Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2020/00354

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00709/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын .. дүгээр багт оршин суух, Х Б (РД: )-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын .. дугаар багт оршин суух, Г Ц (РД: ) холбогдох,

"гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...Би Г.Ц 2003 оноос хамт амьдарч байгаад, 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан юм.

Бидний охин Н нь 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2005 оны 08 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Охин Н маань түүнээс хойш ээжтэйгээ амьдарч байгаа. Бид тусдаа амьдрах хугацаандаа хэн хэн маань өөр өөрийн гэсэн гэр бүлтэй болцгоосон.

Иймд цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул одоо гэрлэлтийг цуцалж өгнө үү... (хх-ийн 01 тал)

 

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа:... Би тус шүүхэд Г.Ц гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Ц нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Би охин Н ээж Ц асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.

Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... (хх-ийн 20 тал)

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... хөдөө мал төлөлж байгаа юм. Хэргийг намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү. Мал харах хүнгүй болоод байна.... (хх-ийн 27 тал)

 

Хариуцагч Г.Ц нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би Б 1997 онд танилцаж, 2003 оноос хамт амьдарсан. Бидний дундаас 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Н төрсөн. Бид 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон.

Бид хоёр 2005 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид дахиж нийлэх боломжгүй, тус тусын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.

Биднийг тусдаа амьдарснаас хойш охин Н миний асрамжид өсөж торниж байгаа. Б нь охиндоо тэтгэмж өгөөгүй.

Би Б хүүхдийн тэтгэлэг авахгүй олон жил болсон. Охиноо оюутан болоход сургалтын төлбөрийг нь нэхэмжилнэ.

Охин Б.Н эцэг Б тэтгэлэг гаргуулж өгнө үү. (хх-ийн 13 тал)

 

Насанд хүрээгүй Б.Н нь шүүхэд гаргасан саналдаа:...Би цаашид ээжтэйгээ амьдарна. Аав, ээж маань намайг бага байхаас тусдаа амьдарсан. 16 жил тусдаа амьдарсан гэсэн. Би цаашид ээжтэйгээ амьдарна. Ер нь ээжтэйгээ байдаг... (хх-ийн 21-22 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Г.Ц гэрлэлтээ цуцлуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ц нь сөрөг нэхэмжлэл гаргаж, охин Б.Н эцэг Х.Б хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн байна. (хх-ийн 13 тал)

 

Шүүх зохигчдын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 3 тал) 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Н төрүүлсэн болох нь төрсний № 00/001561 дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4 тал) Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Засаг дарга Д.Б тодорхойлолт, (хх-ийн 16 тал) Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ж.Б тодорхойлолт (хх-ийн 17 тал)...  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлахад  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 5 тал)

 

Гэрлэгчид нь 2005 оны 8 дугаар сараас тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1, 13, 20 тал)

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Г.Ц нь охин Б.Н өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байв.

Бага насны охин Б.Н нь 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 4 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан болох нь зохигчийн тайлбараар, (хх-ийн 13, 20 тал) насанд хүрээгүй хүүхдийн шүүхэд гаргасан санал (хх-ийн 21-22 тал)... зэргээр тус тус тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон насанд хүрээгүй охин Б.Н саналыг харгалзан үзэж эх Г.Ц асрамжинд үлдээхээр тогтов.

 

Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 27 тал)

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч СД-......... регистрийн дугаартай, Г овогт Х Б, хариуцагч СД-........ регистрийн дугаартай, Т овогт Г Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин Б.Н эх Г.Ц асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Н 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Х.Б сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Б.Н тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Ц даалгасугай.

 

5. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар насанд хүрээгүй охин Б.Н эцэг Х.Б уулзуулж байхыг эх Г.Ц даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б олгосугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ