Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00359

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00359

     

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00345/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, .......... тоот хаягт оршин суух, Б овогт П Б /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын ... дугаар багт оршин суух, Д  /РД:....../-т холбогдох,

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П.,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б. нь Д.Ц 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цагаан идээ худалдах худалдан авах гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг нөхөр Б.Э данснаас Д.Ц эхнэр Т дансанд шилжүүлсэн. Уг гэрээгээр нийлүүлэх ёстой байсан цагаан идээ ирэлгүй байсаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд нэг ч бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 562 000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 320 000 төгрөгийн ааруул өгсөн гэсэн хариуцагчийн байр суурийг хүлээн авч хасаад одоо 9 118 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хэлсэн төлбөр төлөх хугацааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би П.Б цагаан идээ нийлүүлэх зорилгоор 10 000 000 төгрөг хүлээн авсанаа зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 562 000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 320 000 төгрөгийн ааруулны нийлүүлэлт хийсэн байна. Иймд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгөөс нийлүүлэлт хийсэн 882 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 9 118 000 төгрөгийг 2020 онд 4 118 000 төгрөг, 2021 онд 5 000 000 төгрөгийг дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Ц 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн нийлүүлсэн 882 000 төгрөгийн барааны үнийг хасч, үлдэгдэл 9 118 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохоо илэрхийлсэн байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, хариуцагч нь 10 000 000 төгрөгийн бараа нийлүүлэх ёстойгоос 882 000 төгрөгийн барааг бэлтгэн нийлүүлсэн болох нь талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

9 118 000 төгрөгийн бараа бэлтгэн нийлүүлэх үүргийг гүйцэтгээгүй, уг төлбөрийг төлөх ёстой гэдэг дээр хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн төлбөрт ногдох үүргийг гүйцэтгээгүй хариуцагчаас дээрх 9 118 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөбр төлөх хугацааны саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхийн зүгээс хугацаа тогтоох боломжгүй болохыг дурдвал зохино.

Хариуцагч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

       ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц 9 118 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174 954 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 160 838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ