| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сын От холбогдох эрүүгийн 2538000000099 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Сын О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах “******” дэлгүүрийн лангуунаас хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.О нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах “******” дэлгүүрийн лангуунаас хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8-р хуудас),
Шүүгдэгч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ***** дотор явж байгаад үнэт эдлэлийн шилэн лангуун дотор байсан хос алтан ээмгийг авчихсан юм. Тэгсэн миний ээмэг авч байгааг худалдагч нь харсан юм. Би тэгээд худалдагч эмэгтэйгээс уучлалт гуйгаад ээмгийг нь буцаагаад өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 05 минутын үед Мөрөн сумын *****д байрлах “******” гэх лангуунаас 750 сорцтой япон алтан ээмэг хулгайд алдагдсан. Камер шүүж үзэхэд бол чихтэй малгайтай урт хар куртиктэй тамирын саарал өмдтэй хөх цэнхэр цамцтай хүн авсан харагдсан. Тэгээд *****гийн камерыг шүүж үзэхэд Хаан банкны АТМ-ээс 17 цагийн үед мөнгө авсан харагдсан. Тэгээд манай ажлын газрын хүний таньдаг хүн байна гээд дугаарыг нь аваад тэр хүнтэй холбогдоход би 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаатай цуг очиж мэдүүлэг өгье гэж хэлтэл ирээгүй тэгээд дараа *****ы зохион байгуулагч ***** гэсэн дугаараас тэр хүний дугаар болох ***** гэсэн дугаар залгатал мөнгө хөөцөлдөж байна маргааш очьё гэж хэлээд ирээгүй...Манай байгууллага хулгайн эд зүйлийн юмыг буцааж авдаггүй. Тэр эмэгтэйд тухайн ээмгийг буцаан өгч мөнгөө хоёр дахин нэмэгдүүлж авмаар байна. Учир нь манай байгууллагын дотоод журамд хулгайн эд зүйлсийг буцааж авахгүй мөнгийг нь хоёр дахин төлүүлж авна гэсэн журам байдаг. Тиймээс буруутай этгээд манай байгууллагад буцаан өгсөн ээмгийг нь өгөөд ээмэгний үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүн 1,248,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11, 13-р хуудас),
А ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №ТХҮ-925-11852 дугаартай: “...750-ын сорьцтой 1,6 грамм япон алтан ээмэгний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 624,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-24-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах “******” дэлгүүрийн лангуунаас хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000000099 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.О нь Хөвсгөл аймгийн ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах ****** дэлгүүрийн лангуунаас 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.О нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах “******” дэлгүүрийн лангуунаас хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Оийн Хөвсгөл аймгийн ....... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****** байрлах ****** дэлгүүрийн лангуунаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэлийн хувьд тохирч байна гэж үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч С.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч С.О нь ****** дэлгүүрийн лангуунаас хос алтан ээмгийг хулгайлж хохирогч Г.Уд 624,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч С.О нь хохирогч Г.Уд 2025 оны 02 дугаар сарын 19-ний хос алтан ээмгийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Г.У нь “...манай байгууллагын дотоод журамд хулгайн эд зүйлсийг буцааж авахгүй мөнгийг нь хоёр дахин төлүүлж авна гэсэн журам байдаг. Тиймээс буруутай этгээд манай байгууллагад буцаан өгсөн ээмгийг нь өгөөд ээмэгний үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүн 1,248,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн байх боловч хэрэгт тухайн байгууллагын дотоод журам байхгүй, хос алтан ээмгийг буцааж хүлээлгэн өгсөн бөгөөд эд зүйлийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүн 1,248,000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, уг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүдэгч С.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө өмчилж байсан), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29-33-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгчид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд заавал зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Сын Оийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Сын Оийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.От тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.От хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2538000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.У нь ээмэгний үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүн 1,248,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүдэгч С.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР