| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2019/00322/И |
| Дугаар | 129/ШШ2019/00384 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2019/00384
| 129/ШШ2019/00384 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 36-24 тоотод оршин суух В овгийн Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-д холбогдох
Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-ий захирлын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Ар Ус Ундарга ХХК-ий захирлын Б.Д намайг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Компаний захирлаар ажиллаж байсан Б.Булганчимэг нь слесариар ажиллаж байсан Б.Д-г 2019.03.13-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иргэн Б.Д-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Деспетчер дуудлага ирсэн гэхээр нь тухайн айлд очиход ус алдаад хөлдсөн байсан. Хөлдсөн усыг гэсгээх багаж надад байхгүй байсан учир би чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь айлын эзэн хөлдсөн усыг гэсгээх арга байвал хэлж туслаач гээд гуйгаад байхаар нь би Энхтүвшин гэдэг хүнийг дуудаж өгсөн. Энхтүвшин ирж усыг гэсгээсэн. Тэр айл надад биш Энхтүвшинд мөнгөө өгсөн. Би мөнгийг аваагүй. Намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Намайг ажлаас халсан захирлын тушаалыг хүчингүй болгож Ар ус Ундарга ХХК-ий слесарийн ажилд эргүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 02-ны өдөр Ар ус Ундарга ХХК-д иргэнээс дуудлага ирсэн. Тухайн дуудлагыг манай байгууллагын деспетчер тэмдэглэж аваагүй. Б.Д дуудлагын дагуу очсон боловч засвар хийгээгүй. Өөр хүн дуудаж засварыг хийлгэсэн байсан. Засварын төлбөр мөнгийг байгууллагад өгөх ёстой байсан ч тушаагаагүй. Деспетчерт дуудлага бүртгэгдэж, засвар үйлчилгээ хийсний дараа төлбөр авдаг. Төлбөр тооцоо мөн л бүртгэгддэг журамтай. Б.Д-н хувьд дуудлагаар айлд очоод тухайн дуудлагын дагуу хэрхэн ажилласан, төлбөр мөнгийг хэрхэн барагдуулсан талаар байгууллагын деспетчерт мэдэгдээгүй нь слесарийн буруу. Деспетчер ажлын байрны хариуцлага алдаж дуудлага ирсэн талаар бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй. Мөн дуудлагын талаар очиж хэрхэн ажилласан талаар слесариас хариу аваагүй байсан. Үйлчилгээний дагуу иргэнээс авсан төлбөр, мөнгийг байгууллагын орлого болгох ёстой байсан ч байгууллагын дотоод журмын 7.1.3, 7.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Энэ үндэслэлээр Б.Д-г ажлаас нь чөлөөлсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Архангай аймгийн ус ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-д холбогдуулан Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-ий захирлын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Хэрэгт нэхэмжлэгч Б.Д-н хөдөлмөрийн гэрээ авагдаагүй ч түүнийг Архангай аймгийн ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-д слесарийн ажил эрхэлж байсан гэдэгтэй талууд маргахгүй байна.
Слесарь Б.Д-г байгууллагад орох ёстой дуудлагын орлогыг бүртгүүлээгүй ажил үүргээ биелүүлээгүй, ноцтой алдаа гаргасан үндэслэлээр Архангай аймгийн ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК ний захирлын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалаар ажлаас халжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус байгууллагад хэрэглэгчээс ирсэн дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу очиж засвар үйлчилгээ үзүүлж төлбөр мөнгө авах эсэхийг шийдвэрлэж төлбөрийг авахдаа баримт бичиж өгөөд мөнгийг бэлнээр болон банкаар шилжүүлж авахаар тухайн байгууллагын журамд заасан гэжээ.
2019 оны 03 сарын 02-нд Тэрбиш гэдэг хэрэглэгчээс ирсэн дуудлагыг тус байгууллагын диспетчер бүртгэн авч дуудлагын дагуу Б.Д-г ажиллуулахаар томилсон эсэх, хэрэглэгч Тэрбишээс хэдэн төгрөгийн төлбөр авах байсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт 2019 оны 03 сарын 12-ны өдрийн диспетчер гэсэн гарын үсэгтэй тодорхойлолт нь байгууллагын дуудлага хүлээн авсан, ажилтан томилсон, үйлчилгээний орлого хэрэглэгчээс орсон эсэхийг тогтоосон нотлох баримт биш юм.
Ар ус ундарга ХХК-ий дотоод журмын 7.1.3 дахь заалтын хариуцсан ажилдаа хайнга хандаж ажил үүргээ биелүүлээгүй буюу өгсөн үүрэг даалгаврыг зөрчсөн, онцгой объектыг хаяж явсан зөрчлийг Б.Д гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл байгууллага Дамдинсүрэнд ямар ажил үүрэг хариуцуулсныг биелүүлээгүй хайнга хандсан нь тогтоогдоогүй, мөн ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч Б.Д-н гаргасан зөрчил дээрх үндэслэлээр нотлох баримтаар тогтоогдоогүй тул Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-ий захирлын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Архангай аймгийн ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-ий захирлын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-г ус суваг ашиглалтын Ар Ус Ундарга ХХК-ий слесарийн ажилд эргүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА