| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03807/И |
| Дугаар | 181/ШШ2018/00385 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2018/00385
| 2018 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2018/00385 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ч.Ч-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар ороцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие З.Гэсэрбадамтай 2015 оны 10 сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.
З.Гэсэрбадам нь эхний 2 сарын хүүг өгсөн тэгээд алга болсон. 2016 оны 06 сарын 16-ны өдөр олж уулзаж үндсэн мөнгө хүүгийн хамт 8,560,000 төгрөг болсныг тооцож алданги бодолгүйгээр 7,000,000 төгрөгийг авч үлдсэн мөнгө 1,560,000 төгрөгийг 06 сарын 23-ны өдөр өгөхөөр гэрээ байгуулсан.
Гэрээнд зааснаар З.Гэсэрбадамаас алданги хугацаа хэтэрсэн хоногоор бол нэлээд төгрөг авах боловч танил дүүгийн хувиар 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,560,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чимгээ нь хариуцагч З.Гэсэрбадамд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,560,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ч.Чимгээгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Талууд 2015 оны 10 сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ч.Чимгээ нь зээлдэгч З.Гэсэрбадамд 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгч З.Гэсэрбадам нь зээлдүүлэгч Ч.Чимгээгээс авсан мөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч Ч.Чимгээ нь зээлдэгч З.Гэсэрбадамаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч З.Гэсэрбадам нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр гардан авч, хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний хугацааг анх 1 сар гэж тогтоосон байх боловч талууд 2016 оны 06 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ-ний ар талд Иргэн Ч.Чимгээд 8,500,000 төгрөг өгөхөөс 7,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 6 сарын 23-нд төлөхөөр тохиролцов гэсэн бичвэрийг гараар үйлдэж, тус тус гарын үсгээр баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн ... бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу хариуцагч З.Гэсэрбадам нь 2016 оны 06 сарын 23-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүүгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн үлдэгдэл төлбөрт нийт 7,000,000 төгрөгийг төлжээ гэж үзэхээр байна.
Талууд Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алдангийг үүрэг үүссэн 2016 оны 06 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 1,500,000 х 50% = 750,000 төгрөгийн алданги тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч З.Гэсэрбадамаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,500,000 + 750,000 = 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чимгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх хариуцагчийн хаягийг нэхэмжлэгч /шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан/ болон хариуцагч өөрөө /нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа/ тодорхойлсон хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягуудад оршин суудаггүй болох нь холбогдох хорооны Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогддог.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчийн ажлын хаяг болон утсаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн, хариуцагч З.Гэсэрбадам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, 77 дугаар зүйлийн 77.8-д заасан хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч З.Гэсэрбадамаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чимгээд олгож, үлдэх 750,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Гэсэрбадамаас 50,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чимгээд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР