| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00798/И |
| Дугаар | 156/ШШ2021/00004 |
| Огноо | 2021-01-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2021/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00798/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багт оршин суух, Халбин овогт М.Б./РД:../-ийн хүсэлттэй садан төрлийн холбоо тогтоолгох, нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, прокурор Б.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У., гэрч Б.О., Б.Санчир, У.Д., Г.С., Б.Б.,Ж.О., Б.Б./онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч М.Б.нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний аав болох Ж.С.нь 1938 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж, 1989 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн цагаатгалын магадлалаар цагаатгагдсан. Иймд хүү М.Б.миний биед олгох нөхөн олговорыг олгож өгнө үү гэжээ (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г.нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...М.Б. Ж.Ссадан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г.нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б.нь хэлмэгдэгч Ж.С.төрсөн хүү болохыг тогтоолгож, нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08/2597 дугаартай лавлагаанд 1938 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор 10 жилийн хорих ял авсан. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэл, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Ж.С-төрсөн хүү М.Б.төрсөн хүүхэд нь мөн болох, Ж.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь хангалттай нотлогдох боломжтой гэж үзэж байна.
Иймд хүсэлт гаргагч М.Б.хэлмэгдэгч Ж.С садан төрлийн холбоотой болохыг тогтоож, нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор Б.Бямбасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Б.нь хэлмэгдэгч төрсөн хүү болох нь тогтоогдож байна. Садан төрлийн холбоог тогтооход татгалзах зүйлгүй. Мөн Ж.С нь 1938 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд М.Б-ийн садан төрлийн холбоог тогтоож, нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч М.Б.нь хэлмэгдэгч Ж.С садан төрлийн холбоотой болохыг тогтоолгож, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаалтгалын нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар М.Б.нь улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Ж.С-той садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Ж.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ж.С.нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй болон хүсэлт гаргагч ..регистрийн дугаартай, Халбин овогтой М.Б.нь улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Ж.С.төрсөн хүү болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 3 тал),
2. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/009203 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
3. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00/002810 дугаартай 1 дүгээр маягтын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
4. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00/002844 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
5. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00/002843 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/009195 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
7. Үндэсний төв архивын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 03-9/2484 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
8. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 05/2597 тоот лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
9. Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-19 тал),
10. Хэлмэгдэгч Ж.С.нэр дээрх 3638 дугаартай цагаатгалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал),
11. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 901 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21-22 тал),
12. Хэнтий аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал),
13. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай Зууны мэдээ сонин (хх-ийн 24 тал),
14. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 00/004595, 00/004596 дугаартай төрөл садангийн тухай лавлагаанууд (хх-ийн 38-39 тал),
15. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/933 дугаартай албан тоот (хх-ийн 40 тал),
16. Гэрч Б.О.ийн шүүх хуралдаанд өгсөн “...нэхэмжлэгч Б ийн хамгийн том ах нь миний аав юм. Бид садан төрлийн холбоотой. Миний аав Ж.С.төрсөн дүү юм. Ж.С бол миний аавын хойд эцэг. Ханд гэж миний хөгшин ээж, би хөгшин аав, ээж хоёр дээрээ 8 нас хүртлээ өссөн. Намайг 8 нас хүрэхэд хөгшин аав минь өнгөрсөн. Манай аав 4 дүүтэй хамгийн бага нь М.Б.юм. М.Б.манай хөгшин аав өөрийнхөө төрсөн дүү болох М гэдэг хүнд өргүүлсэн. Намайг төрсөн цагаас, миний мэдэхийн М.Б.нь С аав Ханд хөгшин ээж дээр байсан. 2 настай өргүүлсэн гэсэн, тэгээд эргэж 5 настай болоод гэртээ ирсэн гэж ярьдаг юм. Манай аав Б , Б , Г , гэх 4 дүүтэй. Дүү Г нь 2004 онд, дүү Б нь 2008 онд, харин дүү Б 1995 он хавьцаа байх сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг,
17. Гэрч Ж.О.ы шүүх хуралдаанд өгсөн “...би С ын Б ийн эхнэр. М.Б.нь манай нөхрийн төрсөн дүү юм. Манай нөхөр эхээс тавуулаа. Д.Б , С.Б , С.Б , С.Г С.Б , С ын 4 хүүхэд Д нэг хүүхэд байдаг. М.Б.өргөж авсан М гэдэг хүний эхнэр нь Сэрэмжид гэж хүн байсан. Манай хадам С доржийн төрсөн дүү нь байсан. Б.Б нь М аар овоглодог. М.Б.бага байхад нь уушги нь өвдөөд буцааж гэртээ авчирч байсан гэж ярьдаг. С ын хүүхдүүдээс одоо М.Б-өөс бусад нь нас барсан. Дүү Б нь сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг,
18. Гэрч У.Д.гийн шүүх хуралдаанд өгсөн “...Бид нэг нутаг усны хүмүүс. М.Б-ийн эцэг нь С гэж хүн байсан. Тэрээр С гэдэг хүний бага хүү юм. Том ах, эгч нарыг нь Д.Б , С.Б , С.Б , С.Г гэдэг байсан...” гэх мэдүүлэг.
19. Гэрч Г.С.гийн шүүх хуралдаанд өгсөн “...Б ийг С ын хүү гэдгийг мэднэ. Учир нь бид хоёр хамт ажилладаг байсан. М.Б.нь С ын отгон хүү юм. Хамгийн том ах нь Б түүний дараа Б , Б , Х нар байсан. Ээжийг нь Ханд гэдэг байсан. М гэж хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг.
20. Гэрч Б.Б.ын шүүх хуралдаанд өгсөн “...Манайх 1966 онд Хэнтий аймгийн Бүрэнхааны модны үйлдвэрт нүүж очсон. Энэ цагаас эхлэн М.Б.бид хамт ажиллаж, таньдаг болсон. 1966 онд М.Б.багадаа айлд өргүүлж байгаад ирсэн гэдэг байсан. С ынх 5 хүүхэдтэй айл байсан. Хүүхдүүдийг нь Б , Б , Х , Б , Б гэдэг байсан....” гэх мэдүүлэг.
21. Гэрч Б.Санчирын шүүх хуралдаанд өгсөн “...М.Б.нь манай аавын хамгийн бага дүү юм. Манай аав эхээс зургуулаа хамгийн том нь Б , тэгээд Б , Б , Г хамгийн бага дүү нь Б юм. М.Б.ахыг М гэдэг айлд өргүүлсэн гэж ярьдаг. Бие нь өвдөөд төрсөн ээж нь 5 бил үү 6 настай байхад нь буцааж авсан гэдэг. М.Б.ах аавтай хамт ажиллаж байсан. Манайхаар орж гардаг байсан би тэрийг л мэдэж байна...” гэх мэдүүлэг,
22. Гэрч Б.Б гийн шүүх хуралдаанд өгсөн “...Манай аав Б гийн дүү нарыг Б , Г , Б гэдэг байсан. Миний аав 10 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон. М.Б.нь Ж.С-нөхөн олговрын мөнгийг авах эрхтэй ганц хүн. Өөр авах эрхтэй хүн байхгүй...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хэрэгт авагдсан дээрх баримтаар М.Б.нь Ж.С-нхүү болох нь, мөн М.Б.нь авга ах М аар овоглож байгаа болох нь тус тус тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч М.Б.нь хэлмэгдэгч Ж.С-нхүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ж.С.нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн 2 модон байшинтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү М.Б-өд 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Б.нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, харин нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ..регистрийн дугаартай, Халбин овогтой М.Б.нь хэлмэгдэгч Ж.С.төрсөн хүү болохыг тогтоосугай.
2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан хүсэлт гаргагч М ын Б өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Б.нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА