажлын хэсгийн урт 10.5 см, нийт 22 см урттай 1 ширхэг хутга, шар өнгийн иштэй 1 ширхэг хутга нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн **************д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д эмчилгээний зардал 500.000 төгрөг төлсөн, хохирогч *******, Д.Энхболд нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 345.963 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн бор өнгийн иштэй болон шар өнгийн иштэй хоёр ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэдэгдсүгэй. 
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ