Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 55

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 

           Улсын яллагч: Б.Мээпам 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Отгондулам 

Иргэний нэхэмжлэгч: Ж.Нурмаа

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болдын Манлайбаярт холбогдох 201603000333 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Люксвүүд групп” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 63-2-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Буурал овогт Болдын Манлайбаяр /РД:РП89030111/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Манлайбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн хашааны урд талын асфальтан зам дээр 13-22 УНН улсын дугаартай Норд бенз маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалтай хоёр  эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Б.Төмөрхуягийн өмчлөлийн 98-26 УНН улсын дугаартай Х-Верна маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж зорчигч 7 настай Д.Энх-Учралын амь насыг хохироож, зорчигч А.Доржбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нарын хувьд маш их гомдолтой байна. Миний ахын биеийн байдалд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Өөрийнх нь эрүүл саруул байхад хийж байсан зүйлийг би хийж өгч байгаа. Б.Манлайбаяр осол болсны дараа болон өмнөх шүүх хурлаас хойш бид нарыг яаж байна, ямар байна гэж ганц удаа ч асуугаагүй, утсаар яриагүй. Шүүхэд баримтаар гаргаж өгсөн  бодит хохирлоо Б.Манлайбаяраас гаргуулж авах хүсэлттэй байна гэв. 

Иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осол болсноос хойш их хугацаа өнгөрсөн байна. Шинжээчийн дүгнэлтийг хоёроос гурван удаа гаргуулж авлаа. Иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалын хувьд шоконд орсон байдлаасаа гарч байгаа учраас цаашид эмчлэгдэх эм тариа, эмчилгээнд орох зардлыг гаргуулж өгнө үү. Бидний зүгээс зөвхөн бодит зардлыг нэхэмжилж байгаа. Түүнээс идсэн уусан, өмссөн зүүсэн хувцасны мөнгийг нэхэмжлээгүй байгаа гэв. 

201603000333 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Адъяанэргүйгийн өгсөн: 

“...2016 оны 07 дугаар сарын 15-ны үеэр миний нөхөр Амарсанаагийн Доржбаяр нь хүү Энх-Учралын хамтаар өөрийн хамаатан садан болох Төмөрхуяг, Нурмаа, Баяраа, Азжаргал нарын хамтаар Улаанбаатар хотоос Завхан аймгийн нутаг руу аялаж амрахаар явсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явсан бөгөөд явах замдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны үүрээр Архангай аймгийн Цагаан давааны хойд талд явж байгаад ачааны том машинтай мөргөлдөж нөхөр Доржбаяр болон хүү Энх-Ундрал нар ухаагүй байдалтай Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Би 08 сарын 02-ны өглөө 09 цагт энэ тухай утсаар сонсож мэдээд 19 цагийн үед Архангай аймагт ирсэн. Намайг замд явж байхад миний хүү Энх-Учралыг 17 цагийн үед эмнэлэгт нас барчихлаа гэж хэлсэн. Одоогийн байдлаар нөхөр Доржбаяр ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Бусад хүмүүсийн биеийн байдал сайнгүй байгаа. Би нөхөр Доржбаяртайгаа 2008 онд гэр бүл болж 2009 онд Энх-Учралыг төрүлсэн юм. Миний нөхөр Доржбаяр барилгын мужаан, засал чимэглэл зэрэг ажил хувиараа хийдэг бөгөөд зан байдлын хувьд хэвийн даруухан зан ааштай хүн. Миний хүү Энх-Учрал 2009 оны 07 сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар төрөх газарт төрж байсан. Улаанбаатар хотын 107 дугаар сургуулийн 1А ангийг энэ жил төгссөн байсан. Талийгаач хүү хэл яриа сайтай, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Миний сонсож мэдсэнээр миний нөхөр хүүхдийн сууж явсан цагаан өнгийн верна машиныг өөрийнхөө эгнээнд явж байхад нь урсгал сөрөөд ачааны том машин ирж мөргөөд осол гаргасан гэж сонссон. Тиймээс би ачааны машины жолоочоос талийгаач хүү Энх-Учралыг оршуулгын зардал мөн нөхөр Доржбаярын эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. Бас энэ хэрэгт явсан зардал мөнгийг нэхэмжлнэ. Би одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Би одоогийн байдлаар гомдол саналтай гэдгээ хэлж мэдэхгүй байна.

Би талийгаач хүүгийнхээ оршуулгын зардалд Манлайбаяраас 4.500.000 төгрөг авсан. Одоо би сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөгийг Манлайбаяраас нэхэмжилнэ. 6 жил өсгөж хүмүүжүүлсэн хүүхдээ алдчихаад гомдолтой ч гээд яахав гомдолгүй ч гээд яахав гэж бодож байна. Гомдолтой гээд ямар босоод ирэх биш дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25 дугаар тал/

Хохирогч А.Отгондуламын өгсөн: 

“...2016 оны 07 дугаар сарын дундуур улсын баяр наадмын дараа манай төрсөн ах Доржбаяр нь хүү Энх-Учралын хамт нагац эгч Нурмаа түүний нөхөр Баяраа, хүү Төмөрхуяг, охин Азжаргал, зээ хүү Анх-Очир нарын хамтаар Завхан аймгийн Отгонтэнгэр уулын тахилгыг үзэж хамаатнууд дээрээ очихоор явсан. Явснаасаа хойш ах маань очих газраа очсон байна гэж дүү нартайгаа хааяа нэг ярьсан байсан. Тэгээд байж байтал 2016 оны 08 сарын 02-ны 11 цагийн үед манай ах Доржсүрэн нь над руу утсдаад Доржбаяр ахыг Архангай аймгийн нутагт осолд орсон байна гэж хэлсэн. Доржсүрэн ахад Нурмаа эгч ярьж хэлсэн байсан. Тэгээд би осол болсон газар руу эгч Жавзансүрэн, Нурмаа эгчийн том хүү Төмөрбаатар, Отгонбаатар, Нэргүйгийн хамт явсан. Бид нарыг Архангай аймагт очиход аймгийн эмнэлэгт Доржбаяр ах хагалгаанд орчихсон хүү Энх-Учрал нь нас барчихсан, цуг явсан хүмүүс нь нэг давхарт хүлээлгийн өрөөнд хэвтэцгээсэн байсан. Би Нурмаа эгчээ осол юунаас болсон юм бэ гэж асуухад бид нарын урдаас манай урсгал руу том машин сөрж орж ирээд мөргөсөн. Бид нар гэрлээрээ дохисон гэж хэлсэн. Би ослын газар очиж үзээгүй. Уг ослын улмаас Доржбаяр ах толгойдоо их хүнд гэмтэл авсан, зүүн гар хөл нь мэдээгүй болсон. Толгойны хүнд хагалгаанд орсон. Өөрийн гэсэн ухаан санаагүй болсон. Ах маань Архангай аймагт хагалгаанд орж 14 хоног ухаангүй хэвтэж эмчлүүлж байгаад 08 сарын 17-ны шөнө Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд ирж 10 хоног хэвтэж эмчлүүлэхэд сэргэж сайжирсан. Тэгээд манай гэрт хэд хоног байж байгаад 2016 оны 09 сарын 16-ны өдөр хувийн Идэр-1 эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарч ирээд манай гэрт би өөрөө асарч сувилж байна. өнөөдрийн байдлаар ах маань тэргэнцэрт суулгаж нуруугаа амрааж байнгын хэвтэрт байна. өөрөө босож, шээж, бааж, хоолоо идэж чадахгүй байна. Эмч нь ахыг ухамсарт ухаан байхгүй байна гэж хэлсэн. Зарим үед бид нарыг танихгүй юм асуухаар ойлгож хариулж чадахгүй байна. Тийм учраас би өмнөөс нь хохирогчоор мэдүүлэг өгч байна. Манлайбаяр нь эмчилгээний төлбөр төлсөн. Мөн ойр зуурын хэрэглэдэг эм тарианд цувуулж 550.000 төгрөг бэлнээр авсан. Үүнээс гадна надаас болон ах, эгч нараас гарсан зардал байгаа. Үүнийгээ бид нар баримтаар нь болон баримтгүйг нь бичиж гаргаж өгье. Гомдолтой байна. Ахыгаа хөл дээр нь босгож авах, өмнө нь байсан шиг нь эрүүл биетэй болгоход гарах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/ 

Хохирогч А.Доржбаярын өгсөн: 

“...би барилга дээр ажиллаж байсан, барилгын ажлаа хийж байтал хаалгаар өөр өрөөнд орох гэтэл хаалга онгойж юманд цохигдоод гэмтэл авсан. Тэгээд намайг эмнэлэгт хүргэсэн өөр ямар нэгэн зүйлээс болж гэмтээгүй. Өмнө нь ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Ослоос хойш эмчилгээ хийлгэж байгаад ярихдаа ингэж яриад байгаа, эмч нар тархиндаа гэмтэл авснаас болж ингэж байгаа, бүрэн гүйцэд ухаан ороогүй гэж хэлсэн. Өөрийн ухамсарт ухаангүй, үе үе ингэж, хаа хамаагүй зүйл яриад байгаа. Ослын талаар огт санахгүй байна. Завхан аймаг явсанаа мэдэхгүй байна. Төмөрхуягийн машинаар явж байсан гэдгээ санахгүй байна. Миний зүүн талын гар, хөл хугарсан өөр аймар гэмтэл байхгүй. Одоохондоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/97-99 дүгээр тал/

Гэрч Б.Төмөрхуягийн өгсөн: 

“...Доржбаяр бол миний нагац ах, Энх-Учрал бол Доржбаяр ахын хүүхэд. Манлайбаярыг өмнө таньдаггүй байсан. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир суманд явж байгаад аваарт орчихсон. Би Завхан аймгаас Улаанбаатар хот руу чиглэлтэй өөрийн эзэмшлийн цагаан өнгийн аксент машиныг жолоодон явж байсан. Би машиндаа аав Баяраа, дүү Азжаргал, ээж Нурмаа, Нагац ах Доржбаяр түүний хүү Энх-Учрал, миний хүү Анх-Очир нарын хамт явсан. Намайг өөрийнхөө эгнээд дундаж хурдтай явж байтал урдаас ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй явсаар байгаад миний машиныг мөргөөд зам дээр миний машин эргэж замын хажуу тал руу гараад зогсчихсон. Тэгээд би ухаан алдсан. Би болон аав, ээж, ах, дүү нар бүгд суудлын бүсээ зүүгээгүй байсан. Би тухайн үед 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би 2016 оны 08 сарын 01-ний орой 17 цагаас 08 сарын 02-ны өглөөний 05 цаг хүртэл машинаа жолоодсон. Замдаа хоол унд идээд амраад явсан. Би 98-26 УНН улсын дугаартай аксент маркийн машинаа жолоодоод өөрийн эгнээндээ явж байтал ачааны машин урсгал сөрөөд гэнэт орж ирээд мөргөчихсөн. Миний машиныг мөргөсөн машин гэрлэн болон дуут дохио өгөөгүй урсгал сөрөөд ороод ирсэн. Би замдаа бага зэрэг айраг уусан байсан. Гэхдээ бараг Завхан аймгийн төвөөс гарч байхдаа хэдэн аяга уусан бөгөөд замдаа нэг их айраг уугаагүй санагдаж байна. Би айраг ууснаас хойш 500 орчим км явсан болохоор тухайн үед ямар ч өөрчлөлт байгаагүй архи, пиво уугаагүй байсан. Би одоо хүзүү болон нуруу цээж толгой, хэсгээр хатгаж өвдөх зовиуртай байна. Би гомдолтой байна. Машин унах боломжгүй болсон.

Би одоогийн байдлаар хохиролд нэг төгрөг ч аваагүй байгаа. Өөрийн машиныхаа хохиролд орных нь машиныг авахуулмаар байна. Дээр нь нэмээд би бид нарыг Архангай аймаг руу очиж авсан унааны зардал, замын хоолны зардал, Улаанбаатар хотод ирээд бариачид бариулсан зардал, эм тарианы зардалд нийт 945.400 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг Улаанбаатар хотод ирээд толгойгоо томографид харуулахад гарсан зардал болон тэр үед эмчийн бичиж өгсөн эмийг том машины жолооч Манлайбаяр авч өгсөн гэсэн. Тэр үедээ би хэн өгч байгааг нь мэдээгүй. Надад эм тариа авч өгсөн байсан. Би энэ ослоос хойш эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Ээжийн хамт Төмөрбаатар гэдэг оточоор 1 удаа үзүүлж 4 өдөр бариулсан. Үүний зардалд 140.000 төгрөг өгсөн. Энэ мөнгө дээрх нэхэмжилж байгаа 945.400 төгрөгөнд багтсан байгаа. Төмөрбаатар отчид манай ээж Нурмаа нь 2 удаа үзлэг хийлгэж 13 хоног бариулсан. 2 удаагийн үзлэгийн төлбөр төлсөн баримтыг нь миний баримттай нэг баримтан дээр бичиж өгсөн байгаа. Өөр миний зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний хүү 3 настай, ослын талаар ойлгож мэдүүлэг өгч чадахгүй. Манай хүүгийн зүүн хөлийн шагай орчмоор хавдаж гэмтсэн байсан. Энэ гэмтлийг нь ямар нэгэн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, эмчилгээнд гарсан зардал байхгүй. Давстай хар цайгаар шавшиж ороож байгаад зүгээр болгосон. Одоо зүгээр болсон байгаа. Хүүгийнхээ гэмтэлтэй холбоотой надад нэхэмжлэх зүйл байхгүй.

Гомдол санал гээд байх зүйлгүй. Өвлийн хүйтэнд хүүхэд, хөгчүүдийг нааш цааш нь зөөдөг байсан машин тэрийгээ авмаар байна. Хохиролгүй болгож өгөх хэрэгтэй байна. Дүү Азжаргал сүүлийн үед барьсан тавьсанаа мэдэхгүй, юм асуухаар өөр юм яриад байдаг болсон учир толгой, тархинд нь нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Өөр санал хүсэлт байхгүй байна. Доржбаяр нь ослын талаар юу ч мэдэхгүй байнгын асаргаатай, ганцаараа явж чадахгүй, босч чадахгүй, юм асуухаар хаа хамаагүй 2 жилийн өмнөөс хэвтэрт байгаа гэх мэтийн зүйл ярьдаг. Хүүхдээ нас барсан гэдгийг мэдэхгүй, болсон асуудлын талаар хэлэхээр би Завхан яваагүй худлаа яриад бай гээд байгаа. Эмчилгээ маш сайн хийлгэх шаардлагатай болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-31, 2/94-95 дугаар тал/

Гэрч Б.Азжаргалын өгсөн: 

“...2016 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хот руу өөрийн ах Төмөрхуягийн 98-26 УНН улсын дугаартай цагаан өнгийн верна маркийн машинаар аав Баяраа, ээж Нурмаа, нагац ах Доржбаяр, түүний хүү Энх-Учрал, дүү Анх-Очир нарын хамт явж байсан. Архангай аймгийн Ихтамир суманд явж байтал урдаас ирж байсан машинтай мөргөлдөхөд нь би гэнэт сэрсэн. Би осол болох үед унтаж явсан бөгөөд машины хойд суудлын голд суусан явж байснаа санаж байна. Жолоочийн ар талд Доржбаяр ах хүүхэдтэйгээ сууж явсан санагдаж байна. би өөр зүйл санахгүй байна. Ах Төмөрхуяг огт архи хэрэглээгүй байсан. Би гомдолтой байна. Толгойгоо дахин эмнэлэгт үзүүлнэ.

Надад хэн нэгэн хохиролд мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Би осол болсны дараа Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөрийг хэн өгснийг мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод ирээд ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Би одоо буруутай хүнээс өөрийн нүүрэнд үүссэн сорвийг арилгах мөнгийг гаргуулж авмаар байна. Хэдэн төгрөг болохыг нь би одоогоор судалж үзээгүй байна. Толгой хааяа өвддөг, заримдаа юм аа мартчихдаг болоод байгаа. Бусдаар биеийн байдал сайжирч байна.../ гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 36 дугаар тал/ 

Гэрч Ж.Нурмаагийн өгсөн: 

“...би өөрийн хүү Төмөрхуяг, нөхөр Ж.Баяраа, охин Азжаргал, Төмөрхуягийн хүү 4 настай Анх-Очир, дүү А.Баяраа болон дүү А.Баяраагийн хүү 7 настай Энх-Учрал нарын хамтаар 2016 оны 08 сарын 01ний өдөр Завхан аймгийн Улиастай хотоос 15 цагийн үед хүү Төмөрхуягийн 98-26 УНН улсын дугаартай цагаан өнгийн верна маркийн машинаар Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тэгээд 2016 оы 08 сарын 02-ны өглөө үүрээр цагаан гэгээ орж байхад 05 цагийн үед Архангай аймгийн төв орох замд буюу цагаан давааны хойд талд байдаг мод үржүүлэх гэдэг газрын хажууд явж байтал эсрэг урсгалд явж байсан ачааны том урь машин урсгал сөрөөл ороод ирсэн. Миний хүү Төмөрхуяг машиныхаа гэрлээ дохиж анхааруулга өгөөд машиныхаа хурдыг багасгаад явж байтал гэнэт урдаас явж байсан машин манай машиныг мөргөх шиг болтол манай машин шууд замын урд тал руу шидэгдэж гарсан. Би машины баруун талын хойд суудал дээр машин жолоодож явсан хүү Төмөрхуяг машиныхаа урд талын баганад даруулчихсан, үрүүлтэйгээ наалдсан амьсгаа авч чадахгүй байсан. Мөн жолоочийн ар талд сууж явсан дүү А.Баяраа, түүний хүү Энх-Учрал нарын биеийн байдал нилээн муу толгойноос нь цус гарчихсан, нүүр нь битүү цус болсон байсан. Тэгтэл замын хажуугаар явж байсан машинтай хүн зогсоод жолоочийн хаалгыг онгойлгох гээд хаалгыг онгойлгож хүчрэхгүй байсан. Тэгээд би замд зогссон жолоочийн машинд суугаад Энх-Учрал, Азжаргал хоёрыг аваад Архангай аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Удалгүй ар талаас нэг машин ирээд миний нөхөр Бараа, ач хүү Анх-Очир нарыг Архангай аймгийн эмнэлэгт аваад ирсэн. Тэгээд аймгийн Цагдаагийн хүмүүстэй хамт очиж үзлэг хийсэн. Миний сууж явсан машин өөрийн эгнээ буюу замын урд талаар явж байсан. Харин урд талаас явж байсан машин урсгал сөрөөд урд талаас орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Одоогийн байдлаар А.Баяраа болон түүний хүү Энх-Учрал нарын биеийн байдал маш хүнд байгаа. Миний хүү Төмөрхуяг болон охин Азжаргал, нөхөр Ж.Баяраа нарын биеийн байдал нээх сайнгүй эмч нарын хяналтанд байгаа. Миний биеийн байдал толгой өвдөж байна мөн ташаан толгойн дээгүүр өвдөж байна. Ач хүү Анх-Очирын биеийн байдал хэвийн хөл нь бага зэрэг өвдөж байна гэж ярьж байсан. Жолооч Төмөрхуяг барьж явсан, жолоочийн хажуу талд миний нөхөр Ж.Баяраа, ач хүү Анх-Очирын хамт, жолоочийн ар талд А.Баяраа, өөрийн хүү Энх-Учрал, хажуу талд нь миний охин Азжаргал, хамгийн зүүн талд би ганцаараа сууж явсан. Би осол болохын өмнө хүү Төмөрхуягтай юм яриад энэ машиныг зөрөхөөр тамхи асааж татъя гэж яриад явж байтал шууд ирээд манай машиныг мөргөчихсөн. Төмөрхуяг бид хоёр хоорондоо яриад  явж байсан болохоор унтаагүй байсан. Миний сууж явсан машин дунд зэргийн хурдтай л явсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсныг би сайн мэдэхгүй байна. Би сандраад ямар хүн ямар дугаартай машинаар явсныг нь анзаарч хараагүй болохоор мэдэхгүй банйа. 103-ын сувилагч таньж магадгүй гэж бодож байна. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ одоогоор мэдэхгүй байна.

Би эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна. Би өөрөө хувиараа Төмөрбаатар гэдэг отчид бүтэн биеийн бариа 13 хоног бариулсан. Нэг удаагийн бариа нь 30.000 төгрөг нийт 13 хоногийн 390.000 төгрөг болсон. 2 удаагийн үзлэгийн мөнгө 40.000 төгрөг болсон. Унааны зардалд өдрийн 5.000 төгрөг 13 хоногийн 65.000 төгрөг нийт 495.000 төгрөг нэхэмжилнэ. Надаас 495.000 төгрөг гарсан. Төмөрбаатар бариачид 390.000 төгрөг өгсөн баримт нь байна. Бусад баримтыг нь аваагүй. Манай нөхөр Баяраа нь мөнгөгүй гээд бариулж чадаагүй. Өөрөө гадуур өвчин намдаах эм, тариа авч хэрэглэсэн. Надтай хамт манай хүү Төмөрхуяг 4 хоног бариулаад мөнгөгүй болчихоод больсон. Би эмчилгээнд гарсан 495.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 46 дугаар тал/

Гэрч Э.Эрхэмбаярын өгсөн: 

“...би өөрийн найз Манлайбаяртай хамт 2016 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Нортбенз маркийн машинд барилгын материал ачаад Архангай аймгийн Өгийнуур, Өндөр-Улаан, Цахир сумдын нутагт бараа буулгахаар явсан. Тэгээд 2016 оны 07 сарын 31-ний өглөө Өгийнуур суманд очоод бараагаа буулгаж хоноод 2016 оны 08 сарын 01-ний 18 цагийн үед Архангай аймгийн төв рүү явсан. Аймгийн төвд 23 цагийн үед ирээд хоол идэх гээд хоолны газар хайтал орой болчихсон болохоор хоол зардаг газар хаачихсан байхаар нь машин дотроо унтсан. Тэгээд өглөө 04 цагийн үед 13-22 УНН улсын дугаартай машиныг Манлайбаяр жолоодоод Архангай аймгийн төвөөс Өндөр-Улаан сумын чиглэлд хөдөлсөн. Тэгээд цагаан давааг даваад шороон зам дуусаад засмал зам руу орж байхад нойр хүрээд байхаар нь хэсэг зүйрмэглэсэн. Тэгтэл гэнэт доргилт өгөөд машин мөргөх шиг болохоор нь сэртэл манай машин замыхаа урд талд эсрэг урсгалд гараад зогсчихсон байсан. Тэгээд Манлайбаяр машин мөргөчихлөө буугаарай гэж хэлэхээр нь машинаас буусан тэгтэл машины хойд талд замын урд талд цагаан өнгийн верна маркийн машин шидэгдэж гарсан байдалтай байсан. Гадаа харанхуй байсан болохоор цагаан верна машин дээр яваад очтол машины нэг тал нь цааш хонхойж орсон дотор байсан хүмүүсээс нь цус гарч гэмтсэн байсан. Тэгээд машин дотроос хүүхэд эмэгтэйчүүдийг гаргаад жолоочийг гаргах гээд хүчрэхгүй байсан. Жолооч залуу машины арааманд суудалтайгаа шахагдсан байсан. Тэгээд хажуугаар явж байсан машинтай хүмүүс осолд орсон хүмүүсийг аваад Архангай аймгийн төв рүү яваад байсан. Хамгийн сүүлд аймгийн түргэний машин ирээд жолооч залуу болон жолоочийн арын суудал дээр сууж явсан залуу хоёрыг аваад явсан. Цагаан өнгийн верна маркийн машинд сууж явсан хүмүүсийг жолооч болон жолоочийн ар талын суудалд сууж явсан залуу, хүүхэд 3 их гэмтэлтэй байсан. Бусад нь гайгүй байсан. Миний сууж явсан машины урд талын гүүпер хагарсан байсан. Манлайбаяр бид 2 Архангай аймгийн төвд машин дотроо унтах гээд хэвтсэн боловч шумуул хазаад тухтай унтаж чадаагүй байсан бөгөөд өглөө эрт очих газраа очъё гэж бодоод үүрээр явж байсан юм. Тэгээд би цагаан давааг давтал унтаагүй сэрүүн явсан бөгөөд машины ачаа их байсан болохоор их удаан явж байсан. Тэгээд намайг унтаад сэртэл осол болчихсон байсан. Манлайбаяр өөрөө хэлэхдээ би хэсэгхэн хугацаанд анхаарал алдчихсан байна миний унаж явсан машины эвдрал нөлөөлөв үү яагаад осол гарчихваа гээд гайхаад байсан. Манлайбаяр архи уугаагүй эрүүл байсан. Миний бие хэвийн байна. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манлайбаяр нэг хувийн компанид нярав ажил хийдэг бөгөөд өөрийнхөө ажлаар явахдаа намайг дагуулж явсан юм. Манлайбаяр зан байдлын хувьд нийтэч, шударга, яриа хөөрөө сайтай залуу. Манлайбаяр хэд хэдэн удаа шарлаж байсан болохоор архи нээх уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/

Гэрч Ж.Баяраагийн өгсөн: 

“...2016 оны 07 сарын дундуур Улаанбаатар хотоос Завхан аймгийн нутаг руу би эхнэр болон хүүхдүүдийн хамт амарж зугаалахаар явсан. Тэгээд 2016 оны 08 сарын 01-ний өдөр Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд хүү Төмөрхуяг, охин Азжаргал, эхнэр Нурмаа, эхнэрийн дүү Баяраа, түүний хүүхэд Энх-Учрал, миний ач Анх-Очир бид нар Төмөрхуягийн цагаан өнгийн верна маркийн машинтай явсан. Замдаа Завхан аймгийн Тосонцэнгэлд зогсож цай уусан бөгөөд өөр зогсолгүй шууд явсан. Тэгээд Архангай аймгийн төв орох гээд цагаан давааны ар талд явж байхад би  хэсэгхэн зүйрмэглэх гээд нүдээ аниад хэвтэж байтал урд талаас нэг том машин яваад байсан. Би хүү Төмөрхуягт том машин гэмтэй байдаг шүү зөөлөн яваарай гэж хэлээд явж байтал нөгөө том машин урсгал сөрөөд байх шиг байсан би хэсэгхэн зүйрмэглэж байтал тас хийгээд яваад өгсөн. Тэгээд нэг мэдсэн машин замын урд талд гарчихсан машины хажуу тал цөмөрчихсөн хүү Төмөрхуягийг машинтай нь гацаачихсан байсан. Тэгээд замд явж байсан портер машинаар өөрийн ач Анх-Очиртой хамт Архангай аймгийн төв орж ирээд эмнэлэг дээр буусан. Миний баруун гар хөдлөхгүй байгаа, мөн цээжний зүүн талаар өвдөөд байгаа. Эхнэрийн дүү Баяраа болон түүний хүүхэд Энх-Учрал нарын биеийн байдал нилээн муу байгаа их цус алдсан бололтой байсан. Миний хүү Төмөрхуяг болон охин Азжаргал нарын бие бас гэмтэлтэй байгаа одоо эмч нар үзэж байгаа. Би жолоочийн хажуу талд ач Анх-Очиртой хамт явсан. Жолоочоор Төмөрхуяг явж байсан. Жолоочийн ар талд А.Баяраа, өөрийн хүү Энх-Учрал, хажуу талд нь миний охин Азжаргал, хамгийн зүүн талд эхнэр Нурмаа нар сууж явсан. Төмөрхуяг архи уугаагүй эрүүл байсан. Төмөрхуяг огт зүйрмэглээгүй. Машин дотроо хөгжим тавиад хэдүүлээ юм яриад яваад байсан. Архангай аймгийн тав ороод хэсэг амраад цааш явна гэж ярьж байсан. Миний хүү Төмөрхуяг 80 км цагаас илүү хурдтай явахгүй байсан. Осол болох үед хурдаа хасаад бага хурдтай явсан гэж ярьж байсан. Би яг осол болоход унтчихсан байсан. Би хэн гэдэг ямар улсын дугаартай машинаар Архангай аймгийн төвд ирсэнээ мэдэхгүй байна. Би замын нэг машинд суугаад эмнэлгийн гадаа буучихсан. Миний зүүн гар шуу хэсгээрээ өвдөж байна хөдөлгөх гэхээр сайн болохгүй байна. мөн цээжний зүүн талаар өвдөөд байгаа. Зүрх савлаад байна. Надад одоо гомдол санал гээд байх зүйл алга эмнэлэгт байгаа хүүхдүүдийн биеийн байдал сайн болоосой гэж хүсэж байна. Гадаа харанхуй, үүр цайх гэж л байсан.

Осол болсны дараа Манлайбаярын талаас эхнэр бид хоёрыг томографикийн зураг авахуулж тэр үед нь эмчийн бичиж өгсөн ойр зуурын өвчин намдаах эмийг л авч өгсөн. Үүнээс хойш дахиж надтай уулзаагүй. Би өөрөөсөө мөнгөө гаргаж гадуур эм тариа авч хэрэглэсэн. Би өөрөөсөө 20.000 төгрөг гаргаж эм тариа авсан. Надад баримт нь байхгүй. Намайг яаж байна гээд ганц удаа утсаар ярихгүй байна. Би тэр залууд гомдолтой. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 54 дүгээр тал/ 

Гэрч Ч.Батхуягийн мэдүүлэг: 

“...Люсвүүд Хаус ХХК-ийн бараа барилгын материалын нярав ажилтай Манлайбаяр нь 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн машинаар 2016 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос хөдлөөд Архангай аймгийн Өгийнуур суманд 07 сарын 31-ний өдөр 14 цагийн үед ирсэн. Би Архангай аймгийн Өгийнуур суманд холбооны техникийн байо барьж байгаа бөгөөд Манлайбаяр надад барилгын материал авч ирээд 08 сарын 01-ний 14 цагийн үед Өгийнуур сумаас Архангай аймгийн төвийн чиглэлд явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2016 оны 08 сарын 02-ны өдөр Манлайбаяр Архангай аймгийн Цагаан давааны ар талд осол гаргасан байна гэж хэлэхээр нь би аймгийн төвд ирж ослын газарт очиж үзсэн. Манлайбаярын жолоодож явсан машин эсрэг урсгалд ороод цагаан өнгийн верна маркийн машинтай мөргөлдсөн бололтой зам дээр машины дугуйн мөр үлдэж замын урд талд Манлайбаярын жолоодож явсан 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн машин зогсож байсан. Манлайбаяр урсгал сөрж осол гаргах болсныг мэдэхгүй байна. Цагаан өнгийн верна маркийн машинд зорчиж явсан нэг хүүхэд аймгийн эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байсан. Бусад зорчиж явсан хүмүүсээс нэг хүний биеийн байдал хүнд хөдөлгөж болохгүй аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа бусад хүмүүсийн биеийн байдал харьцангуй хэвийн Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ өгөхөөр явж байгаа. Би Манлайбаяртай хамт ажиллаад 6 сар орчим болж байгаа. Манлайбаяр ажилдаа сайн, ажилчид дундаа нэр хүнд сайтай, машин сайн жолооддог, тайван дөлгөөн зантай хүн юм. Одоогийн байдлаар хохирогч нартай уулзаад байгууллагын зүгээс хохирол төлбөрийг барагдуулах тал дээр ажиллаж байна. Хохирогч нарыг гомдол саналгүй болгох болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/

Гэрч А.Отгондуламын өгсөн: 

“...2016 оны 08 сарын 02-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Архангай аймгийн нутагт явж байсан манай хамаатнуудын машин аваарт орсон байна гэж надад хэлсэн. Уг аваарт миний төрсөн ах Доржбаяр болон түүний хүүхэд Энх-Учрал нар их хүндээр бэртэж гэмтээд биеийн байдал муу Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Би 2016 оны 08 сарын 02-ны өдөр Архангай аймгийн нутагт ирээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай уулзтал дүү Энх-Учрал нас барчихсан байсан, мөн Доржбаяр ах ухаангүй хагалгаанд орчихсон байсан. Одоогийн байдлаар Доржбаяр ахын биеийн байдал маш муу байгаа ухаангүй, тархи нь үхжиж байгаа, зүрх нь хэвийн ажиллагаатай  байгаа гэж хэлсэн. Доржбаяр ахтай хамт нэг машинтай явсан хүмүүс нь хэлэхдээ урдаас явж байсан машин урсгал сөрөөд урдаас яваад байхаар нь гэрлээрээ дохитол чигээрээ яваад байсан гэсэн тэгээд зам тавьж өгөх гэтэл шууд ирж мөргөөд осол гарсан гэж ярьж байсан. Тийм болохоор осол гаргасан ачааны машинтай хүмүүсийн буруугаас осол гарсан гэж бодож байна. Миний ах Амаранаа овогтой Доржбаяр нь 1981 оны 11 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа аав, ээжийнхээ гар дээр Улаанбаатар хотын Дэнжийн мянга хороололд өссөн бөгөөд Улаанбаатар хотын 12 дугаар сургуульд сурч төгссөн, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг хүн юм. Доржбаяр ах 2008 онд Адъяанэргүй гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод 2009 онд нэг хүүтэй болсон. Тэр хүү нь сая осолд ороод нас барчихлаа. Доржбаяр ах Адъяанэргүй гэдэг эмэгтэйтэй 3 жил орчим амьдраад салж тусдаа амьдарсан бөгөөд хүүхдээ 2 талдаа ээлжилж авч өсгөж байсан. Голдуу талийгаач хүү Энх-Учрал нь ээжтэйгээ хамт байдаг байсан. Доржбаяр ах зан байдлын хувьд яриа хөөрөө сайтай, эвсэг, хүнтэй амархан учраа олчихдог хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/  

 

Шинжээч М.Энхбатын өгсөн: 

 

“...13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашины тиаг төмөр хугарсан, инстермэн хугарсан, үрүүлийн аппаратны боолтууд тасарсан, урд тэнхлэг зүүн талаараа хойшоо гүйсэн гэх мэт гэмтлүүд автомашинд үүссэн үед автомашин замын хөдөлгөөнд хэвийн оролцох ямар ч боломжгүй. Энэ эвдрэл гэмтлийн осол гарсны дараа буюу урдаас явж байсан верна маркийн машинтай мөргөлдсөнөөс болж үүсэх боломжтой. Дээрх гэмтэл учирсан тохиолдолд үрүүл ямар ч жолоодлогогүй болж машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Дээрх гэмтэл эвдрэл нь Нортбенз маркийн авто машин өөрөө хэвийн явж байгаад үүсэх боломжгүй. 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашины истермэн нь хатуу төмөр байдаг бөгөөд хэвийн хөдөлгөөнд оролцож байхад истермэн тасрах боломжгүй бөгөөд ямар нэгэн гадны нөлөөлөл буюу ослын улмаас тасрах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 дугаар тал/

 

Гэрч Г.Ундралын өгсөн: 

 

“...2016 оны 08 сард манай байгууллагын ачааг тээвэрлэж явсан Б.Манлайбаяр нь Архангай аймгийн нутагт зам тээврийн осол гаргасан байсныг тухайн үед нь сонсож мэдэж байсан. Манай байгууллага нь 2016 оны 09 сард нэрээ өөрчилж Люксвүүд групп гэсэн нэртэй болсон. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Холбогдох хууль эрх зүйг судлаж байгаад шүүх хурал дээр санал хүсэлтийг тавих болно. Манай байгууллагын захирал С.Цогтсайханы төрөл садангийн хүн нь Тахидаг Хайрхан ХХК-ийн захирал бөгөөд Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Осол болох үед Манлайбаярын жолоодож явсан тээврийн хэрэгсэл бол Тахидаг Хайрхан ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч манай байгууллагын ажил үйлчилгээнд явдаг машин байсан бөгөөд хоёр байгууллагын хооронд гэрээ хийгдэж манай байгууллага худалдаж авахаар тохирсон байсан боловч гэрчилгээн дээрх нэрийг сольж чадаагүй одоог хүрсэн юм. Тийм болохоор манай байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзэж болно. Манай байгууллагаас уг машины татвар, оншилгоо гээд холбогдох зардлыг төлж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/82-83 дугаар тал/

 

Сэжигтэн, яллагдагчаар Б.Манлайбаярын өгсөн: 

 

“...Би Люксвүүд хаус ХХК-нд 2015 оны 06 сарын 22-ний өдрөөс хойш няравын ажил эрхэлж байгаа юм. Миний ажилладаг Люксвүүд хаус ХХК нь хувийн орон сууцны гадна тохижилт хийдэг, мөн орон сууц, байр, байшин барьдаг байгууллага юм. 2016 онд Архангай аймгийн Өгийнуур, Өндөр-Улаан, Цахир сумдуудад Холбооны техникийн байр барьж өгөх тендэр авч барилга барих материалыг би хүргэхээр өөрийн багын найз Эрхэмбаярын хамтаар байгууллагын эзэмшлийн 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн машинд барилгын материал ачаад 2016 оны 07 сарын 30-ний орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд маргааш өдөр буюу 07 сарын 31-ний өдөр 15 цагийн үед Өгийнуур суманд очиж ачаагаа буулгасан. Тэгээд 2016 оны 08 сарын 01-ний 18 цагийн үед Өгийнуур сумын төвөөс Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын чиглэлд яваад шөнийн 22 цагийн үед аймгийн төвд орж ирсэн. Тэгээд аймгийн төвөөр явж хоол идэх гэтэл хоолны газрууд хаачихсан хоол зарах газар олдохгүй болохоор нь машин дотроо хэсэг амарч гаазан дээр ойр зуурын идэх юм хийж идээд машин дотроо амарсан. Маргааш өглөө нь буюу 08 сарын 02-ний үүрээр босоод 04 цагийн үед Цагаан даваа руу хөдөлсөн. Тэгээд Цагаан давааг давах буух гэж бараг 1 цаг гаран хугацаа зарцуулаад шороо замыг дуусаад засмал зам руу орсон. Би ачиж явсан бараагаа Архангай аймгийн Өндөр-Улаан суманд буулгах ёстой байсан юм. Цагаан давааг давах гэж их удаан явсан болохоор миний хажууд сууж явсан найз Эрхэмбаяр давааг давчихлаа гээд тайвшираад унтчихсан. Тэгээд би машинаа зогсоож амрах юм бодоод явж байтад машины руль зөв тал руугаа булаагаад байх шиг байсан. Би гайхаад яагаад зөв талруу руль булаагаад байгаа юм бол гэж бодож хэсэгхэн хугацаанд анхаарал саринаад эсрэг урсгалд орж өөдөөс явж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд би жолоодож явсан машинаа тоормослож чигээр нь замын урд талд зогсоод машинаас бууж надтай мөргөлдсөн машин дээр иртэл цагаан өнгийн верна маркийн машин байсан бөгөөд уг верна маркийн машины зүүн талын хаалга, зүүн талын карлан, гүүпэр, салхин шил, зүүн урд талын дугуй зүүн талын бүхийл зүйлс нь их хэмжээгээр эвдэрч хаалга нь баганатайгаа цааш хонхойж онгойх боломжгүй болж жолоочийг хөдөлгөөнгүй дарчихсан байсан мөн машинд сууж явсан хүмүүс ихэнх нь ухаангүй байсан. Машины хойд талын суудал дээр сууж байсан жижиг хүү ухаангүй болчихсон байсан, нэг залуу толгой өвдөөд байна гээд толгой руугаа цохиод байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан үүр цайж эхлэх гэж байсан бөгөөд тэнгэрийн хаяа цагаарсан байсан юм. Осол гарсан газрын хажуугаар явж байсан замын машинуудад осолд орсон цагаан верна машинд сууж явсан хүмүүсээс Архангай аймгийн төвийн эмнэлэг рүү суулгаж явуулсан. Тэгээд аймгийн түргэн тусламжийн машин ирээд жолооч болон жолоочийн хойд талд сууж явсан залуу хоёрыг аваад явсан. Аймгийн эмнэлэгт ирээд 17 цагийн үед ухаангүй байсан хүү нас барчихсан. Мөн жолоочийн хойд талд сууж явсан толгой өвдөөд байна гээд байсан Доржбаяр гэдэг залуу Архангай аймгийн эмнэлэгт ирж хагалгаанд ороод ухаангүй байдалтай хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бусад машинд сууж байсан Нурмаа, Төмөрхуяг, Азжаргал, Анх-Очир, Баяраа гэдэг хүмүүс Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжилийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би 2016 оны 08 сарын 04-ний өдөр утсаар ярьж асуухад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн байхгүй гадуур эмчилж болно гэдэг байдлаар эмч нь хэлсэн гэсэн. Би осолд орсон хүмүүсийн эмчилгээ, эмч тариа болон хот руу зөөвөрлөж буй зардал мөнгийг нь хувиасаа болон байгууллагынхаа зүгээс өгч байгаа. Би яасан ч эдгээр хүмүүсийг хохирол гомдолгүй болгох болно. Миний жолоодож явсан машины руль зөв тийшээ булааж өөрийн машинд анхаарал сарнин эсрэг урсгалд орж өөдөөс явж байсан машинтай мөргөлдсөн. Би унтаагүй, Цагаан даваанаас буухад замын эвдрэл овон товон ихтэй байсан учир машины стремен тасран тэнхлэг гүйж осол болох шалтгаан болсон байх гэж үзэж байна. Осол болсоны дараа жолоодож явсан машинаа үзэхэд тиаг төмөр хугарсан, истермэн хугарсан, үрүүлийн аппаратны боолтнууд тасарсан, урд тэнхэлэг зүүн талаараа хойшоо гүүсэн гэх эвдрэл гэмтэлүүд үүссэн байсан. Би дээрх эвдрэл гэмтлүүд осол болохын өмнө юм уу осол болох үед юм уу аль үед үүссэнийг тодорхой хэлж мэдэхгүй байгаач осол болохын өмнөхөн машины стремен тасран тэнхлэг гүйж осол болох шалтгаан болсон байх гэж бодож байна. Үүнийг шинжилгээний байгууллага тогтоож өгөх байх гэж бодож байна. Люксвүүд хаус ХХК-нд тухайн үед надаас өөр Нортбенз жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаагүй болохоор би машин жолоодож тээвэр хийж явсан юм. 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгсэл манай байгууллагын захирал Цогтсайханы эзэмшилд байдаг. Би осол болсоны дараахан мэдүүлэг өгсөн бөгөөд осол хийчихсэн сандарсан байдалтай байхдаа мэдүүлэг өгөөд би унтчихсан гээд хэлчихсэн юм. Одоо бодоход би унтаагүй машин зөв тийш руль булаагаад байхаар нь хэсэгхэн анхаарал сарниад уг ослыг гаргачихсан юм. Машинд эвдрэл үүсчихээд руль булаагаад байсан байх гэж би бодож байна.

Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мөрдөн байцаалтанд сэжигтнээр мэдүулэг өгөхдөө болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн одоо надад хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Би осол гарсан өдрөөс хойш хохирогч нарт нийт 10 сая төгрөгийн зардал гаргасан байна. одоо надад 8.560.000 төгрөгийн баримт байгаа бөгөөд үлдсэн 1.440.000 төгрөгийг Архангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх болон Улаанбаатар хотод эмчилгээний зардалд мөнгө бэлнээр өгсөн учир надад баримт байхгүй байгаа. Намайг мөнгө өгсөнийг хохирогч нар бүгд мэдэж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би хохирогч нарын цаашдын эмчилгээ сувилгааг хохирлыг үргэлжлүүлэн барагдуулах болно. Ойрын хугацаанд Азжаргалын нүүрэнд үлдсэн сорвийг арилгуулах гэж байгаа, саяхан Доржбаярыг эмнэлгээс гаргаад сахиурынх нь хамт сувилалд хэвтүүлсэн байгаа. Осол гарах үед хохирогч талын цагаан өнгийн верна маркийн авто машин хэдий өөрийнхөө эгнээнд явж байсан ч ямар нэгэн байдлаар бултаж зайлах, хурд сааруулах, самбаа гаргах арга хэмжээ аваагүй, шууд миний машинтай мөргөлдөж осол гарсан учираас машины жолоочид гомдолтой байна. Тухайн үед цагаан өнгийн верна маркийн машины явж байсан замын далан намхан байсан учир замаас гарч аюулыг өнгөрөөх бүрэн боломжтой байсан гэж би бодож байна. Би хохирол мөнгө өгсөн баримтыг хэрэгт хавсаргах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 206-207, 210-211 дүгээр тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Б.Төмөрхуягийн биед тархи доргилт, зүүн эгэмний үений өвчүүтэй бэхлэгдэх хэсгийн мултрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Ж.Нурмаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Ж.Баяраагийн биед цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Т.Анх-Очирын биед зүүн хөлийн шагайн гадна хажууд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...А.Доржбаярын биед гавал тархины ил хүнд гэмтэл, гавлын баруун талын дух, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын дух, зулай ясны хөндлөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны дээрх цусан хураа, тархины эдийн няцрал тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх цус харвалт, комын байдал, баруун, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-д зааснаар дээрх амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. Ирүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Б.Төмөрхуягийн гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илрэв. 3. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 119 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Б.Азжаргалын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун гуя, нуруу, зүүн мөр орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 181 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Дүгнэлтэд: “...1. Талийгаач Энх-Учралын биед оношын 1-рт тусгагдсан хавсарсан хүнд гэмтэл болох гавал тархины ил хүнд гэмтэл, уушигны эдийн няцрал, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, 3-рт тусгагдсан зүүн бугалга ясны далд хугарал, хамар ясны хугарал болон биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 4. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач Д.Энх-Учрал нь 2016 оны 08 сарын 02-ны өдөр 07 цаг 20 минутад эмнэлэгт ухаангүй, биеийн байдал маш хүнд байдалтай хүргэгдэн ирээд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийгдсэн боловч үр дүнгүй байсаар 2016 оны 08 сарын 02-ны өдрийн 17 цаг 20 минутад нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 125 дугаар тал/

 

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1.1 Верна аксент маркийн 98-26 УНН улсын дугаартай автомашины жолооч Б.Төмөрхуяг нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 1.2 Б.Манлайбаяр нь Нордбенз маркийн 13-22 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-д зааснаар “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн. 2. Б.Манлайбаяр нь Нордбенз маркийн 13-22 УНН улсын дугаартай автомашин жолоодон явж байгаад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-д зааснаар “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас гарсан. 3. Жолооч Б.Төмөрхуяг, Б.Манлайбаяр нар нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхтэй байна. 4. ЗХАБТХ-н 28.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол арга хэмжээ авахаар заасан байдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 157 дугаар тал/

 

* Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 08 сарын 10-ны өдрийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзээгүйгээс мөн жолоочийн хариуцлаггүй байдлаас болж осол гарсан гэж үзэж байна. 2. Тухайн тээврийн хэрэгслийг цагаан давааны ард, мод үржүүлгийн урд төв зам дээр очиж үзэхэд 13-22 УНН дугаартай тээврийн хэрэгсэлд ерөнхий үзлэг хийхэд урд талын гүпер, их гэрэл, зүүн талын дохио хагарч бутарсан, урд тэнхлэг зүүн талаараа хойшоо гүйсэн, исермэн нь тасарч, зүүн талын сороочигний хадаас нь тасарсан, хэвтээ тэнцүүлэгчийн боолт тасарч унжсан, зүүн талын тиаг нь угаараа хугарсан байдалтай байна. 3. 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашины истермэн боолт суларсанаас урд тэнхлэг хойшоо гүйж жолооны механизмд өөрчлөлт орсон байх магалдлалтай юм. 4. Эдгээр гэмтлүүд осол гарах үед үүссэн гэж үзэж байна. 5. Уг гэмтлүүд нь осол болсоны дараа үүссэн гэмтэлүүд 6. 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашин нь одоогоор авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 168 дугаар тал/

 

* Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар тал/

* Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал /

* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9, 20-21, 126-128, 169-170 дугаар тал/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215, 216 дугаар тал/ 

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав. 

 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн хашааны урд талын асфальтан зам дээр зам тээврийн осол гарч иргэн Д.Энх-Учралын амь хохирсон, хохирогч А.Доржбаярын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна. 

Прокурорын газраас шүүгдэгч Б.Манлайбаярт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүгдэгч Б.Манлайбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн хашааны урд талын асфальтан зам дээр 13-22 УНН улсын дугаартай Норд бенз маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалтай хоёр  эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Б.Төмөрхуягийн өмчлөлийн 98-26 УНН улсын дугаартай Х-Верна маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж зорчигч 7 настай Д.Энх-Учралын амь насыг хохироосон  болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, зорчигч А.Доржбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Адъяанэргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам, гэрч Ж.Нурмаа, Ж.Баяраа, Б.Төмөрхуяг, Б.Азжаргал, Э.Эрхэмбаяр, Ч.Батхуяг нарын мэдүүлэг болон нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Манлайбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Манлайбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Д.Энх-Учралын амь насыг хохироосон, хохирогч А.Доржбаярын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Манлайбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Манлайбаяр нь хэдийгээр анх удаа болгоомжгүй хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам болон иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаа нар  нь гомдол саналтай гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам нь баримтаар 6.111.233 /зургаан сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан хохирогчийн эмчилгээнд хэрэглэсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирсэн холбогдуулан гаргасан зардал болох 2.072.073 /хоёр сая далан хоёр мянга далан гурав/ төгрөгийг гаргуулж, харин хохирогч А.Доржбаярын хоол хүнсэнд хэрэглэсэн, утасны нэгж авсан гэх 4.039.160 /дөрвөн сая гучин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийн зардал нь гэм хорын хохиролтой холбоотой зайлашгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам нь цаашид гарах эмчилгээний зардал болон тэжээн тэтгэхтэй холбогдсон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,  

Иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаа болох Б.Азжаргал нарын нотлох баримтын шаардлага хангаж байгаа эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд ирсэнтэй холбогдуулан гарсан зардал болох 553.665 /таван зуун тавин гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалд, 574.000 /таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаад гаргуулж,  нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хэрэгт хуулбар хувиар ирүүлсэн шүүх хуралдаанд ирсэн гэх зардлыг гаргуулах боломжгүй байх тул нотлох баримтын шаардлагыг ханган иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд тус тус дурдан шийдвэрлэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам болон иргэний нэхэмжлэгч Б.Азжаргал нарын өмгөөлөгчид төлсөн гэх зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардал биш байх тул гаргуулах боломжгүй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашиныг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Нарны зам-81 Жи Эс төвийн 2 давхарт байрлах “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Манлайбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Манлайбаярын №512762 дугаартай BCE ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 

 

Хэрэгт хураагдан ирсэн №00810029 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасны дагуу хууль ёсны эзэмшигч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Нарны зам-81 Жи Эс төвийн 2 давхарт байрлах “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Болдын Манлайбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашиныг “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Б.Манлайбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдсан №00810029 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №512762 дугаартай Б.Манлайбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйл, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам, иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаа нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар иргэний хариуцагч “Люксвүүд групп” ХХК-аас 2.072.073 /хоёр сая далан хоёр мянга далан гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондуламд, 553.665 /таван зуун тавин гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалд, 574.000 /таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаад тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондуламын нэхэмжилсэн 4.039.160 /дөрвөн сая гучин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Манлайбаяр урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

13. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Манлайбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР