Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 156/2019/00075/И |
Дугаар | 156/ШШ2019/00179 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00179
2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 156/ШШ2019/00179 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00053/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .............оршин суух, Ж. Б /РД:.............-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. холбогдох,
Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ж.Б, өмгөөлөгч Д.Баатарцогт,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Ө, өмгөөлөгч Э.Уянга,
гэрч Г.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ............ сумын Сум дундын эмнэлэгт мэс заслын их эмчээр тогтвор суурьшилтай, мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдалгүй ажиллаж байсан. Миний нөхөр Н.Л-ийн эрүүл мэндийн байдал муудаж, өөрөө явж чадахгүй болж эмчилгээ хийлгэх шаардлагатай болж бид Солонгос улс руу виз мэдүүлж явахаар болоод 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгийн эрхлэгчид өргөдөл гаргасан. Үүний дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч, үргэжлүүлээд 1 сарын чөлөө авсан. Амралт, чөлөөний хугацаа 07 дугаар сарын 06-ны өдөр дуусан учир фэйсбүүк чатаар Ө эмчтэй холбогдож 1 жилийн чөлөө авах талаар хэлэхэд хүсэлтээ өгчих гэж байсан. Үүний дагуу Э эмчид хэлж хүсэлтээ бичүүлж өгсөн. Гэтэл намайг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж байгаа болохыг Э эмч надад 08 дугаар сард хэлсэн.
Би Солонгос улсаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буцаж ирээд 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Надад хариуг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр хүргүүлэхдээ ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би тус эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/.. тоот тушаалаар албан ажлаас чөлөөлөгдснөө 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн. Миний бие өөрийгөө үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл надад өгөөгүй. Мөн тушаалаа 08 дугаар сард нөхөж гаргасан байгаа.
Иймд ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б эмчийн хүсэлтийг харгалзаад 1 сарын цалинтай чөлөөг олгосон. Ж.Б эмчийн ээлжийн амралтыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн бодож 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралт дуусаж, үүний дараа хамтын гэрээнд заасны дагуу 1 сарын цалинтай чөлөөг олгож 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрандаа ирэх байсан боловч ажилдаа ирээгүй 5 хоног ажил тасалсан учир ажлаас чөлөөлсөн.
2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэж огноог тавьсан, хувийн шалтгаанаар нэг жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн утгатай гар өргөдлийг манай эмнэлгийн бага эмч Г.Эгаар надад 08 дугаар сард өгүүлсэн. Уг өргөдлийг өөрөө бичээгүй, ажилдаа ирээгүй зэрэг байдлыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд нэг жилийн хугацаагаар чөлөө олгох хууль зүйн үндэслэл байхгүй байсан учир ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай Ж.Б нь 2018 оны 08 дугаар сард мэдсэн. Э эмч түүнд хэлчихлээ гэж надад хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээлжийн амралттай байсан, бас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь хэтрэх гээд байна гэсэн болохоор тухайн тушаалыг 2018 оны 08 дугаар сард гаргасан нь үнэн гэв.
Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б эмч хэлсэн болохоор 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэж огноог тавьсан, хувийн шалтгаанаар нэг жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн утгатай өргөдлийг би бичээд 08 дугаар сард Ө эмчид хэлсэн. Мөн Б эмч нийгмийн даатгал хувиараа төлөх талаар хэлснийг хөөцөлдөхөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын байцаагч шаардсан. Тэгэхээр нь Ө эмчээс Б эмчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг авч нийгмийн даатгалд 2018 оны 08 дугаар сард өгсөн. Ажлаас чөлөөлсөн байна гэдгийг 2018 оны 08 дугаар сард Б эмчид би хэлсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Хэнтий аймгийн ...................-т холбогдуулан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан боловч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авах урьдач нөхцлийг нэхэмжлэгч зөрчсөн байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид үүсээгүй, мөн нэхэмжлэгч өөрөө түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/24 тоот тушаал, түүний үр дагаварыг 2018 оны 08 дугаар сард мэдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... намайг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж байгаа болохыг Э эмч надад 08 дугаар сард хэлсэн. Би Солонгос улсаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буцаж ирээд 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Надад хариуг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр хүргүүлэхдээ ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би тус эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот тушаалаар албан ажлаас чөлөөлөгдснөө 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн ... гэх тайлбар,
2. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ... Хөдөлмөрийн тухай хуульд нэг жилийн хугацаагаар чөлөө олгох хууль зүйн үндэслэл байхгүй байсан учир ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай Ж.Б нь 2018 оны 08 дугаар сард мэдсэн. Э эмч түүнд хэлчихлээ гэж надад хэлж байсан. Ээлжийн амралттай байсан, бас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь хэтрэх гээд байна гэсэн болохоор тухайн тушаалыг 2018 оны 08 дугаар сард гаргасан нь үнэн ... гэх тайлбар,
3. Гэрч Г.Эгийн шүүх хуралдаанд өгсөн ... Б эмч хэлсэн болохоор 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэж огноог тавьсан, хувийн шалтгаанаар нэг жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн утгатай өргөдлийг би бичээд 08 дугаар сард Ө эмчид хэлсэн. Мөн Б эмч нийгмийн даатгал хувиараа төлөх талаар хэлснийг хөөцөлдөхөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын байцаагч шаардсан. Тэгэхээр нь Ө эмчээс Б эмчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг авч нийгмийн даатгалд 2018 оны 08 дугаар сард өгсөн. Ажлаас чөлөөлсөн байна гэдгийг 2018 оны 08 дугаар сард Б эмчид би хэлсэн ... гэх мэдүүлэг,
4. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/... тоот ... Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах материал ирүүлснийг хянан үзээд тэтгэмж авах эрх үүсэхгүй тул материалыг буцаасан .. гэх албан бичиг зэрэг болно.
Дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримтуудаас харахад эмнэлгийн эрхлэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө нэхэмжлэгч Ж.Б нь 2018 оны 08 дугаар сард мэдсэн байсан, түүнчлэн энэ тушаалын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгодог тэтгэмжийг авахаар зохих байгууллагад хандаж байсан эрх зүйн үр дагавар бүхий үйлдлүүд хийгдсэн байна.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсад ирсэн болохоо нэхэмжлэгч нь тайлбарласан бөгөөд энэ нь баримтаар нотлогдохгүй, түүнчлэн ийнхүү ирсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Тухайн эмнэлэгтээ өргөдөл гаргасан асуудал байгаа боловч энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл биш болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан гэх зохицуулалтад ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг зөвхөн бичгээр гар дээрээ хүлээн авахаас гадна энэ талаар мэдэж, мэдсэн байдалдаа тулгуурлан тодорхой үйлдэл, эс үйлдэл хийж буй нөхцөл байдал нь нэгэн адил хамаарах болно.
Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, дээрх хугацааг сэргээх үндэслэлгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч байгууллага нь ажилтан Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй байгаа үйл явдалд тухайн цаг хугацаанд нь зохих арга хэмжээг аваагүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөж гаргасан байгааг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бгийн хариуцагч Хэнтий аймгийн ........... нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 3 250 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ