| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03519/И |
| Дугаар | 181/ШШ2018/00666 |
| Огноо | 2018-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2018/00666
| 2018 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2018/00666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү ХХК -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, гэрч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Цэцгээ миний бие гоо сайхны өндөр зэрэглэлийн салоныг ажиллуулах зорилгоор Баянгол мед ХХК-тай 2011 оны 05 сарын 08-ны өдөр, 2011 оны 06 сарын 06-ны өдрүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-г байгуулан АНУ-д үйлдвэрлэгдсэн Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 33,000 ам.доллараар, Франц улсад үйлдвэрлэгдсэн Integral орыг 41,000 еврогоор худалдан авч ажиллуулсан. Биеийн эрүүл мэндийн байдлаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас гоо сайхны салоноо ажиллуулах боломжгүй болсон.
Иймд миний бие 2014 оны 07 сарын 02-ны өдөр Үлэмж грийс ХХК-тай гэрээ байгуулан Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 40,000,000 төгрөгөөр, Integral орыг 55,000,000 төгрөгөөр, нийт 95,000,000 төгрөгөөр үнэ бууруулан худалдаж, эрхийн болон биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагч талд шилжүүлж, хүлээлгэн өгсөн болно.
Дээрх аппаратууд нь хүний арьсыг коллаген болон хүчилтөрөгчөөр ханган залуужуулж, стресс тайлж амраах, жин хасах, биеийн галбирыг нарийсгах, арьсны өнгө сайжруулах, целлюлит багасгах үйлчилгээ үзүүлдэг юм.
Дээрх 2 аппаратыг худалдан авах саналыг Үлэмж грийс ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаа анх гаргасан, Б.Дэлгэрмаагийн худалдах үнийг буулган хэлсэн үнийн саналаар худалдсан, мөнгийг шууд өгөхгүйгээр түүний саналын дагуу график хийж цувуулж өгөхөөр тохирсон.
Эд хөрөнгийн ямар нэг доголдолгүй аппарат хүлээлгэн өгсөн учир Б.Дэлгэрмаа ямар нэг санал гомдол гаргаагүй, одоо хүртэл уг аппараатаар үйл ажиллагаа явуулж ирлээ. Үлэмж грийс ХХК нь уг аппаратуудыг гоо сайхны салондоо ашиглан үйл ажиллагаа явуулж, үр шимийг нь хүртсээр байна.
Тухайлбал, худалдан авсан 55,000,000 төгрөгний LPG аппаратны нэг удаагийн үйлчилгээний үнэ 79,200 төгрөг, Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 86,900 төгрөгөөр үйлчилгээ хийж байна.
Гэрээнд заасан хуваарийн дагуу Үлэмж грийс ХХК Collagen Jet 02 Pot аппаратны үнэ болох 40,000,000 төгрөгийг 2015 оны 05 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 06 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ болох 55,000,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 07 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 08 сарын 18-ны өдөр 15,000,00 төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн.
Худалдан авагч тал Integral гоо сайхны аппарат болон LPG орны төлбөр болох 55,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй ч 2015 онд төлж дуусгасан юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагч Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг худалдан авсан үнэ болох 40,000,000 төгрөгийг 2015 оны 06 сарын 18-ны өдөр худалдагч талд бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй, одоо хүртэл төлөлгүй намайг хохироож ирлээ.
Иймд Иргэний хуулийн 9.4.3, 243.1, 261.1, 262.1-д заасны дагуу Үлэмж грийс ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг гаргуулж Д.Цэцгээд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Худалдах, худалдан авах гэрээний дагуу Үлэмж грийс ХХК-иас 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Энэ талаар тохирсон гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй учраас хариуцагчийн зүгээс Д.Цэцгээд 40,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээхгүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан 2014 оны 07 сарын 02-ны өдрийн баримт нь манайд байхгүй, Үлэмж грийс ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаагийн хувьд тухайн үед би ийм баримт дээр гарын үсэг зураагүй, дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч надад өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч Үлэмж грийс ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гоо сайхны тоног төхөөрөмжийн үнэ 40,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Үлэмж грийс ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөр төлөх хуваарийг тохирсон, гоо сайхны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг бол хариуцагч Үлэмж грийс ХХК өөрийн татгалзал, түүний үндэслэлийг иргэн Д.Цэцгээтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гоо сайхны тоног төхөөрөмжийг хадгалж байгаа, төлбөр төлөх хуваарь дээр гарын үсэг зураагүй гэж тайлбарлан маргадаг.
Хэргийн 16-р хуудаст авагдсан 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтаас үзэхэд Үлэмж грийс ХХК нь SPA аппаратыг 40,000,000 төгрөгөөр, LPG аппаратыг 55,000,000 төгрөгөөр тус тус иргэн Д.Цэцгээгээс худалдан авч, гоо сайхны тоног төхөөрөмжийн үнийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Дээр дурьдсан бичгийн нотлох баримтаар талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйл, гэрээний үнийг тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба худалдагч Д.Цэцгээ нь тогтоосон хуваарийн дагуу гоо сайхны тоног төхөөрөмжийн үнийг төлөхийг худалдан авагч Үлэмж грийс ХХК-иас шаардах эрхтэй байна.
Мөн баримтанд тусгагдсан 55,000,000 төгрөгийн үнэ бүхий LPG аппаратны төлбөр тооцооны талаар талууд маргаагүй учир холбогдох хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаа нь 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримтанд гарын үсэг зураагүй хэмээн тайлбарладаг боловч уг тайлбар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 1626 дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр няцаагдаж байна.
Шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн иргэний хавтаст хэргийн 16-р хуудсанд байх 2014 оны 07 сарын 01-ны өдрийн огноотой 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь-ийн зүүн доод талд Б.Дэлгэрмаа гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь иргэний хавтаст хэргийн 56, 57, 58-р хуудсанд байх Б.Дэлгэрмаагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна хэмээн дүгнэжээ.
Түүнчлэн гэрч Г.Цэрэннадмидын өгсөн Анх Дэлгэрмаа гэдэг хүн манай компани дээр ирээд үзэж байсан. Дараа нь эднийхээс Хатантуул гэдэг хүн өөр хүмүүстэй ирээд актаар хүлээж авсан, Дэлгэрмаа захирал орж ирээд танай дээр 2 аппарат байгаа авч үзье, Цэцгээтэй би ярьсан, худалдаж авна гэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Дорждэрэмийн өгсөн Дараа нь Д.Цэцгээ захиралтай гадуур ажил хөөцөлдөж хамт явж байгаад Энхтайваны гүүрний тэнд Наран плазагийн тэр хавьд нэг газар очоод н.Дэлгэрмаатай уулзаад зарж байгаа аппаратны талаар, тодруулбал үнийн талаар ярьж байгааг болон хоёр талын гарын үсэг зурах тухай ярьж байсан, Д.Цэцгээ гарч ирээд зарчихлаа, цувруулаад төлөх юм байна гээд цаасан дээр бичээд хувилж аваад гарын үсэг зурах гэж байсан, Миний ээлж солигдох үе таарч байсан. Эхнийх нь аппаратыг аваад гарч байсан тэгэхэд би байсан бөгөөд дараа нь хоёулаа байхгүй болсон болохоор хоёуланг нь аваад явсан байх. Авах гээд ирж байсан үе нь таарсан. Эхний аппаратыг аваад гарч байхад би байсан гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Цэцгээ болон хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаа нар гоо сайхны 2 ширхэг тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон, худалдан авагч тал гоо сайхны 2 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Collagen Jet 02 Pot буюу Spa аппаратыг нэхэмжлэгч Д.Цэцгээ нь Үлэмж грийс ХХК-д хадгалуулж байгаа гэж тайлбарласан учир тухайн тоног төхөөрөмжийг хариуцагч тал хүлээн авсан гэсэн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв байна гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл нь 2015 онд SPA аппаратны төлбөр хийх хуваарь гэх баримт, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар няцаагдаж байх тул Collagen Jet 02 Pot буюу Spa аппаратны үнэ 40,000,000 төгрөгийг Үлэмж грийс ХХК-иас гаргуулах тухай Д.Цэцгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тусдаа захирамжаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Үлэмж грийс ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцгээд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж грийс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцгээд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР