Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2019/00148

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр            Дугаар 156/ШШ2019/00148                 Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00093/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................хаягт байрлах, “.....” ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х..................тоотод оршин суух,  С.Л /РД:.........../,

Хариуцагч: ............... тоотод оршин суух,  Х. О /РД:.........../ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15 326 753.70 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Л, Х.О нар нь тус банктай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 056 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр 50 сарын хугацаатай буюу 2021 оны 11 дүгээр сарынэ 03-ны өдөр хүртэлх хугацаагаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй ноцтой зөрчил байнга гаргасан. 2018 оны 06 дугаар сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг цуцлах саналтай байгаа.

Нэхэмжлэл гаргах үеийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12 576 161.56 төгрөг, хүүгийн төлбөр 2 586 491.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 196.53 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн нотариатын үйлчилгээний төлбөр 14 500 төгрөг болсон.

Шүүхэд анх 15 326 753.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс 180 000 төгрөг, хүү 98 404.21 төгрөг хасагдаад гарсан 15 048 349.49 төгрөгийг одоо нэхэмжилнэ. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж буй мөнгийг 2020 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

..... ХХК нь С.Л, Х.О нарт холбогдуулан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 15 326 753.70 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэл олгосон төлөөлөгч биш өөр албан тушаалтан шүүхэд гаргасан боловч хуульд зааснаар итгэмжлэл авсан төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн учир хэргийг хянан шийдвэрллээ.   

 

Шүүх хуралдааны явцад үндсэн зээлийн төлбөр 12 576 161.56 төгрөгөөс 180 000 төгрөг, хүү 2 684 895.61 төгрөгөөс 98 404.21 төгрөгийг хасах тооцоолол байгаа болохыг нэхэмжлэгч тал илэрхийлсэн тул 15 326 753.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 278 404.21 төгрөгийг хасахад 15 048 349.49 төгрөг болсон болно.

            С.Л, Х.О нар нь нэхэмжлэгч байгууллагатай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 770 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэйгээр  3 500 000 төгрөг хүлээн авсан байх бөгөөд ингэснээр өмнө авсан зээлийн үүрэгтэй нийлээд 13 056 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг төлөх ёстой болсон байна.

            Гэрээнд зааснаар цалин, зурагт, samsung хөргөгч, компьютер, угаалгын машин, 5 ханатай монгол гэр зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.

Хариуцагч нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийдэггүй байсан, мөн 2018 оны 06 дугаар сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн хүснэгт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан гэж үзэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж байна.

            Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 12 576 161.56 төгрөг, хүү 2 586 491.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 196.53 төгрөгийн үлдэгдэлтэй, нотариатын үйлчилгээний төлбөр 14 500 төгрөг болсон байна. Энэхүү шаардлагуудын нийлбэрийг 15 326 753.70 төгрөг гэж нэхэмжлэгч тал тодорхойлсон тул үүнээс дээр дурдагдсан 278 404.21 төгрөгийг хасч, үлдэх 15 048 349.49 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэв.

Мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, өмнө авсан зээлийн үүрэг дээр нэмж зээл авсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтууд дээр хариуцагч талаас маргаагүй болно.

 

Хариуцагч нарт шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Л, Х.О нараас 15 048 349.49 төгрөг гаргуулан ..... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн  шийдвэрийг  биелүүлээгүй тохиолдолд “.....” ХХК болон С.Л, Х.О нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 770 дугаартай барьцаат зээлийн гэрээнд заасан барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 249 084 төгрөгийн орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,

хариуцагч нараас 233 191 төгрөг, орон нутгийн төсвөөс 15 893 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ