Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/237

 

                                                           

 

 

 

 

 

     2021           3             10                                         2021/ДШМ/237                         

 

       Б.Уд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Д,

хохирогч Д.С,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.З,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.З, хохирогч Д.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Уд холбогдох эрүүгийн 2003 00000 0421 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алтай овгийн Баасанжавын Уянга, 1992 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “Ремакс пийс” ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмэг эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 10 дугаар байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УД92120704/;

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баясах трейд” ХХК-ийн баруун талын замд “Тоёота акуа” загварын 123 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Уыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.С нь цаашид гарах гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Б.Уын 797134 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Уд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчлүүлэхээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Би өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Д.Сын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ өнөөдрийг хүртэл чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаа билээ. Хэрэг гарсан өдрөөс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өдрийг хүртэл би аавынхаа хамт Д.Стой утсаар холбогдох болон биечлэн эмнэлэг болон гэрт нь очин уулзаж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж, эмчилгээний болон эмийн зардлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний хувьд айлын ууган охин бөгөөд аав, ээж, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суудаг. Мөн 2018 оноос эхлэн “Ремакс Пийс” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт оффис менежерээр 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа билээ.  Би цаашид хохирогч Д.Сын биед учруулсан гэмтэл бүрэн эдгэрэх хүртэл шаргуу хөдөлмөрлөж, эмчилгээний болон сувиллын бүхий л зардлыг гаргаж өгөхөө илэрхийлж байгаа тул гомдлыг минь хүлээн авч, 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Н.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тодруулбал:

Миний үйлчлүүлэгч Б.У нь өөрийн хийсэн үйлдлийнхээ гэм бурууг мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн бүхий л үе шатанд хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, холбогдох эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж барагдуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Энэ нь хохирогч Д.С болон Б.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эмчилгээний зардалд төлсөн баримт зэргээр харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан боловч дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй миний үйлчлүүлэгч Б.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдлын агуулга, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б.Уд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй хэмээн үзсэн.

Гэтэл шүүгдэгч Б.Уын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сын эмчилгээний зардалд нийт 3.537.396 төгрөгийг төлж барагдуулсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Мөн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг маань “Урьдаас бодож төлөвлөөгүй нөхцөл байдлаас болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байхаар хуульчлан тогтоож өгсөн байтал анхан шатны шүүхээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцсон гэж үзсэн боловч 1 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд хуульд заасан шаардлагын хүрээнд нарийн тусгаагүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сын зүгээс “Би аудитын үнэлгээ хийлгээд нэг сарын 4.400.800 төгрөгийн орлоготой гэж тогтоогдсоныг 3 сараар үржүүлэхээр 13.202.400 төгрөгийн орлого олох байсан. Өмгөөлөгчийн хөлс гэж би 1.000.000 төгрөг төлсөн. Аудитын байгууллагын хөлс гэж 350.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 14.552.400 төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул хохирогчийн нэхэмжилсэн 14.552.400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй хэмээн үзсэн.

Дээрх гарган өгсөн баримтууд маань хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул анхан шатны шүүхийн зүгээс тухайн хохирлыг хангаагүй нь үндэслэлтэй хэмээн үзэж байна.

3. Шүүгдэгч Б.Уын хувьд 2018 оноос эхлэн “Ремакс пийс” үл хөдлөх зуучлалын газарт оффис менежерээр сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж явдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бүрдсэн байгааг харгалзан үзэхийг хүсэж байна.  

Иймд гомдлыг хүлээн авч Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

 

Хохирогч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хохирогч би гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 12 сая төгрөг авахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Үүнд 2 сая төгрөгийг бэлнээр авсан, 10 сая төгрөгт тооцож шүүгдэгч Уянгын өмчлөлийн 38-45 УНО улсын дугаартай “Тоёото акуа” загварын машиныг авахаар болсон тул хохирогчийн зүгээс гомдол саналгүй болно.

Хохирогчийн хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уд оногдуулсан ял нь хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Уянга нь анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Б.Уд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Миний зүгээс Уянгад гомдол, саналгүй болно. ...” гэв.

 

Прокурор Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сыг биед хүнд гэмтэл учирсан. Прокурорын зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар санал оруулсан боловч анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх Б.Уд холбогдох хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шийтгэх тогтоолдоо нарийвчлан тусгасан байна. Хохирогч Д.С анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой гэдгээ илэрхийлж байсан. Хохирогч Д.С нь суга таягтай, эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баясах трейд” ХХК-ийн баруун талын замд “Тоёота акуа” загварын 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Сын “... Би таксинаас буугаад явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлд дунд хайсны хажууд ирээд харахад хойшоо явдаг чиглэлийн 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл зогсож өгөхөөр нь урдуур нь алхаад гартал 1 дүгээр эгнээгээр явж байсан машин надад зам тавьж өгөлгүй намайг мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” /1 хх 17-18/,

 

гэрч Э.Тайвангийн “... Б.У намайг машинтайгаа ирж аваад бид хоёр ХӨСҮТ-ийн уулзвараас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зүүн 4-н замын уулзвар луу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад “Баясах трейд” ХХК-ийн байрны харалдаа байдаг явган хүний гарцаар нэг хүн 2 дугаар эгнээгээр явж байсан машины урдаас гэнэт гүйгээд гарч ирсэн. Б.У тоормос гишгэсэн боловч тэр  хүнийг машины зүүн урд хэсгээрээ мөргөсөн. ...” /1 хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Сын биед зүүн сүүжний тогооны хугарал /ацетабул/, зүүн умдаг ясны зүүн доод салааны хугарал, тархи доргилт, дух, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, баруун зовхи, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1 хх 36-37/ гэх 12155 дугаартай дүгнэлт,

 

“... “Тоёота акуа” загварын 38-45 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баасанжавын Уянга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /1 хх 58-59/ гэх 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 183 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-6/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1 хх 7-11/, Д.Сын өвчний түүхийн хуулбар /1 хх 70-76/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Уын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.З, хохирогч Д.С нараас “... шүүгдэгч Б.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авлаа.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 

Шүүгдэгч Б.У нь анх удаа болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Сын “... Б.Уд гомдол саналгүй...” гэсэн хүсэлт зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаарх арга хэмжээ авах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн хэд хэдэн үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.З, хохирогч Д.С нарын гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт болон нэмэлт заалтыг тус тус оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Уд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, …” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаарх арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэсэн,

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Уд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

             3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            4. Шүүгдэгч Б.У нь 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР