Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 156/2019/00115/И |
Дугаар | 156/ШШ2019/00132 |
Огноо | 2019-03-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2019/00132
2019 оны 03 сарын 29 өдөр Дугаар 156/ШШ2019/00132 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй,
Хэнтий аймаг, Хэрлэн сум, ..............тоотод оршин суух, Г.Г /РД:............../-ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийг төлөөлж Ж.Б, гуравдагч этгээд Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч байгууллага нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2019 он гарснаас хойш 3 удаа архидан согтуурсан байхдаа зөрчил гаргаж саатуулагдсан. Эмнэлгийн дүгнэлтээр архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчингүй болох нь эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон. Иймд түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи уудаг нь үнэн, мөн 2019 он гарснаас хойш 3 удаа эрүүлжүүлэгдсэн. Сүүлд өчигдөр эрүүлжүүлэгдсэн. Гэртээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, мөн бага насны хүүхдээ хардаг, одоо 4 сард архины кодлох эмчилгээнд хувиараа явах бодолтой байгаа тул албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь гуравдагч этгээд Г.Г-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Г.Г нь байнга архидан согтуурдаг болох нь Цагдаагийн байгууллагын цахим хайлтын санд бүртгэгдсэн мэдээлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгээр Г.Г нь албадан эмчилгээнд хамрагдахад эрүүл мэндээр тэнцэнэ хэмээн дүгнэжээ.
Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Г.Гийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г. Г /РД:........./-ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Г.Гийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Г.Гийг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан гаргасан мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ дуусгавар болохыг дурдсугай.
4. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
5. Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ