Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оюунцэцэгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00107 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 3-6 тоотод оршин суух, Яргайт овогт Баярлахын Оюунцэцэг /ПП68060508/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Б.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би 6 ангиасаа сургуулиасаа гарч эцэг эхийн хамт мал маллаж заводын үхэр саадаг байсан. Эцгийн хамт Тэмээ малладаг байсан. Би 1989 онд гэр бүл болсон. Манай нөхөр Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Тухайн үед би ажилгүй байсан. Хадам эцэг эхтэйгээ хамт 2 жил амьдарч байгаад Ховд аймагт шилжиж орж ирсэн. Ховд аймагт хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд 1990-2000 он хүртэл хамрагдсан. Олон хүүхэдтэй гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох нас болсон. Тийм учраас шүүхээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа. Намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00107 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЯргайт овогт Баярлахын Оюунцэцэгийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

                Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний ажиллаж байсаныг минь тогтоогоогүй үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь учир дутагдалтай байна. Би улсад ажил хөдөлмөр хөлсөө үнэлүүлж явсан нь үнэн. Тухайн үеийн нийгэм эдийн засгийн хөгжил муу, удирдах албан тушаалтануудын буруу зөрүү, дутуу бичигдсэн баримтаас болж миний улсад ажилласан зарим жил огт үгүй болж хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Авгаш бригадад 1983 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлага хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх түүний хүсэлтээс 1984 оны 6 дугаар сарын 05-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин шүүх түүний хүсэлтийн 1983 оноос 1984 оны 6 дугаарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь дээр дурдсан 1 жил 6 сарын хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн шүүх түүний хүсэлтэнд дурдсан 1 жил 6 сарын хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хүсэлт гаргагч Б.Оюунцэцэгийн дээр дурдсан хүсэлтийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР