2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/617

 

 

 

 

 

 

 

 

2025       03         06                                    2025/ШЦТ/617

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Л.Төгсжаргал,

хохирогч Б.Ж,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт С-ын Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 09043 0141 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1952 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, 72 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ********* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

**** овогт С-ын Д /регистрийн дугаар: ************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны **** дугаар орцны гадаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар Б.Жтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406090430141 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-18-р хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,

Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримтууд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-68, 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Л.Төгсжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч С.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны **** дугаар орцны гадаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар Б.Жтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Хохирогч Б.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байхад энэ үйл явдал болсон. Би тус газарт 60 минут болсны дараа шүүгдэгчтэй өөд өөдөөсөө тулсан бөгөөд маргалдаж эхлэсэн. Маргалдаад миний нүд рүү цохисон бөгөөд миний нүд рүү цохичихоод цохиогүй гэж байгаад гомдолтой байна. Миний нүүрийг маш сайн харсан хүн байж, хүнийг гөрдөж, сэтгэл санааны хохирол учруулсанд үнэхээр гомдолтой байна. Би яг тэр орой гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Нийт эмнэлэгийн үйлчилгээ авсан 310.000 төгрөгөө нэхэмжилж байна. Бас сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон энэ хэрэг нь үл ялих зүйлээс л болсон. Энэ нь 4 дүгээр байрны 6 дугаар орцны өмнө болсон үйл явдал нь хэний буруу байгааг тогтоож өгөх талаар цагдаад хэлсэн. Хохирогч нь үл ялих газар ухраад явуулчихсан бол маргаан гарахгүй байсан. Би хоёр удаа заамдаж машинаас нь гаргах гэсэн боловч бүтээгүй. Энэ эмэгтэйн нүд нь тухайн үед хөхөрчихсөн байсан ба манай эхнэр тухайн үед “болгоомжтой бай наад эмэгтэйн чинь нүд хөхөрчихсөн байна шүү” гэж хэлсэн. Би тухайн үед анзаараагүй байсан ч цагдаагийн газарт очиход хохирогчийн нүд нь ногоон эрээн хөхрөлттэй байсан. Хөхрөлт гэх зүйл нь тодорхой хугацааны дараа явагддаг. Ингэж л маргаан үүссэн. Энэ эмэгтэй өмнө нь өөр хүнд цохиулчихаад ууртай явж байгаад надад уураа гаргасан учраас маргаан гарсан гэж бодож байна...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... өөдөөс  тулсан ахаас бусад машин ухартал тухайн хүн машинаасаа бууж ирээд машин дээр ирээд хаалга онгойлгоод чи зайлаач гэхээр нь би яахаараа зайлах ёстой юм бэ. Танаас бусад бүх машин ухарчихсан байна гэтэл “чи муу хулгайч зайлаач” хэмээн миний үснээс зулгаагаад “та яаж байгаа юм бэ солиотой юм бэ хүн аллаа” гэтэл “чамайг алсан ч яадаг юм хулгайч минь” гээд машины хаалга хүчтэй саваад би “та чинь яасан сонин хүн бэ охин шигээ хүнийг” гээд машинаас буугаад хэрэлдээд “та ухраач ямар бүдүүлэг юм бэ би танд үсдүүлчихээд ухрахгүй” гэтэл “чи өөрөө ухар” гэчихээд машиндаа суусан бөгөөд эргэж би машиндаа суугаад байж байтал тухайн хүн ахиж ирээд машин дотор сууж байхад хаалга онгойлгоод хоолойноос заамдаж боож аваад холдооч пизда минь, новш минь гээд та хүн аллаа шүү дээ гэтэл миний баруун нүд рүү атгасан гараараа 1 удаа цохисон бөгөөд буцаад машин руугаа очоод суусан юм. Би тавиулах гэж өөдөөс нь зууралдсан ба араас нь бууж очоод цагдаа дуудаад та намайг цохичихлоо шүүдээ гэтэл би чамайг цохиогүй гээд явах гээд байхаар нь та ямар ичдэггүй юм бэ өөр шигээ охин шиг хүнийг гээд суудлын жижиг хивсэнцэрийг нь аваад шидсэн бөгөөд явах гээд дугуйгуугаараа миний баруун хөлөн дээр зүүн хойд дугуйгаараа гарчихаар нь би ёо ёо хөл дайрчихлаа шүү дээ хэмээн чангаар орилтол буцаж хөдөлсөн юм. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б-вын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хамтран амьдрагч Д нь тухайн эмэгтэйг машинаас нь татаж гаргаж ирж байсан. Хаанаас нь татсаныг сайн мэдэхгүй байна. Энгэрээс нь заамдаж татсан гэж бодож байна. Цохисон зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...машиныхаа голд хэрэлдээд зогсож байсан бөгөөд тухайн эмэгтэй нь тэр өвөөд хандаж балай өвгөн минь энэ намайг цохичихлоо, намайг согтуу авгай гэж хэлсэн, машиндаа сууж байхад ирээд нүд рүү цохисон гэж хэлсэн. Тухайн өвөө нь болохоороо энэ эмэгтэй зам тавьж өгөхгүй байна. Би эмнэлэг рүү яаралтай ажилтай явж байгаа юм, ухраад өгөөч гэхээр ухрахгүй байна, би цонхон дээр нь очоод цонхыг нь тогшоод ухраад өгөөч гэж хэлсэн. Би цохиогүй гэх яриа өгүүлэлтэй байсан... дөнгөж цохиод удаагүй бололтой нэг нүд нь бомбойгоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай “Б.Жын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

С.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *** дүгээр байрны *** дугаар орцны гадаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар Б.Жтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч С.Д нь хохирогч Б.Жыг “зам тавьж өгсөнгүй” гэх зүйлээр маргаан үүсгэн маргалдаж, нүүрэн тус газарт цохиж баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул С.Дг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч С.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Хохирогч Б.Жын биед хөнгөн зэргийн буюу “баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн өдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч болох гэрч Р.Батзоригийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч С.Дгийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч Б.Ж нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байх ба шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой талаар дүгнэсэн зэрэг нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг С.Д учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.

 

 Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Ж өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 310,000 төгрөгийг нэхэмжилсэн ба мөн сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжлэсэн.

 

Дээрх баримтуудыг шинжлэн судлахад 310,00 төгрөгийн баримтууд энэ хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр байх тул нэхэмжлэлийг хангаж, хохирогч Б.Жын сэтгэл санааны хохирол нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч С.Дгээс нийт 3,610,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жд олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,

           

Хохирогч Б.Ж: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Д: “...Хэлэх зүйлгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч С.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт С-гын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дгээс 3,610,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жд олгуулсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР