| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0501/Э |
| Дугаар | 202/ШЦТ/642 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 202/ШЦТ/642
2025 03 11 2025/ШЦТ/642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Ханджав,
шүүгдэгч М.Б,
хохирогч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******** овогт М-ийн Бд холбогдох эрүүгийн 2406 05371 0049 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, *********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
****** овогт М-гийн Б /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ***** тоотод хохирогч Н.Тыг зодож, эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, суганд цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 05371 0049 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Э-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9818 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, регисрийн дугаарын лавлагаа, , гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-67, 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Ханджав шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****** хохирогч Н.Тыг зодож , эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, суганд цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч Н.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчийн ах нь болох манай найз намайг хүрээд ир гэхээр нь очсон. Очоод харахад М.Б гэх хүн байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй байсан бөгөөд оройтсон болохоор хоночихоод явъя гэтэл ямар ч шалтгаангүй М.Б намайг цохьчихсон. Ямар шалтгаанаас болж намайг цохисныг мэдэхгүй байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд гарсан хохирол учирсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Тухайн үед томографид үзүүлсэн 300.000 гаруй төгрөгийг нэхэмжилж байна...” гэх тайлбарыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...02:00 цаг орчимд ямар нэгэн шалтгаангүй нэрийг нь мэдэхгүй цагдаа дээр хамт ирсэн залуу над дээр гарч нүүр лүү нилээд хэдэн удаа цохиж баруун мөр хэсгээс хазан, цээж хэсгээс урж гэмтээн ална гээд хутга барьж дайрахад нь аргалж байгаад хутгыг нь тавиулж түүнтэй хамт байрнаас гарахад эхнэр Б намайг авахаар ирж таараад миний царайг харчхаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би хүү Т.Эрдэнэбаярын хамт 23:00 цаг орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “********”-той байранд очсон. Очоод Б-лын орцны үүдэнд очиход манай нөхрийг Б-ын дүү Б гэх залуу манай нөхрийг боочихсон зогсож байсан... Тэгэхээр нь би очоод “юу болоод байгаа юм” гэж очоод нөгөө залууг түлхээд эргээд нөхрөө хартал уруул нь хавдаад, цус гараад хамаг хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Т.Э-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...ээж бид 2 өвөөг дагуулаад Баянзүрх дүүргийн ***** дугаар хороонд байрлах *****той байрны урд очсон... орцны үүдэнд манай аавыг найзынх нь дүү Б гэх хүн боогоод “Чамайг ална, алсан ч яадаг юм” гээд орилоод байсан... Ээж бид 2 тэр хүн дээр очоод аавыг салгаад аваад царайг нь хартал манай аавын доод уруул нь язраад цус гарчихсан, мөр хэсгээс нь хазсан байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9818 дугаартай “...Н.Тын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, суганд цус хуралт, баруун мөр, суганд цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
М.Б нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ****** хохирогч Н.Тыг зодож, эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, суганд цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Н.Тыг шалтгаангүйгээр түүний биед халдан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул М.Бг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Н.Т өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хавтаст хэрэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх ба харин Толгойн комьютер зураг 300,000 төгрөг авахуулсан талаар хэлэлцүүлэгт тайлбарласан нь шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9818 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь дээрх 300,000 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр хохирогч Н.Тт төлсөн тул шүүгдэгч М.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.Т энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд М.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон эрүүгийн хариуцлагын талаар “... тусгайлан санал гаргаагүй...” болно.
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт М-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батзаяга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.Т энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд М.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР