Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2021/00088

 

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00088

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00438/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн 3 дугаар баг, ....... тоотод оршин суух, Э.С./РД:... /,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн 3 дугаар баг, .... тоотод оршин суух, Б. овогт Б.Б./РД:... / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ..... тоотод оршин суух, Талиур овогт Ж.Э/РД:../-т холбогдох гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж , хариуцагч Ж.Э , хариуцагчийн өмгөөлөгч О. Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Э тэй 1998 онд танилцаж, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. 1999 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Л. , 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.С , 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.ц нар төрсөн. Ж.Э  бид хоёр гэрлэснээс хойш Хэнтий аймгийн Мөрөн суманд мал маллан амьдарч байсан. Нөхөр маань их шүрүүн зантай, огцом ууртай, анх гэрлэснээс хойш олон эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Энэ талаар нь хэлэхээр чамд хамаагүй, миний сонголт, үхэх мөрөөрөө үхэхгүй хамаг юм бусниуллаа гэж уурлаад намайг олон удаа зодож байсан. Анхнаасаа би эдийн засгийн хараат байдалд байж өөрийн дураар эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэлгүй байсан. Мөнгө хэрэглэх тохиолдолд хяналт тавьж, хэзээ хэдэн төгрөг юунд зарцуулснаа тайлбарлаж өг гэж шаарддаг байсан. 2002 онд 2 нялх хүүхэдтэйгээ зууралдаад хоол хийж амжаагүй байхад адуундаа явж ирээд хоол хийсэнгүй гэж зодсон. 2013 онд жирэмсэн байхад минь хардаж хаалга түгжээд зодсон. Би олон ч удаа цагдаад дуудлага өгч байсан. Цагдаа дуудвал ална шүү гэж улам хэрцгий зодсоноос болж дахин цагдаад дуудлага өгөөгүй. Охин Э.Б гийн дэргэд найздаа эхнэр, хүүхдүүд бол хог, эд хөрөнгө л чухал шүү. Би хайргүй хүнтэй сууж 24 жил хайрлаж байна, охин минь хайргүй хүнтэйгээ сууж болохгүй шүү гэж хэлсэн байсан. Охиныг минь энэ талаар ээждээ хэллээ чамайг ална шүү гэж газраар унтаж байхад нь хөл рүү нь өшиглөж загнаж дарамталсан. Охин минь ааваасаа их айдаг. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Э.г аймагт ирэхэд нь би цаашид энэ байдлыг тэвчиж чадахгүй, чамтай амьдрах боломжгүй, ийм эрсдэлтэй нөхцөлд хүүхдээ байлгаж чадахгүй гэж хэлэхэд уурлаж чамайг ална, чи хүүхдүүдээ уруу татлаа, би эцэг нь биз дээ яаж харьцах нь миний эрх гээд сүрдүүлэн хоолойг минь боосноос болж би амьсгал боогдон ухаан балартсан. Би хүүхдүүдээ эрсдлээс сэргийлж аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын түр хамгаалах байранд байрлаж байсан. Би 20 жилийн хугацаанд Ж.Э тэй хамт амьдрахдаа хүчирхийлэлийг тэвчиж ирсэн цаашид энэ хүний ааш зан засрахгүй гэдэг нь тодорхой тул гэрлэлтээ цуцлуулмаар байна. Бид хамтран амьдрах хугацаанд хамтын хөдөлмөрөөр малаа өсгөж одоо 1079 толгой мал 2019 оны эцэст тоолуулсан, мөн байр, эсгий гэр, машин, эмээл гэх мэт эд хөрөнгөтэй болсон. Хүүхдүүд маань бүгд ааваасаа айдаг болсон, би эхийн хайр халамжаар дутаахгүй өсгөж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Э.Б , хүү Э.ц нарыг миний асрамжид үлдээж, Ж.Э өөс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Хүү Э.Л  надтай хамт нэхэмжлэл гаргаж байснаа нэхэмжлэлээсээ татгалзсан. Хариуцагч Ж.Э  бид хоёр ярилцаад гэр бүлийн дундын эд хөрөнгө дээр эвлэрч шийдсэн гэв.

 

Хариуцагч Ж.Э  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б тай танилцаад гэр бүл болж 22 жил хамт амьдарч байна. 2 хүү, 2 охинтой болж сайхан амьдарч байсан. Би эмэгтэй хүнтэй нэр холбогдож байсан боловч гэр бүлээс гадуур харилцаатай байгаагүй. Эхнэр хүүхдээ зайл гэж хөөж явуулж байсан удаагүй. Бид мууцалдаж байсан, гэхдээ архи ууж элдэв зан гаргаж байгаагүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ж.Э  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б тай 1998 онд танилцаж, бидний дундаас 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Л , 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.С , 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.ц нар төрсөн. Хүү Э.ц маань бага байхаасаа аавтайгаа ойр дотно, аавдаа эрх, аавыгаа их дагадаг хүүхэд байсан. 3,4 настай байхдаа ээжийгээ төв ороход ээжтэйгээ хамт явахгүй, аавтайгаа үлддэг байсан. Одоо ээж Б  хамт Хэнтий аймгийн Өлзийт тосгонд амьдарч байгаа. Уулзахаар очиход намайг их санасан байдаг, үргэлж дагадаг. 2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуульд суралцдаг байсан. Одоо гэр бүлийн таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, амьдрах орчин солигдсоноос болж хүүгийн маань сурлагын чанар муудаж, хичээлдээ дургүй болох байдал ажиглагдаж байгаа. Хүү маань аавдаа ээнэгшин дассан учир миний бие 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э. Ц өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Б.Б. нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Э ийн асрамжид хүү Э. Ц өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр маш их хэрцгий, ууртай. Хүүхдүүдээ зоддог. Хүү Э.ц өөрийн саналыг шүүхэд ирж өгсөн. Ж.Э  шүүх хуралдаанд худал тайлбар гаргаж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б. нь хариуцагч Ж.Э т холбогдуулан гэрлэлт цуцлуулах,  хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Э.С , Э.Л  нар нь хариуцагч Ж.Э т холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Э  нь нэхэмжлэгч Б.Б д холбогдуулан хүү Э. Ц өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Э.Л  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ёөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч  Б.Б. нь хариуцагч Ж.Э тэй 1998 онд танилцаж, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 1999 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Л , 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.С , 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.ц нар төрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Ж.Э  нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, мөн гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Б.Б , хариуцагч Ж.Э  нарын аль аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дээр дурдагдсан конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг эхийн хэн нэгэнд хүүхдүүдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.

Зохигчдын мэтгэлцээний байр суурийн хувьд гэрлэгчдийн хэн аль нь хүү Э. Ц өөрийн асрамжид авна гэж маргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд хүү Э. Ц цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар асрамжийн талаар өөрийн саналыг хэлсэн хүү Э.ц нь эхийн хамт амьдрах хүсэлтэй болохоо илэрхийлсэн тул хариуцагч Ж.Э ийн нэхэмжлэгч Б.Б д холбогдуулан гаргасан хүү Э. Ц өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл хүү Э.ц нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоогийн байдлаар 7 нас 2 сартай байх бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тэрээр иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байна. Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд нь 18 нас хүртэл хууль ёсны төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр нийгмийн харилцаанд оролцож, тэдгээрийн асрамжид өсөн торних тул шүүхээс хүү Э. Ц ганцаараа биш төрсөн ах, эгч, дүү нарынхаа хамт нэг ам бүлд, бүгдээрээ хамт өсөн торних нь зүйтэй гэж үзлээ. Иймд 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.ц нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Мөн хүүхдийн асрамжийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Ж.Э ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байдал /хх-ийн 45-46/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 71-76/ зэргийг харгалзан үзсэн тул энэхүү нөхцөл байдлын талаар тусгайлан шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ж. Э хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Э.Б , хүү Э.ц нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээсэн нь эцэг Ж.Э өөс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, .....байрны 34 тоот, 42.7 м2 2 өрөө орон сууц, 4 ханатай иж бүрэн гэр, Батноров хийцийн дунд гарын эмээлийг нэхэмжлэгч Б.Б , Э.С , охин Э.Б , хүү Э.ц нарын өмчлөлд, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 9-20 тоотод байрлах дүнзэн байшин, тамбур, граж, 549 м2 газрыг нэхэмжлэгч Б.Б гийн өмчлөлд, 5 ханатай иж бүрэн гэр, ...ХЭҮ улсын дугаартай Ланд крузейр 80 маркийн автомашин, ...ХЭҮ улсын дугаартай Cadillac Escalade маркийн автомашин, Батноров хийцийн дунд гарын эмээлийн дөрөөг хариуцагч Ж.Э ийн өмчлөлд, Батноров хийцийн их гарын сүүлийн үеийн эмээлийг Э.Л ийн өмчлөлд, мөн нэхэмжлэгч Б.Б , Э.С , охин Э.Б , хүү Э.ц нарт гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох таван хошуу малаас:

Адуу 15 толгой, үүнд эр сарвай 2, эм сарвай 2, эр шүдлэн 2, эм шүдлэн 2, эр хязаалан, соёолон 3, эм хязаалан, соёолон 1, гүү 3,

Тэмээ 5 толгой, үүнд тайлаг 2, гунж 3,

Үхэр 15 толгой, үүнд үнээ 6, эр тугал 3, эм тугал 3, эм шүдлэн 2, эр шүдлэн 1,

Хонь 170 толгой, үүнд эм хонь 80, эр төлөг 35, эм төлөг 35, эр хязаалан 20,

Ямаа 72 толгой, үүнд эм ямаа 40, эр хязаалан 10, эр борлон 10, эм борлон 12-ыг өгөхөөр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, .....байрны 34 тоот, 42.7 м2 2 өрөө орон сууцнаас хамтран өмчлөгч Б.Б , Ж.Э  нар нь хамтран өмчлөгчөөс хасуулахаар тус тус тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.

Гэрлэлтийг шүүхээс цуцалсны дараа нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Ж.Э  нар нь хэрэв эвлэрч хамтран амьдрах бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан, мөн өөр хүнтэй гэрлээгүй бол шүүхээс гэрлэлтийг сэргээж болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 1,231,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э өөс 70,200 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 1,231,862 төгрөгийн тал хувь болох 615,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Ж.Э ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Э өөс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан .. тоот регистрийн дугаартай, Талиур овогт Ж. Э , ... тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Б.Б.нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.ц нарыг эх Б.Б гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Б , 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.ц нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Э өөр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, .....байрны 34 тоот, 42.7 м2 2 өрөө орон сууц, 4 ханатай иж бүрэн гэр, Батноров хийцийн дунд гарын эмээлийг нэхэмжлэгч Б.Б , Э.С , охин Э.Б , хүү Э.ц нарын өмчлөлд, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 9-20 тоотод байрлах дүнзэн байшин, тамбур, граж, 549 м2 газрыг нэхэмжлэгч Б.Б гийн өмчлөлд, 5 ханатай иж бүрэн гэр, ...ХЭҮ улсын дугаартай Ланд крузейр 80 маркийн автомашин, ...ХЭҮ улсын дугаартай Cadillac Escalade маркийн автомашин, Батноров хийцийн дунд гарын эмээлийн дөрөөг хариуцагч Ж.Э ийн өмчлөлд, Батноров хийцийн их гарын сүүлийн үеийн эмээлийг хүү Э.Л ийн өмчлөлд, мөн нэхэмжлэгч Б.Б , Э.С , охин Э.Б , хүү Э.ц нарт гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох таван хошуу малаас:

-адуу 15 толгой, үүнд эр сарвай 2, эм сарвай 2, эр шүдлэн 2, эм шүдлэн 2, эр хязаалан, соёолон 3, эм хязаалан, соёолон 1, гүү 3,

-тэмээ 5 толгой, үүнд тайлаг 2, гунж 3,

-үхэр 15 толгой, үүнд үнээ 6, эр тугал 3, эм тугал 3, эм шүдлэн 2, эр шүдлэн 1,

-хонь 170 толгой, үүнд эм хонь 80, эр төлөг 35, эм төлөг 35, эр хязаалан 20,

-ямаа 72 толгой, үүнд эм ямаа 40, эр хязаалан 10, эр борлон 10, эм борлон 12-ыг өгөхөөр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, .....байрны .. дүгээр, 42.7 м2 2 өрөө орон сууцнаас хамтран өмчлөгч Б.Б , Ж.Э  нар нь хамтран өмчлөгчөөс хасуулахаар тус тус тохиролцсоныгбаталсугай.

7. Нэхэмжлэгч Э.Л  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хариуцагч Ж.Э ийн нэхэмжлэлтэй Б.Б д холбогдуулан гаргасан хүү Н.Цэрэнпунцагийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 1,231,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э өөс 70,200 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 1,231,862 төгрөгийн тал хувь болох 615,931 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Ж.Э ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Э өөс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.А. даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Б.МАРИНА