Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2019/00019

 

   А.Х-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00063 дугаар шийдвэртэй, А.Х-н -итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагчийн төлөөлөгч М.Байбол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2900799 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч А.Х нь "С" ХХК-нд ажиллаж байхад ажил олгогч түүнийг зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас нь халсан тул нэхэмжлэгч захирлын уг шийдвэрийг хууль бус гэж үзэж шүүхэд хандаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон. А.Х нь ажлаасаа халагдсанаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоогдох хүртэл 10 сарын хугацаанд ямар ч ажил хийгээгүй. тийм учраас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.Иймд А.Х-н ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2871420 /хоёр сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөний дүн зөрүүтэй, илүү байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Х-н сарын цалин 287142 төгрөг. Би А.Х-г 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр тушаалаар 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2 дугаар усны насосын хамгаалагчийн ажилд эгүүлэн томилсон. А.Х нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 8 сар 12 хоног ажилгүй байсан. Гэтэл А.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан 10 сарын ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00063 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-иас нэхэмжлэгч А.Х-н ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2,896,488 /хоёр сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун наян найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч А.Х-н ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогч даалгаж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4311 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

           

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. А.Х-н ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2018 оны 01 дүгээр сараас хойш авч байсан 248,856 төгрөгөөр тооцох ёстой гэж үзэж байна. Энэ нь ажилтан А.Х нь “С” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан байдлаар нотлогдож байгаа ба урьд “Ю” ХХК-д ажиллаж байсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өөр компанид ажилласнаар тооцон олгож байгаа асуудлыг зөвшөөрөхгүй байна. Бодит байдалд ажилтан А.Х-гийн 2018 оны 3 дугаар сарын 02-ноос 2018 оны 11 дүгээр сарын 08-ыг хүртэл 8 сар 12 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 2081296 төгрөгийг ажил олгогч төлөх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан ажил олгогчоос илүү гаргуулсан цалин хөлсний нөхөн олговор 815,192 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцож олгохдоо алдаа гаргасан байх тул алдааг зөвөтгөж давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч А.Х нь “С” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2900799 төгрөг гаргуулан, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “...А.Х нь 8 сар 12 хоног ажилгүй байсан ба 10 сарын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, илүү нэхэмжилсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.Х-г Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2018/00514 дугаартай шийдвэрээр “С” ХХК-ний 2 дугаар усны насосын хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2018/00111 дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар нотлогдсон гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Х-н ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо ажилтны ажилгүй байсан хугацааг 8 сар 12 хоногоор тооцож алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо ажилгүй байсан хугацааг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2896488 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж ажилгүй байсан хугацааг буруу тооцсон байх тул 000194315 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр саруудын бичилтээр /384000+384000+248856/ дундаж цалинг тооцоход 338952 төгрөг, /338952:21.5/ нэг өдрийн ажлын хөлс 15765 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /338952х8сар+15765х6хоног/=2806206 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 94593 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, хариуцагчийн “А.Х нь ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 01 дүгээр сараас хойш авч байсан 248856 төгрөгөөр тооцох байсан урьд “Ю” ХХК-д ажиллаж байсан хугацааны цалинг оролцуулан тооцож байгааг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн 2017 оны 11, 12 дугаар сар / “Ю” ХХК-д/ ажиллаж байсан хугацааны, 2018 оны 1 дүгээр сар/ “С” ХХК-д/ ажилласан хугацааны 3 сарын дунджаар  тооцож дундаж цалин хөлсийг тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2019/00063 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2896488 /хоёр сая найман зуун ерэн зургаан мянга наян найман/ төгрөг” гэснийг “2806206 /хоёр сая найман зуун зургаан мянга хоёр зуун зургаан/ төгрөг” гэж, “4311 төгрөг” гэснийг “94593 төгрөг” гэж,

2 дахь заалтын “61294 төгрөг” гэснийг “59850 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

           ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ