| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03626/И |
| Дугаар | 181/ШШ2018/00687 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2018/00687
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2018/00687 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "М" ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Г
Хариуцагч: Н.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 69,420,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагч Ж.Г-ийн төлөөлөгч М.Б, хариуцагч Н.Э-ийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага иргэн*******,******* нарын хүсэлтийн дагуу 2015.04.28-ны өдөр ЗГ2015/15 дугаар бүхий зээлийн болон БГ2015/08 дугаартай барьцааны гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2016.10.28-ны өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Энэхүү гэрээний дагуу тэд өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 100 айл гудамж, 16а байрны 16 тоот хаягт байрлах 60.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан.
Тэд 2015.04.28-ны ЗГ2015/15 дугаартай зээлийн гэрээний үүргийг уг гэрээний хавсралт А буюу зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон хугацааны эцэст төлөх үүргийг хүлээсэн ба хэрэв гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд нийт төлөх ёстой хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг мөн төлөх үүргийг давхар хүлээсэн.
Гэтэл тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд манай байгууллагын зүгээс тэдэнд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж шаардсан боловч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй байна.
Мөн тэд гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж, оршин суух хаягтаа байхгүй гэх мэдээллийг бусдаар өгүүлэхийн зэрэгцээ утсаа авахгүй байсан тул шүүхийн шийдвэрээр 2 удаа эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгоход хаяг өөрчлөгдөөгүй болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн албан бичгээр тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1-д заасны дагуу*******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, хүүний төлбөр 32,850,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 6,570,000 төгрөг, нийт 69,420,000 төгрөгийг гаргуулж Мөнх орших капитал ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч******* болон түүний эхнэр******* хоёр нэхэмжлэгч Мөнх оршин капитал ББСБ ХХК-иас зээл авч 2015.04.28-ны өдөр ЗГ2015/15 дугаар бүхий зээлийн болон БГ2015/08 дугаартай барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2016.10.28-ны өдөр хүртэл, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан.
Зээлийн гэрээний дагуу эхний хэдэн сард зээлийн хүүг сар болгон төлдөг байсан бөгөөд эдийн засгийн хямрал улс орон даяар нүүрлэж бизнесийн үйл ажиллагаа тасалдаж эхэлснээс зээлийн гэрээний хүүг цаг тухайд төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн юм.
Нэгэнт эдийн засгийн хямрал нүүрлэж зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөх хугацаа удаашрах нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч талд газар болон бусад эд хөрөнгийг санал болгоход хүлээж аваагүй бөгөөд зөвхөн мөнгө хүүтэй нь авна гэж дарамталдаг болсон.
Хариуцагч нарын зүгээс төлбөр төлөхөд хүрэлцэхүйц эд хөрөнгүүдийг тухайн үед санал болгож байсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар-аас банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дундажийг тодорхойлсон бөгөөд дээд хүү 8.5 хувь, доод хүү 1.2 хувь, жигнэсэн дундаж хүү 4 хувь байна гэсэн тооцоо гаргасан байна.
Нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК-тай адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагын сарын дундаж хүү 3-3.5 хувийн хүүтэй байна. Эндээс үзвэл зээлийн хүү хэт өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.
Мөнх орших капитал ББСБ ХХК нь зээлийн хүүг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт А буюу зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хүүг эхний сар бүрт нь төлж байсан ба уг баримтууд нь банкны дансны хуулгаар тодорхой харагдана.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж, оршин суух хаягтай байхгүй мэтээр тайлбарлаж бичсэн байна. Бид боломжийнхоо хирээр зээлийн хүүг цаг хугацаанд нь төлж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсээр ирсэн.
Шүүхийн шийдвэрээр 2 удаа эрэн сурвалжлуулсан байсан. Ажлын цагаар бид гэртээ байдаггүй, оройн цагаар л гэртээ байдаг. Эрэн сурвалжлаад яваад байгаа тухай бид огт мэдээгүй, оршин суух газраа сольсон зүйл байхгүй хуучин хаягтаа хэвээр байгаа болно.
Хоёр талын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016.10.28-ны өдөр дуусахаар байгуулсан. Нэхэмжлэгч талаас 2016.10.21-ний өдөр анх шүүхэд хандан эвлэрүүлэн зуучлалаар орсон байдаг. Үүнээс хойш 2016.12.19-ний өдөр*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байдаг. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тохиолдолд хүү тооцох эрхгүй.
Анх авсан зээлээсээ 2 дахин илүү мөнгө төлнө гэдэг өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 216.4-т үүргийн гүйцэтгэл төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш үндсэн зээлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийг үндсэн зээл бус хүүнд суутгаж авсан нь дээрх хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн хүү багасахыг дагаад түүнд тогтоосон хүүгийн хэмжээ багасдаг ба энэ чинээгээр зээлдэгчийн төлбөр багасна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 32,850,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,570,000 төгрөг, нийт 69,420,000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Талууд 2015 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ2015/15 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч*******, хамтран зээлдэгч******* нар зээлдүүлэгч Мөнх оршин капитал ББСБ ХХК-иас 30,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаагаар зээлдэн авах, БГ2015/08 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, 16а байр, 16 тоот хаягт байрлах 60.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар нотлогддог бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй. /хх-16-19х/
Дээр дурьдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаанд тус тус хамаарч байх ба эдгээр гэрээнүүд Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд зээлдүүлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч*******, хамтран зээлдэгч******* нараас шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч*******, хамтран зээлдэгч******* нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан Мөнх орших капитал ББСБ ХХК-ийн депозит дансны хуулгаар 2015 оны 04 сарын 28-ны өдөр зээлдэгч нарт 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-20х/
Хариуцагч нар нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг зээлийн хүү хэт өндөр, зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй, эдийн засгийн хямрал улс орныг хамарсан, зээлийн гэрээний үүргийг газар, барилгын материалаар гүйцэтгэх санал тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй, түүнчлэн зээлийн гэрээ цуцлагдсан гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч нарын татгалзал тус бүрт дүгнэлт өгөхөд:
а/. Зээлийн гэрээний хүү хэт өндөр болох талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн зээлдэгч нар аливаа дарамт шахалтанд орж Мөнх орших капитал ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдоогүй, нэг сард 5 хувийн хүүг хүлээн зөвшөөрч өөрсдөө зээлийн гэрээг байгуулсан учир татгалзлын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.
б/. Мөнх орших капитал ББСБ ХХК-ийг зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тухайн үед ашиглаж байсан гэх танилцуулгыг хариуцагч нар няцааж чадаагүй бөгөөд уг танилцуулгад зээлийн хүүгийн хэмжээг 4 6 хувь гэж бичсэн байна. /хх-85х/
в/. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
г/. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн байдаг учир зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэйгээс гадна зээлийн гэрээний үүрэгт бусад эд хөрөнгийг тооцож авах эсэх нь Мөнх орших капитал ББСБ ХХК-ийн хүсэл зоригоос хамаарна. /хх-86-88х/
д/. Хэрэгт авагдсан банкны төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэгт зээлдэгч нар зээлдүүлэгчид шилжүүлж буй мөнгөн хөрөнгийн утгыг хүүний мөнгө, хүү төлөв хэмээн тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна. /хх-42-48х/
е/. Нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК-иас хариуцагч*******,******* нарт холбогдуулан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан байх ба уг өргөдөлд ... Манай байгууллагаас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ийнхүү хэтрүүлсээр байгаа тул ЗГ2015/15 дугаартай Зээлийн гэрээний 7.1.1-д заасныг үндэслэн 2016.07.22-ны өдрийн А/43 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг түүний гэрийн хаягаар хүргүүлж, дээр дурьдсан төлбөрийг 2016.08.01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг болон хэрэв энэхүү хугацаанд зохих ёсоор тооцоо хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх болохоо мэдэгдсэн хэмээн дурьдсан байдаг. /хх-89х/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл зээлдүүлэгчийн саналаар хугацаанаас нь өмнө цуцлахаар заасан нь дээр дурьдсан өргөдөлд дурьдагдсан үйл баримттай тохирч байна.
Нэхэмжлэгч нар дээр дурьдсан Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлийг няцааж чадаагүй бөгөөд уг өргөдөлд өмнө нь Мөнх орших капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батбаяр гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан байдаг.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлд зээлдүүлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа талаар хүсэл зориг тодорхой илэрхийлэгдсэн байдаг.
Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт А-д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх эсэх нь тодорхойгүй байх тул зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т нийцэж байна.
Иймд гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны гэрээний үүргийг хангуулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан банкны төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, мөн зохигч талуудын тайлбараар зээлдэгч нар нь 2016 оны 04 сар хүртэлх хугацааны зээлийн хүүг хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 4%-иар тооцон төлсөн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн зүгээс 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлах хүртэлх хугацаа буюу 2016 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцон үзэхэд (1,550,000 х 2) + (1,500,000 х 1) + (1,550,000 : 31 х 22) = 5,700,000 төгрөг болж байна. Үүнээс гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцоход 5,700,000 х 20% = 1,140,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч*******,******* нараас 2015 оны 04 сарын 28-ны өдрийн ЗГ2015/15 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг + хүүгийн үлдэгдэл 5,700,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,140,000 төгрөг = 36,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,580,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөлд 2017 оны 07 сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,560,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,112,000 төгрөг, нийт 36,672,000 төгрөгийн үүрэг хүлээсэн талаар дурьдсан байгаа нь шүүхийн гаргасан тооцоололтой ойролцоо байгааг дурьдах нь зүйтэй.
Талууд 2015 оны 04 сарын 28-ны өдрийн БГ2015/08 тоот барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, өмнө дурьдсанчлан барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хариуцагч*******,******* нараас 36,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК-д олгож, үлдэх 32,580,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч*******,******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000270662 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203012600 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол, 16а байр, 16 тоот хаягт байрлах 60.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 125,060 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, мөн хариуцагч*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамж 342,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнх орших капитал ББСБ ХХК-д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР