Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.А***

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл хоорондын “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар бүхий “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж**********, С.С*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А***аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар бүхий “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Х.А*** нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар “Х.А***ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон,

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай“ 228 дугаар тогтоолоор “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.А***ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалт, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, Баян-Өлгийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үүрэг болгож...” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэж, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрийн албаны шалгалт өгч төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч... 2016 оноос хойш төрийн байгууллага буюу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаартай тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Одоогийн байдлаар тус албан тушаалд 14 сар буюу 1 жил 2 сар тасралтгүй халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд мерит зарчим буюу шатлан дэвших зарчмыг хуульчилсан юм. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "чадахуйн зарчим \мерит\ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг гэж заасан.

2/ Намайг уг албан тушаалд томилогдсон цагаас хойш ажил олгогчоос Төрийн албаны зөвлөлд сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй байгаа.

Х.А*** би уг албан тушаалын орон тоонд шалгаруулалт явуулах эрх бүхий этгээд биш юм. Иймд төрийн жинхэнэ албан хаагч Х.А*** надаас үл шалтгаалах нөхцөл байдалтай байхад Төрийн албаны зөвлөл нь надад огт мэдэгдэлгүйгээр иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэсэн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгохыг шаардаж байгаа асуудалд гомдолтой байна.

Нөгөө талаас ажил олгогч нь маргаан бүхий гэх тушаалыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар хүчингүй болгож, намайг үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байгаа нь маргаан бүхий захиргааны акт нь надад шууд холбоотой буюу миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж байна.

Би, сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдах хүртэл хууль ёсоор ажиллах ёстой.

3/ Төрийн албаны шалгалт өгөхдөө Баян-Өлгий аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын байцаагчийн орон тоон дээр тусгай шаардлагыг нь хангасан. Нөөцөд бүртгэлтэй байсан учраас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн халамжийн газрын хэлтсийн даргаар түр орон орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Шалгалтаа хуучин хуулийн үед буюу 2018 онд өгч байсан. Ерөнхий шалгалт өгсөн бол тусгай шалгалт өгөх байсан. Шаардлага хангаад мэргэшлийн шалгалт өгсөн. Нийгмийн даатгалын байцаагч болон Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт адилхан.

Тэр үеийн мэргэшлийн шалгалт одоогийн тусгай шалгалттай адил. Төрийн албаны зөвлөлөөс нөөцөд бүртгэгдсэн тухай тогтоол гарсан. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн учраас тусгай шалгалт өгөх шаардлагагүй гэж үзсэн юм.

3/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т жинхэнэ албан хаагч заагаагүй. Бусад төрийн албан хаагчдаас л гэж заасан байгаа. Төрийн үйлчилгээний ажилтан хүртэл орох эрхтэй” гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд бүртгэгдсэн, тухайн байгууллагад ажиллаж байсан учраас Хангамжийн хэлтсийн даргаар түр томилогдон ажлаа хэвийн хийж гүйцэтгээд явж байна.

Сул орон тоо 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бий болсон. Маргаан бүхий тогтоол гарснаас хойш 13 сар өнгөрсөн. Энэ хугацаанд ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлаагүй. Түр орлон гүйцэтгүүлж байгаа бөгөөд цаашдаа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Х.А*** өөрөө тусгай шалгалт зарлахгүй. Эрх бүхий албан тушаалтан тухайн салбар зөвлөлийн даргаас бичиг явуулж байсан. Өмнө 2018 оны мэргэшлийн шалгалтад тэнцээд шууд ажилд ордог байсан. Х.А***ын эрх зүйн байдал дордоод байна. Салбар зөвлөл ямар ч хариуцлагагүй байна. хүнийг тусгай шалгалт зарлаагүй. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байгаа. Сонсох ажиллагаа явуулах ёстой атал явуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 2021 оны 9 дүгээр 21-ний өдрийн зөрчил арилгуулах тухай 228 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ." гэж, 66 дүгээр зүйлийн 66.1.3 дахь заалтад "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх..." гэж заасны дагуу Tөрийн албаны зөвлөлд ирүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бус томилгооны талаарх иргэний мэдээллийн дагуу Зөвлөлийн даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.А***ыг томилсон үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт удирдамжид заасны дагуу хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 38 дугаар хуралдаанаар хэлэлцэж, Зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Х.А***ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тус газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, уг захирамжийг хүчингүй болгож, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.А***ыг томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.

2/ Х.А*** нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцэн, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж улмаар Баян-Өлгий үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж томилно" гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна." гэж тус тус заасныг зөрчиж Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тусгай шалгалт /тухайн албан тушаалын өгөөгүй, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад Х.А***ыг Томилсон байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3/ Түүнчлэн, Х.А*** 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн боловч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш гэж дүгнэсэн тул Х.А***ын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудсыг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

4/ Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл, журмыг хуульчилсан бөгөөд 42 дугаар зүйлийн 42.1.8-д албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан бол албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ, 43 дугаар зүйлийн 43.3-т "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан гаргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ", 43.3.3 дахь заалтад "энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх", 43.4 дэх хэсэгт "Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.", 43.6 дахь хэсэгт "Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно." гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтлан албан тушаалын албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ тур орлон гүйцэтгүүлэх зохицуулалттай болно.

Гэтэл Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хууль бусаар томилсон Х.А***ыг тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Х.А***ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “..:1/ Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчсөн гэж үзээгүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 43 дугаар зүйлийн  43.3.3, 43.6-д заасан зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэсэн тогтоол гарсан. Х.А*** 2016 оноос хойш тасралтгүй ажилласан гэдгийг Төрийн албаны зөвлөл үгүйсгээгүй

Ажиллаж байхдаа Төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан. 2018 онд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг өгч тэнцээд нөөцөд бүртгэгдсэн. Магадгүй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тохиолдолд хууль бус томилгоо гэж үзэхгүй.

Шинэ Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Иймд нөөцөд байх хугацаандаа буюу шинэ хууль хэрэгжиж эхэлсэн үеэс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчаар томилогдсон тул тусгай шалгалт өгөх ёстой. Тэрний дараагаар хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж заасан байдаг. Х.А***ын хувьд иргэнээс гомдол мэдээлэл ирсэн учраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээн хяналт шалгалт хийсэн.

Өмнөх хуулийн хэрэгжилт 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дууссан. Шинэ хуулийн хэрэгжилт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан тусгай шалгалт аваагүй гэж хэлж байна. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын байцаагчаар мэргэжилтний албан тушаалд томилогдсон байна. 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд тусгай шалгалт явуулахыг түр түдгэлзүүлсэн. Бусад үед хэвийн зарлагдаж байсан.

2/ Нөөцөд бүртгэлтэй байсан учир ерөнхий шалгалт өгсөнтэй дүйцээд шинэ хуулиар тусгай шалгалт өгөх ёстой атал өгөөгүй байна. Өнөөдрийн байдлаар 228 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа.

Шүүх дээр маргаантай байгаа учраас Төрийн албаны духай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар албан тушаалд томилгоо хийх, сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон. Сонгон шалгаруулалт явуулах ажиллагаанд хяналт шалгалт явуулаад 30.2-т заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Өөрөөр хэлбэл төрийн албаны зөвлөлөөс томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй. Эрх бүхий этгээдэд үүрэг даалгавар өгсөн учраас сонсох ажиллагаа явуулаагүй юм. Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд хүчингүй болгож шийдвэрлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгох эрхтэй, энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулна. Төрийн албаны тусгай шалгалт, түр орлон гүйцэтгүүлэх журам зөрчсөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлага хангаж томилогдоогүй учраас төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Хууль зөрчсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”-ээр заасныг зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж заасан атал Х.А*** нь төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд нягтлангаар ажиллаж байхдаа Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр тусгай шалгалт өгөөгүй томилогдсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй” гэв.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Х.А***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч Х.А*** шүүхэд хандаж “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар бүхий “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...уг албан тушаалд томилогдсон цагаас хойш сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй...Төрийн албаны зөвлөл нь надад огт мэдэгдэлгүйгээр иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэy тушаалыг хүчингүй болгохыг шаардаж байгаад гомдолтой байна, сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдах хүртэл би хууль ёсоор ажиллах ёстой, тэр үеийн мэргэшлийн шалгалт одоогийн тусгай шалгалттай адил учраас тусгай шалгалт өгөх шаардлагагүй” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...нөөцөд байх хугацаандаа буюу шинэ хууль хэрэгжиж эхэлсэн үеэс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчаар томилогдсон тул тусгай шалгалт өгөх ёстой, …эрх бүхий этгээдэд үүрэг даалгавар өгсөн захиргааны акт учраас сонсох ажиллагаа явуулаагүй…Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр заасныг зөрчсөн.” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 228 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалт, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ын 2.1.1, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.А***ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, улмаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх, Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог...нөхөх арга хэмжээ авахыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж хариуцагчийн эрх, хэмжээг тодорхойлон тогтоосон байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоол нь хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн, уг тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тушаалаар анх Х.А***ыг тус газрын Халамжийн сангийн олголт хариуцсан ажилтнаар мөн өдрөөс эхлэн томилсон боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар М.Армангүлийг уг албан тушаалд томилсноор Х.А***ыг ажлаас чөлөөлж, мөн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар тус газрын харьяа Асрамжийн төвийн ня-богоор томилсон,

- Х.А*** ньТөрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад 67,67 оноогоор “Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаал”-д анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн, тэрээр ерөнхий мэдлэгийн шалгалтад 45 оноо, монгол хэл, бичгийн шалгалтад 9, мэдээллийн технологи шалгалтад 6, мэдлэг хандлага, зан үйл шалгалтад 7,67 оноогоор тус тус үнэлэгдсэн

-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.А***ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон,

-Мөн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Тус газрын харьяа Асрамжийн төвийн ня-бо Х.А***ыг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, 

-Харин, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар “Х.А***ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А***т 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр хариуцуулан томилсон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн Иргэн Г*****гаас, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 тушаалаар Нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоонд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.А***ийг томилсон нь…хууль зөрчигдсөн тул хяналт, шалгалт хийж Х.А***ийг томилсон тушаалыг хүчингүй болгож гарсан сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн дагуу нөхөхийг газрын даргад даалгасан шийдвэр гаргах” агуулгаар гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 146 дугаар тушаалаар хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

Уг ажлын хэсгээс “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.А***ыг тор орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалт, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгох хугацаатай үүрэг өгөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлан чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг авах, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасны дагуу нөхөх арга хэмжээг авах, Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгсөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Зөвлөлд ирүүлэх санал хүргүүлжээ.

 Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаар хурлаар уг Ажлын хэсгээс гаргасан саналыг хэлэлцэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, “Х.А***ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож биелэлтийг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, хуулийн 42.1.1-42.1.10-д түр орлон гүйцэтгүүлэх үндэслэлүүдийг, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

 Түүнчлэн хуулийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.3-т “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэж, мөн зүйлийн 43.3.1-д “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж,  43.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд нэгд хуульд заасан үндэслэлийн аль нэг нь зайлшгүй үүссэн байх, хоёрт, албан үүргийг түр орлон гүйцэтгэх этгээд нь төрийн жинхэнэ албан хаагч байх, гуравд тухайн этгээдтэй энэ талаар тохиролцсон байхыг тус тус шаардах ба Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан түр орлон гүйцэтгэх журмын дагуу шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл Түр орлон гүйцэтгэгч томилох тохиолдолд дээрх 3 шаардлагыг хангасны үндсэн дээр тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу томилох ёстой байхад Б/67 дугаар тушаалаар тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А***ыг томилсон нь хуулийн дээрхи шаардлагыг зөрчсөн, Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт Х.А***ын эрхэлж байсан Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хамгийн ойр гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн тухайн тушаалд ямар үндэслэл, шаардлагаар Х.А***ыг түр томилсон, тухайн ажлыг түр орлон гүйцэтгэх хугацаа болон  уг ажлыг үндсэн албан үүргийнхээ зэрэгцээ гүйцэтгэхийг тухайлан заагаагүйгээс Х.А***ыг тухайн албан тушаалд тодорхой хугацаагүйгээр жинхлэн томилсон агуулгаар ойлгогдож байх тул Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/67  дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 43.3-д заасан журмыг бүхэлдээ зөрчжээ.

Нөгөө талаар хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн  “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 228 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэсэн, Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд тусгай шалгалт өгөх шаардлага хуулиар тавигдаагүй, хариуцагч хэрвээ Х.А***ыг анх томилогдохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр томилогдсон нь үндэслэлгүй гэж үзсэн бол түүнийг анх мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгохоор байхад ийнхүү хүчингүй болгоогүй атлаа Түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалын тухайд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримталсан нь агуулгын хувьд зөрчилтэй боловч энэ үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 228 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв. 

Тухайлбал, нэхэмжлэгч Х.А*** нь нягтлан бодогчоор буюу төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 220 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн нөөцөд бүртгэгдсэн байх боловч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.2-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:”, 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/.”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс авна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгөх үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, төрийн албаны шалгалтад Х.А*** нь оролцсоноор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулийн шаардлагаар тусгай шалгалт зайлшгүй өгөхөөр журамлагдсан, Х.А*** нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхэд учир дутагдалтай, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргасан “...сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдах хүртэл хууль ёсоор ажиллах ёстой, тэр үеийн мэргэшлийн шалгалт одоогийн тусгай шалгалттай адил, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн учраас тусгай шалгалт өгөх шаардлагагүй” гэх үндэслэлийг шүүх хүлээж авах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж тус тус заасан.

            Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоол нь иргэн Г*****гаас гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн агуулгатай, энэ үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28.1.3-д зааснаар сонсох ажиллагаа хийхгүй байж болох үндэслэлд хамаарна.

            Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.А***ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/67 дугаар тушаал хууль зөрчсөнийг тогтоож шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 228 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж шүүх дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А***аас гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН