| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0184/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/173 |
| Огноо | 2017-06-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч О.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 201722000246 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, О.А-,
Шүүгдэгч О.А- нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.П-ийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч О.А- нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.П-ийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Э.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажилдаа явах гээд гэрээсээ гараад мотоциклио хартал байхгүй байсан. Тухайн үед гэрийнхээ ойр хавиар хайгаад олдохгүй болохоор нь цагдаад ирж тэмдэглүүлсэн. ...Завханы Их-Уул сумын чиглэлд Б- гэдэг залуу миний алдсан мотоциклийг унаад явсан тухай олон нийтийн байцаагч Д.Д- ах олж мэдээд араас нь машинтай явж хайгаад Их-Уул сум ороод явж байтал гудамжны үзүүрт нөгөө Б- гээд залуу сууж байсан. Тэгээд би нар буугаад мотоциклио аваад сумандаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.П- хашаан дотроосоо өөрийн мотоциклио алдлаа гэж өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Сумын төвд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байтал Галт сумын Ганхуяг гэх айлд очиж асууж сурахад адуу хочтой О.А- улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирээд Завханы Тосонцэнгэл явна гэж ярьж байсан. Тэгээд хохирогч Э.П-той хамт араас нь Завхан аймгийн Их-Уул сумын төвд ороод явж байтал гудамжны үзүүрт О.А- сууж байсан. Мотоциклио 2-3 айлын хашааны цаана данхраадаад тавьсан байсан. О.А- уг мотоиклийг авч явахдаа кундактрын утаснуудыг таслаж асааж авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай хүрэн Э.П- өнгөрсөн шөнө хашаан дотроос мотоциклио алдчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд хүргэн манайд ирж миний мотоциклийг унаад сумын төвөөр алдсан мотоциклио хайх гээд явсан орой 16 цагийн үед Э.П- над руу утсаар яриад Завханы Тосонцэнгэл чиглэлд миний мотоциклийг унаад явсан байна гэж сураг гарлаа. Та надтай хамт цуг яваад өг гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад цагдаагийн кабон дээр ирж уулзаад олон нийтийн байцаагч Д.Д- бид 3 шууд гарсан. Тэгээд Завханы Их-Уул сум ороод сумаар нь явж байхад хамгийн урд талын нүүрний гудамжинд Б- сууцан хажуу талд нь 2-3 хаалганы зайтай манай хүргэний мотоциклийг данхраадаад тавьсан байсан. Бид 3 очоод Д.Д- буугаад Б-г бариад авсан. Тэгээд мотоциклио асаагаад явах гэтэл харанхуй болсон байтал гэрэл нь асахгүй болохоор нь би тэндээ үлдээд Д.Д-, Э.П-, Б- 3 машинаараа явсан. Би өглөө нь гараад сумандаа ирээд цагдаад мотоциклио хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч В.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед би босоод байж байхад манайд Б- орж ирсэн ганц 2 пиво уухуу гээд 6 ширхэг жижиг пиво өврөөсөө гаргаж ирсэх хамт нөгөө хэдэн пиво ууж дуусаад Б- гараад явсан. Удалгүй дахиж манайд орж ирээд надад нэг мотоцикль байна хямдхан зарах гэсэн юм гэж байсан. Тэгээд би хэдэд өгөх юм үзье гээд мотоциклийг нь үзэх гээд хамт гарсан. Станцын доод хотгорт данхраадаад тавьцан байсан. Очоод мотоциклийг нь үзэхэд Б- суудлын бүрээсийг нь аваад шидсэн. Мөн 2 толийг нь аваад өвөртөө хийж байсан. Тэгээд хэд гэж байгаан гэхэд хямдхан өгнө бэлэн мөнгөөр өгмөөр байна гэсэн. Би надад бэлэн мөнгө төгрөг бол байхгүй гэсэн тэндээсээ манайд ирээд би хулгайн мотоцикль байж магадгүй гэж сэжиглээд авахгүй гэж хэлсэн. Авахгүй бол би Завханы Их-Уул явлаа гээд мотоциклио унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Мотоцикльд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,
Мотоцикль хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
Шүүгдэгч О.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв орж ирээд орой нутгийн таних, танихгүй хүмүүстэй Мустанг гээд бааранд орж 2 ширхэг пиво уусан. Тэндээсээ гараад Мааньт өгсөөд явж байхад миний мотоцикль явахаа байгаад зогссон би мотоциклио түрээд айлын хашаа руу оруулж тавиад тэндээсээ гараад 2-3 гудамж өнгөрч яваад нэг айлын хашаа онгорхой харагдахаар нь яваад орсон тэгсэн чинь байшингийн урд талд мотоцикль байхаар нь очоод залгуурыг нь салгаад унаад гарсан. Тэгээд гарахад үүр цайж байсан. Наашаа уруудаад зүрх өвдөөд байхаар нь унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед Ганаа гээд залуугийн очоод ганц хоёр пиво ууж байгаад 13 цагийн үед Завханы Их-Уул руу явсан. Тэнд очоод гудамжны үзүүрт ганц пиво уугаад байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч О.А- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-52-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.А-г ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгө хулгайлсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч О.А-д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргийг харгалзан үзэж О.А-гаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.А- бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.А-гаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 201622000589 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ