| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00364/И |
| Дугаар | 129/ШШ2021/00360 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 129/ШШ2021/00360
| 2021 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 129/ШШ2021/00360 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт С.П-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овогт Д.Ч-т холбогдох
2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Т сумын Х багийн иргэн Д.Ч нь Д.М-д У хот руу ачиж явж зарж борлуулах зорилгоор нядалсан 270 хонины махыг клиограммыг нь 5700 төгрөгөөр тооцож авна гэж үнэ тохирч аваад хонинуудын махыг ачих гэж бэлтгэсэн байсан, түүний хүргэн н.О-ийн ........... улсын дугаартай машинд ачиж У хот руу борлуулахаар явсан байдаг. Д.Ч нь Д.М-ынхыг хонь нядалж хот руу зарна гэсэн сургаар очиж, хонины махыг клиограммыг нь 6000 төгрөгөөр газар дээр нь бэлэн мөнгөөр авъя гэж түүнтэй ярьсан. Тэр үед нь Д.М өөрөө хүнтэй ярьсан хот руу ачина гэж хэлсэн байдаг. Ингээд 3 хоногийн дараа хонь нядалж, машиндаа бэлтгэсэн махаа ачих гэж байхад нь бэлэн мөнгөөр газар дээр нь авъя гэж тэд харилцан үнэ өртөгөө тохиролцож махны нэг бүрийн үнийг 5700 төгрөгөөр, өлөнг нэг бүрийг 1000 төгрөгөөр, нийт 30,490,500 төгрөгөөр тохиролцож мах, өлөнг авсан байдаг. Махыг ачиж дуусаад тооцоо хийх болтол 30,490,500 төгрөг боллоо гээд 9,000,000 төгрөг маргааш өглөө шилжүүлье, үлдсэнийг хотоос ирээд өгье гэж хэлээд явсан байдаг. Гэтэл маргааш нь 9,000,000 төгрөгөө хийгээгүй. Д.Ч нь У хотоос 3-4 хоноод ирсэн. Ирээд Д.Ч нь махаа зээлээр өгсөн мөнгөө орж ирэнгүүт өгье гэсэн. Ингээд хэд, хэдэн удаа нэхүүлж байж 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр 19,000,000 төгрөгийг Д.М-ын данс руу хийсэн ба дахин цагаан сар болох гээд байна мөнгө өг гэхэд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлэн мөнгө 200,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг өгнө гээд л яваад байсан. 3 сарын сүүлчээр мөнгөө нэхэхэд дансаа өгчих, махны үлдэгдлээ ачуулсан мөнгөний үлдэгдлээ шилжүүлъе гэсэн боловч мөнгө шилжүүлээгүй, дахин нэхэж байж 04 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 8,100,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд 2,400,000 төгрөг дутуу үлдсэн. 30,490,500 төгрөгийн тооцоон дотор өлөнгийн мөнгө ороогүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өлөнгийн мөнгөө нэмж нэхэмжилсэн. Өлөнгөө эхлээд 270,000 төгрөгөөр тооцсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 170,000 төгрөг болгож багасгасан. Одоо нэхэхэд үлдэгдэл мөнгийг чинь өгч чадахгүй, чиний махнаас болж алдагдалд орсон гэж хэлсэн байна. Тэд худалдах, худалдан авах гэрээг амаар хийж худалдагч талын гэрээний гол нөхцөл болох мах хүлээлгэн өгөх үүргийг Д.М биелүүлсэн боловч худалдан авагч тал болох Д.Ч нь үнэ төлөх буюу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Д.Ч нь Д.М-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, махны үнийг тохироогүй гэж маргадаггүй. Д.Ч нь шүүгчийн туслах руу 2,238,000 төгрөгийг Д.М-д өгнө гэж ярьсан байдаг. Гэтэл энэ нөхцөл байдлаа бичгээр илэрхийлдэггүй. Хариуцагч энэ талаараа тайлбараа гаргаж өгөөгүй, өөрөө шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Хариуцагч Д.Ч-т эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариу тайлбар өгөх хугацааг мэдсэн. Шүүх хуралдааны тов мэдэгдсэн, мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авч гарын үсгээ зурсан байна. Гэтэл шүүх хуралдаанд ирэхгүй тайлбар гаргахгүй байгаа нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд нэхэмжлэлээ буцаан авна гэсэн зүйлийг бичсэн байна. Нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Д.Ч нарын хооронд энэ талаар ямар нэг зүйлийг яриагүй. Хариуцагч Д.Ч надтай болон нэхэмжлэгч Д.М-тай утсаар ярихдаа “Би 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор үлдсэн мөнгийг төлнө, нэхэмжлэлээ буцаан ав” гэсэн шаардлагыг тавиад байсан. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлнө гэж байгаа бол үүнийг бичгээр илэрхийлчих гэхээр илэрхийлдэггүй. Иймд Д.Ч-с махны үнэ 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Ч-т холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Ч-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Ч 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр шүүх дээр ирж “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” №9 баримтад гарын үсэг зурж, хэргийн материалтай танилцсан ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Ч-т 270 тооны хонины махыг нэг клиограммыг нь 5700 төгрөгөөр тооцож, нийт 30,490,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч Д.Ч нь махаа борлуулсны дараа мөнгөө өгөхөөр тохиролцсон ба 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр 19,000,000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 8,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М-д шилжүүлж, 2,400,000 төгрөгийн тооцоо үлдсэн үйл баримт тогтоогддог.
Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийг тохиролцсон байхыг шаардах ба зохигчдын аман болон гэрээгээр тохиролцсон тохиролцоонд дээрх хүсэл зоригоор илэрхийлэгдсэн байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр ба хариуцагч гэрээгээр хүлээсэн махны үнийн үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул уг мөнгийг нэхэмжлэгч Д.М-д төлөх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ч-с 2,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Ч-с 53,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Д.Ч-аас махны үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Д.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Ч-аас 53,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА