Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00691

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00691

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК-д холбогдох

 

Арьс, гоо заслын эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,062,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, хариуцагчийн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус байгууллагад 2014 онд арьс, гоо заслын эмчээр ажилд ороод 2016 оноос эмнэлгийн дарга давхар хийх болсон. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Миний бие 2017 оны 06 сарын дундуур 3 жил гаран ажиллаж байгаа болон эмнэлэг хариуцан ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээгээр ажиллах шаардлага гарахаар үгүй гэсэн бөгөөд тэгэхээр нь миний бие цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахаар үгүй гээд ажлаас гар гэсэн болно.

Үүнээс хойш удалгүйгээр 2017.09.15-ны өдөр 17/06 тоот тушаалаар намайг ажлаас гарах тушаал гаргахдаа харилцан тохиролцсон гээд гаргасан байна.

Миний бие цалингаа нэмүүлье гэсэн болохоос ажлаас гарах тухай хүсэлт гаргаагүй тул миний бие гомдолтой байна. Ажил хүлээлцсэн акт хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр бол ерөөсөө 2 тамга л хүлээлгэж өгсөн байгаа. Эмнэлгийн дарга байсан учир компанийн болон эмнэлгийн тамгыг өөртөө хадгалж байсан.

Өөрөө Оосава сантай яриад ажлаас халагдах тушаалаа гаргуулсан. Энэ дээр бол ерөөсөө захирлын албан тушаалыг түдгэлзүүлж өгөөч ээ. Цаашид тамгаа шилжүүлж өгөх л хүсэл зориг байсан.

Учир нь хөдөлмөрийн гэрээгээр бол зөвхөн эмч гэсэн албан тушаалтай байсан. Иймд цаашид эмчийнхээ ажлыг л хийе, та нар надаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажлыг гүйцэтгүүлж байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлэхээр бол хөлсөөр ажиллах гэрээ юм уу эсхүл ямар нэгэн гэрээ хийж миний цалинг нэмэгдүүлж өг гэсэн ийм л хүсэл зориг байсан.

Иймд арьс, гоо заслын эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,062,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгуулах тухайн шаардлагыг хариуцагч******* ХХК-д холбогдуулан гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан 2016 оноос эмнэлгийн даргаар давхар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ буюу гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл нэхэмжлэгч нь арьс, гоо заслын эмч албан тушаалд ажиллаж байсан.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч *******ээс цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахаар нь зөвшөөрөхгүйгээр шууд ажлаас халсан зүйл огт байхгүй. 2017 оны 06 сараас хойш ажил үүргээ гүйцэтгэж, ээлжийн амралтаа авч, буцаж ажилдаа орж ажилласан байсан.

******* нь цалингаа нэмүүлэх саналтай хэвээр байсан учраас ажил олгогчийн зүгээс ийм өндөр цалин өгч ажиллуулах боломжгүй гээд нэхэмжлэгчид одоо байгаа цалингаараа ажиллаж чадахгүй гэж байгаа бол 9 сарын 01-ний өдрөөс ажилдаа ирэхгүй байж болно гэж хэлсэн байдаг.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын сүүлээс эхлэн өвчтэй гэдэг шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон. Мөн гадуур ганц нэг үзлэг, эмчилгээнд орж бусад цагаар нь ажиллах боломжтой байсан боловч ажил дээрээ ирж ороод буцаад гараад явдаг байсан ба ажиллах боломжтой ч ажил үүргээ гүйцэтгэхээ больсон.

******* нь 2017 оны 09 сараас эхлэн ... ажлаас чөлөөлөгдөх албан ёсны тушаал гаргаж өгнө үү гэж компанийн удирдлага руу и-мэйл явуулж, компанид үргэлжлүүлэн ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний удирддаг өмгөөллийн нөхөрлөл нь хариуцагч******* ХХК-д хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийг боловсруулан бэлдэж, хянаж өгдөг.

Нэхэмжлэгч ******* нь над руу удаа дараа утасдаж Ажлаас гарах тушаал гаргаж өгнө үү, Оосава захирал хариу өгөхгүй байна. Та энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх мэтчилэн ажлаас гарах тухайгаа хэлж, ажлаас чөлөөлсөн тушаалаа авах талаар мессеж явуулж, утсаар ярьж байсан.

Миний зүгээс үйлчлүүлэгч компанийн удирдлагаас лавлахад *******тэй харилцан тохиролцоод гэрээг нь дуусгаад ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгнө үү гэснийх нь дагуу ажилтан цааш ажиллах хүсэлгүй байгаа ба ажил олгогч нь мөн ажиллуулахгүй гэж харилцан тохиролцсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг боловсруулж, гаргаж өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч ажлаас гарах тухайгаа мэдэгдэж, ажлаас чөлөөлөх тушаалаа авах тухай асууж, ажил олгогч мөн үүнийг дэмжсэн учраас ажилтан ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс *******ийн******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, арьс, гоо заслын эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,062,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Талууд 2016 оны 06 сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******ийг******* ХХК-ийн Киото эмнэлгийн арьс, гоо заслын эмчээр ажиллуулахаар болж, үндсэн цалинг 1,875,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-5-11х/

 

Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатайгаар буюу 2017 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан ба гэрээний хугацаа дуусах хүртэл аль нэг талаас гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгах талаар гэрээнд тусгажээ. /хх-6х/

 

Улмаар,******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 17/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-12х/

 

******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч анх шүүхэд 2017 оны 09 сарын 29-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* нь 2016 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээнд дурьдагдаагүй эмнэлгийн даргын ажлыг давхар хийх болсон, үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсөө нэмэх талаар санал гаргахад ажил олгогч хүлээн аваагүй учир эмнэлгийн даргын ажлыг хүлээлгэн өгөх талаар хүсэлт гаргасан, эмнэлгийн арьс, гоо заслын эмчийн ажлыг хүлээлгэн өгөх хүсэл зориггүй байхад талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой гэж өөрийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хариуцагч******* ХХК нь гүйцэтгэх захирал Оосава Шигэюки нь гадаад хүн учир Монгол Улсад байнга байх боломжгүй, үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын зарим чиг үүргийг 2016 оноос хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу *******эд өгсөн, компанийн ашиг орлого цалин нэмэх хэмжээнд хүрэхгүй байгаа учир цалин нэмэх боломжгүй талаар, одоогийн цалингаараа ажлаа хийж болно, эсхүл 09 сарын 01-ний өдрөөс хойш ирэхгүй байж болно гэж нэхэмжлэгчид хэлсэн, нэхэмжлэгч нь 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ******* нь ажлаас гарах тушаалыг гаргаж өг хэмээн удаа дараа шаардаж байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргадаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэдэгт ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар хүсэл зоригоо аливаа дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлж, харилцан зөвшөөрсөн байхыг ойлгоно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн харилцан тохиролцоо бичгээр хийгдвэл зохилтой.

 

Ийнхүү хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох харилцан тохиролцоог талууд бичгээр үйлдээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан бусад баримт, үйл баримтаар талуудын хооронд ийм тохиролцоо байсан эсэхийг тогтоох нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Энжил скин ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 06 сарын 19-ний өдрийн 003/16 тоот болон 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 005/17 тоот шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлын эзгүйд гүйцэтгэх захирлыг төлөөлөх, гүйцэтгэх захирлын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг *******эд олгожээ. /хх-73х/

******* нь******* ХХК-ийн Киото эмнэлгийн арьс, гоо заслын эмчээр ажиллах хөдөлмөрийн гэрээтэй боловч ийнхүү гүйцэтгэх захирлын зарим чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө арьс, гоо заслын эмчээр ажиллах хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалингаас өөр цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал авдаггүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх зохигч талын хүсэлтээр нэхэмжлэгч ******* болон гүйцэтгэх захирал Оосава Шигэюки нарын харилцсан Line программ, нэхэмжлэгч ******* болон хариуцагчийн төлөөлөгч ******* нарын харилцсан цахим зурвасыг тус тус үзлэг хийн бэхжүүлсэн. /хх-52-56х/

 

2017 оны 09 сарын 11-ний өдрийн 17 цаг 01 минутад нэхэмжлэгч *******ээс Оосава сангийн өмгөөлөгчид захирлын ажлыг болиулах албан ёсны тушаал гаргаж өгнө үү..., Тэгэх юм бол******* болон Киото клиникийн тамгыг албан ёсоор хүлээлгэж өгмөөр байна гэсэн цахим зурвасыг явуулж, Оосава захиралаас 18 цаг 31 минутад Тийм утгатай байсан байх нь ээ. Ойлголоо. Тамгыг өмгөөлөгчид хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж бодож байна гэсэн хариу явуулсан байдаг.

 

Дээрх цахим зурвас нь ******* хувьцаа эзэшигчийн шийдвэрээр өөрт нь давхар хариуцуулсан захирлын ажлыг хүлээлгэн өгөх, компанийн болон эмнэлгийн тамгыг хүлээлгэн өгөх утга агуулгатай байх ба үзлэгээр нэхэмжлэгч ******* нь арьс, гоо заслын эмчийн ажлыг өгөх, талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар хийсэн тохиролцоо тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, 2017 оны 09 сарын 15-ны өдөр Ажлаас чөлөөлөх тушаал гарч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учир ажил хүлээлцэх акт үйлдэн эмнэлгийн даргын ажил, арьс, гоо заслын эмчийн ажлыг хүлээлгэн өгсөн гэсэн нэхэмжлэгч *******ийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тогтоогдохгүй байх тул *******ийг******* ХХК-ийн арьс, гоо заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нэг сарын үндсэн цалин 1,875,000 төгрөгийг 6 сар 10 хоногоор тооцоход (1,875,000 х 6) + (1,875,000 : 22 х 10) = 11,250,000 + 852,272 = 12,102,727 төгрөг гарч байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээнд 7 хоногт ажлын 6 өдөр байхаар тохиролцсон учир ажилгүй байсан хугацааг 6 сар 10 хоногоор тооцсон болно.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 12,102,727 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 12,062,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******ийг******* ХХК-ийн Киото эмнэлгийн арьс, гоо заслын эмчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,062,500 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д даалгасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 сарын 24-ний өдөр төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч *******эд буцаан олгож, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 207,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР