| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2021/00371/И |
| Дугаар | 129/шш2021/00425 |
| Огноо | 2021-09-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 129/шш2021/00425
129/ШШ2021/00425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн НДХ-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ч-т холбогдох
16.267.741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ч, прокурор С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус газрын хяналт шалгалтын газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тус аймгийн Ихтамир суманд оршин суугч Ц.Ч-н 2016 онд тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг тулган шалгах явцад түүний Архангай аймгийн архивын тасгаас гаргасан Ц.Ч-н ажиллаж байсан тухай лавлагаа нь хуурамч байх магадлалтай байсан болно. Архангай аймгийн архивын тасгаас лавлагаа гаргуулан авч тэтгэвэр тогтоолгохдоо 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 56 тоот, 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот, 1982 оны 06 дугаар сарын 18-ны 97 тоот, 1992 оны 06 дугаар сарын 01-ний 71 тоот тушаалуудыг холбогдох материалуудын хамт бүрдүүлэн Нийгмийн даатгалын хэлтэст өгч 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Уг хяналт шалгалтаар Ц.Ч-тай холбогдох материалыг судлахад 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр татагдан, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн 402083 тоот цэргийн батлахтай халагдсан, 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 193 тоот, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 49 тоот, Нэгдэл дундын үйлдвэрийн уурын зуухны гачегараар, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт автын жолоочоор тус тус ажиллаж, хугацаат цэргийн алба хааж байсан байна. 2016 онд хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Архангай аймгийн Архивын тасгаас 1977 оны 04 дүгээр сарын 14-ний 56 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрт лантуучнаар томилж, 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар лантуучнаас чөлөөлж, мөн үйлдвэрт тракторын жолоочоор томилж, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар тракторын жолоочоос чөлөөлсөн тушаалууд авч мөн цэргийн алба хаасан хугацаагаа нуун, өөр албан тушаалаар ажиллаж байснаа нуун хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон зөрчилд Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн актаар 16.267.741 төгрөгийг актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн иргэн Ц.Ч-нь Архангай аймгийн Архивын тасгаас 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 56 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрт лантуучнаар томилж, 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар лантуучнаас чөлөөлж, мөн үйлдвэрт тракторын жолоочоор томилж, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар тракторын жолоочоос чөлөөлсөн тушаалуудаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ... бол өөрийн хүсэлтээр” гэж заасан бөгөөд иргэн Ц.Ч-н хувьд цэргийн алба хаасан хугацаа болон Нэгдэл дундын үйлдвэрт гачегар, жолооч хийж байсныг тооцоход түүний хүнд нөхцөлд ажилласан нийт хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалттай тохирохгүй байна. Мөн түүнчлэн иргэн Ц.Ч-нь 1960 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 60 нас, 5 сар, 14 хоногийн настай, түүний улсад ажилласан нийт жил нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтуудыг хангахгүй байгаа нь нийгмийн даатгалын санг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 16.267.741 сая төгрөгийн хохирол нийгмийн даатгалын санд хохирол учруулаад байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” заалтын дагуу гэж заасан нь түүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна. Одоогоор Нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байна. Мөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121 тоот Архангай аймгийн Прокурорын тогтоолоор Ц.Ч-нь хуурамч тушаалуудыг ашиглаж 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын санд 16.267.741 сая төгрөгийн хохирол учруулсан тул нөхөн төлбөрийг хариуцагч Ц.Ч-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын газраас 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр ирсэн. Хяналт шалгалтын ажлыг эхлээд 2 хонож байтал Ковид цар тахлын улмаас хөл хорио тогтоож Улаанбаатар хот руу явж, хяналт шалгалтаа зогсоож, бид нарт хяналт шалгалтыг үргэлжлүүлж хийх үүрэг даалгавар өгсөн. Бид нар тухайн хяналт шалгалтыг үргэлжлүүлээд хийж байх явцад Цэрэнбаатарын Чулуунбаатар гэдэг хүн нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон байдаг. Үүнд бүрдүүлж өгсөн материалуудад нь 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 56 тоот тушаал, 1979 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот тушаал, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот тушаал, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот тушаалууд зэрэг холбогдох материалуудыг бүрдүүлж өгч, нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож авч эхэлсэн байдаг. Хяналт шалгалтын явцад Ц.Ч-н материалуудыг судлахад 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан 402083 дугаартай цэргийн батлах манай нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байсан. 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 193 тоот тушаал, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 49 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрийн уурын зуухны гачегараар, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн автын жолоочоор ажиллаж байсан гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын хуулбар манай нийгмийн даатгалын хэлтэст ажилласан жил нөхөн тооцоход авах үед хадгалагдаж байсан. Энэ материалуудтай зөрсөн. Аймгийн архиваас гарсан тушаалууд дээр 1977 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 56 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрт лантуучнаар томилогдсон байсан. 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар лантуучнаас чөлөөлж, мөн үйлдвэрт тракторын жолоочоор томилсон 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалаар тракторын жолоочийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд байдаг. Үүнд хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэрэг өөрийнх нь жинхэнэ ажиллаж байсан үеийнх нь нотлох баримтуудыг нууж, өөр хүнд нөхцөлд тааруулж гачигаар лантуучин гэх мэт албан тушаалаар хуурамч бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдсан байна. 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад прокурорын дүгнэлтээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 121 тоот тогтоолоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг тогтоолгон авсан нь тогтоогдож байгаа. Ц.Чулуунбаатарт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтуудыг хангахгүй байгаа учраас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 16,267,741 төгрөгийн хохирлыг нийгмийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрлэсэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай улсын байцаагчийн актыг иргэн Ц.Чулуунбаатарт өөрийн биеэр Нийгмийн даатгалын хэлтэс дээр дуудаж гардуулахад улсын байцаагчийн актыг зөвшөөрөөгүй. Мөн прокурорын тогтоол дээр дурдсан хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэврээ тогтоолгож, нийгмийн даатгалын санг хохироосон байна гэдэг нь тогтоогдож байна. Ц.Ч-нь одоо нийгмийн даатгалын халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа гэсэн мэдээлэл байгаа учраас энэ хүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтын дагуу ажилласан жил нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хангагдахгүй байгаа учраас өөрийн хүсэлтээр халамжийн тэтгэврийг сонгож халамжийн тэтгэвэр авч байгаа гэсэн мэдээлэл авсан. Ийм учраас 16,267,741 төгрөгийг төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
Хариуцагч Ц.Ч-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буруу тушаал гаргасан байна билээ. Надад Архангай аймагт нөлөөлөх ямар ч юм байхгүй. Тэгэхээр тухайн үед дотроо ажиллаж байсан хүмүүс ийм юм хийсэн гэж үзэж байна. Надад Архангай аймагт тамга, тэмдэг зурдаг таних ямар ч хүн байхгүй. Дотроосоо тушаал гаргаад бүх юмыг ингээд зохицуулсан байсан. Би өөрөө мэдэхгүй байна. Миний цэрэгт байсан үед ажиллаж байсан тушаал гаргасан байсан. Өгийнуурт ажиллаж байсан тушаал байна билээ. Үүнийг яаж гаргаж байсныг би мэдэхгүй байна. Манай хүн одоо өнгөрсөн. Тэр хүн байхдаа Тамирын байцаагч, Архангайн хүмүүстэй уулзаж оруулсан гэж ярьж байсан. Би тэр хүнийг нь танихгүй. Тэр хүн нь өөд болсон юм байна билээ. Би уг нь 2018 онд тэтгэвэрт орох ёстой байсан юм байна лээ. Би 15 жил мал маллаж байсан. Би юу гэж өөрөө цэрэгт байсан үеэ дарж тийм мангар юм хийх вэ дээ. Тэгэхээр эд нар өөрсдөө янз бүрийн аргаар зохицуулж хийсэн гэж бодож байна. Надад үе үеийн нийгмийн даатгалд таних хүн байхгүй. Хөөцөлдсөн хүмүүс л ийм юм хийсэн байх. Би 1977 онд Налайхын ТМС төгсөөд Өмнөговь аймгийн Таван толгойд өрөмдлөгийн машин дээр ажиллаж байсан. Тэгээд 1979 онд цэрэгт татагдаж, Улаанбаатар хот руу орж ирж байсан. Тэгээд тэнд байж байхдаа бичиг баримт мөнгө төгрөгөө хаяад чадаагүй наашаа Архангай аймагт ирээд 1980 онд цэрэгт явж, 1983 онд цэргээс халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэрт 11 дүгээр сард нь ажилд орж байсан. Нэгдэл дундын үйлдвэр жил гаран гачегараар ажиллаж байгаад автын жолоочоор томилогдож байсан. Дунд нь гачегар хийж байсан. 1992 онд эсгийний үйлдвэр байгуулагдахад Шинэ өргөө ХК-ийн хатаах цехэд ажилчнаар ажилд орж байсан. Тухайн үед хүнд нөхцөлд ордог байсан. 12 жанам ажилладаг, 100 градус хүртэл халдаг, нойтон тийм эсгийний үйлдвэрт 6 жил ажиллаж байсан. 2001 оноос хойш мал дээр гарч мал маллаж байгаа. Өндөр насны тэтгэврийг 2016 онд манай хүн байхдаа хөөцөлдөж тогтоолгож байсан. Тэр ажилласан жил нь миний ажиллаж байснаас өөрөөр тогтоолгосон байсан. Би одоо өөрөө хохироод байх юм. Би одоо 62 нас хүрч байгаа. Нас нь болоод жил нь дутуу хүмүүсийг тогтоодог хуультай юм байна лээ. Тэтгэврээ цуцлуулсны дараа тэр хуулийн дагуу би тогтоолгосон. Жил нь гүйцээгүй байсан болохоор 180,000 төгрөг авдаг байсан Засгийн газрын тогтоолоор 280,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Би 2 охинтой, 2 охин маань оюутан гэжээ.
Прокурор С.Бшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ удаагийн шүүх хуралдаанд төрийн эрх ашиг хөндөгдсөн учраас прокуророор оролцож байгаа. Яг энэ үйлдлийг прокурор дээр шалгасан байдаг. Гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж үзсэн байдаг. Энэ гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийг н.Долзодмаа гэх хүн үйлдсэн байх магадлалтай, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн энэ үйлдэлд Ц.Ч-г мэдэх боломжгүй юм байна гэдэг үндэслэлээр тайлбарлаж оруулсан байдаг. Тухайн н.Долзодмаа гэж яригдаад байгаа хүн нь нас барсан. Тухайн материалыг бүрдүүлсэн гэх хүн нь нас барсан учраас энэ ажиллагаа цааш үргэлжлүүлэх боломжгүй учраас Ц.Ч-г энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлийг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Прокуророос Ц.Ч-г авах ёсгүй мөнгийг авсан байна, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна, 1977 онд ажиллаж байсан тухай баримтуудыг хуурамчаар үйлдсэн байна гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаасан. Гэхдээ энэ мөнгийг төрд буцаан олгох нь зүйтэй байна гэж үзсэн учраас энэ хэрэгт прокурор оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Ц.Чулуунбаатарт холбогдуулан хуурамч тушаал ашиглан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан 16.267.741 төгрөгийг буцаан гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Ц.Ч-нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Нийгмийн даатгалын байгууллага хариуцлагагүй хандсаны улмаас тогтоох ёстой тэтгэврийг зохих журмын дагуу тогтоогоогүй, миний бие хуурамч тушаалыг үндэслэн тэтгэвэр тогтоосныг мэдээгүй, өөрийн авах ёстой тэтгэврийг авч байна гэж бодсон, би өөрийн авах тэтгэврийг авч чадахгүй хохирч байна, төрийг ч, намайг ч хохироосон, 16.267.741 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.8-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ...нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Ц.Ч-нь 2013 оны 07 сарын 15-ны өдөр ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах тухай өргөдөл гаргаж уурын зуухны гачегар, автын жолооч, баригчаар ажиллаж байсан тухай бичилттэй 036664 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх19-20х/, цэргийн алба хаасан бичилттэй 402083 дугаартай цэргийн батлахын хуулбар / хх-15х/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013.07.04-ний өдрийн 8309 дугаартай архивын лавлагаа / хх-21х/ зэргийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гарган өгч ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байна. Гэвч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 03 сарын 04-ний өдөр иргэн Ц.Чулуунбаатарт өндөр насны тэтгэвэр тогтоохдоо
-Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977.04.14-ний 56 дугаартай “Чулуунбаатарыг лантуучнаар томилох тухай” тушаал / хх-26х/
-Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979.06.25-ны өдрийн 106 дугаартай Ц.Ч-г лантуучны ажлаас чөлөөлж тракторчиноор томилсон тухай тушаал /хх-27х/
-Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982.06.18.-ний өдрийн 97 дугаартай тракторын жолооч Ц.Ч-т ээлжийн амралт олгосон тухай тушаал / хх-28х/
-Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн 1992.06.01-ний өдрийн тракторын жолооч Ц.Ч-г ажлаас чөлөөлж эсгийний үйлдвэрт шилжүүлсэн тухай тушаал / хх-29х/ зэрэг хуурамч тушаалуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоож 2016 оны 03 сарын 09-ний өдөр тэтгэвэр тогтоолтын хуудсыг / хх 24-25х/ байцаагч, тасгийн дарга, нягтлан бодогч нар баталж тэтгэвэр олгож эхэлсэн байна. Үүний дагуу хариуцагч Ц.Ч-нь хүнд нөхцлөөр тогтоосон 16.267.741 төгрөгийг тэтгэврийг 2016 оны 03 сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангаас авсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 121 дугаартай тогтоолд / хх 4-6х/: ... иргэн Ц.Ч-нь хуурамч бичиг баримтыг ашиглан нийгмийн халамж буюу тэтгэврийг авахдаа шүүхийн шийдвэрийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч бичиг баримт ашиглах” болон мөн хуулийн 18.12 дугаар зүйлд заасан “ хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 664 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.
Хэрэгт авагдсан Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 121 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол / хх4-6х/, Архангай аймгийн прокурорын газраас 2021 оны 05 сарын 31-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулсан 173 дугаартай албан бичиг / хх 7-8х/, тэтгэвэр авагчийн хувийн хэргийг ажилласан жил нөхөн тооцоход бүртгүүлсэн архивын материалтай тулган шалгасан баримтын бүрдүүлэлт / хх18-25х/ зэргээр хариуцагч Ц.Ч-н Нийгмийн даатгалын сангаас 16,267,741 төгрөгийн тэтгэвэр авсан үйлдэл Нийгмийн даатгалын санд учирсан хохирлын хооронд шалгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Ч-нь гэм буруугүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 16,267,741 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Харин нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч Ц.Ч-т лантуучин, тракторчиноор 1977-1992 онд ажиллаж байсан гэсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр олгох үүрэг үүсэхгүй бөгөөд хариуцагч Ц.Ч-нь түүний ажиллаж байгаагүй нөхцөлөөр тогтоосон өндөр насны тэтгэврийг авч ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-аас нийт 16.267.741 төгрөг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Ц.Ч-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 239.289 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг товлон зарлаж иргэдийн төлөөлөгч А.Г-т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, талууд иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-аас 16.267.741 /арван зургаан сая хоёр зуун жаран долоон мянган долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын санд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч-аас улсын тэмдэгтийн хураамж 239.289 /хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун наян ес/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ