| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 1809041360020 |
| Дугаар | 2021/ДШМ/313 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/313
Ц.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
хохирогч “Д” Банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Энхбат,
хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нямсамбуу, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, Ш.Төгсгэрэл,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Д.Чинзориг, Ш.Төгсгэрэл, хохирогч “Т” ХХК-ийн захирал Я.М нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1809 04136 0020 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Ц-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-200” загварын автомашиныг 57.000.000 төгрөгөөр барьцаалж, тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичиг хуурамчаар үйлдэж, ашиглан Автотээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирогч К.У-д 57.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д ХХ-ХХ ХХХ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б.Г-д 41.439.030 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 98.439.030 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чонос овогт Цогтсайханы Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Ц.Б-д оногдуулсан хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” загварын автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь “Д” ББСБ мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Ланд круйзер” загварын уг автомашиныг шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож “Д” ББСБ-д олгохоор, ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хориглосон болон битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашины өмчлөгчөөр “Д” ББСБ-ыг бүртгэж тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийж гэрчилгээг олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Авто тээврийн Үндэсний төвд даалгаж, хохирогч “Д” ББСБ-аас нэхэмжилсэн 138.542.300 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 58.542.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-оос “Т” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 41.439.030 төгрөгийг “Т” ХХК-д олгож, “Т” ХХК нь энэ мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт тооцон авч захиран зарцуулах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 20.719.515 төгрөгийг түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршигт тооцон гаргуулан хохирогч “Т” ХХК-д олгохоор, хохирогч “Т” ХХК-ийн нэхэмжилсэн 125.558.333 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 63.399.788 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” загварын авто машины болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д” ББСБ-ын 57 сая төгрөгтэй холбоотой үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Ц.Б болон “Д” ББСБ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 30, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдийн зээлийн гэрээ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа юм. Тус зээлийн гэрээг байгуулах үед Ц.Б-ын зүгээс тухайн байгууллагыг хуурч, мэхэлсэн ямар ч нотлох баримт байхгүй, тийм сэдэлт Ц.Б-д байгаагүй. Залилах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр, ил аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулсны үндсэн дээр хохирогч өөрийн сайн дураар эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгснөөр гэмт хэрэг төгсдөг. Хохирогчийг мэдээгүй байхад нь эд хөрөнгийг нь авч залилна гэж байхгүй. ...Ингэхээр “Д” ББСБ нь залилах гэмт хэргийн хохирогч биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж, эрх нь зөрчигдсөн хуулийн этгээд. Тухайн байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Д” ББСБ-ын нэр дээр гаргахыг Автотээврийн Үндэсний төвд даалган шийдвэрлэсэн бол тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болох байсан. Ингэснээр “Д” ББСБ нь хүчин төгөлдөр гэрээний дагуу өөрсдийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зогсоолын төлбөр зэрэг бүхий л нэхэмжлэлээ иргэний журмаар бүрэн хангуулж болох байсан бөгөөд энэ нь тэдний зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэх байсан.
... “Д” ББСБ-аас 57 сая төгрөгийн зээл авсан үйлдэл нь ямар шинжээрээ залилах гэмт хэргийн шинжийг агуулах эсэх, шүүгдэгчийг гэм буруутай гэдгийг огт дүгнээгүй, шийтгэх тогтоолын 7 дугаар талд “төрийн эрх бүхий байгууллагыг хуурах замаар” гэсэн үг бий. Үүнээс харвал Автотээврийн Үндэсний төвийг залилах гэмт хэргийн хохирогчоор тогтоох байсан эсэх асуулт гарч ирнэ. Түүнчлэн, “...шүүгдэгч маргаагүй учир дүгнэлт хийх шаардлагагүй” гэсэн. Шүүгдэгч маргавал дүгнэлт хийдэг, маргахгүй тохиолдолд дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулах хуулийн заалт байхгүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Б-ыг хэзээ, хаана, ямар аргаар, хэрхэн “Д” ББСБ-ыг хохироосон, түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар тодорхой, ойлгомжтой дүгнээгүй. Залилах гэмт хэргийн хувьд хуурч мэхлэх үйлдэл эхэлж, хохирогчийг итгүүлсний үндсэн дээр эд хөрөнгийг нь захиран зарцуулах эрх олж авснаар төгссөнд тооцно. Хүнийг бодлоор нь ялладаггүй.
...Анхан шатны шүүхээс хохирол, хор уршигийг буруу тайлбарлаж, шүүгдэгчээс гаргуулсан. Алданги нь залилах гэмт хэргийн хор уршигт хамаарахгүй ойлголт бөгөөд Иргэний харилцаа болох гэрээний эрх зүйн хариуцлагын төрөл юм. Ийм байтал хувийн эрх зүйн хариуцлагыг нийтийн эрх зүйн салбарт хамаарах эрүүгийн хэрэгт хэрэглэсэн. Залилах гэмт хэргийн хор уршигт хүү, алданги гаргуулахаар шийдвэрлэх ёсгүй. Хор уршиг залилах гэмт хэргийн хувьд яригдахгүй. Түүнчлэн, Иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн ч “Т” ХХК-ийн зээлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд мөн зүйлийн 56.5-т зааснаар өгсөн, авснаа буцаах зарчим үйлчилнэ. Гэтэл шүүх хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр хэлцлийн хувьд яригддаг анзыг сонгож оногдуулсан нь логикийн алдаатай байна.
Шүүхийн харьяаллыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн буюу Ц.Б-ын холбогдсон 2 үйлдлийн сүүлийн “Т” ХХК-ийг хохироосон үйлдэл нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд урьд хэрэг шүүхэд хүргэгдэхэд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ талаар хөндөж, хэргийг харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч хэлэлцүүлэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзээд өмнөх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохдоо тухайн асуудлыг шийдвэрлэ гэсэн магадлал гарч анхан шатны шүүхэд буцсан. Тиймээс өмгөөлөгч миний зүгээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч Ж.Болдбаатарын зүгээс тухайн хүсэлтийг хэргийн бусад оролцогч нарт огт танилцуулаагүй байсан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хүчингүй болсон, түүнчлэн хэргийн харьяаллыг зайлшгүй хэлэлцүүлэн шийдвэрлэх нөхцөл байдал үүсээд байсан учир тухайн өдрийн шүүх хуралдааны эхэнд миний зүгээс дээрх асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараагаар гэм буруугийн шүүх хуралдааны ирц болон бусад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг гаргасан боловч шүүх хуралдаан даргалагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар дутагдалтай, түүнчлэн хэргийг заавал энэ шүүхээр шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа нь мэдэгдэж байсан. Өмгөөлөгч хүсэлт, гомдол гаргаж хариугаа албан ёсоор авах эрхтэй. Тус хүсэлтийг хангахгүй байж болох ч үндэслэлээ тодорхой дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариу өгөх учиртай. Хэргийн материалтай танилцахад тухайн өдрийн огноо бүхий хэргийн харьяаллыг шийдвэрлэсэн тусдаа шүүгчийн захирамж байх боловч тэрхүү захирамжийг хууль ёсны гэж үзэхгүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "шүүгдэгчид ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...хөнгөрүүлэх... нөхцөл байдал тогтоогдсонгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны төгсгөлд шүүгдэгч Ц.Б-оор эцсийн үг хэлүүлээгүй. Улсын яллагчийн дүгнэлт, түүнийг дэмжсэн хохирогч нарын тайлбар, өмгөөлөгч нарын саналыг сонссоны дараагаар шүүгдэгчийн хувьд шүүхэд хандаж, хүсч буй хамгийн чухал зүйлээ хэлдэг, түүнчлэн цагаар хязгаарладаггүй тэрхүү эрхийг нь ноцтой зөрчиж, хязгаарласан явдал нь бүдүүлэг алдаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад бүхэлдээ нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, илэрхий алдаатай шийдвэр болсон. Ц.Б-ын зүгээс “Т” ХХК-ийг хуурч мэхэлсэн үйлдлээ анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд учруулсан хохирлоо одоогоос 2 жилийн өмнө, 2019 оны 2 дугаар сард бүрэн төлж барагдуулсан болохыг анхаарч үзнэ үү. Иймд хэргээс “Д” ББСБ-т холбогдох үйлдлийг хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх, эсхүл торгох ялаар сольж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай бол Ц.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхэлж өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д” ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авахдаа өөрийн өмчлөлийн машинаа барьцаалсан. Зээлийн гэрээнд зааснаар 3 сарын хүүгээ төлж гэрээг хоёр удаа 2 болон 3 сараар сунгаж, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна. Улмаар зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй байсан учраас “Д” ББСБ-ын санаачилгаар зээлийг хүүг 4.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингээд зээлээ төлөөгүй учир 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлдөг хүнээр зээлийг хаалгуулсан. Ийм учраас Ц.Б “Д” ББСБ-д төлөх төлбөргүй болсон байна. Харин Ц.Б зээлийг чөлөөлж өгсөн хүнд төлөх төлбөртэй болсон. Гэтэл “Д” ББСБ дахин зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг түүнд олгосон. Хэрэв зээлийг төлж дуусгасан бол машиныг барьцаанаас чөлөөлөх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй. “Д” ББСБ-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийг хэрхэн, яаж төлж барагдуулсан болохыг шалгаж, тодруулах шаардлагатай. Зээлтэй холбоотой асуудалд Ц.Б хэрхэн, яаж, ямар үйлдлээрээ залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүх зээлийн барьцаанд тавьсан машиныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэний өмчлөлд байх ёстойг тогтоож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байсан. Залилах санаа нь машинаа барьцаанд тавьж, зээлийн гэрээ хийж мөнгө зээлж авахаас өмнө төрсөн байх учиртай. Ц.Б-д ийм санаа, бодол байгаагүй бөгөөд зээлийн хүүгээ зохих ёсоор төлж, зээлийг төлөх хугацаагаа хоёр удаа сунгаж байсан нь залилах санаа, зорилгогүй байсныг давхар нотолж байна. “Т” ХХК-аас бичиг баримт хуурамчаар үйлдэж, өөрийн машиныг барьцаанаас чөлөөлсөн гэж төөрөгдөлд оруулан залилж, 41.439.030 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 41.439.030 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хэргийн хувьд шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах байсан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хуурамч нотлох баримт ашиглан төөрөгдөлд оруулж хийсэн хэлцэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох болохыг тогтоож, авто машиныг хуурамч бичиг баримтад үндэслэн “Т” ХХК-д шилжүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байсан. Ингэснээр “Д” ББСБ-д төлөх зээлийн гэрээний биелэлтийг хангах боломжийг бүрдүүлэх байсан. Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэгт “Д” ББСБ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа зохих ёсоор нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөрөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаартай магадлалд машин хэнээс хэнд шилжиж байсан, одоо хэний өмчлөлд байгаа, сүүлийн өмчлөгч хуулийн дагуу шилжүүлж авсан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна гэснийг шүүх зөвтгөн шийдвэрлэж чадаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Хохирогч К.У-ийн итгэмжлэл 2018 оны 9 дүгээр сарын 04-нд нэг жилийн хугацаатай олгогдсон бөгөөд энэ хугацаа дууссан байна. Мөн хохирогч Б.Г-д 2018 оны 10 дугаар сарын 08-нд итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл 2 жилийн хугацаатай бөгөөд хугацаа нь дууссан. Иймд хохирогч нар шүүхэд төлөөлөх эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 16.1.14 дэх заалтуудыг зөрчсөн. Шүүх шүүгдэгч Ц.Б-ын хариуцан төлбөл зохих хохирлын хэмжээг үнэн зөв, бодитой нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу, үнэн зөв тогтоож чадаагүй шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Ц.Б-ын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөвтгөн, хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч “Т” ХХК-ийн захирал Я.М давж заалдах гомдолдоо: “...ХХ-ХХ ХХХ улсын дугаартай авто машин нь Авто тээврийн Үндэсний төвийн албан бичиг болон 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл “Т” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Харин “Д” ББСБ нь тус машины өмчлөгч биш болохыг шүүх анхаарч үзээгүй. Учир нь, шүүгдэгч Ц.Б, “Д” ББСБ нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр фидуцийн гэрээ байгуулахдаа Н.Б-ийн хамт байгуулсан бөгөөд тус гэрээний 3.4.3, 5.1, 5.2-т тус тус заасны дагуу тухайн автомашины өмчлөл 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Б-ын нэр дээр шилжих ёстой байтал “Д” ББСБ нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, түүнд автомашиныг шилжүүлэн өгөөгүй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс “Т” ХХК хохирч болохгүй. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр фидуцийн гэрээ дуусгавар болсон байтал хүчингүй болсон гэрээний дагуу автомашиныг нэхэмжилж болохгүй. Гэтэл анхан шатны шүүх тус нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй ХХ-ХХ ХХХ улсын дугаартай авто машиныг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний дагуу өмчлөл шилжсэн мэтээр хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Нэгэнт “Д” ББСБ нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасны дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд аваагүй учир Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинээр байгуулсан 57 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ХХ-ХХ ХХХ улсын дугаартай автомашинаар хангуулах боломжтой. Харин “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу байгуулсан бөгөөд гэрээ байгуулах үед “Т” ХХК нь Ц.Б-ыг хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглаж авто машиныг шилжүүлэн авсан болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, зээл олгож, түүний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Т” ХХК нь тус ХХ-ХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр үлдэх зохицуулалттай. Мөн Ц.Б-д 2 жил хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн байх тул хорих ялыг хүндрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуймаар байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч “Т” ХХК нь Тоёота Ланд круйзер-200 загварын авто машины хохирлоо барагдуулна гэсэн байр суурийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд илэрхийлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглээгүй байна. Энэ нь хохирогч “Т” ХХК нь тухайн автомашинаар хохирлоо барагдуулах гол үндэслэл болж байна. Шүүгдэгч Ц.Б нь залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Энэ гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь хуульд заасан хамгийн бага ял байхад давж заалдах гомдол гаргасан байна. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүнд хөнгөдсөн байна гэж үзэж байна.” гэв.
Хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 8 дугаар талд “Д” ББСБ-д тухайн автомашиныг шилжүүлэх болсон хууль зүйн үндэслэлийг дурдахдаа 2017 оны 6 дугаар сарийн 30-ны өдрийн гэрээгээр автомашин шилжиж өмчлөгч болсон учир энэ машиныг “Д” ББСБ-д шилжүүлэх нь зөв гэж шийдсэн байсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 6 дугаар сарийн 30-ны гэрээ нь дуусгавар болсон. Энэ гэрээнд үндэслэж машины өмчлөгч нь хэн болохыг тогтоохгүй, энэ гэрээ нь дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх энэ гэрээг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. “Д” ББСБ нь 2017 оны 6 дугаар сарийн 30-ны өдрийн фидуцийн гэрээний 3.4.3, 5.1, 5.2 зааснаар машиныг Ц.Б-д шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргийг “Д” ББСБ нь биелүүлээгүйн улмаас үүсэх хариуцлагыг “Т” ХХК хариуцаж, хууль ёсны дагуу өмчлөлд шилжсэн “Т” ХХК-ийн эрхийг зөрчиж байна. Энэ асуудлыг 2020 оны 5 дугаар сард давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэ гэсэн. Үүнийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.” гэв.
Хохирогч “Д” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.
Хохирогч “Д” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Г-ийн өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс 2 асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Нэгдүгээрт харьяаллын асуудлыг шийдэх, хоёрдугаарт хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирол учирсан, хохирлыг яаж тооцох зэрэг нь тодорхой бус байна гэж хэргийг буцаасан. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр хуульд заасан хүрээнд дүгнэлт хийсэн. Хэргийн харьяаллыг шийдсэн. Хохирлыг хэмжээг тогтоохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийг 80.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээгээр иргэний нэхэмжлэлийг шийдсэн нь зөв. 3 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгслийг хохирогч “Д” ББСБ-аас шилжүүлэх ёстой байсан гэж байна. Гэвч тухайн үед шүүгдэгч 57.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй байсан. Ийм учраас тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан шилжүүлэхгүй байх нөхцөлтэй байснаа шүүгдэгч, гэрч Б нар мэдүүлсэн. Хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх зөв шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 41.000.000 төгрөгийг хохирогч “Т” ХХК-д олгосон. Шүүх 20.000.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр дахин тээврийн хэрэгслийг нэхэж байгаа нь бодит бус үндэслэлгүй гэж үзэж байна. Эцсийн үг хэлүүлээгүй нь өөрөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш. Оногдуулсан ялын их бага хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэл дээр ямар нэг маргаан байхгүй. Шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж, тохирох ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Б нь “Д” ББСБ-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Өмгөөлөгч нарын хэлж байгаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, дахин гэрээ байгуулснаар банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр цаашид зээлийн барьцаанд байхаар шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. “Д” ББСБ-ын өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан буюу бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авч байгаа учир залилах гэмт хэрэг гэж үзсэн. Өөрийн нэр дээр шилжүүлсний дараа “Т” ХХК-ийн “Сайн” ломбардад барьцаалан тавьж тухайн байгууллагаас 41.439.030 төгрөгийг залилан авсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Прокурорын зүгээс хэрэгт битүүмжилсэн Тоёота Ланд круйзер-200 загварын авто машиныг “Д” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулаан 2 талаас харилцан тохиролцсон учир хууль ёсны шударга эзэмшигч нь “Д” ББСБ гэж дүгнэсэн учир тус байгууллагад олгуулахаар санал гаргасан. “Т” ХХК-д залилах гэмт хэргийн улмаас 41.439.030 төгрөгийг хохирол учирсан. Энэ хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан гэж үзсэн. Тухайн үеийн хүү, алданги зээлийн барьцаанд тавьснаас болж зээлээ төлж барагдуулаагүй зээлтэй холбоотой гарсан шууд бус зардлаа нэхэмжилсэн. Нэхэмжилсэн үнийн дүнг шийдвэрлэхдээ “Д” ББСБ-д машиныг өгсөн. “Т” ХХК-ийн 41.000.000 төгрөгийн хохирлыг банкинд байршуулсан, зарцуулаагүй байгаа гэсэн. Гэмт хэрэг эхэлсэн цагаас эхэлж шүүх хуралдаан хүртэлх шууд бус хохирол гэх 125.558.333 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Энэ дүнг шүүхээс хэрэгсэхгүй болгож 63.399.788 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шууд бус хохиролд нь 20.719.515 төгрөгийг гаргуулж шийдсэн. Шүүх хуралдаанд харьяаллын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдвэрлэсэн. Үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирол, нөхцөл байдал, үйлдсэн арга зэрэг нөхцөл байдалд үндэслэж хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад шүүх дүгнэлтээ тайлбарласан. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ тайлбарлахдаа хохирлын асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайн хэлсэн зүйлийг шүүхийн шийтгэх тогтоолд тэмдэглэж, дүгнэж бичсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн 343В дугаартай яллах дүгнэлтээр Ц.Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Д” ББСБ-д ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-200” загварын автомашиныг 57.000.000 төгрөгөөр барьцаалан шилжүүлсэн боловч албан бичиг хуурамчаар үйлдэж, ашиглан өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар 57.000.000 төгрөгийн хохирол,
2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д уг автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж бодит байдлыг нуух замаар 41.439.030 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 98.439.030 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Урьд энэ хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийн харъяаллыг зөвтгөн шийдвэрлүүлэхээр буцаасан магадлал одоо хүчин төгөлдөр хэвээр байна. /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 455 дугаартай тогтоолоор тус шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн./
Гэтэл анхан шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч нарын Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Шударга шүүхээр шүүлгэх” эрхийг зөрчжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан хэргийн хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх, урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2070 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хойшлуулсан атлаа шүүгчийн 2122 дугаартай захирамжаар хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг “Шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулж байгаа...” мэтээр тасалж дүгнэх замаар, шүүхийн харьяалалтай холбоотой асуудал шүүх хуралдаан болох тухайн үед мэдэгдсэн байдлаар бичиж урьд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэргийн харьяаллын талаарх дүгнэлтийг үгүйсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох бөгөөд энэ нь тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Түүнчлэн, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “...шударга шүүхээр шүүлгэх...” эрхийн агуулга нь шүүх хараат бус, бие даасан байх нөхцөлөөс гадна шүүн таслах үйл ажиллагаа нь хуульд бүрэн нийцсэн, хуулийн заалтыг чанд сахих, нэг мөр дагаж мөрдөх, шүүгч гагцхүү хуульд захирагдах байдлаар тайлбарлагддаг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан “Хууль ёсны байх” зарчмыг ягштал хэрэгжүүлэх нь хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан дээрх эрхийг баталгаатай эдлүүлэх үндсэн суурь болох учиртай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн тодорхой заалтыг ийнхүү тасалж тайлбарлан хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасантай харшилж байх бөгөөд хэргийн оролцогч нарын “Шударга шүүхээр шүүлгэх” эрх зөрчигдөхөд хүрэх үр дагаврыг бий болгож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршигийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь бодит хохирол, хор уршигийг тодорхойлж хариуцан арилгахыг үүрэг болгохоор хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу “хор уршиг” гэх ойлголтуудыг буруу тайлбарлаж “...Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэм буруутай этгээд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй, ...хохирлын улмаас бусдад учирсан хор уршигийг тусад нь тооцон ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын зохицуулалтыг хэрэглэхээр тогтов” гэсэн дүгнэлтүүдийг хийж,
улмаар гэмт хэргийн халдлагын зүйл болох 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хохирогч “Д” ББСБ-ыг тогтоож, уг байгууллагад учирсан 57.000.000 төгрөгийн хохиролд уг автомашиныг олгохоор, харин хохирогч “Т” ХХК-ийн хохиролд урьд бүрэн төлөгдсөн 41.439.030 төгрөг дээр нэмж анзыг 50 хувиар тооцож 20.719.515 төгрөгийг хор уршигт тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүх хэргийн шүүхийн харьяаллыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...”, хохирогч “Т” ХХК-ийн захирал Я.М-ийн гаргасан “...Хохирлын асуудлыг буруу шийдвэрлэсэн...“ гэсэн хэсгүүдийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан харъяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогч “Т” ХХК-ийн захирал Я.М-ийн гаргасан “...Ц.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гаргасан “...Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудад энэ удаа дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 1809 04136 0020 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсүгэй.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ