Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 201722000130 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, О.Д-,

 Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Х.Б-ийн грашид нэвтрэн Тоёота Аллион маркийн ... дугаарын автомашиныг хулгайлж иргэн Х.Б-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.Д- нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Х.Б-ийн грашид нэвтрэн Тоёота Аллион маркийн ... дугаарын автомашиныг хулгайлж иргэн Х.Б-ид 13.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2017 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 30 минутын орчим манай эхнэр гадагш гарч бие засаад орж ирэхдээ чи машинаа хүнд өгсөн юмуу машин гражид байхгүй байна мөн гражын цонх хагархай байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гараад очиж үзсэн чинь гражын баруун талд байдаг 4 хэсэгтэй том цонхны хойд доод талын дөрвөлжин хэсгийн шил дотогшоо хагарч унасан дотор нь байсан машин маань байхгүй болсон байсан  гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23, 27-р тал/,

   Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Хатгал тосгоноос тээврийн хэрэгсэл алдагдсан талаар 02-р сарын 23-ны өдөр мэдсэн. Тэрнээс хойш гадуур эргүүл хийж явахдаа уг тээврийн хэрэгслийг хайж явж байсан. Тэгээд 02-р сарын 26-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгээд гэрэлтэй цонх дэлгүүрийн ойр орчмоор эргүүл хийгээд явж байтал сэжиг бүхий нэг талын 2 хаалга нь эвдэрсэн, баруун талын толь байхгүй тээврийн хэрэгсэл тэнд явж байсан тэгэхээр нь би машинаасаа буугаад очоод шалгаад үзтэл жолооч нь согтуу байсан. Тэгээд цагдаа руу аваад явах гэсэн чинь жолооч явахгүй зугатаачих гээд байхаар нь би эргүүлийн машин дуудсан тэгэхэд цагдаа Баярсайхан ирээд тэр жолоочийг аваад цагдаа руу явсан. Би өөрөө машиныг нь аваад журмын хашаа руу аваачиж журамласан. Намайг журмын хашаа руу аваад явж байхад машин дотор -- гэсэн 2 номер байсан. Би машиныг аваачиж журамлачихаад цагдаа дээр ирж нөгөө жолоочийг шалгаж үзсэн тэгэхэд тэр залууг О.Д- гэдэг залуу болохыг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

    Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Манай нөхөр 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 19 цаг өөнгөрч байхад гэртээ ирээд машинаа граждаа хийгээд орж ирсэн.  Тэгээд бид нар орой 22 цаг өнгөрч байхад унтаж амарцгаагаад өглөө 07 цаг 30 минутйын үед босоод 2 охин маань хичээлдээ явсан. Тэгээд би бага хүүхдийнхээ хамт нөхөртэйгээ үлдээд 09 цаг 30 минутын үед би гарч бие засахаар гарахад манай машины гражийн баруун талын цонх нь хагархай байхаар нь очиж цонхоор нь граж руу харад машин байхгүй болохоор нь гэртээ ороод нөхөртөө хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30-р тал/

    Гэрч А.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2017 оны 02 сарын 27-ны өдөр өглөө эрт ирж жижүүрийн рапорттой танилцсан тэгэхдээ эрүүлжүүлэх байр луу орж эрүүлжүүлэгдсэн хүмүүстэй уулзсан, тэгэхэд - О.Д- гэж залуу эрүүлжүүлэгдсэн байсан тэгэхээр нь  ямар учраас урүүлжүүлэгдсэн гэдгийг асуухад манай эмч М-Хатгал тосгоноос хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг унаж яваад согтуу учраас эрүүлжүүлэгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Д-тэй уулзсан тэгэхэд 85 настай аавтайгаөа золгомоор байна та гаргаад өгөөч би үнэнээ хэлье би унаж явсан машиныг Хатгалд очоод грашын цонхоор ороод авчихсан юм гэж хэлсэн тэгэхээр нь би чиний асуудлыг шалгах шаардлагатай юм байна гэж хэлчихээд эрүүлжүүлэх байрнаас гарсан гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/

   Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 30 минутанд ээлжээ хүлээн авсан тэгээд 09 цагаас эхэлж шүүх, прокурор дээр шалгагдаж байгаа хүмүүсийг бүртгэдэг юм. Тэгэхэд О.Д- ирж цагаа бүртгүүлээгүй байж байгаад 11-12 цагийн хооронд ирсэн тэгэхэд нь би яагаад ирж цагаа бүртгүүлээгүй талаар асуухад урагшаа Хилэнтийн гүүрний цаад талруу модонд явчихаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд өдөр чи цайны цагаар хажуудаа байлгаж басйан юм тэгсэн О.Д- 14 цаг өнгөрөөгөөд яваад өгсөн байсан. Тэгж яваад тэр орой 18 цагаас ирж бүртгүүлээгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38- тал/,

     Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9-р тал/,

     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-16-р тал/,

     Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-р тал/,

     Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-р тал/,

     Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 46-47-р тал/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2818 дугаартай

  • Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг тамхины ишний нэг нь сэжигтэн О.Д-гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

- Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг тамхины ишний нөгөө 2 ишинд нь нэг эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн ба сэжигтэн О.Д-гийн цусны ДНХ тогтоцтой тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын  эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Д- нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76, 89-107-р тал/-аар тус, тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д-д ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч О.Д-д ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарын тодорхойлолт /хх-ийн 72-73-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж О.Д-гээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины иш 3 ширхэгийг устгаж, дээл 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч О.Д-гийн цагдан хоригдсон 104 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шүүгдэгч О.Д-гээс 2.030.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Б-ид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Сахалт овогт О.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Д-гээс эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т зааснаар тусгай дэглэм бүхий байранд ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Д-гээс 2.030.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Б-ид олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ялтан О.Д-гийн цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины иш 3 ширхэгийг устгаж, дээл 1 ширхэгийг шүүгдэгч О.Д-д буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.  

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь хохиролоо иргэний журмаар болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ