| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00302/И |
| Дугаар | 129/ШШ2021/00346 |
| Огноо | 2021-07-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2021/00346
|
129/ШШ2021/00346 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С овогт Б.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С овогт Б.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ц нь Б.Б-тай 2016 онд анх танилцаж улмаар дотносон хамтран амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.У, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Б.З нар төрсөн. Одоо эрүүл энх өсөн бойжиж байна. Бид хоёр гурван жил хамтран амьдарсан. Б.Б нь сууснаасаа хойш намайг зодож эхэлсэн архи уудаг, намайг хардаж зоддог, толгой тархи руу гараараа цохино, өшиглөнө, намайг хэл амаар доромжилдог, ална хядна гэж айлгаж байнгын сэтгэл зүйн дарамтанд байлгадаг. Хэд, хэдэн удаа чирж хөөж туусан, шөнө унтаж байхад өшиглөж зоддог, миний хөлийг гэмтээж байсан. Б.Бд олон удаа зодуулснаас болж миний бие, хөл, гар, гэдэс гэх мэт газрууд хөхөрч хавдан өвчин ихтэй байдаг байсан. Би эхэндээ аав, ээждээ хэлдэггүй байсан. Сүүлдээ аав, ээждээ хэлээд одоо тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа. Бид хоёр тусдаа амьдраад найман сар гаран болж байна. Миний нөхөр Б.Б нь байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Энэ талаархи үйлдлүүдийг нь хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаагүй. Б.Б-гаас айдаг байсан юм. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болж бүтэхгүй юм байна гэдгээ ойлгож энэ талаараа хоорондоо ярилцаж тохирсон байгаа. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо нэг нэгээр нь авахаар тохиролцсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, бидний дундаас 2018 онд төрсөн охин Б.Уг эцэг Б.Бгийн асрамжинд, 2020 онд төрсөн охин Б.З-г эх Б.Ц миний асрамжинд тус тус үлдээж өгнө үү. Дундын өмч, эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Б.Б-тай хамтран амьдрах бодол байхгүй, мөн хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь Б.Ц-тай 2016 онд танилцан дотносож, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.У, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Б.З нар төрсөн. Охин Б.З-г ээж Б.Ц авч явсан. Б.У надтай үлдсэн одоо эрүүл саруул өсөн бойжиж байна. Бид хоёр гэр бүл болоод хөдөө аав, ээжийн дэргэд мал маллан амьдардаг байсан. Тухайн үедээ хэрэлдэж маргалдан би гар хүрсэн нь үнэн боловч байнга зодож дарамталдаг нь худлаа болно. Би өөрийн буруугаа ойлгон хэд, хэдэн удаа уучлалт гуйж очсон боловч эхнэр Б.Ц нь хөдөө мал маллан амьдрах дургүй учир ирэхгүй, би чамтай хамтран амьдарч чадахгүй гэсэн. Б.Б миний бие хоёр охиныхоо ирээдүйг бодон Б.Ц-с салах бодолгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Эвлэрэх гэж олон удаа үзсэн. Б.Ц-н хүсэлтээр 2 хүүхдээ нэг нэгээр нь аваад салъя гэж бодож байна. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр маргах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Б.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.У, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Б.З нар төрсөн ба одоо охин Б.У нь эцэг Б.Б-гийн хамт, охин Б.З нь эх Б.Ц-н хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн №......... дугаартай нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар хувь, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 341/000391 дугаартай охин Б.У-гийн “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Б.З-гийн төрсний гэрчилгээний №............ дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, А аймгийн Т сумын Х багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/189 дугаартай тодорхойлолт, Б.У, Б.З нарын эрүүл бойжиж байгаа талаар тодорхойлсон Т сумын Сум дундын эмнэлгийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.Ц нь “...Б.Б нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон...” гэдгээ илэрхийлсэн, хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад өгдөг бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигчид тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Б.Б нарын хувьд аль аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй ба зохигч хүүхдүүдийн асрамжийн асуудал дээр тохиролцсон, хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар хэн аль нь тайлбар гаргаагүй, мөн тэдний эрх ашигт нийцэхгүй гэж үзэх үндэслэл байхгүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Уг эцэг Б.Б-гийн асрамжинд, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Зг эх Б.Ц-н асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хамтран эзэмших дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар шаардлага гаргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Б.Б нар нь охин Б.У, Б.З нарын өмнө хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар С овогт Б.Ц, С овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин С овогт Б.У-г эцэг Б.Б-гийн асрамжинд, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин С овогт Б.З-г эх Б.Ц-н асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудал дээр маргахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Б-гаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
7 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА