Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 156/2019/00013/И |
Дугаар | 156/ШШ2019/00165 |
Огноо | 2019-04-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2019/00165
2019 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 156/ШШ2019/00165 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Л.Цэрэндулам, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............. оршин суух, Ц. Т /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... оршин суух, П. Ц /РД:................/-д холбогдох
гэм хорын хохирол 1 291 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ц.Т,
хариуцагч П.Ц,
иргэдийн төлөөлөгч Т.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр П.Цгийн хүү Ц.З нь Ж.Бын мотоциклийг авч унаад Баян-Адрага сумын 4 дүгээр баг, Онон 4 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр миний Хьюндай портер маркийн .... ХЭҮ улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, машинд гэмтэл учруулсан. Цагдаагийн байгууллагаас шалгаад З нь 14 насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаасан.
Иймд Ц.Зы асран хамгаалагч, эцэг П.Цгаас үнэлгээгээр тогтоосон хохирол 750 000 төгрөг, машинаа Улаанбаатар хот руу аваачиж засварлуулахад гарсан шатахууны зардал 420 000 төгрөг, засварын хөлсөнд төлсөн 121 000 төгрөг, нийт 1 291 000 төгрөг нэхэмжилж байна. Би машинаа засварлуулахдаа 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Улаанбаатар хот руу явж, буцаж ирсэн гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний хүүхэд ч гэсэн хүндээр гэмтсэн. Ар гэрийн хувьд төлөх эдийн засгийн боломж байхгүй. Үнэлгээ 750 000 төгрөгөөр гарсныг ойлголоо, үнэлгээг анхнаасаа 540 000 төгрөгөөр гарсан гэж бодож байсан болохоор зөвшөөрөхгүй гэж байсан. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч П.Цд холбогдуулан үнэлгээгээр тогтоосон хохирол 750 000 төгрөг, машинаа Улаанбаатар хот руу аваачиж засварлуулахад гарсан шатахууны зардал 420 000 төгрөг, засварын хөлсөнд төлсөн 121 000 төгрөг, нийт 1 291 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь үнэлгээгээр тогтоосон 540 000 төгрөгөөс тодорхой хэмжээнд төлнө гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгчийн машинд тодорхой хэмжээний хохирол учирсан, хариуцагч П.Ц нь Ц.Зы төрсөн эцэг гэх үйл баримтууд талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Ж.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Ц.З нь 14 настай байхдаа буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр баг, Онон 4 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр улсын дугааргүй “Хурд” маркийн мотоцикль жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13, 2.3, 2.2, 1.5 дахь заалтуудыг зөрчсний улмаас Ц.Тийн жолоодон явсан Хьюндай портер маркийн .... ХЭҮ улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх үйл баримт нь Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ......... дүгээр тогтоолоор тогтоогдсон гэж үзэх үндэстэй. Дээрх прокурорын тогтоолд Ц.Зы буруутай үйл ажиллагааны улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг гэрч Л.Г, С.Э, Э.С нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж үзээд Ц.З нь 14 настай, гэмт хэргийн субъект болох насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ.
Хариуцагч нь өөрийн хүү Ц.Зыг тухайн зам тээврийн ослоос болж гэмтсэн гэж байгаа боловч буруугүй болохыг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт мэтгэлцэх, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийн хүрээнд баримтаар нотлоогүй, дурдсан прокурорын тогтоолд гомдол гаргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд 14 настай байхдаа хохирол учруулсан гэм буруутай Ц.Зы өмнөөс түүний эцэг болох П.Ц нь тухайн бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээж байх тул эвдрэл учирсан тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Тт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр П.Цд хариуцуулах нь зүйтэй.
Баримтаар нотлогдсон дараах хохирол нэхэмжилсэн хэсгийг хангаж байна:
- .............ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан авто машин теникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан шууд зардал /эвдэрсэн эд ангийг засварлах, солих/ 540 000 төгрөг, шууд бус зардал /эд анги солиулах, будаг хийлгэх үйлчилгээний зардал/ 210 000 төгрөг, нийт 750 000 төгрөг /ХХ-н 14-15-р тал/,
- Хариуцагч тал баримтаар няцаагаагүй, мөн хэргийн 8-10 дугаар талд авагдсан машины эд анги худалдан авсан зарлагын баримтад үндэслэн гаргасан нэхэмжлэгчийн машинаа засварлуулахдаа 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу очиж, буцаж ирсэн гэх тайлбарыг харгалзан уг хугацаанд хамаарах шатахууны зардалд 170 000 төгрөг /ХХ-ийн 11-13-р талд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40 000 төгрөг, 11-ний өдрийн 20 000 болон 60 000 төгрөг, 19-ний өдрийн 50 000 төгрөгийн баримтуудаар нотлогдсон/.
Харин баримтаар нотлоогүй учир засварын хөлсөнд төлсөн гэх 121 000 төгрөг, нэхэмжлэгчийн машинаа засварлуулахдаа 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу очиж, буцаж ирсэн гэх тайлбараас зөрүүтэй байгаа тул шатахууны зардал 250 000 төгрөг /ХХ-ийн 11-13-р талд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 30 000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдрийн 50 000 төгрөг, 20-ны өдрийн 30 000 төгрөг, 21-ний өдрийн 20 000 болон 80 000 төгрөг, 23-ны өдрийн 30 000 болон 10 000 төгрөгийн баримтуудад холбогдох/ тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хуульд зааснаар сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан дүгнэлтдээ “прокурорын дүгнэлтэд заасан 540 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэсэн болно.
Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд 14 настай Ц.Зы тээврийн хэрэгсэл эзэмшиж замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд эцэг П.Цгаас 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 371 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 35 534 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаатай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26 630 төгрөг нэхэмжлэгчид олгов.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэллээ. Мөн Ц.Зы биед учирсан гэмтлийн талаарх 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг СD-ийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч талд буцаан олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 449.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгаас 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 371 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 35 534 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 26 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Л.ЦЭРЭНДУЛАМ
Ц.ЭРДЭНЭЗУУ