| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00305/И |
| Дугаар | 129/ШШ2021/00369 |
| Огноо | 2021-08-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 129/ШШ2021/00369
129/ШШ2021/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ж.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д овогт Б.Б-т холбогдох
Гэм хорын хохирол 56,856,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Ц миний бие 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Б-т түүний гуйлтийн дагуу А аймаг дахь Т Банк ХХК-иас 600,000,000 төгрөгийн зээл авах гэтэл 80,000,000 төгрөг урьдчилгаанд хэрэгтэй байна. 2017 оны 06 дугаар сард 600,000,000 төгрөгийн зээл бүтнэ, би өөрийн нэр дээр зээл авах гээд материалаа бүрдүүлэн баримтаа өгсөн, төв банкны зээлийн хороогоор орж байгаа, зээлээ бүтээд гараад ирэнгүүт чамд би буцаагаад өгнө гэдэг зүйлийг ярьж надтай уулзсан. Миний бие Ж.Ц нь надад бэлэн мөнгө байхгүй би зээл авч л өөрт чинь зээлж болох талаар хэлэхэд зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А аймаг дахь Х банкны салбараас 80,000,000 төгрөгийн зээлийг, өөрийн хугацаатай хадгаламжийг барьцаалан зээл авч, мөн өдрөө Б.Б-т өгсөн. Энэ 80,000,000 төгрөгийг авсан тал дээр Б.Б маргадаггүй. 2017 оны 06 дугаар сард 600,000,000 төгрөгийн зээл нь бүтэнгүүт мөнгөө авах талаар уулзтал урьдчилгаа 300,000,000 төгрөг авлаа, энэ мөнгөөрөө ажлаа гүйцэтгэж байгаад үлдэгдэл 300,000,000 төгрөгөө авангуутаа чамд өгнө надад итгээд хугацаа өгөөч гэж учирлаж гуйсан. Энэ зээл нь бодит байдал дээрээ Б.Б-т ямарч хамааралгүй түүний нөхөр болох Э.Д-н нэр дээрхи Ц ХХК-ийн нэр дээр гарсан төслийн зориулалт бүхий зээл бөгөөд 2017 оны 06 сард зээл нь бүрэн дүнгээрээ буюу 600,000,000 төгрөгийн дүнтэй гарсан байсан. Харин Б.Б нь энэ бодит байдлыг гуйвуулан, намайг төөрөгдүүлсэн байсан. 2017 оны 06 дугаар сард Б.Б-н нөхрийн компани болох Ц ХХК-ийн нэр дээр 600,000,000 төгрөгийн зээл бүрэн гарсан байсныг хожим би эрүүгийн хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Би Б.Б-т залилуулан мэхлүүлж байгаа талаар А аймгийн Ц-гийн газарт гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн ............... тоот хэрэг үүсгэгдэж Б.Б нь яллагдагчаар татагдаж, намайг залилан мэхэлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай нь А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ................... дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ................ дугаартай тогтоол зэргээр тогтоогдсон. Би анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд дээр яллагдагч Б.Б-с гэм хор учруулсаны хохирол төлбөр 96,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс миний хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхийн миний хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Ж.Ц-н нэхэмжлэлээс 96,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэснийг хохирогч Ж.Ц нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн төдийгүй энэ давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хуралдаанаар хэвээр баталж шийдвэрлэсэн юм. Би Б.Б-т 80,000,000 төгрөгийг А аймгийн Х банкнаас өөрийн хадгаламжийг барьцаалан өөрийн хуучин зээл 23,300,000 төгрөгний зээл дээр нэмж 80,000,000 төгрөгийн зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээл авч өгсөн болно. Энэ үйл баримтыг ч Б.Б сайн мэдэж байгаа. Харин би энэ 80,000,000 төгрөгийн зээлийг Б.Б төлөөгүй учраас зээл, хүүгийн хамт 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүнээс зээл авч төлсөн болно. Энэ хугацаанд 80,000,000 төгрөгийн хүү 56,856,500 төгрөгийг төлсөн болно. Хэрэв Б.Б хэлсэн хугацаандаа надаас авсан зээлээ төлсөн бол би банкны хүү 56,856,500 төгрөгийг төлж хохирохгүй байсан юм. Иргэн Ж.Ц би Б.Б-т залилан мэхлүүлж эдийн засаг болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд хариуцагч Б.Б-с надад учирсан хохирол болох 56,856,500 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Ц нь нурууны өвдөлт хүндэрч сувилалд яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зарлагдсан шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралд намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч миний бие Б.Б-с 56,856,500 төгрөгийг нэхэмжилсэн болно. Шүүх хуралд өмгөөлөгч Ц.Б оролцох болно гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Ц-н нэхэмжлэлтэй Б.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Б.Б нь өмгөөлөгч В-той байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21/53 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, Ж.Ц-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт иргэн В.Г-ыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Ц, манай үйлчлүүлэгч Б.Б нарын хооронд зээл өгсөн авсан асуудал байдаг. 80,000,000 төгрөг зээлж аваад буцааж төлнө гэж иргэд хоорондоо тохиролцсон. Гэхдээ зээлийн болон бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Нэхэмжлэгч Ж.Ц-ын хувьд би зээл аваад чамд өгч байгаа шүү, чи хэдэн хувийн хүү төлнө шүү, би банкнаас зээл аваад өгч байгаа гэж ярилцаж тохиролцсон зүйл бол байхгүй. Ж.Ц, Б.Б нарын хооронд өмнө нь зээл өгч авч байсан харилцаа байдаг юм байна лээ. Өмнө нь зээл өгч авч байсан харилцаан дээрээ тулгуурласан юм уу, дараа нь нэхэмжлэгч Ж.Ц-с Б.Б 80,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Б.Б нь тодорхой хүү буюу эргэн төлөлт хийж явж байгаад удааширсан учраас нэхэмжлэгч талаас эрүүгийн журмаар гомдол гаргаж тэр нь шийдэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрээр 80,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх нь зөв байна гэж шийдсэн. Үүн дээр анхан шатны шүүхэд гэм хорын хохирол гэдэг юм уу, нэхэмжилсэн 96,000,000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гэм хор юм уу, хүү юм уу түүнийхээ нотлох баримтыг бүрдүүлээд нэхэмжилж болно гэсэн нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн шийдвэрүүд гурвуулаа хавтаст хэрэгт авагдсан байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад шийдвэр нь хэвээр үлдсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд 80,000,000 төгрөгийн зээл аваад тодорхой хэмжээний хүү төлсөн байдаг. Энэ нь эрүүгийн журмаар шийдэгдээд дууссан асуудал. Гэтэл нэхэмжлэгч талаас гэм хор учирсан, хохирол төлбөр учирсан, би зээл авч чамд өгсөн, зээлээ дарахын тулд хүү төлсөн гэдэг. Нэхэмжлэлийн агуулга ч мөн адил би банкнаас зээл авч хүү төлсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 123,000,000 төгрөгийн зээл авч зээлээ төлсөн гэдэг. Хэрэгт хоёр зээлийн гэрээ байгаа. Ж.Ц-ын 80,000,000 төгрөгийн зээл аваад шууд Б.Б-т өгсөн гэсэн гэдэг нь эрүүгийн хэрэг дээр ч, иргэний хэрэг дээр ч Би 80,000,000 төгрөгийн зээл авч Б.Б-т өгсөн гэдэг боловч тэр нь нотлогддоггүй. Үүнийг нотлох баримт байхгүй. Ж.Ц-н хувьд өөрөө А аймаг дахь Х банкинд ажилладаг байсан хүн. Одоо бол ажилладаггүй юм байна лээ. Гэхдээ банкнаас зээл авч хувь хүмүүст зээл олгож, хүүний ашиг олдог нь эрүүгийн хэргийн явцад аль аль нь ярьж байсан. Манай үйлчлүүлэгчийн авсан Ж.Ц-н нэхэмжлээд байгаа цаанаас хүүтэй зээл аваад төлсөн гэдэгтэй уялдах ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн байна. Үүнээс харахад Ж.Ц-н нэхэмжлэлийн агуулга буюу Ж.Ц зээлийн хүү төлөөд надад хохирол учирсан гэж байгаа боловч 80,000,000 төгрөгийн зээл аваад Б.Б-т өгсөн гэдэг нь нотолгоогоор нотлогддоггүй. Б.Б-тэй бичгээр зээлийн гэрээ хийгээгүй, хүү тооцсон зүйл байдаггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч Ж.Ц Х банктай хийсэн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ гээд 80,000,000 төгрөгийн зээл авсан байгаа. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ гээд бас нэг гэрээ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ өмнө авсан 80,000,000 төгрөгийн зээлийг хаах гээд хоёр дахь гэрээгээрээ 123,000,000 төгрөгийн гэрээ хийгээд зээл авсан байдаг. Зээл аваад Б.Б-т өгсөн гэдэг. Тэгээд хохирол төлөгдөхгүй байна гэдэг үндэслэлээр гомдол гаргаад тэр нь шийдэгдсэн. Анх эрүүгийн журмаар гомдол гаргахдаа 80,000,000 төгрөг дээр нэмээд 96,000,000 төгрөг нэхэмжлэхэд өгсөн авсан гэх 80,000,000 төгрөгөө өг гэхээр нь манай үйлчлүүлэгч эрүүгийн анхан шатны шүүх хурал болохынх нь өмнө төлсөн. Магадлалаар өөрчлөлт орсон. Дээд шатны шүүх магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ эрүүгийн хэргээр Ж.Ц-ыг 80,000,000 төгрөг аваад Б.Б-т өгсөн гэж нотолсон зүйл бол байхгүй. Харин 80,000,000 төгрөг өгсөн, авсан нь үнэн. Энэ дээрээ гэм буруутай гэж байгаа болохоос Ж.Ц 80,000,000 төгрөг зээлж авч Б.Б-т өгч банкинд хүү төлөх үүрэгтэй үлдсэн гэх шалтгаант холбоо юм уу, манай үйлчлүүлэгчийн гэм буруутай гэж тогтоогоогүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 80,000,000 төгрөг өгсөн авсан гэм буруутай байна гэж шийдсэн. Мөн илүү хохирол төлбөр учирсан бол нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлээрэй гэсэн. Тэрнээс нэмж нэхэмжлээд байгаа 56,000,000 төгрөгийг төлөх ёстой, үүн дээр та гэм буруутай байна гэж шийдээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 80,000,000 төгрөгөө төлөхийн тулд 123,000,000 төгрөг нэмж аваад төлсөн. Хоёр гэрээний нийлбэр төлбөр нийлээд 56,000,000 төгрөгийн хүү төлсөн гэж хэлээд байх шиг байна. Миний зүгээс сүүлийн гэрээ болох 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авсан 123,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь дууссан ч юм уу, дуусаагүй ч юм уу би мэдэхгүй. 123,000,000 төгрөгийн зээл, манай үйлчлүүлэгчийн авсан 80,000,000 төгрөгтэй ямар нэгэн шалтгаант холбоотой гэдгийг эрүүгийн журмаар тогтоогоогүй. Мөн 3 шатны шүүхийн шийдвэрт дурдсан зүйл байдаггүй. Хүүгийн төлбөрөө манай үйлчлүүлэгчээс гэс хор гэж нэхэж байгаа боловч ерөнхийдөө бол өөрийнхөө авсан зээлийн хүүг манай үйлчлүүлэгчээс нэхээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэм хорын хохирол 56,856,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нь мэтгэлцээний байр суурийн хувьд нэхэмэлэгчийн зүгээс нэхэмжилсэн 56,856,500 төгрөг нь 80,000,000 төгрөгтэй ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй тул төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Б-т түүний гуйлтын дагуу А аймаг дахь Т-ийн банкнаас 600,000,000 төгрөгийн зээл аваад буцааж өгөх нөхцөлтэй А аймаг дахь Х банкны салбараас 80,000,000 төгрөгийн зээлийг өөрийн хугацаатай хадгаламжийг барьцаалан авч өгсөн ба Б.Б-г нь Т банкнаас нөхрийнхөө компанийн нэр дээр 600,000,000 төгрөгийн зээлийг авсан боловч зээлсэн 80,000,000 төгрөгөө буцааж төлөөгүй тул түүнийг залилсан гэж үзэн Цагдаагийн газарт гомдол гаргаж улмаар Архангай аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хохирогч Ж.Ц-ын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 96,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 80,000,000 төгрөгийн хохирлыг төлөгдсөн гэж үзэж бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн ба үүнийг хохирогч Ж.Ц эс зөвшөөрч гомдол гаргаснаар Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн хохирогч Ж.Ц-ын нэхэмжлэлээс 96,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэснийг хохирогч Ж.Ц нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191 дугаар тогтоолоор хэвээр баталж шийдвэрлэсэн. /хх-н 4-28 ху/
Нэхэмжлэгч Ж.Ц нь ...Би Б.Б-т А аймгийн Х банкнаас өөрийн хадгаламжийг барьцаалан хуучин зээл авсан байсан 23,300,000 төгрөгийн зээл дээр нэмж 80,000,000 төгрөгийн зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр авч өгсөн болно. Энэ 80,000,000 төгрөгийн зээлийг Б.Б төлөөгүй учраас би зээл, хүүгийн хамт 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүнээс зээл авч төлсөн болно. Энэ хугацаанд 80,000,000 төгрөгийн хүү 56,856,500 төгрөгийг төлсөн болно ... гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан бол учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцан төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Дээр дурдсан зохицуулалтаар гэм хор учруулсан этгээд нь эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбогдон гарсан зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүргийг хүлээдэг.
Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэгэн гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч Ж.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Х банкнаас өөрийн хадгаламжийг барьцаалан 80,000,000 төгрөгийн зээлийг авч хариуцагч Б.Б-т зээлсэн ба энэ үйл баримттай хариуцагч тал маргадаггүй бөгөөд маргаангүй үйл баримтад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээл 80,000,000 төгрөгийг төлөхдөө хүүнд 16,416,438 төгрөг төлсөн ба энэ нь хариуцагч Б.Б-ийн эд хөрөнгөд хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан гэм хор гэж үзэх үндэслэлтэй байх тул 16,416,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хх-н 38 ху/
Харин нэхэмжлэгч Ж.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А аймаг дахь Х банкны салбараас 96,416,438.36 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийг буцааж төлөхдөө хүүнд нь төлсөн 40,440,062 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь ямар зорилгоор дээрх зээлийг авсан, уг зээлийг авахдаа Б.Б-т мэдэгдэж, түүнтэй зөвшилцсөн эсэх, эсвэл Б.Б нь зээлийг хаагаад дахин зээл авахыг хүсэж зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагч Б.Б-ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж 40,440,062 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /хх-н 39 ху/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б-ээс 16,416,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,440,062 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 56,856,500 төгрөг нь 80,000,000 төгрөгтэй ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй тул төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэ нь ямар учраас шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа талаар нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 240,032 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа иргэдийн төлөөлөгч Т.Л-н ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч Ж.Ц шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-с гэм хорын хохирол 16,416,438 /арван зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,440,062 /дөчин сая дөрвөн зуун дөчин мянга жаран хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 240,032 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.