| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 2025/ШЦТ/800 |
| Дугаар | 2025/ШЦТ/800 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/800
2025 03 28 2025/ШЦТ/800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Сумъяа,
өсвөр насны шүүгдэгч Л.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт Л-ийн Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 07993 0064 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******** дунд сургуулийн **** дүгээр ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******** сум, ********* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
********* овогт Л-ийн А /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, нэгдсэн эмнэлгийн хойно Т.Л-ын биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 07993 0064 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Хохирогч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13939 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Сумъяа: “... өсвөр насны шүүгдэгч Л.А нь Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, нэгдсэн эмнэлгийн хойно Т.Л-ын биед нь халдан цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Өсвөр насны шүүгдэгч Л.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байрь суурьтай оролцоно ...” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой 18-19 цагийн орчимд ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хойно найз болох М болон дүү А нарын хамт явж байхад үл таних 14-15 насны эрэгтэй хүүхэд согтуу явж байгаад манай найз охиныг мөргөсөн. Тэгэхээр нь би хөөе чи яагаад байга юм бэ гээд цээж хэсэг рүү нь түлхэхэд над руу чи хэн бэ гэж хэл амаар доромжилсон. Тэгээд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байтал дахиад нэг эрэгтэй хүүхэд хүрч ирээд намайг чи юу гээд байгаа бэ гээд миний нүүр хэсэг рүү гурван удаа цохисон. Тэгээд намайг хойшоо замын хашлага руу түлхэж унагаад газар унасан байхад дахиад нэг эрэгтэй хүүхэд хүрч ирээд тухай гурван 15-16 орчим насны хүүхдүүд намайг өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Хар куртиктэй, хар өмдтэй хүүхэд миний нүүрний хамар болон нүд, шанаа, чих хэсэгт гараараа 4 удаа цохиод түлхээд би хойшоо унасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Хар малгайтай, хар куртиктэй хүүхэд нь салгасан юм шиг харагдсан мөртлөө Л-ын нүүр хэсэгт 2, 3 удаа цохичихсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13939 дугаартай “Т.Лхагва-Очирын зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
Л.А нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, нэгдсэн эмнэлгийн хойно Т.Л-ын биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Өсвөр насны шүүгдэгч Л.А нь хохирогч Т.Л-ыг үл ялих зүйлээр шалтаглаж, түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Л.Аг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, өсвөр насны шүүгдэгч Л.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Өсвөр насны шүүгдэгч хохирогчид учирсан 660,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгч Л.А болон түүний хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “... Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Л.Аг чөлөөлж шийдвэрлэлээ.
Тодруулбал хохирогчийн баримтаар гаргаж нэхэмжилсэн бодит хохирол болох 660,000 төгрөгийг шүүгдэгч Л.А нь төлж барагдуулсан, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал болох өсвөр насны хүн, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зэрэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов.
Шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ****** овогт Л-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өсвөр насны шүүгдэгч Л.Аг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР