| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00280/И |
| Дугаар | 156/ШШ2020/00339 |
| Огноо | 2020-04-14 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2020/00339
156/ШШ2020/00339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00230/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Биндэр сум, ....... тоотод оршин суух, Ш овогт Ж Р /РД:/-ийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Р, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Р шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав болох Ж.Ж нь 1938 оны 5 дугаар сард Дотоод яамнаас баривчилж, хувьсгалын эсэргүү хэргээр Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,44,45 дугаар зүйлүүлдээр 10 жил хорьжээ. БНМАУ-ын прокуророос Ж.Ж нь байцаагчийн зохимол мэдүүлгээр хилсдэн шийтгэгдсэн нь батлагдсан тул 1963 оны 47 дугаар эсэргүүлцэл бичиж цагаатгагдсан. Манай аав Ж.Ж нь 2 өргөмөл хүүхэдтэй байсан бөгөөд нэг нь миний дүү О. Тэрээр 2011 оны 4 дүгээр сард нас барсан. Миний аав Ж.Ж 1968 оны 7 дугаар сард, ээж Ч.Ж нь 1980 оны 10 дугаар сард нас барсан. Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдон цагаатгагдсан Ж.Ж хүү Ж.Р надад нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Ж.Ж нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний хүү нь хүсэлт гаргагч Ж.Р мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Р нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Р нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Ж Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ж.Ж нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Ж.Р нь Ж.Ж хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 019 дугаар тогтоол,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05/3290 тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 599 дугаартай шийдвэр,
- Улсын дээд шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/1662 тоот лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 45/016922 тоот Ж.Ж нь Ж.Р эцэг гэх садан төрлийн лавлагаа, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 103/005595 тоот албан бичгээр ирүүлсэн Ж.Р эцэг нь Ж.Ж, эх нь Ч.Ж гэх ХААТР-1 маягт,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот албан бичгүүд авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ж.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ж.Р 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ............ регистрийн дугаартай, Ш овогт Ж Р олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА